Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2021/00449

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суудаг, утас Н.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, А.Д-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б (Ховд аймгаас цахимаар), хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 25 тн барагшуны үнээс үлдсэн 4500000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 250000 төгрөг бүгд 7000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Н.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Л Баян-Өлгий аймгийн иргэн А.Д-т худалдахаар тохиролцон 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25 тонн барагшуныг 1 кг-ийг нь 700 төгрөгөөр тооцож Ховд аймгийн мөст сумаас Улаанбаатар хот руу ачуулсан. Анх ачуулахад урьдчилгаа 12000000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 5500000 төгрөг, тээврийн хөлс 2500000 төгрөг, нийт 8000000 төгрөгийг тухайн барааг бүрэн бүтэн хүлээн авсны шилжүүлэхээр болсон. Тухайн тээврийг Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг Н.Н өөрийн өмчлөлийн Камаз маркийн машинаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн хөлсийг би өөрөөсөө төлж, бараа хүргэсний дараа хариуцагчаас авахаар тохиролцсон. Ингээд тухайн мөнгөнөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5845207099 тоот дансанд 1000000 төгрөгийг надад шилжүүлсэн. Иймд А.Д-ээс барагшун худалдаж авсан үлдэгдэл үнэ  төлбөр 4500000 төгрөг, тухайн барагшуныг Ховд аймгийн Мөст сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсний хөлс 2500000 төгрөг нийт 7000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Н.Л-гийн надаас 7000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Миний хувьд нэхэмжлэгч Н.Л-д өгөх ямар нэгэн өр зээл байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаа барагшуны үнийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед барагшуны зах зээлийн үнэ манай аймагт 1 кг нь 500 төгрөг байсан юм. Ховд аймаг манай аймагт ойрхон хил залгаа оршдог учир барагшуны үнэ манайхтай адилхан үнэтэй байсан. Харин тээврийн хөлсийг анхнаасаа барагшуны үнэ багтаагаад 1 кг-ыг 700 төгрөгөөр авахаар тохиролцсон юм. Нэхэмжлэгч хэрэв надаас авлагатай бол тэрнээс хойш 3 жил өнгөрөхөд яагаад авлагаа нэхэмжлэхгүй явж байсан бол. Мөн нэхэмжлэгч авлагатай бол энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна. 2017.06.09-ний өдрийн огноотой хуулбар баримт гаргаж өгсөн нь миний үйлдсэн баримт биш болно. Тухайн үед Н.Л гуай түүхий барагшун түүх зөвшөөрөлтэй гэж байсан. Би 2 хүний хамт очиж барагшунг киллэд авч байхад Мөст сумын байгаль хамгаалагч болон хэсгийн төлөөлөгч нь шалгалт хийж ямар ч зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон. Тэгээд би зөвшөөрөлгүй юм авахгүй гэхэд Н.Л гуай миний өгсөн мөнгийг зарцуулчихсан буцааж өгөх мөнгө байхгүй гэж учирлан гуйсан учраас би баримт бичүүлж аваад өөрийн машинаар хот явсан. Харин хот руу ачааг өөрийн барагшун түүх зөвшөөрлийн баримтыг үзүүлж оруулж авсан. Уг баримтын эх хувийг гаргаж өгч байна. Эхний хуудаст байгаа бичилтийг тухайн үед киллэд авч байхад тэмдэглэсэн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Н.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгт: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Уг худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон гэрээ. Гэрээтэй холбогдуулан үнийн дүнд талууд маргаагүй, нэг килограмм 700 төгрөгөөр тооцож, нийтдээ 25 тонн барааны худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Үнийн дүнгээс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Д нь нэхэмжлэгч талд 12 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 сая төгрөгийг шилжүүлж, нийтдээ 13 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн байгаа. Тухайн шилжүүлгүүдийг барагшуны үнэ хэмээн шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд үлдсэн мөнгөө хариуцагчид үргэлж утсаар холбогдоно үлдэгдэл төлбөрөө нэхэхэд дараа нь өгье хэмээн хэлж явдаг байгаад сүүлд утсаа авдаггүй, утас холбогдохгүй болдог болсон. Нэхэмжлэгчийн хувьд огт нэхэхгүй байсан асуудал байхгүй, үргэлж амаараа нэхэж байсан. Гэрээнд анхнаасаа нэг кг барааг 700 төгрөгөөр худалдаж авах тухай тохирсон учраас энэ үнийн хувьд маргаангүй гэж үзэж байна. Харин хариуцагч тал гэрээний тээврийн хөлсний талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй, тэр тухайн ямар нэгэн байдлаар маргаагүй. Тэгэхээр одоо барагшуны үнээс нийтдээ 4 сая 500 мянган төгрөг мөн Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар худалдагчийн байгаа газраас Улаанбаатар хотод хүргүүлсэн тээврийн хөлс мөн байгаа. Тээврийн хөлсийг худалдан авагч тал хариуцсан гэсэн учраас 25 тонн барагшуны нэг кг барагшуны тээвэрлэх зардлыг 100 төгрөгөөр тооцоход 2 сая 500 төгрөгөөр Н.Л гуай тээвэрлэж, Улаанбаатар хотод хүргэж өгсөн байдаг. Тийм учраас тээврийн хөлс болох 2 сая 500 мянган төгрөг болон барагшуны үлдэгдэл төлбөр болох 4 сая 500 мянган төгрөг нийтдээ 7 сая төгрөгийг хариуцагч талаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байна гэв.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Л нэхэмжлэлийнхээ үндэслэлээ хариуцагч А.Д-т 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөст сумаас 25тн барагшуны худалдахад дутуу төлсөн үнэ 4500000 төгрөг, тухайн барагшунг Ховд аймгийн Мөст сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн тээврийн хөлс 2500000 төгрөг нийт 7000000 төгрөгийг хариуцагч А.Д-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн үед барагшуны зах зээлийн үнэ 1 кг нь 500 төгрөг байсан ба тээврийн хөлсийг анхнаасаа барагшуны үнэ багтаагаад 1 кг-ыг 700 төгрөгөөр авахаар тохиролцож, нэхэмжлэгчийн хэлж байгаа барагшуны үнийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч хэрэв надаас авлагатай бол тэрнээс хойш яагаад нэхэмжлээгүй вэ, авлага нэхэмжлэх хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа  өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч (худалдагч) Н.Л 25 тн барагшунг хариуцагч (худалдан авагч) А.Д-ийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч (худалдагч) А.Д хэлэлцэн тохирсон 25 тн барагшуны үнээс 12000000 төгрөг, мөн нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5845207099 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлж нийт 13000000 төгрөгийг  нэхэмжлэгч (худалдагч) Н.Л-д төлснөөр нэхэмжлэгч Н.Л, хариуцагч А.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол ... барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж заасан ба тухайн үед 1кг барагшууныг 500 төгрөгөөр, тээврийн зардлыг 1 кг тутамд 200 төгрөгөөр тооцож 1кг барагшуныг тээвэрлэлтийн зардлыг нэмж тооцоод 700 төгрөгөөр тохиролцон худалдан гэсэн хариуцагч А.Д-ийн тайлбарыг нэхэмжлэгч Н.Л- нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

Харин нэхэмжлэгч Ховд аймгийн Мөс сумаас Улаанбаатар хот руу 25 тн барагшунг тээвэрлэхэд нэг кг барагшуны тээврийн хөлсийг 100 төгрөгөөр тооцоолоод нийт 2500000 төгрөгөөр хариуцагч А.Д-тэй харилцан тохиролцсон гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Гэрч Н.Н-ын өгсөн мэдүүлэгт “...Миний бие өөрийн эзэмшлийн 54-40 ХОА улсын дугаартай саарал өнгийн Камаз маркийн тээврийн хэрэгслээр 25 тонн барагшуныг Ховд аймгийн Мөст сумын төв дээрээ Н.Л гэдэг айлын хашаанаас ачиж Улаанбаатар хотод А.Д-т хүлээлгэн өгсөн. Ховд аймгийн Мөст сумаас барагшун ачихад  А.Д нь бас байсан. Барагшууны тээврийн хөлсөнд 2500000 орчим төгрөгийг Н.Л-гаас авсан..” гэсэн ба энэхүү  нэхэмжлэгч Н.Л-гийн Н.Н-т тээврийн хөлс төлсөн үйл баримт нь хариуцагч А.Д-т хамааралгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр 2017 оны 6 дугаар сард Баян-Өлгий аймагт 1кг барагшуны зах зээлийн ханш 500 төгрөг болох нь нотлогдож байгаа ба энэхүү зах зээлийн үнээс илүү үнээр Ховд аймгийн Мөст сумаас барагшуун худалдаж авахгүй байсан гэсэн хариуцагч А.Д-ийн тайлбар бодит байдалтай нийцэж байгаа ба энэхүү тайлбарыг мөн нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Хэрэгт авагдсан хариуцагч А.Д-ийн гаргаж өгсөн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Н.Л-гийн бичсэн гарын баримтаар барааны үнийн урьдчилгаа 12000000 төгрөгийг Д-кээс авлаа, Улаанбаатар хотод очсоны дараа эцсийн тооцоо хийнэ, барааг Улаанбаатар хотод ямар нэгэн асуудалгүй хүргэж өгнө, тээвэрлэсэн машины үнэ 54-40ХОА гэсэн байна.

Улмаар хариуцагч А.Д нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5845207099 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн байна.

Мөн хариуцагч А.Д-ийн гаргаж өгсөн тухайн үед барагшуныг киллэж  авч байхад өөрөө тэмдэглэсэн гэсэн дэвтрийн бичилтийг үндэслэн хэдэн кг барагшуун худалдан авсан эсэхийг тооцоолоход: Ховд мөст сум.2017.6.09 1) 193-4ш=772;  2) 227-5ш=1135; 3) 216-5ш=1080; 4) 219-5ш=1095; 5) 224-5ш=1120; 6) 244-5ш=1120; 7) 235-5ш=1175; 8) 231-5ш=1155; 9) 237-5ш=1185;  10) 235-5ш=1175; 11) 221-5ш=1105; 12) 237-5ш=1185; 13) 241-5ш=1205; 14) 248-5ш=1240; 15) 231-5ш=1155; 16) 240-5ш=1200; 17) 225-5ш=1125; 18) 240-5ш=1200; 19) 232-5ш=1160; 20) 152-3ш=456; 21) 100-2ш=200; 22) 93-2ш=186; 23) 93-2ш=186; 24) 82-2ш=164; 25) 88-2ш=176; 26) 93-2ш=186; 27) 75-2ш=150; 28) 52-1ш=52; 29) 75-2ш=150; 30) 73-2ш=146; 31) 94-2ш=188; 32) 112-2ш=224; 33) 96-2ш=192; 34) 110-2ш=220; 35) 90-2ш=180; 36) 113-2ш=226; 37) 108-2ш=216; 38) 108-2ш=216; 39) 96-2ш=192;  40) 91-2ш=182; 41) 100-2ш=200; 42) 93-2ш=186; 43) 97-2ш=194; Бүгд:26255 кг буюу 26тн 255 кг барагшун хүлээн авсан болох нь нотлогдож байна.

Гэхдээ нэхэмжлэгч Н.Л нэхэмжлэлийн шаардлагыг 25 тн барагшун гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх нотлох баримтуудаар 25 тн буюу 25000 кг барагшунг тээвэрлэх зардлын хамт 1кг-ийг 700 төгрөгөөр тооцоход 17500000 төгрөг ба үүнээс хариуцагч А.Д-ийн төлсөн нийт 13000000 төгрөгийг хасаж тооцоход, одоо  үлдэгдэл 4500000 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог тул хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул гэрээний хугацааг тодорхойлох шууд нотлох баримт байхгүй байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн дансанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөгийг хариуцагч А.Д шилжүүлснээс хойш нэхэмжлэгч талаас үлдэгдэл мөнгийг төлөхийг шаардаж байсан нь гэрч Н.Н-ын “...Харин өнгөрсөн намар Н.Л-тай Хүдэрийн  уурхайд тааралдахад “би нөгөө А.Д-ээс барагшуны үнэ болон тээврийн хөлсөө бүтэн авч чадаагүй, тал мөнгөө авч чадаагүй байна. Нэхээд байхад өгөхгүй байна” гээд байсан”  гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа ба хариуцагч А.Д нь 25тн барагшун худалдан авсан нь нотлогдож байгаа тул худалдан авсан барагшууны үнийг төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зарчимд нийцэх ба нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэснийг хүлээн авах боломжгүй болно.

Иймд хариуцагч А.Д-ээс 25 тн барагшуны үнэ, тээвэрлэх зардлын хамт үлдсэн 4500000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн тээвэрлэлтийн зардал 2500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 4500000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 86950 төгрөгийг хариуцагч А.Д-кээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1-ийг тус тус баримтлан хариуцагч А.Д-гээс 25 тн барагшуны үнэ, тээвэрлэх зардлын хамт үлдсэн 4500000 (дөрвөн сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн тээвэрлэлтийн зардал 2500000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 (нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Д-ээс 86950 (наян зургаан мянга есөн зуун тавин)  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК