Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00123

 

Ж.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00168 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00595 дугаар магадлалтай,

Ж.Эийн нэхэмжлэлтэй,

Э-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Э-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00168 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай Ж.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Ж.Эийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00595 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Эийг “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 43,492,004 төгрөгийг хариуцагч “Э”-аас гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Э-д даалгасугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт буцаан олгож, хариуцагч “Э”-аас улсын тэмдэгтийн хураамжид 375,410 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, С.Э нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023.12.20-ны өдрийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 460 дугаар тогтоолоор “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийг үйл ажиллагаа, чиг үүргийн хувьд “Амаржих газар” болгон өөрчлөн зохион байгуулж, Нийслэлийн харьяалалд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тус тогтоолоор “Ө” газрын даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ нь Нийслэлийн харьяалалд шилжсэн тул нэхэмжлэгч Ж.Эийн гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч “Э”-ны хувьд биелэгдэх боломжгүй болсон байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж.Эийг “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг “Э”-нд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд биелэгдэх боломжгүй магадлал гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

4.1.Давж заалдах шатны магадлалын “хянавал” хэсгийн 5-д “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндэслэлгүй тушаал гарсан 2022.10.13-ны өдрөөс давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн өдөр буюу 2024.03.24-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход ... 43,492,004 төгрөг болж байна” гэжээ.

Эрүүл мэндийн сайдын 2022.01.25-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/05 дугаар тушаалаар “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн захирлын албан тушаалд Ж.Эийг “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг үндэслэн томилсон. Иргэнийг эмнэлгийн даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулж томилох ёстой. Ж.Э нь сонгон шалгаруулалтаар томилогдоогүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, нэр дэвшигч тодрох хүртэл гэж зааж өгсөн. Ж.Э нь дээрх түр томилсон тушаал буюу “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд томилсон тушаал дээр маргаж байгаагүй, мөн хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. “Коронавиуруст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” 2022.12.31-ний өдрөөр үйлчлэл нь дуусгавар болж, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй албан хаагчдыг 2022.12.31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Монгол Улсын хэмжээнд Авлигатай тэмцэх “шүүр” ажиллагааг хэрэгжүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс түр томилогдсон ажилтанд давж заалдах шатны магадлал гарах өдөр хүртэл цалин хөлсийг тооцож олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

4.2.Давж заалдах шатны магадлалын “хянавал” хэсгийн 4.2-т “...хийсэн шалгалт нь нэхэмжлэгч Ж.Эт чиглэсэн тусгайлсан шалгалт явуулсан гэж үзэхээр байна” гэжээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 26.1-д “...ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журам”-аар зохицуулагддаг бөгөөд “Э”-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-т ажиллаж байсан эмч, ажилтнуудаас эмнэлгийн захирлын ёс зүй, удирдах арга барилтай холбоотой 2022.06.13, 2022.08.08-ны өдөр ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалтыг хийсэн.

4.3.Давж заалдах шатны магадлалын “хянавал” хэсгийн 4.3-т “Эрүүл мэндийн сайдын 2022.08.02-ны өдөр баталсан “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт шинжилгээ хийх ажлын удирдамжийг үндэслэн явуулсан шалгалтын тайланд дурдсан зөрчил нь Ж.Э гаргасан зөрчил бус “Ө газар”-ын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүл мэндийн сайдын 2022.03.17-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар “Ө газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм, бүтцийг баталсан бөгөөд тус дүрмийн 5-д “Эмнэлгийн захирал нь эмнэлгийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, эмнэлгийг бүрэн хэмжээгээр төлөөлөх, үйл ажиллагааны үр дүнг Эрүүл мэндийн сайдын өмнө тайлагнах, хариуцлага хүлээх үүрэг бүхий төрийн албан хаагч мөн” гэж заасан.

Гэвч шүүхээс шалгалтын тайланд дурдсан зөрчил нь Ж.Эийн гаргасан зөрчил бус “Ө газар”-ын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

4.4.Давж заалдах шатны магадлалын “хянавал” хэсгийн 4.4-д “ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно. Гэтэл тайланд Ж.Э нь эд хөрөнгийн хохирол учруулсан болон байгууллагын нэр хүндийг гутаах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгосон талаар дурдаагүй тул ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд “ноцтой зөрчил” гэдгийг тусгайлан томъёолоогүй бөгөөд тус хуулийн 80.1.4-д “... эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан бөгөөд ноцтой зөрчлийг ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд заахаар нээлттэй үлдээсэн. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд болон Ж.Э нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “8.1.2-т албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон, 8.1.10-т ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон.” гэдгийг ноцтой зөрчил байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан.

“Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-т Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022.08.03- аас 05-ны өдрийн хооронд тус эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар 9 төрлийн зөрчил илэрсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн дүрэм бүтцийг батлах тухай А/144 дүгээр тушаалыг зөрчсөн. Үүнд: “Захирал” гэснийг “ерөнхий захирал”, “дэд захирал" гэснийг “захирал”, 10 албатай байхыг 12 алба байхаар зааж “Ө газар” ТМЭ-ийн захирлын 2022 оны А/21 дүгээр тушаалыг баталж, мөрдүүлсэн байна.

Эмнэлгийн захирлын шууд удирдлагад Дотоод хяналтын алба, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албыг хамааруулахаар заасан байхад Санхүү, бүртгэлийн албыг хамааруулж, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албыг эмнэл зүй эрхэлсэн захирлын шууд удирдлагад хамааруулсан байсан нь албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан үндэслэл болох юм.

Дээрх зөрчлийг арилгах зөвлөмжийг 2022.08.22-ны өдөр 8/3753 тоот албан бичгээр хүргүүлсэн. Зөвлөмжийг хэрэгжүүлэх хугацаа олгож, зөвлөмжийг хэрэгжилтийг 2022.09.20-ны өдөр эргэж шалгахад зөвлөмжийн биелэлт хангалтгүй байсан. Мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-т ажиллаж байсан эмч, ажилтнуудаас эмнэлгийн захирлын ёс зүйтэй холбоотой ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг 2022.07.26, 2022.08.03-ны өдрүүдэд хийхэд ноцтой зөрчил илэрсэн. Давж заалдах шатны шүүхээс ноцтой зөрчил гэдгийг явцууруулан тайлбарлаж, хэрэгт цугларсан баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Э нь “Ө газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төсвийг хувьдаа завшсан, үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдав гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.16-ны өдрийн 001/ШХТ2024/00568 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Э-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...2021 оноос “Ө газрын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг”-ийн захирлаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдын 2022.10.13-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан. Тушаалд ноцтой зөрчил буюу байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлийг бий болгож, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад анхаарч, эмчилгээ, үйлчилгээг чирэгдэл багатай үзүүлэх зүй ёсны шаардлагыг тавьсныг бусдыг дарамталсан үйлдэл мэтээр ёс зүйн дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнд томилогдсоноос өөр хүн орсон байсан. Тушаал хууль бус тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч Эрүүл мэндийн яам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Ж.Эийг Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед түр томилж, хөдөлмөрийн гэрээний хугацааг эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, нэр дэвшигч тодрох хүртэл гэж заасан. Цар тахлын үеийн  хуулийн үйлчлэл 2022.12.31-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул Ж.Эийг ажилд эгүүлэн томилох боломжгүй. Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022.08.03-ны өдрөөс 2022.08.05-ны өдрийн хооронд тус эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд 9 төрлийн зөрчил илэрч, үүнийг арилгах  зөвлөмжийг 2022.08.22-ны өдөр хүргүүлж 2022.09.20-ны өдөр эргэж шалгахад зөвлөмжийн биелэлт хангалтгүй байсан.  Эмч, ажилтнуудаас эмнэлгийн захирлын ёс зүйтэй холбоотой ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг 2022.07.26-ны өдөр, 2022.08.03-ны өдрүүдэд хийхэд ноцтой зөрчил илэрсэн. Нэхэмжлэгч нь удирдах албан тушаал хаших чадвар дутаж байгаа нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул сонсох ажиллагаа хийж ажлаас чөлөөлсөн. Одоо тус эмнэлэг яаманд биш Нийслэлийн харьяалалд шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гаргасан.     9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...тушаалд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх тухайн зөрчил тогтоогдоогүй, иймээс  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

10.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг хяналтын шатны шүүх хянан үзэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болсон.

11.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Э нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021.02.25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар анх “Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн захирлын албан тушаалд түр томилогдон ажиллаж, улмаар тус эмнэлэг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжсэнтэй холбоотой тус яамны сайд 2022.01.25-ны өдрийн Б/05 дугаар тушаал гаргаж түүнийг түр томилсон, 2022.10.13-ны өдрийн бо/72 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээнд 8.1.2, 8.1.10-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

12.Зохигчийн хооронд 2022.09.16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан ба уг гэрээний  8.1.2-т  “албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон”, 8.1.10-т  “ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон” гэх зөрчлүүдийг заасан, нэхэмжлэгч эдгээр зөрчлийг гаргасан эсэхэд зохигч маргаж, мэтгэлцжээ.

13.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь  тус эмнэлгийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамнаас хийсэн Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын дүгнэлт болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон, эдгээр баримтаар тухайлбал, гэрээний 8.1.2-т заасан эрх мэдлээ урвуулан ашигласан зөрчилд “ нэхэмжлэгч нь өмнө  Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар баталсан эмнэлгийн бүтцийг өөрчилж, санхүү бүртгэлийн албыг өөрийн харьяанд авчирсан, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албыг Эмнэл зүй эрхэлсэн захирлын шууд удирдлагад шилжүүлсэн нь Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 116/А/565 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дүрэм”-ийн 2.1-д заасан “албыг албаны дарга удирдах бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллагын захирлын шууд удирдлагад хамрагдаж удирдлагын багийн гишүүн байна” гэснийг зөрчсөн. Мөн төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр, цагдаагийн байгууллагад ажилласан П.Э-ийг ажиллуулсан нь “тухайн албан тушаалд менежмент, нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолтой” байх стандартыг хангаагүй, дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтнаар эрх зүйч мэргэжилтэй цагдаагийн байгууллагад ажилласан Л.Г-ыг томилсон нь Засгийн газрын 2011 дүгээр тогтоолоор баталсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх нийтлэг журамд заасан “энэ чиглэлээр боловсрол, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай хүн байна” гэснийг зөрчсөн нь хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтыг зохих ёсоор явуулаагүй... зэрэг,  гэрээний 8.1.10-т заасан ёс зүйн зөрчилд “ ...ковид цар тахлын үеэр ядарч туйлдсан хамт олныг бугшсан идээ бээрийг шахах нэрийдлээр  алхам тутамдаа ажлын байрны дарамт үзүүлж хэл амаар доромжилж, ...тайлбар хэлэх боломжгүйгээр өргөдлөө өг гэж дарамталдаг энэ ёс зүйгүй байдлаас чадварлаг эмч, эмнэлгийн ажилчид ажлаа орхиж байгаа...” гэх агуулгатай 2 удаагийн гомдлын дагуу шалгахад Ж.Э нь ажлын байрны дарамт үзүүлдэг, харилцаа хандлага, ажлын арга барилын доголдолтой, ёс зүйн зөрчил дутагдал гаргадаг, хууль зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэх, удирдлагын манлайлал, үлгэрлэх тал дээр учир дутагдалтай, хүний нөөцийн бодлого алдагдаж, хамт олны уур амьсгал хэвийн бус, багаар ажиллах , бие биедээ итгэх итгэлцэл, байгууллагын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал доголдож байгаа нь тогтоогдсон зэрэг хамаарч байна, иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэжээ.

14.Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг үгүйсгэхдээ “...тус эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын болон Ёс зүйн хорооны  шалгалт нь нэхэмжлэгч Ж.Эт чиглэсэн тусгайлсан шалгалт ба шалгалтын тайланд дурдсан зөрчил нь Ж.Э гаргасан бус эмнэлгийн үйл ажиллагаатай шууд холбоотой,   хяналт шалгалтын тайланд дурдсан зөрчлийн аль  нь ноцтой зөрчил гэж үзсэн, түүнийг нотолсон  буюу хяналт шалгалт явуулсан баримтуудыг хэрэгт гаргаагүй тул зөрчил гаргасан гэж үзэхгүй,  хяналт-шинжилгээний зөвлөмжийг хүргүүлж биелэлтийг ирүүлэхийг мэдэгдсэн нь ноцтой зөрчил бус зөрчлийн үр дагавар нь арилгах боломжтой байсан. Ноцтой зөрчлийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд хяналт шинжилгээний тайлангаар Ж.Э нь эд хөрөнгийн хохирол учруулсан болон байгууллагын нэр хүндийг гутаах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгосон талаар дурдаагүй, зөрчилд шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн” гэсэн дүгнэлт хийжээ.

15.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгов.

16.“Ө газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн захирал нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогддог төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан боловч Короновируст халдвар Ковид цар тахлын үед Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар цар тахлын үед буюу 2021 оны 1 дүгээр сараас нэхэмжлэгч Ж.Эийг захирлын сонгон шалгаруулалт болтол түр хугацаанд захирлаар томилсон байх бөгөөд тэрээр ажил үүргийг 1 жил гаруйн  хугацаанд гүйцэтгэхдээ хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

17.Анхан шатны шүүх зохигчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас бодитойгоор харьцуулан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ж.Э нь байгууллагын удирдах албан тушаалтны хувьд хамт олныг зөв удирдаж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн зохистой явуулах чиг үүрэгтэй боловч эрх бүхий этгээдийн тогтоосон журмыг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан нь холбогдох шалгалтаар тогтоогдсон, эдгээрийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцох хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байна.

18.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхдээ  Ж.Э нь эд хөрөнгийн хохирол учруулсан болон байгууллагын нэр хүндийг гутаах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгоогүй гэж үзсэн байх бөгөөд тухайн байгууллага ямар зөрчлийг ноцтойд тооцохыг хөдөлмөрийн дотоод журмаар тогтоож, хөдөлмөрийн гэрээнд талууд тухайлан заасан бөгөөд байгууллагын удирдлага Ж.Эийн гаргасан гэх зөрчлүүд  тодорхой баримталбал зохих дүрэм журам зөрчсөн, хүний нөөцийн асуудлыг оновчтой зөв, зохих журмын дагуу явуулаагүйгээс эмнэлгийн үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлийг бий болгосон, хамт олны уур амьсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн, тухайлбал, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтойд хамаарах албаны үүргээ буруугаар хэрэгжүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзнэ.

19.Хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгах үүргийг Эрүүл мэндийн яамнаас 2022.08.22-ны өдөр ирүүлж 1 сарын хугацаатай үүрэг өгч, улмаар биелэлтийг дахин шалгахад  арилгаж болох зөрчил арилаагүй байснаас хариуцагч нь 2022.10.12-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулах тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

20.Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00595 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн 2024.04.25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ     

ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА 

                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОЛМОН