Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2021/02350

 

 

 

 

 

 

 

 

   2021           09           28                                         184/ШШ2021/02350                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Г- ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Т-

Хариуцагч: Б  нарт холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 95,371,607,87 төгрөг  гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нарийн бичгийн даргад С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад ... Ж.Б, Т.Т-  нар нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Г-тай ЗГ/2205047046 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 98,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ/22050470446 тоот ипотекийн гэрээгээр Ж.Б, Т.Т- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, залуус гудамж 10 байр 53 тоот 78,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Ж.Б, Т.Т- нар нь ЗГ/2205047046 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуух эргэн төлөлтийн графикийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байна ...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 84,023,592.29 төгрөг, хүүний төлбөр 5,752,412.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,478.71 төгрөг хугацаа хэтэрсэн хоног 281 хоног, нийт 89,794,483.60 төгрөг гаргуулах, ЗГ/2205047046 тоот Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн ...дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, залуус гудамж 10-р байр 53 тоот 78,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... Мөн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон нэлээдгүй хугацаа өнгөрсөн тул  2020 оны 09 сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 сарын 29-ний өдөр хүртэлх бодогдсон нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн төлбөрт нийт 5,577,124.28 төгрөгөөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 95,371,607.87 мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нэхэмжлэгч “Г-” ХХК-ийн зүгээс зээлдэгч Ж.Б, Т.Т- нартаа байгуулсан орон сууцны 8 хувийн зээлийн хугацаа дууссан. Учир нь 2020 оны 09 сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн хугацааны хувьд 281 хоног хугацаа хэтэрсэн тул иймд зээлийн гэрээний үүрэгт 89,794,483.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Мөн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон нэлээдгүй хугацаа өнгөрсөн тул  2020 оны 9 сарын 02-ны өдрөөс 2021 оны 6 сарын 29-ний өдөр хүртэлх бодогдсон нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн төлбөрт нийт 5,577,124.28 мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт зээлийн гэрээний үүрэгт 95,371,607.87 мөнгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд зээл хойшлуулах тухай өмнөх өдөр нь мэдэгдсэн. Өмнөх өдөр нь зээлийг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Түүний дараагаар салбар банкнаас харилцагчтайгаа нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулах ёстой байсан. Гэрээгээ баталгаажуулаад программ дээр хийх ёстой байсан. Программ дээр хавтаст хэргийн 130 дээр хүртэл байгаа юм. Зээлийн төлбөр хойшлуулах тухай заавар байдаг. Бичгийн шаардлага буюу гэрээ байгуулсан байх, 2020.01.31-ний өдрөөс хойш хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хойшлуулж байгаа болохоос биш, манай зээлийн хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргасан хүү тооцооллын хүснэгтээр 2019 оны 11 сараас хугацаа хэтэрсэн байдаг. тус зээл нь гэр бүлийн маргааны улмаас төлөгдөөгүй нь үнэн. Өмнөх үүссэн өр төлөөд, зээлийн төлөлт хойшлуулалтдаа хамрагдаарай гэсэн боловч нэмэлт өөрчлөлтийн гэрээнд зээлдэгч нар ирж гарын үсэг зураагүй. Ж.Бт гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Зээлдэгч нар ирэхгүй байсан тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлд зааснаар нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах нь зүйтэй байна. ₮₮₮Шүүх дээр ирээд зээлдэгчид та нар маргаантай юм чинь эвлэрье, нэг нь гэрээнээс татгалзаад, нөгөө үргэлжлүүлээд аваад явж болно гэсэн боловч эвлэрээгүй, банк бол ашгийн төлөө байгууллага. Нөгөө талаар бол энэ зээл бол ипотекийн корпорацийн зээл юм. Ипотекийн корпорацаас манай олгосон зээлийг санхүүжүүлдэг тул тус Ипотекийн корпорациас зээлийг хойшлуулах тухай журмыг хэрэгжүүлдэг. Хэн нэгнийг хохироох гэсэн асуудал байхгүй.  Засгийн газрын тогтоол, Монгол банкны журмаар шууд утгаар нөлөөлөх боломжгүй, захиран тушаасан заавар журам биш юм. Хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд авагдсан. Хэрвээ цахимаар ирүүлсэн байвал надад мэдэгддэг. 2020 оны 9 сараас хэргийн ажиллагаа эхэлсэн, хэрэв цахимаар хүсэлт ирүүлсэн байвал надад мэдэгддэг. Гаргасан байлаа ч гэсэн Ипотекийн корпорацийн журмын дагуу 2020 оны 01 сарын 30-ны өдрөөс өмнөх өрөө төлсөн байхыг шаардана. Манай зээл 2020 оны 9 сараас хойш шүүхийн маргаантай явж байгаа тул өр төлбөр нэмэгдсэн өнөөдрийн байдлаар гэхэд 19 сая төгрөгийн өр төлбөртэй байна. Зээл хойшлуулах нөхцөл бүрдээгүй байсан. Та хоёрын зээл төлөх асуудал та хоёрын маргаан болооод байна. Үндсэн зээлдэгч Т.Т- нь гэрээгээ цуцлая би төлбөр төлөх боломжгүй гээд зээлийн гэрээний 4.4.6-д заасан, төлбөрийн чадваргүй зээлдэгч гэрээ цуцлах хүсэлт гаргасан бол гэрээг цуцлах үндэслэлд хамаарна. Мэдэгдэл өгсөн эсэхтэй хамаагүй, ер нь энэ зээлд нэмэлт хугацаа олгосон ч гэсэн төлөгдөхгүй нөхцөл байдалд хүрээд байна. Зээлийн гэрээ дуусгавар болох нөхцөл бүрэн үүсээд байна гэж тайлбарламаар байна. Мөн урьдчилгаа төлбөрт 44 сая төгрөгийг өгөөгүй, байраа худалдаж авч буй этгээдэд шилжүүлдэг. Үлдэгдэл төлбөрийг банкнаас зээлж авдаг ойлголт юм. 9 сарын 27-ны өдөр гаргасан хүү тооцооллын хүснэгтээр зээлдэгч нар үндсэн зээлд 98 сая төгрөг авсан. Хуримтлагдсан хүү 52 сая төгрөг, 106,485.66 төгрөг төлөхөөс  55,234,887.79  төгрөг төлөөд одоо зээлдээ төлөх төлбөр нь 95,371,607.87 төгрөг байгаа 2018.06.26-ны өдрөөс хойш 2019.10.02-ны өдөр хүртэл төлөгдөөгүй. Шүүхэд өгөх боломжтой гэдгийг мэдэгдсэн. Түүний дагуу 2019.10.02-ны өдөр 3,999,999.22 мөнгийг төлсөн. 2019.11.08-ны өдөр 10.407.358 төгрөг төлсөн. Өр төлбөр арилгаад зээл хойшлуулах хүртэл хугацаанд төлөөгүй юм. Үндсэн зээлдэгчийн утас холбогдохгүй байна. Ингээд би ямар ч байсан хүсэлтээ гаргачих аа гэхэд банк тодорхойлолтыг гаргаад өгсөн. Манайд хүсэлтээ явуулсны дараагаар ирж гэрээнд гарын үсэг зураагүй байна. Бусад зээлдэгч нартаа яаж ажиллаж байна вэ гэхээр яг үүний дагуу ажиллаж байна. зээлдэгч нараас зээлийн  гэрээндээ өөрчлөлт оруулаагүй тул хугацаа хойшлуулах хүсэлтийг Монгол банкинд хүргүүлээгүй, 2 зээлдэгч нар нэг нэг лүүгээ бухдаг. Та зээлээ төлөөчээ гэж хэлэхээр би машин тэрэг бүх зүйлээ өгсөн. Би шар тортой хувцасаа аваад гарсан гэж амьдралаа ярьдаг ...гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2013 онд Т.Т-тай хамтран амьдарч байсан. 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Г-наас авсан зээлд хамтран зээлдэгчээр орсон. Тухайн үед нийт 148,000,000 төгрөгийн байрыг урьдчилгаа 49,000,000 төгрөгийг Ж.Б би төлсөн, 98,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Т-, хамтран зээлдэгчээр би орж гарын үсэг зурсан. Орон сууцны зээлийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан ... сарын 820,500 төгрөг төлөх хуваарь гаргаж Т- нь би өөрөө төлнө гэж авсан байдаг...2018 онд Т- бидний хооронд шүүхийн маргаан үүсэж үүнээс шалтгаалж зээлийн төлбөрөө төлөхгүй, хугацаа хэтэрсэн. 2019 оны 12 дугаар сард Г- надаас зээлээ төлөхийг шаардаж 12,000,000 төгрөг нэхэж ирэхэд нь би 12,400,000 төгрөг төлж зээлээ хэвийн болгосон... зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлтийг  хэвийн болгоод 2020.01.26-нд зээл төлөх байсан боловч  Засгийн газраас 2020 оны 01 сарын 26-ний өдөр 30 дугаар тогтоол, Монгол банкны журам гарч ипотекийн зээлийн төлөлт хийх  хугацааг хойшлуулах, төлөхгүй байхаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А луу яриад “ би одоо зээл төлөх ёстой байгаа яах уу гэхэд  Монгол банкаас журам ирээгүй байна ирэхээр нь  ярина гээд 2020.04.30-ны өдөр  зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ явуул 2020.05.01 хүртэл авч байгаа гэхээр” нь  явуулсан. Хуудас 72-т байгаа 2020.6.9-ны 17 цагаас Анударис  над руу явуулсан месеж нь   ирээгүй байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу би ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ явуулсан болохоор ингээд зээлийн төлөлт зогссон гэж итгээд явж байтал шүүхээс дуудсан.Гэтэл  Г- нь үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, Б надад огт мэдэгдээгүй шүүхэд шилжүүлсэн байсан. Зээлийн гэрээ өөрчлөх талаар мэдэгдээгүй.Г- өөрсдөө буруутай. Засгийн газрын шийдвэрийн дагуу би ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид өгсөн ...ингээд зээлийн төлөлт зогссон гэж итгээд явж байтал Г- нь үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, Б надад огт мэдэгдээгүй шүүхэд шилжүүлсэн байсан... Энэ хугацаанд би байрны урьдчилгаанд 49,000,000 төгрөг, үндсэн зээл 14,000,000 төгрөг, 69 сарын хүү 41,000,000 нийт 104,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. энэ өрийг Т- хариуцах ёстой. Хэрэв зээл хэвийн ангилалдаа орчих юм бол надад цаашид сарын төлбөрөө төлөөд явах сонирхол байна. Би ийм их мөнгө төлчхөөд байраа алдмааргүй байна...Г-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г- ХХК нь үндсэн гэрээ, банкны тухай хууль, үндсэн хоорондын байгуулсан гэрээ зөрчсөн. Би  Г- руу олон удаа утасдаж зээл төлөлт хэвийн байгаа учир хойшлуулах хүсэлтэд нь ормоор байна гэж хэлсэн.Г-наас хүсэлтийг минь авсан.Банкнаас миний бизнесийн зээлийг 60 хувь судалж хангуулсан. Тэр ажлаа би одоо хүртэл хийж байгаа юм. “Г-” ХХК нь гэр бүлийн хэрүүлээс болоод зээлдэгч хэт нэг талыг баримтлан өөрсдийн үзэл бодлоор урт хугацааны зээлийг, 177 сая төгрөгийн зээлийн талаас илүү төлөлт хийсэн байхад зээлдэгчийг хохироох гэсэн, эрсдэлд оруулах гэсэн үйлдэл гэж харж байна...Монгол банкны журам батлагдсанаас хойш 3 удаагийн өөрчлөлт орсон. 20 сарын хугацаатай 2021 оны 12  сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилж байгаа юм. Тиймээс манай зээл бол Г-ны өөрийнх нь алдаатай зүйл юм. Сар бүр хүсэлтээ явуулсан нотлох баримтаа хэрэгт хавсаргасан...Г-ыг нэг ч төгрөгөөр хохироогоогүй. Би өөрийн оршин суугаа хаяг дээрээ байдаг. Мессеж ирсэн хүлээн зөвшөөрсөн гэж байна. 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж өгөөчээ гэсэн хүсэлт өгөхөд таны хүсэлт батлагдлаа гэсэн мессеж надад ирсэн. Та зээлийн төлөлтөө хийнэ үү гэсэн мессеж надад огт ирээгүй. 4 сарын 30-ны өдөр А.А одоо та над руу хүсэлтээ явуулаарай, наад хэрэг тань 6 сар хойшлогдож байна. Тиймд таны зээлийг хойшлуулсан гэрээн дээрээ ирж гарын үсэг зурах шаардлагатай гэж тайлбарласан. Нэг удаа мессеж над руу явуулсан байдаг, хэмжээ хэтэрсэн тул алдаа заасан гэж гарч ирсэн, би түүнийг шинжлэн судлахад алдаа заагаад яваагүй байна гэдэг, би утасны үүрэн телефон дээр очиж асуусан. Энэ зээл чинь 4.6-д зааснаар банк ямар нэгэн зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах тухай мэдэгдлийг бичгээр өгснөөр зээлдэгч хүлээн авмагц түүнд заагдсан хугацаанд зээлийн төлбөрийг нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй юм. Бид нарт ашиггүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж А.А надад байнга хэлж харьцдаг. Зээлийн гэрээ байгуулчихаад гэрээний үндсэн үүрэг байсаар байхад өөрсдөдөө ашиг гаргахын төлөө дураараа хандаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би 2 хүүхэдтэй өрх толгойлсон байгаа ч гэсэн байрныхаа зээлийн төлбөрийг төлсөн. Ковид 19 вирус цар тахлын улмаас миний ажил зогссон, цаашид сунгагдаад явбал төлнө. Банкнаас танай хүсэлтийг манайх руу явуулаагүй гэж Монгол банкнаас хэлсэн, тиймээс миний зээлийн төлөлтийн хугацаа сунгагдаагүй байсан. Яагаад миний хүсэлтийг банкнаас цааш явуулаагүй вэ гэдэг асуудал байна. Таны зээл батлагдлаа, сунгагдлаа гэсэн  бичиг ирэх ёстой, түүний дагуу гэрээ боловсруулах ёстой гэж Монгол банкнаас хэлсэн юм. Монгол банк руу анхны хүсэлтийг минь явуулаагүй байж худлаа хэлсэн, гэрээ бэлдсэн байсан боловч Т.Т- ирж зураагүй гэж хэлсэн. Т.Т- луу ганц удаа залгаагүй, мэдэгдээгүй байсан. Гэрээ чинь бэлэн болсон ирээд гарын үсэг зураарай гэж нэг ч удаа надад банкнаас хэлж байгаагүй. Гэнэт л шүүхээс намайг дуудсан. А.А өөрөө ч мэдээгүй байсан. Энэ байдлыг зөвхөн Т.Т-ыг олох зорилготой гэж надад тайлбарласан...гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Г-тай ЗГ/2205047046 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 98,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан. Ингэхдээ ...дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, залуус гудамж 10-р байр 53 тоот 78.93 м.кв талбайтай 3 орон сууцыг барьцаалсан. Ж.Бтэй хамтран амьдрах хугацаанд Т.Т- нь дээрх зээлийн гэрээний дагуу үүргийг сар бүр тогтмол төлж байсан. Гэвч Ж.Бтэй таарч тохироогүйн улмаас салж 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж сар бүр 217,900 төгрөгийн хүүхдийн тэтгэмж төлж байна. Шүүхийн шийдвэрийн дараа Ж.Б нь ланд круйзер 200 авто машин болон тухайн 3 өрөө байрыг үндсэн төлбөрийн хамт өөртөө шилжүүлэн авахаар аман тохиролцоо хийсэн. Үүнээс хойш 3 жил болсны дараагаар байрны үлдэгдэл төлбөрийг төлүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй, төлөх боломж байхгүй, одоо тэтгэврээс өөр орлого байхгүй. Тэтгэврийн мөнгөнөөс 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгийг асуудалгүй төлж байгаа. Т- нь илүү орлого байхгүй тул Ж.Б тухайн зээлийг үргэлжлүүлэн төлөөд нэрийг шилжүүлэн авах, үгүй гэвэл миний зүгээс уг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Т.Т- нь төлбөрийн чадваргүй гэдгээ удаа дараагийн шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг. Ж.Б өөрөө зээлээ үргэлжлүүлнэ гэвэл татгалзах зүйлгүй. Т.Т- нь эд хөрөнгийн маргаан хийхгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Одоо төлбөр төлөх боломж байхгүй. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Г-” ХХК нь хариуцагч Т.Т-, Ж.Б нарт холбогдуулан “Зээлийн гэрээний  үүрэгт үндсэн төлбөр 84,023,592,29 төгрөг, хүү 5,752,412,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,478,71 төгрөг нийт  89,794,483.60 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шаардлагаа 5,577,124,28 төгрөгөөр нэмэгдүүлэн 95,371,607,87 төгрөг шаарджээ./165-167/

 Талуудын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан  нотлох баримтуудаас үзэхэд:  хариуцагч  Ж.Б, Т.Т- нар нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2205047046  дугаартай ‘ Орон суунц зээлийн гэрээ”-г ,  2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ЗБ/2205047046  дугаартай ‘ Ипотекийн гэрээ”-г нэхэмжлэгч Г- “ ХХК-тай байгуулж, 98,000,000 /ерэн найман сая/ төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатайгаар зээлдэж, зээлийн гэрээний үүрэгт Т.Т-, Ж.Б нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 хороо,Зулаас гудамж 10 байр 53 тоотод байрлах 78,93 м.кв талбайтай,...дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийг  эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон  болох нь тогтоогдов. /хх 6-15/

 

          Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн, гэрээний талаар маргаагүй, хариуцагч талаас шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Т.Т-, Ж.Б нар нь гэрээний хавсралт №1-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлөх   атал гэрээнд заасан   үүргээ зөрчиж, нийт 11,861,231,80 төгрөгийн төлбөр үүсгэсэн боловч  Ж.Б нь 2019.12-р сард 12,400,000 төгрөгийн төлбөр төлж, зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлтийг хэвийн болгосон гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгэхгүй боловч 2020 оноос хойш 281 хоногийн хугацаа хэтрэлтэй гэж гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулна, зээлдэгч нараас зээлийн  гэрээндээ өөрчлөлт оруулаагүй тул хугацаа хойшлуулах хүсэлтийг Монгол банкинд хүргүүлээгүй гэж тайлбарладаг,

 

Хариуцагч Ж.Бээс зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлтийг  хэвийн болгоод 2020.01.26-нд зээл төлөх байсан боловч  Засгийн газраас 2020 оны 01 сарын 26-ний өдөр 30 дугаар тогтоол, Монгол банкны журам гарч ипотекийн зээлийн төлөлт хийх  хугацааг хойшлуулах, төлөхгүй байхаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А луу яриад “ би одоо зээл төлөх ёстой байгаа яах уу гэхэд  Монгол банкаас журам ирээгүй байна ирэхээр нь  ярина гээд 2020.04.30-ны өдөр  зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ явуул 2020.05.01 хүртэл авч байгаа гэхээр” нь  явуулсан. Хуудас 72-т байгаа 2020.6.9-ны 17 цагаас Анударис  над руу явуулсан месеж нь   ирээгүй. Засгийн газрын шийдвэрийн дагуу би ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ явуулсан болохоор ингээд зээлийн төлөлт зогссон гэж итгээд явж байтал шүүхээс дуудсан. Гэтэл  Г- нь үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, Б надад огт мэдэгдээгүй шүүхэд шилжүүлсэн байсан.Зээлийн гэрээ өөрчлөх талаар мэдэгдээгүй. Г- өөрсдөө буруутай гэж тайлбарлажээ.

 

Өнөөдрийн шүүх хуралдаанд хавтаст  хэргийн 65-72-р талд авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтад үзлэг хийхэд хэргийн 72-р талд авагдсан 2020.06.09-ны өдрийн 17:30-д “Sn bnu Gololmt bankaas yarj bn.zeeliin gereen deer oorchlolt oruulah geree belen bolson.12ni dotor gereegee hhgui bol huselt tsutslagdana.hamtran Tamirtai zaabal hamt irne гэсэн,

 

2020.09.17-ны өдрийн 09:30-д “Bi ergeed zalgaya“ гэсэн мессежийг, 2020.06.04-ны 19:00-д Tani nuhtsul uuchluh huselt batlagdlaa.Zeelin Tuv salbart hamtran zeeldegchiin hamt unemlehtei hamt ochij geree hiine uu” Г-наас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А хариуцагч Ж.Бийн 98094536 гэсэн утас руу тус тус бичсэн мэдээлэл байх боловч Ж.Бийн гар утасны мессеж хэсэгт   байхгүй харин   2020.09.17-ны өдрийн 09:30-д “Bi ergeed zalgaya “ гэсэн мессеж бичсэн мэдээлэл  байна.  /хх72,79, 176-178/

 

         Хэдийгээр Г- буюу зээл хариуцсан мэргэжилтэн А зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, Т-тай хамт ирэх талаар Ж.Бт мэдэгдэж мэдээлэл явуулсан боловч уг мессеж түүний гар утсанд ирээгүй болох нь шүүх хуралдаанд хийсэн үзлэгээр нотлогдож байх тул түүний Анударис  над руу явуулсан мессеж ирээгүй гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.

     

            Хавтаст  хэргийн 16-р талд авагдсан баримтаар бол Г-аас 2019.08.09-нд 09/2511 тоот мэдэгдэлийг  зээлдэгч Т-, Б нарт хүргүүлэхдээ 2019.08.08-ны өдрийн байдлаар...нийт 11,681,231,80 төгрөгийг 439 хоногийн хугацаа хэтрүүлсэнээс таны зээл Монгол банкны активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу чанаргүй зээлд ангилагдаж банкыг хохироож байгаа тул 2019.08.20-ны дотор бүрэн төлөх талаар, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүх болон эрх бүхий байгууллагад хандан, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах талаар мэдэгдсэний дагуу хариуцагч Б нь түүнээс хойшхи хуримтлагдсан зээлийн төлбөрийн хамт 2019.12 сард 12,400,000 төлсөн болох нь тогтоогджээ.     

 

        Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагч талыг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж, энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д зааснаар гэрээнээс татгалзаж, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг  нэхэмжлэгчээс хариуцагч нараас  шаардах эрхтэй боловч үүнийгээ нотлох үүрэгтэй.

   

        Түүнчлэн хариуцагч талын зээлийн гэрээний үүрэг зөрчсөн хугацаа нь  Монгол Улсад Ковид-19 цар тахал гарч, тархсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол гарч хөл хорионы дэглэм тогтоож, 2020 оны 04 дүгээр сарын 29-нд Коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан, Монгол банкны журам гарч, ипотекийн зээлийн төлбөр төлөлтийг хойшлуулахаар шийдвэрлэсэнтэй давхцжээ.

            Монгол Улсын Коронавируст халдвар /ковид-19/-ын цах тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д ”Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ” гэж,

10.8-д ”Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно” гэж,

10.9-д “Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 42дүгээр зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно”гэж,

 

         10.10-т ”Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж  байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална” гэж тус тус зохицуулжээ.

 

         Хариуцагч Ж.Бийн А луу яриад ”одоо зээл төлөх ёстой байгаа  талаар ярихад Монгол банкаас журам ирээгүй байна ирэхээр нь  ярина гээд 2020.04.30-ны өдөр  зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ явуул 2020.05.01 хүртэл авч байгаа гэхээр нь  явуулсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй харин ч зээлдэгч нараас зээлийн  гэрээндээ өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн боловч ирж гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул хугацаа хойшлуулах хүсэлтийг Монгол банкинд хүргүүлээгүй гэж тайлбарладаг.

 

         Гэвч Коронавируст халдвар /ковид-19/-ын цах тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8,10.9-д заасан заалтаас үзэхэд зээлдэгч нар нь коронавируст халдварын ид тархалтын үед банкинд заавал биечлэн очиж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй, цахимаар зээл хойшлуулах хүсэлт явуулсанг банк хүлээн авснаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцоор зохицуулсан байхад нэхэмжлэгч Гнь зээлдэгч Ж.Бийн орон сууцны зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан атлаа хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр зээлдэгч нарыг хохироож, зээл төлөлтийн хугацааг нь хэтрэхэд хүргэсэн  гэж шүүх дүгнэв.

 

        Тухайлбал хариуцагч нар нь үндсэн зээл, хүүгийн төлбөр нийт 196,854,836.15 төгрөг төлөхөөс 104,000,000 төгрөг төлсөн, зээлдэгч нар сар бүрийн 26-нд зээлийн төлбөр төлдөг болох нь хэргийн 3-11 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний хавсралт №1-р нотлогдож байгаа, дэлхий нийтэд болон Монгол Улсад Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал тархаж, бүх нийтийн хөл хорио тогтоож, бүх аж ахуйн нэгж салбарууд үйл ажиллагаа явуулахгүй болж, үүнтэй холбогдуулан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, Монгол Банкнаас  “Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах тухай” журам гаргаж арга хэмжээ авсан байхад зээлдүүлэгч Г- нь хууль журам зөрчиж, зээл төлөлтийн хугацааг хэтрүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл  гаргаж байгаа нь үндэслэлгүй  болно.

 

          Зээлдэгч нараас 2020.01.26-наас  2020.04.30-ны хооронд гэрээнд заасны дагуу сар бүрийн 26-нд зээлийн төлбөр хийхгүй хугацаа хэтрэлт үүссэн байгаа нь Засгийн газрын тогтоол, Монгол Банкны “Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах тухай” журам, зээл хариуцсан мэргэжилтэн зэргээс шалтгаалсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар” үүргийг ялимгүй зөрчсөн”  үйлдэл  байх бөгөөд үүнийн улмаас зээлдүүлэгч Г-ны хэвийн үйл ажиллагаа алдагдаж,зогсонги байдалд орсон болох нь нотлогдоогүй тул  гэрээнээс татгалзах  үндэслэл болохгүй, харин ч энэ зээлийн төлөлтийн талаар зээлдэгч нарт мэдэгдэж, зөрчлийг арилгуулан гэрээг үргэлжлүүлэх боломжтой байжээ.

       

           Иймд нэхэмжлэгч талын манайх ашгийн төлөө байгууллага, зээлдэгч нар гэрээний үүргээ 281 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээг  хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна  гэх тайлбар нь үгүйсгэгдэв.

Хариуцагч Т.Т-аас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг гаргаагүй боловч  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4 дэх хэсэгт “...нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгэгчид гаргах эрхтэй” гэж зааснаар зээлдэгч Ж.Бийн зээл хойшлуулах хүсэлт явуулсан байхад зээлдүүлэгч Г-наас хүлээн авахаас татгалзах  үндэслэл болохгүй.

 

        Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж,

       талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д “Зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах тухай мэдэгдэл-шаардлагыг бичгээр өгснийг зээлдэгч хүлээн авмагц түүнд заагдсан хугацаанд зээлийн төлбөрийг нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хоёр талын урт хугацааны гэрээнд нэг талын гэрээнээс татгалзах эрх нь үүргийн зөрчлийг арилгах мэдэгдлийг нөгөө талдаа зайлшгүй мэдэгдсэний  дагуу гэрээнээс татгалзах  атал  энэ талаар буюу зээлдэгч нарыг 2020.01.26-наас 2020.04.30 хүртэлх хугацаанд зээл төлөх  үүргээ зөрчсөнд нь нэхэмжлэгчээс мэдэгдлийг хуульд зааснаар хүргүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

 

          Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан мэдэгдэх хуудас нь өмнөх үүргийн зөрчилтэй холбоотой ба үүний дагуу зээлдэгч Ж:Б нь 2019.12 сард нийт 12,400,000 төгрөг төлсөн нь нотлогддог.

        Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгтүүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай”  бол гэрээнээс татгалзаж болохгүй талаар зохицуулсан ба хариуцагч талын 2020.01.26-наас 2020.04.30 хүртэлх хугацаанд зээл төлөх  үүргээ зөрчсөн явдалд нэхэмжлэгч  тал  өөрөө буруутай  байна.

 

          Иймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.           

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт  зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж шүүх үнэлэв. 

  

    Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 606,923+70,200+104,184=781,307 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдэхээр тогтов.      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Г-” ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч Т.Т-, Ж.Б нарт холбогдох “Зээлийн гэрээний  үүрэгт 95,371,607,87 /ерэн таван сая гурван зуун далан нэгэн мянга зургаан зуун долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г- ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 781,307 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

      

            3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөовөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОЮУНЖАРГАЛ