Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/01387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ...тоотод оршин суух, Ж.О,

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...хаягт байрлах, “МӨ” ХХК,

        Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, гэрч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ж.О нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Л.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ж.О миний бие нь “МК” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №Е-..8 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж ХУД-ийн ...тоотод байрлах 116.58 м.кв талбай бүхий байрыг, нэг метр кв-ыг 600.000 төгрөгөөр тооцон нийт 69.948.000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон. 100 хувь төлбөрийг төлснөөр гэрээ байгуулан, талууд гэрээнд гарын үсэг зурж, тус компанийн борлуулалтын алба тэмдэг дарж, баталгаажуулсан. Гэрээ байгуулсны дараа орон сууцыг миний эзэмшилд шилжүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан. 2013 оноос өнөөдрийг хүртэл орон сууцны ашиглалтын зардал, СӨХ, цахилгааны төлбөрийг төлсөөр ирсэн. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг “МК” ХХК-д гаргаж байсан ба удахгүй гаргаж өгнө, мэднэ гэх хариуг өгч байсан. “МК” ХХК нь “МӨ” ХХК-д 2017 онд нэгтгэн, “МӨ” ХХК болсон тул хариуцагчаар “МӨ” ХХК-ийг татаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би байрны төлбөрийг төлөхдөө, “О” ХХК-иас олгосон ногдол ашиг 150.000.000 төгрөгөөс төлсөн. Энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарах тул дээрх хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.

       Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу Ж.О-т ХУД,  ...тоот хаягт байрлах 116,58 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг “МӨ” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

      Хариуцагч “МӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.О-ын нэхэмжлэлтэй “МӨ” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ж.О нь нягтлан бодох бүртгэлээр 69.948.000 төгрөгийн өглөгтэй байгаа. Уг төлбөрийг төлсөн гэх санхүүгийн анхан шатны баримт байхгүй байгаа тул гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэх баримт, үндэслэл тогтоогдохгүй байна.

       Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч “МӨ” ХХК-д холбогдуулан ХУД,  ... тоотын 116,58 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

       Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...ХУД, ...тоотын 116.58 м.кв талбайтай орон сууцны төлбөрийг 100 хувь төлж, орон сууцны өмчлөх эрхийг ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр олж авсан... гэж тодорхойлж, 2011 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13...4 тоот шийдвэр, Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн депозит дансны хуулга зэрэг баримтад үндэслэж байгаа болно. /х.х-ийн 7-10, 36-40 тал/

      Хариуцагч “МӨ” ХХК нь Ж.О-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...нэхэмжлэгч байрны төлбөрөө бүрэн төлөөгүй... гэх тайлбар гаргасан. /х.х-ийн 21-23 тал/

      “МК” ХХК-ийг “МӨ” ХХК-д нэгтгэснийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, “МӨ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 16 тал/

       Хариуцагч “МӨ” /МК/ ХХК нь ХУД, ...тоотод байрлах, 116,58 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ж.О-т хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1 м.кв талбайн үнийг 600.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулахаас өмнө нийт 69.948.000 төгрөгийг “МК” ХХК-д бэлэн төлөхөөр харилцан тохиролцож, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №Е-..8 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан, талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 7-8 тал/

      Талууд гэрээг Орон сууц захиалгаар бариулах тухай гэж нэрлэсэн байгаа боловч гэрээний агуулгаас үзэхэд зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.

      Гэрээгээр талууд орон сууцыг 69.948.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирч, уг гэрээнд төлбөр төлөх болон байр ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа, гэрээ цуцлах нөхцөл, төлбөр бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрх үүсэх зэрэг нөхцөлийг тогтоожээ.

      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заасан.

       Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргахгүй байгаа болно.

     Дээрх гэрээгээр хариуцагч “МӨ” /”МК” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Ж.О нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн.

       Худалдан авагч Ж.О нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдагч “МӨ”  ХХК нь ХУД, ...тоотод байрлах, 116,58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр сард хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

     Хэрэгт баримтаар Улсын комиссын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20...03 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт авагдсан байх ба гэрээнд заасан орон сууцыг гэрээ байгуулсны дараа хүлээлгэн өгсөн буюу 2014 оны 9 дүгээр сараас эхлэн тухайн байранд амьдарч байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. /х.х 55-58 тал/

       Дээрх төлбөрийг төлсөн байдлыг тодруулбал:

     1.1. Нэхэмжлэгч Ж.О-ын ... “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, 2013 оны 9 дүгээр сард ногдол ашиг болох 150.000.000 төгрөгөөс орон сууцны төлбөрт 69.948.000 төгрөгийг бэлэн төлсөн гэх тайлбар, холбогдох баримтууд. /х.х-ийн 36-40 тал/

    1.2. Гэрч “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “О” ХХК-ийн захирал Ж.Б-ийн ...Ж.О-т 2013 онд компанийн ашгаас 150.000.000 төгрөг хуваарилсан. Энэ мөнгөөр орон сууцны үнийг төлсөн. Би хамт явсан. Мөн байрыг хүлээлгэн өгөхөд нь хамт байлцсан. Ер нь бол Ж.О хохироод байгаа юм. Мөнгийг нь авчхаад өмчлөх эрх олгохгүй байна гэх мэдүүлэг.

     1.3. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаа төлбөр төлөх нөхцөлийг тодорхойлсон байх ба Захиалагч тал энэ гэрээнд гарын үсэг зурснаар төлбөрийн 100 хувьтай тэнцэх 69.948.000 төгрөгийг гүйцэтгэх талд эхэлж төлж барагдуулав гэсэн талуудын тохиролцоо. / х.х-ийн 7 тал, уг хуудасны арын нүүр/

       Гэрээний зорилго агуулга, зохигчдын тайлбараас үзвэл гэрээний гол нөхцөл болох үнэ буюу орон сууцны төлбөрийг эхэлж төлснөөр, гэрээг баталгаажуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн борлуулалтын алба гэх тэмдэг гэрээнд тусгагдсан нь талуудын оролцоог давхар тодорхойлсон гэж үзнэ.

        Иймд гэрээ байгуулахдаа орон сууцны үнэ болох 69.948.000 төгрөгийг бүрэн төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит үнэнд нийцсэн тайлбар гэж үзэхээр байна.

    Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.

      Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил гүйцэтгэгч нь захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шилжүүлнэ” гэж заажээ.

         Иргэний Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчийн буюу нэхэмжлэгчид уг маргаж буй орон сууцны өмчлөх эрх тэдгээрийн хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэх гэрээний үндсэн дээр үүссэн.

     Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т “эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэжээ.

      Нэхэмжлэгч Ж.О гэрээний үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрсдөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд орон сууцны төлбөр 69.948.000 төгрөг төлөөгүй гэх татгалзлаа хариуцагч нотолж чадаагүй.

        Иймд хариуцагч “МӨ” ХХК нь ХУД, ...тоотод байршилтай, 116,58 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж.О-т шилжүүлэх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ж.О-ын өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж үзнэ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч “МӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-т мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /х.х-ийн 60, 65 тал/

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.О-ын нэр дээр ХУД, ...тоотод байршилтай, 116,58 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч “МӨ”  ХХК-д даалгасугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.690 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “МӨ” ХХК-иас 507.690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-т олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ