Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01436

 

Ж.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/01387 шийдвэртэй нэхэмжлэгч Ж.О-ын хариуцагч "М" ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 53 дугаар байр, 1 дүгээр орц, 2 давхарт С205 тоот хаягт байрлах нийт 116.58 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: "М к" ХХК-тай 2013 оны 09 сарын 27-ны өдөр Е-838 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 хороо, 53 байр 1 орц, 2 давхрын С-205 тоотод байрлах 116.58 м.кв талбай бүхий байрыг, нэг метр кв-ыг 600,000 төгрөгөөр тооцон нийт 69,948,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон. Ж.О- нь төлбөрийг 100 хувь төлснөөр гэрээ байгуулан, талууд гарын үсэг зурж, тус компанийн борлуулалтын алба тэмдэг дарж, баталгаажуулсан. Гэрээ байгуулсны дараа орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан. 2013 оноос өнөөдрийг хүртэл орон сууцны ашиглалтын зардал, СӨХ, цахилгааны төлбөрийг төлсөн. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг "М к" ХХК-д гаргаж байсан боловч “удахгүй”, “захирал мэднэ” гэх хариу өгч байсан. "М к" ХХК нь "М" ХХК-тай 2017 онд нэгдэн "М" ХХК болсон тул хариуцагчаар "М" ХХК-ийг татаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ж.О- нь гэрээний төлбөрийг "О" ХХК-аас олгосон ногдол ашиг 150,000,000 төгрөгөөс төлсөн. Энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарах тул дээрх хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасан зохицуулалт болон гэрээний дагуу Ж.О-т дээр дурдсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг “"М" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Ж.О- нь 69,948,000 төгрөгийн төлбөр төлсөн гэх санхүүгийн анхан шатны баримт байхгүй байгаа тул гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.О-ын нэр дээр Хан-Уул дүүрэг, 11 хороо, 53 байр, 1 орц, 2 давхар, С205 тоотод байршилтай, 116,58 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч "М" ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,690 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч "М" ХХК-иас 507,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, бодитоор үнэлж дүгнээгүй. Хэрэгт авагдсан баримтаар "О" ХХК-ийн 2013 оны 09 сарын 03-ны өдрийн 13/004 тоот шийдвэр, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 2013 оны 09 сарын 10-ны өдрөөс мөн сарын 18-ны өдрийн дансны хуулга нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч нар ногдол ашгийг хуваарилан авсан тухай үйл баримтыг нотлож байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг төлсөн гэх баримт байхгүй байгааг анхаараагүй. Хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлд зааснаар мэтгэлцэх боломжоор хангаагүй. Анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ковид-19 өвчнөөр өвдсөн хүний хавьтагч болж пср шинжилгээний хариу хүлээж байгаа талаар болон шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхийн цахим хаягаар илгээсэн. Үүний дараа итгэмжлэгдсэн төлөөлөгчид Ковид-19 илэрч, эмчилгээ хийлгэсэн. Энэ талаарх нотлох баримтаа давж заалдах гомдлыг сэргээлгэхтэй холбоотойгоор хэрэгт хавсаргасан. Эдгээр нөхцөл байдлыг дурдаж, хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гэрч асуусан ба уг ажиллагаанд хариуцагч талыг оролцох эрхээр хангаагүй, түүний мэдүүлэгтэй танилцуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч “"М" ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 53 дугаар байр, 1 дүгээр орц, 2 давхарт С205 тоот хаягт байрлах нийт 116.58 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “нэхэмжлэгч гэрээний төлбөр 69,948,000 төгрөг төлөгдөөгүй” гэх агуулгаар маргажээ. /хх 1-2, 21/

 

Хэргийн 7-8 дахь талд авагдсан 2013 оны 09 сарын 27-ны өдрийн Е-838 тоот “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г нэг талаас гүйцэтгэгч "М к" ХХК, нөгөө талаас захиалагч Ж.О- нар оролцон байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь нэхэмжлэлд дурдсан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны төлбөрт нийт 69,948,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаар эхэлж төлж барагдуулах талаар харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

 

Дээрх гэрээний гүйцэтгэгч тал болох "М к" ХХК-ийг 2017 оны 08 сарын 30-ны өдөр “"М" ХХК-д нэгтгэсэн үйл баримт хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх 16/ тогтоогдсон тул нэхэмжлэгч нь уг гэрээний биелэлтийг шаардсан нэхэмжлэлийн хариуцагчаар “"М" ХХК-ийг тодорхойлсныг буруутгахгүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон Ж.О- нь уг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, хариуцагч талаас нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн, гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэхэмжлэгч шүүхэд хандах хүртэл уг гэрээний төлбөрийг нэхэмжлээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Талуудын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан дээрх гэрээний 3.1.1, 3.1.5-д тус тус зааснаар захиалагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг түүний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, ийнхүү төлбөр төлөгдөөгүй бол гэрээг цуцлах, орон сууцыг бусдад худалдах талаар талууд тохиролцсон байна. Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгын анхаарахаар зохицуулсан байдаг ба гэрээний 2.1-д “захиалагч төлбөрийн 100 хувьтай тэнцэх 69,948,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлж барагдуулсан” агуулгыг тусгасан байна.

 

Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан “гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв, хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн “хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаагүйн улмаас мэтгэлцэх боломж олгоогүй, гэрч асуухдаа оролцуулаагүй, түүний мэдүүлгийг танилцуулаагүй” гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь тухайн хүсэлтэд /хх 64/ дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй. /хх 64/ Мөн дээрх хүсэлтдээ “гэрчийг байлцуулахгүйгээр асуухад татгалзах зүйлгүй” гэснээс гадна хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйн улмаас тухайн гэрчийн мэдүүлэгтэй танилцаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/01387 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,690 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА                     

                          

                           ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Д.НЯМБАЗАР