Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2021/00049    

 

Н.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00449 дүгээр шийдвэртэй, Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, Тайчууд овогт Норзоны Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн 11 дүгээр багт оршин суух, Сарбас овогт Амений Д-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар  сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 25 тн барагшуны үнээс үлдсэн 4500000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 2500000 төгрөг, бүгд 7000000 төгрөг гаргуулах тухай  

 

Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч Н.Л Баян-Өлгий аймгийн иргэн А.Д-т худалдахаар тохиролцон 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25 тонн барагшуныг 1 кг-ийг нь 700 төгрөгөөр тооцож Ховд аймгийн мөст сумаас Улаанбаатар хот руу ачуулсан. Анх ачуулахад урьдчилгаа 12000000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 5500000 төгрөг, тээврийн хөлс 2500000 төгрөг, нийт 8000000 төгрөгийг тухайн барааг бүрэн бүтэн хүлээн авсны шилжүүлэхээр болсон. Тухайн тээврийг Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг Н.Ням-Осор өөрийн өмчлөлийн Камаз маркийн машинаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн хөлсийг би өөрөөсөө төлж, бараа хүргэсний дараа хариуцагчаас авахаар тохиролцсон. Ингээд тухайн мөнгөнөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5845207099 тоот дансанд 1000000 төгрөгийг надад шилжүүлсэн. Иймд А.Д-ээс барагшун худалдаж авсан үлдэгдэл үнэ төлбөр 4500000 төгрөг, тухайн барагшуныг Ховд аймгийн Мөст сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсний хөлс 2500000 төгрөг нийт 7000000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Миний бие нэхэмжлэгч Н.Л-ийн надаас 7000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Миний хувьд нэхэмжлэгч Н.Л-д өгөх ямар нэгэн өр зээл байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаа барагшуны үнийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед барагшуны зах зээлийн үнэ манай аймагт 1 кг нь 500 төгрөг байсан юм. Ховд аймаг манай аймагт ойрхон хил залгаа оршдог учир барагшуны үнэ манайхтай адилхан үнэтэй байсан. Харин тээврийн хөлсийг анхнаасаа барагшуны үнэ багтаагаад 1 кг-ыг 700 төгрөгөөр авахаар тохиролцсон юм. Нэхэмжлэгч хэрэв надаас авлагатай бол тэрнээс хойш 3 жил өнгөрөхөд яагаад авлагаа нэхэмжлэхгүй явж байсан бол. Мөн нэхэмжлэгч авлагатай бол энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна. 2017.06.09-ний өдрийн огноотой хуулбар баримт гаргаж өгсөн нь миний үйлдсэн баримт биш болно. Тухайн үед Н.Л гуай түүхий барагшун түүх зөвшөөрөлтэй гэж байсан. Би 2 хүний хамт очиж барагшунг киллэд авч байхад Мөст сумын байгаль хамгаалагч болон хэсгийн төлөөлөгч нь шалгалт хийж ямар ч зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон. Тэгээд би зөвшөөрөлгүй юм авахгүй гэхэд Н.Л гуай миний өгсөн мөнгийг зарцуулчихсан буцааж өгөх мөнгө байхгүй гэж учирлан гуйсан учраас би баримт бичүүлж аваад өөрийн машинаар хот явсан. Харин хот руу ачааг өөрийн барагшун түүх зөвшөөрлийн баримтыг үзүүлж оруулж авсан. Уг баримтын эх хувийг гаргаж өгч байна. Эхний хуудаст байгаа бичилтийг тухайн үед киллэд авч байхад тэмдэглэсэн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00449 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1-ийг тус тус баримтлан хариуцагч Сарбас овогт Амений Д-ээс 25 тн барагшуны үнэ, тээвэрлэх зардлын хамт үлдсэн 4500000 (дөрвөн сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тайчууд овогт Норзоны Л-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн тээвэрлэлтийн зардал 2500000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.    

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00449 дугаартай шийдвэрээр хариуцагч А.Д надаас 4,500,000 төгрөг гаргуулан Тайчууд овогт Норзоны Л-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Л нь надад 25,0 тонн барагшун хүлээлгэж өгснийг батлах ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Миний бие тухайн үед Н.Л-ийн хашаанаас барагшун жинлэж авч эхэлж байхад сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар хүрч ирж шалгасан.Тухайн үед Н.Л барагшун түүх тусгай зөвшөөрөлгүй байсан учир би авахгүй гэхэд Н.Л гуай би урьдчилгаанд авсан мөнгийг зарцуулсан байгаа, буцааж өгөх мөнгө байхгүй, та заавал аваач гээд гуйгаад байхаар нь би гараас нь баримт бичүүлж аваад барагшунг ачуулж хот руу хүргүүлсэн.Ингэхдээ бүх барагшунг жинлэж хүлээж аваагүй. Би тэгээд хотод аваачаад хамтран ажиллах гэрээтэй байсан Пи Ар Си ХХК-ийн захирал Ж.Даваажаргал гэгчид хүлээлгэж өгч нэг бүрчлэн жинлэж үзэхэд нийт жин нь 20,0 тонн гарсан.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх миний нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтэрт байгаа бичилтийг буруу тооцоолж бүгд 26,255 кг барагшун хүлээж авсан мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Би дээр дурдсанчлан барагшунг жинлэж эхэлж байхад сумын хэргийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар хүрч ирсэн тул үлдсэн барагшунг жинлэж аваагүй.Тухайн дэвтрийн хуудсанд тэмдэглэсэн тэмдэглэгээ бол эхнээс жинлэж авч байсан талаарх тэмдэглэгээ байсан. Барагшунг 50 кг-ын багтаамжтай уутанд хийсэн байсан ба би жинлэж авахдаа жинлүүрийн багтаамжид таруулж 1, 2, 3, 4, 5 уутаар нийлүүлж жинлээд уутны тоо, нийлбэр дүнг тавьж байсан.

Анхан шатны шүүх үүнийг буруу ойлгож нийлбэр дүнг уутны тоогоор дахин үржүүлж нийлбэр дүн нь 26, 255 кг байсан гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Миний бие нийтдээ 20,0 тонн барагшун хүлээж авч 12,0 сая төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн.Үлдэгдэл 2,0 сая төгрөгийн 1,0 сая төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Капитрон банк дахь өөрийн 3005023921 тоот данснаас Н.Л-ийн ХААН банк дахь 5845207099 тоот дансанд, 1,0 сая төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ХААН банк дахь 5003430309 тоот данснаас Н.Л-ийн ХААН банк дахь 5845207099 тоот дансанд тус тус шилжүүлж нийтдээ 14,0 сая төгрөг төлсөн.

Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлж нийтдээ 13,0 сая төгрөг төлсөн мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Би хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,0 сая төгрөг шилжүүлж тооцоо дуусгасан.Тэрнээс хойших хугацаанд Н.Л нь надаас мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн.

Н.Л нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойших 3 жилийн хугацаанд надаас мөнгө төгрөг төлөхийг шаардсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хавтаст хэрэгт энэ талаарх ямар ч нотлох баримт авагдаагүй учир түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 18- ны өдөр дууссан байсан. Гэтэл анхан шатны шүүх гэрч Н.Ням-Осорын мэдүүлэгт байгаа “...би нөгөө А.Д-ээс барагшуны үнэ болон тээврийн хөлсөө бүтэн авч чадаагүй, тал мөнгөө авч чадаагүй байна.Нэхээд байхад өгөхгүй байна гээд байсан” гэх мэдүүлгийг үндэслэн төлөхийг шаардаж байсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх хуулийн зохицуулалт энд бас хамааралтай байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00449 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Н.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Анхан шатны шүүх Н.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 25 тн барагшуны үнээс үлдсэн 4500000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 2500000 төгрөг, бүгд 7000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Н.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 25 тн барагшуны үнээс үлдсэн 4500000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 2500000 төгрөг, бүгд 7000000 төгрөгийг хариуцгагч А.Д-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад худалдагч Н.Л 25 тн барагшунг худалдан авагч А.Д-ийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч А.Д хэлэлцэн тохирсон 25 тн барагшуны нэг тн-ыг нь 700.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцон, нийт 17.500.000 төгрөгөөс 12.000.000 төгрөгийг нь төлсөн, үлдсэн 5.500.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдсан барааны үнийг шаардах эрхтэй, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Харин нэхэмжлэгчээс худалдсан барагшуныг худалдан авагчид тээвэрлэж хүргэсэн хөлс 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч талуудын гаргаж өгсөн, Н.Л-н үйлдсэн гэх баримтаар барагшуныг тээвэрлэх зардлыг худалдагч тал хариуцаж “Улаанбаатар хотод хүргэж өгөх”-ээр харилцан тохиролцсон нь нотлогдсон тул Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар, гэрээнд өөрөө заасан тул уг зардлыг худалдан авагчаас шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь худалдсан барааны үнийг хариуцагч буюу худалдан авагчаас дээрх үндэслэлээр шаардах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болжээ. Учир нь, барааны үнээс үлдсэн 5.500.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5845207099 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдан авагчаас шилжүүлсэн бөгөөд худалдагч нь энэ өдрөөс эхлэн барааны үнийг дутуу авсан буюу эрх нь зөрчигдсөн, зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байжээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг дээрх үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээ  байгуулахдаа үнийг төлөх үүрэг гүйцэтгэх хугацааны талаар тохиролцоогүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийг шаардахад төлбөрөө төлнө гэдэг байдлаар хугацаа сунжирсан байгаагаас худалдагч тал хэзээ эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн, шаардах эрх хэдийд үүссэн талаар нарийвчлан тогтооход хүндрэлтэй байгаа хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил тул нэхэмжлэгчийн шаардах эрх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүсэж, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна. Харин нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ханджээ.

 

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаарх ямар нэг баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгчийн “ ... хариуцагчид үргэлж утсаар холбогдон, үлдэгдэл төлбөрөө нэхэхэд дараа нь өгье хэмээн хэлдэг байсан бөгөөд миний хувьд үргэлж амаараа нэхэж байсан...” гэх тайлбар нь хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах үндэслэл болохгүй, хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцсэн ба хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.

 

 Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтаар нэхэмжлэгч Н.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 25 тн барагшуны үнээс үлдсэн 4500000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 2500000 төгрөг, бүгд 7000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул А.Д-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 86.950 төгрөгийг түүнд буцаан олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00449 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч А.Д-т холбогдуулан гаргасан 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч  А.Д-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 (наян зургаан мянга есөн зуун тавин) төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулан түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                     С.ӨМИРБЕК