Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 706

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2019/01138/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........ аймаг, ..... сум, ...... баг, П- ХХК-ийн байранд оршин суух, /утас ........./, ......... регистрийн дугаартай, ......... овогт Ц.Л-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ШШ-д холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээдийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2 255 510 төгрөг гаргуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц.Л-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б- нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Өмч хувьчлалын комиссын 19.. оны ... дугаар сарын ..-ны өдрийн ... тоот тогтоолоор ....-ны сангийн аж ахуйг хувьчилж, төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болгон дүрмийн санг 7 430 500 төгрөгөөр тогтоож, нийт 74305 ширхэг хувьцаа гаргаснаас 51 хувь буюу 36365 ширхэг хувьцааг төрийн өмчийн мэдэлд үлдээж, үлдэх 49 хувь буюу 34940 хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалдсан болно. Улмаар Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20... оны ... дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 20... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр захирамжаар Орхон сумын Х- ХК-ийн нийт хувьцааны 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч ба бусад 52093 ширхэг хувьцаа буюу хувьцааны 68.85 хувийг өөр иргэд эзэмшдэг.

Гэтэл Х- ХК-ийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.Л- намайг ОХУ-д ажлаар явж байхад миний дансыг битүүмжилсний улмаас миний бие нь дансан дахь мөнгөө захиран зарцуулж чадахгүй, хүний нутагт маш хүнд байдалд орсон тул тэр даруйд ШШГШГ-ын вэб сайт руу орж, онлайнаар гомдол гаргасан ба өөрийн хуульчийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай уулзуулж, Хуулийн этгээдийн өр төлбөрийг хувь хүний данснаас гаргуулах гэж байгаа нь хууль зөрчиж байгаа тул ажиллагаагаа зогсоох тухай тайлбар, хүсэлт гаргуулсан боловч үр дүн гараагүй, миний дансан дахь мөнгийг татан авч, төлбөр төлөгч Х- ХК-ийн өр төлбөрийг барагдуулсан.

Ийнхүү хөрөнгийн биржид бүртгэлтэй хэдэн зуун хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компанийг гаргуулах өр төлбөрийг, тус компаний 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн банкин дахь хувийн дансыг битүүмжилж, уг дансан дахь мөнгийг хураан авч барагдуулсан нь хууль зөрчсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэгдсэн Ц.Л- миний эзэмшлийн Хаан банк дахь 50000000000 тоот дансыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д заасныг үндэслэн данснаас хураан авсан 2 255 510 төгрөгийг нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байнаурХурта гэв.

 

Хариуцагч ШШ-йн дарга С.Л- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн . .. дугаартай шүүгчийн захирамжаар Х- ХК-аас 2 195 510 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн 230 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны хүлээн авч, 19070330 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Х- ХК нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Л- 1 иргэний 100 хувийн үүсгэн байгуулагчтай итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ж.Б болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ж.Б нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас баралтын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Х- ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л-ыг шүүхээс заасан хаягаар очин 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19070330/01 тоот зарлан дуудах мэдэгдлээр 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагт ирүүлэхээр зарлан дуудсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд ирээгүй тул төлбөр төлөгч Х- ХК-ийн арилжааны банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгөгүй болох нь тогтоогдсон байна.

Төлбөр төлөгч Х- ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л- нь дээрх төлбөрийг би төлөх ёсгүй, компаний ногоо усалгааны сувгийг одоо иргэд ашиглаж байгаа, иргэдээс тус компаний сувгийг ашигласны төлбөрөөс төлөх ёстой гэсэн тайлбарыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид өгөн эд хөрөнгийн мэдүүлэг өгөх, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан байна..

Төлбөр төлөгч Х- ХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдсон компанид оруулсан хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Л-ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2 255 510 төгрөгийн хасалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Тус газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул иргэн Ц.Л-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Л- нь хариуцагч ШШ-д холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээд

болох Ц.Л-ын битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2 255 510 төгрөг гаргуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч тал битүүмжилсэн дансыг чөлөөлсөн үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Л-ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2 255 510 төгрөгийн хасалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирол шаардсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасантай нийцэж байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Х- ХК-д холбогдох 2 195 510 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1169 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 230 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 19070330 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Хариуцагч ШШ- ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа гаргуулахад Х- ХК нь Дархан-Уул аймгийн ... сумын ...-р багт байрладаг, мал аж ахуй, гахай шувуу, зөгийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 1 үүсгэн байгуулагчтай, Ц.Л-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ж. Б гүйцэтгэх захирал гэсэн дэлгэрэнгүй лавлагаа болон төлбөр төлөгч Х- ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн М- банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9 тоот, ШШ-ны 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/190 тоот албан бичгүүдээр тус тус эрх нь түдгэлзүүлсэн бүртгэл бүртгэгдсэн гэж хариу ирүүлсэн байна.

Үүний дагуу төлбөр төлөгч Х- ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л-т зарлан дуудах мэдэгдэл болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирэхийг мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгчийн арилжааны банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж байсны дагуу Х- ХК-ийн К- банкин дахь дансны хөдөлгөөнийг зогсоосон байна.

 

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Х- ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л-ын эзэмшлийн Хаан банкин дахь 50000000 данснаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2 255 510 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн авч Х- ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөрийн хүсэлт,  Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтууд, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 19/600 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.  /хх-ийн 84-89/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х- ХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэгт байгаа хувьцаа эзэмшигчдийн талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт, Х- ХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл,  төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилсон тогтоол, гүйцэтгэх захирлыг томилсон тогтоол, хяналтын зөвлөлийн гишүүдийг баталсан тогтоол, хяналтын зөвлөлийн даргыг томилсон тогтоол зэрэг баримтууд ирүүлсэн байна. / хх-ийн 116-143 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Х- ХК-ний гүйцэтгэх захирал Ж.Б нас барсан, дээрх 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаас хойш дахин хурал хийгээгүй, компани олон хувьцаа эзэмшигчтэй тул ирц бүрддэггүй гэсэн тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь Ц.Л-ыг Х- ХК-ны 100 хувийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч тул компаний өр төлбөрийг бүрэн хариуцах үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар Х- ХК нь Компаний тухай хуулийн 3.7-д заасан хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компани байх бөгөөд нийт 71305 ширхэг хувьцаатай үүнээс 31,15 хувь буюу 22212 ширхэг хувьцааг Ц.Л-, үлдэх 49093 ширхэг хувьцааг 228 иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг ба Х- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдөр компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ц.Л-ыг, гүйцэтгэх захирлаар Ж.Быг томилсон зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хх-ийн 118, 135, 136 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ.

 

Х- ХК-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 2001 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Компанийн дүрмийн 4.1-д заасан Компани зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ, 7.3-д Хувь нийлүүлэгч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 8.1-д компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагдсан байх бөгөөд 71305 ширхэг энгийн хувьцаа байна гэсэн заалтуудаар компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигч нар хариуцахгүй талаар компанийн дүрмээр зохицуулсан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус зааснаар компаний 31,15 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Л-аас компанийн төлбөрийг гаргуулсан нь үндэслэлгүй байна. /хх-ийн 158-163 дугаар тал/

 

Иймд хариуцагч ШШ- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч бус этгээд болох Ц.Л-ын дансыг битүүмжилж, түүний эзэмшлийн данснаас компаний төлбөрийг гаргуулж бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д тус тус зааснаар хариуцагч ШШ-ас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан хохирол 2 255 510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-т олгож, нэхэмжлэгчийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 758 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 758 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА