Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 181/2022/01771/И |
Дугаар | 001/хт2024/00100 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 001/хт2024/00100
“К” ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03817 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00328 дугаар магадлалтай,
“ К” ХК-ийн нэхэмжлэлтэй
“А” ХХК-д холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 858,826,109 төгрөг, олох ёстой орлого буюу хохиролд 124,025,000 төгрөг, нийт 982,851,109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагч “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.Ч, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ К” ХК нь “А” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 858,826,109 төгрөг гаргуулах, 2021.06.01-ний өдрөөс 2022.12.01-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж олох ёстой байсан орлого буюу хохиролд нийт 18 сарын төлбөр 124,025,000 төгрөг, нийт 982,851,109 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03817 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-аас 124,025,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 858,826,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2022.04.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,452,090 төгрөг, 2022.09.15-ны өдөр төлсөн 9,175,115 төгрөгөөс 4,976,595 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 0000 тоот данснаас 4,198,520 төгрөгийг, хариуцагч “А” ХХК-аас 778,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ К” ХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00328 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...59 дүгээр зүйлийн 59.4...” гэснийг “58 дугаар зүйлийн 58.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орохиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “К” ХК-ийн төлсөн 4,453,285 төгрөг, хариуцагч “А” ХХК-ийн төлсөн 779,275 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.30-ны өдрийн 181/Ш2023/03817 дугаар шийдвэрийн зарим хэсэг болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 210/МА2024/00328 дугаар магадлалын зарим хэсгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.30-ны өдрийн 181/Ш2023/03817 дугаар шийдвэрээр хариуцагч “А” ХХК-аас 124,025,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 210/МА2024/00328 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч “А” ХХК-ийн үүргийг Улсын дээд шүүхийн 2021.06.04-ний өдрийн 657 дугаар тогтоолоор дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр үүрэг дуусгавар болохгүй бөгөөд тухайн үүргийг биелүүлснээр үүрэг дуусгавар болдог. Улсын дээд шүүхийн 2021.06.04-ний өдрийн 001/XT2021/00657 дугаартай тогтоол нь гагцхүү талуудын хоорондын төлбөр тооцооны үүргийг дүгнэснээс биш, хариуцагч “А” ХХК-ийн үүргийг дуусгавар болгоогүй. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын нэг төрөл бөгөөд энэ нь үүрэг биелэгдсэн тохиолдолд дуусгавар болох зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, төлбөр тооцооны үүргийг дуусгавар болгосныг өргөжүүлэн тайлбарлаж, хариуцагчийн гэрээний үндсэн хариуцлага болох үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Ийнхүү үүрэг дуусгавар болох үндэслэл, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох анзын тухай хуулийн зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж, буруу хэрэглэж байгаа практикийг Монгол Улсын дээд шүүхээс зөвтгөх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ач холбогдолтой юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хэрэглээний зөрүүг арилгах”, мөн зүйлийн 172.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж зааснаар хяналтын гомдлыг гаргаж байгаа бөгөөд хариуцагч “А” ХХК-аас алданги 158,826,109 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ К” ХК-д олгож өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч “А” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Гомдол гаргагч болох 0 хороо, А байранд байрлах “А” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 210/MA2024/00328 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.1 Шийдвэрийн 11-д “...хариуцагчаас “шүүхийн шийдвэр хугацаандаа биелэгдээгүй нь хариуцагчаас шалтгаалаагүй” гэж нэхэмжлэлийг татгалзсан ч энэхүү үндэслэлээ нотлох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн 2021.06.04-ний өдрийн 00657 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэхээр хандсан бөгөөд 2021.08.13-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч талаас сайн дурын үндсэн дээр үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгаж байгаа шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш ямар шалтгааны буюу хариуцагчийн ямар буруутай үйл ажиллаагаа, эс үйлдэхүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан талаар тодорхой тайлбар, нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор “удааширч байгаа талаар” хуульд заасан гомдол гаргах эрх нь нээлттэй байхад энэ талаар нэг ч гомдол гаргасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй нэхэмжлэгч дээрх үүргээ хэрэгжүүлээгүй байхад хариуцагчийг буруутгаж байгаа илт үндэслэлгүй шийдвэрлэсэн. Тодруулбал Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай компанийн ямар буруутай үйлдлийн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан нь тодорхойгүй буюу шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг харгалзахгүйгээр тодруулалгүйгээр зөвхөн хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасан. Анхан шатны шүүх дараах процессын ажиллагааны зөрчлүүдийг гаргасан (2022.10.06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь тал). Үүнд:
5.2.1 2022.10.06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзаж, “шүүгчээ би татгалзлаа шийдүүлмээр байна” гэхэд шүүгч “гэсэн хүсэлт тавьсан боловч шүүгч “... татгалзлын үе шат өнгөрсөн. Хариуцагч талаас асуулт асуулаа гэдэг нь шүүгчээс татгалзах үндэслэл болохгүй” хэмээн өөрөө шийдвэр гаргасан. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт ... энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” хэмээн заасан. Мөн түүнийг “татгалзах үндэслэлээ тайлбарлах боломж олгохгүйгээр” өөрөө шийдвэр гаргасан. Ийнхүү дээрх хуулийн 92.3, 92.6. дахь хэсэг “Татгалзан гаргах тухай хүсэлт гарвал шүүх хэргийн оролцогчийн санал, түүнчлэн татгалзан гаргагдаж байгаа этгээд хүсвэл түүний тайлбарыг сонсоно.... хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг... татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэсэн заалтуудыг зөрчсөн.
5.2.2 Шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим буюу талууд нотлох баримтаа өөрөө гаргах, цуглуулах буюу шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн (2022.10.06-ны өдрийн 181/Ш32022/13298 дугаартай захирамж). Энэхүү захирамжид гаргасан гомдлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хангахгүй орхисон байна. Ийнхүү шүүх эд хөрөнгийн өмчлөх эрх, алдангитай холбоотой маргаанд нотлох баримтыг өөрийн санаачлагаар бүрдүүлж, хуулийн 38.9 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэтэл нэхэмжлэгч 2022.10.06-ны өдрийн шүүх хуралдаанд “шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баримт хэрэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх захирамжаас өөр юм бидэнд өгөхгүй байна...” тухай хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хувийн хэрэгт шүүгчийн захирамжаас өөр баримт байхгүй байсан нь харагдаж байна. Ийнхүү шүүгч өөрийн санаачлагаар хүссэн баримтаа гаргуулсан боловч талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаж байхад түүнтэй холбоотой гаргасан хүсэлтийг хангаагүй байна. Гэтэл хариуцагч нь орон сууцны түлхүүрийг өгсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа манай байгууллагаас шалтгаалаагүй хэмээн маргаж байхад шүүх “... хариуцагч шүүхийн шийдвэр хугацаандаа биелэгдээгүй нь нэхэмжлэгчээс татгалзсан ч энэхүү үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй...” гэж дүгнэсэн. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүйн улмаас 2 шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2021.06.01-ний өдрөөс 2022.12.01-ний өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
5.3. Улсын дээд шүүхийн 2023.04.14-ний өдрийн тогтоолын 2.1.1 дэх хэсэгт Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “... Зохигч шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлсэн эсэхийг анхаараагүй, шинээр нотлох баримт шаардагдсан нөхцөл байдлыг тодорхойлж чадаагүйн улмаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа үр дүнгүй болж, хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдөх сөрөг үр дагавар бий болжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ. Харин зохигч нотлох баримт гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүсэх, түүнчлэн мэтгэлцэх зарчим хамаардаггүй зарим төрлийн эрх зүйн харилцаанд шүүх санаачилгаараа нотлох баримт шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах тохиолдлыг хуулийн 38.9-д тусгайлан зохицуулсан...” гэж тайлбарласан. Гэтэл шүүх энэхүү зохицуулалтыг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэж нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулж, уг нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх энэхүү заалтыг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагч “А” ХХК-уудын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.02-ны өдрийн 001/ШХТ2024/00531 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагч “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангах үндэслэлгүй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч “ К” ХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан алданги 858,826,109 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хохиролд 124,025,000 төгрөг, нийт 982,851,109 төгрөгийг гаргуулахаар өөрчилж, үндэслэлээ “ К” ХК нь хариуцагч “А” ХХК-тай 2014.05.30-ны өдөр 0 хороонд байрлах А барилгад 205 м.кв орон сууц, авто зогсоолыг бариулахаар “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан, гэрээний үнэ 557,520.12 ам долларыг төлсөн боловч “А” ХХК нь ... эзэмшил ашиглалтыг хүлээлгэж өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй. ...“ К” ХК-ийн зүгээс шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр ... өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буюу түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгаж, шийдвэрлэснээр ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн боловч төлбөр төлөгч “А” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ... шүүхийн шийдвэрт заасан хугацаанаас хойш шүүхэд дахин нэхэмжлэл гаргах хүртэл алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон гаргуулах, ... шүүхийн шийдвэр албадан биелэгдэж, 2022.09.23-ны өдөр ...орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ “К” ХК-ийн нэр дээр гарсан бөгөөд орон сууцны түлхүүрийг 2022.12.02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүлээн авч, 2022.12.06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон ... тул энэ хүртэл 18 сарын хугацаанд орон сууцыг бусдад хөлслүүлж орлого олох боломжтой байсан, үнэлгээний мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж тооцоход олох ёстой байсан орлогын үнэлгээ 124,025,000 төгрөг гарсан” гэж тодорхойлжээ.
9. Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Улсын дээд шүүхийн 2021.06.04-ний өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгосон. Нэгэнт дуусгавар болсон гэрээнд алданги шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй, ... гүйцэтгэх хуудас бичигдээд 2022 оны шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хохирлыг буюу төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барилгыг бүхэлд нь битүүмжилсэн, тэрнээс шалтгаалаад тухайн хөрөнгийг шилжүүлж өгөх боломжгүй байсан, хариуцагч компаниас шалтгаалахгүйгээр хуулийн уялдаа холбоотой шалтгаанаар хугацаа хоцорсон учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.
10. Анхан шатны шүүх “... Шүүхийн шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээний дагуу талуудын хооронд үүссэн харилцан шаардлагыг тооцож үүргийг дуусгавар болгосон байна. Иймд нэхэмжлэгч дуусгавар болсон гэрээний үүргийг үндэслэн анз гаргуулахаар шаардах эрхгүй тул орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 858,826,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Харин хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй, Шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч зохих хугацаанд буюу сайн дураар гүйцэтгээгүй нь тогтоогдсон, ... энэхүү маргаан бүхий тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулиар хүлээлгэсэн үүргийг сайн дураар биелүүлээгүй гэм буруутай, хариуцагчаас шүүхийн шийдвэр хугацаандаа биелэгдээгүй нь хариуцагчаас шалтгаалаагүй гэж нэхэмжлэлийг татгалзсан ч энэхүү үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, ... 2021.06.01-ний өдрөөс 2022.12.01-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж олох ёстой байсан орлогыг 124,025,000 төгрөгөөр үнэлсэн “Х” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайланг хариуцагч үгүйсгээгүй тул энэхүү үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж хохиролд нэхэмжилсэн 124,025,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, үлдэх алдангид 858,826,109 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөвшөөрч, маргааны хувьд шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба харин анхан шатны шүүхийг улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулж, магадлалд энэ талаар “ ... нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 4,198,520 төгрөг төлсөн ба уг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,198,520 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй, харин шаардлагаа өөрчилсөн нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй...” гэж дүгнэжээ.
12. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөрүүгүй дүгнэлт хийж, адил шийдэл гаргасан байх боловч гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэл болон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх үүрэг буюу хохирол шаардах эрхэд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж энэ талаарх зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авсан.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна. Үүнд:
14. Зохигчийн маргааны зүйл нь тэдний хооронд 2014.05.30-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх, улмаар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж, шүүх шийдвэр гаргасныг хариуцагч биелүүлээгүйгээс өөр төрлийн үүрэг үүсэх эсэх буюу энэ тохиолдолд нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй эсэх асуудал болжээ.
15. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдлын талаар болон үүргийг харилцан тооцож дуусгавар болгосон өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул үйл баримтыг нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй гэж үзэж, дуусгавар болсон гэрээний үүрэгт анз шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 238 дугаар зүйлийн 238.1-д нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
16. Өмнө нь энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой зохигчийн хооронд үүссэн маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.04-ний өдрийн 001/ХТ2021/00657 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гэрээний үлдэгдэл төлбөрт төлөх 53,597 ам.доллар буюу 97,456,934 төгрөг, мөн хариуцагчаас алдангид төлбөл зохих 152,062,465 төгрөгийн үүргийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар харилцан тооцож, нэхэмжлэгчийг үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэж, хариуцагчаас алдангийн үлдэх хэсэг 54,605,531 төгрөг гаргуулснаар гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохынхоо хувьд анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсанаар талуудын гэрээний үүргийг харилцан тооцож дуусгавар болгохдоо хариуцагчид үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хариуцлагыг хүлээлгэж, алдангийг 2018.12.28-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулсан байна.
Энэ үеэс гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээс гадна зохигчийн хооронд үүссэн энэ талаарх маргааныг шүүх шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар энэ асуудлаар дахин маргах буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш дахин үүргийн гүйцэтгэл хангах аргыг хэрэглэж, алдангийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
17. Харин хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол энэ нь өөр төрлийн үүргийг буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно.
Ийнхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирсон тал нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учирсан хохирлоо арилгуулах аргаар эрхээ хамгаалах боломжтой.
Энэ тохиолдолд гэрээний бус үүрэг буюу зөрчлийн улмаас үүсэх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл бий болсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
18. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар 2021.06.04-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 1 жил 6 сарын дараа буюу 2022.12.03-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь энэ хугацаанд олох ёстой орлогоо шаардах нь хууль зөрчөөгүй байна.
Энэ нь хариуцагчийн хууль бус санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэл болох тул анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хохирол гаргуулах тухай хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар олох ёстой орлогыг хохирол гэж үзэж, гэм хорыг арилгах хэмжээг тогтоосныг буруутгахгүй.
Өөрөөр хэлбэл гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй байдаг ба хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч орон сууцыг бусдад хөлслүүлж орлого олох боломжоо алдах ёсгүй байсан тул энэ хэмжээгээр түүний эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзнэ.
19. Улмаар нэхэмжлэгч нь “Х” ХХК-аас 2022.11.30-ны өдөр гаргасан тайланд тусгагдсан үнэлгээг үндэслэн орон сууцыг түрээсэлж олох ёстой орлогод 124,025,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч баримтаар няцаагаагүй байх тул 2 шатны шүүх уг үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй.
20. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй шалтгаанаа өөрөөс шалтгаалаагүй буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өөр этгээдийн барьцаанд байснаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч уг барилгыг 2018 оны 02 дугаар сард ашиглалтад оруулсан атлаа гэрээ ёсоор орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд эд хөрөнгө өөр этгээдийн барьцаанд байгаа явдал нь хариуцагчийн худалдсан эд хөрөнгөө худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Иймээс хариуцагчийг нэхэмжлэгчид хохирол учирсан явдалд гэм буруугүй гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй тул түүнийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй ба энэ талаарх түүний гомдлыг хангахгүй.
21. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00328 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагч “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-эс 2024.03.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 952,081 төгрөг, хариуцагч “А” ХХК-аас 2024.03.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,275 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН