Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2021/00065

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/03567/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 706 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээдийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2.255.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Гомдол гаргагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Өмч хувьчлалын комиссын 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 33 тоот тогтоолоор Орхоны жимс ногооны сангийн аж ахуйг хувьчилж, төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болгон дүрмийн санг 7.430.500 төгрөгөөр тогтоож, нийт 74305 ширхэг хувьцаа гаргаснаас 51 хувь буюу 36365 ширхэг хувьцааг төрийн өмчийн мэдэлд үлдээж, үлдэх 49 хувь буюу 34940 хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалдсан болно. Улмаар Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 169 дүгээр захирамжаар Орхон сумын *******-ийн нийт хувьцааны 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч ба бусад 52093 ширхэг хувьцаа буюу хувьцааны 68.85 хувийг өөр иргэд эзэмшдэг.

Гэтэл *******-ийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* намайг ОХУ-д ажлаар явж байхад миний дансыг битүүмжилсний улмаас миний бие нь дансан дахь мөнгөө захиран зарцуулж чадахгүй, хүний нутагт маш хүнд байдалд орсон тул тэр даруйд ШШГШГ-ын вэб сайт руу орж, онлайнаар гомдол гаргасан ба өөрийн хуульчийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай уулзуулж, Хуулийн этгээдийн өр төлбөрийг хувь хүний данснаас гаргуулах гэж байгаа нь хууль зөрчиж байгаа тул ажиллагаагаа зогсоох тухай тайлбар, хүсэлт гаргуулсан боловч үр дүн гараагүй, миний дансан дахь мөнгийг татан авч, төлбөр төлөгч *******-ийн өр төлбөрийг барагдуулсан.

Ийнхүү хөрөнгийн биржид бүртгэлтэй хэдэн зуун хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компанийг гаргуулах өр төлбөрийг, тус компаний 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн банкин дахь хувийн дансыг битүүмжилж, уг дансан дахь мөнгийг хураан авч барагдуулсан нь хууль зөрчсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэгдсэн ******* миний эзэмшлийн Хаан банк дахь 5045529071 тоот дансыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д заасныг үндэслэн данснаас хураан авсан 2.255.510 төгрөгийг нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар *******-аас 2.195.510 төгрөг гаргуулж, *******т олгохоор шийдвэрлэсэн 230 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 19070330 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч ******* нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр *******ийн ******* 1 иргэний 100 хувийн үүсгэн байгуулагчтай итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь *******ын болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ж. нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас баралтын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******-ийн үүсгэн байгуулагч *******ыг шүүхээс заасан хаягаар очин 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19070330/01 тоот зарлан дуудах мэдэгдлээр 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагт ирүүлэхээр зарлан дуудсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд ирээгүй тул төлбөр төлөгч *******-ийн арилжааны банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгөгүй болох нь тогтоогдсон байна.

Төлбөр төлөгч *******-ийн үүсгэн байгуулагч ******* нь дээрх төлбөрийг би төлөх ёсгүй, компаний ногоо усалгааны сувгийг одоо иргэд ашиглаж байгаа, иргэдээс тус компаний сувгийг ашигласны төлбөрөөс төлөх ёстой гэсэн тайлбарыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид өгөн эд хөрөнгийн мэдүүлэг өгөх, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан байна..

Төлбөр төлөгч *******-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдсон компанид оруулсан хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компаний үүсгэн байгуулагч *******ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2.255.510 төгрөгийн хасалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Тус газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул иргэн *******ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 706 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д тус тус зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан хохирол 2.255.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.758 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120.758 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 706 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Манай байгууллага нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар *******-аас 2.195.510 төгрөг гаргуулж, *******т олгохоор шийдвэрлэсэн 230 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 19070330 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч ******* нь 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* 1 иргэний 100 хувийн үүсгэн байгуулагчтай итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь *******ын болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ж. нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас баралтын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаар төлбөр төлөгч *******-ийн үүсгэн байгуулагч *******ыг шүүхээс заасан хаягаар очин 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19070330/01 тоот зарлан дуудах мэдэгдлээр 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагт ирүүлэхээр зарлан дуудсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд ирээгүй тул төлбөр төлөгч *******-ийн арилжааны банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгөгүй болох нь тогтоогдсон.

Төлбөр төлөгч *******-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдсон компанид оруулсан хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компанийн үүсгэн байгуулагч *******ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2.255.510 төгрөгийн хасалт хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулж хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2.255.510 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээд болох *******ын битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан хохирол 2.255.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компанийн үүсгэн байгуулагч *******ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2.255.510 төгрөгийн хасалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар *******-аас 2.195.510 төгрөг гаргуулж, *******т олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талууд үгүйсгээгүй.

Харин нэхэмжлэгч хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо төлбөр төлөгч бус этгээдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан байна.

Хариуцагч нь *******ыг *******-ны 100 хувийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч тул компаний өр төлбөрийг бүрэн хариуцах үндэслэлтэй гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт, *******-ийн Хувь нийлүүлэгчдийн 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилсон тогтоол, гүйцэтгэх захирлыг томилсон тогтоол, хяналтын зөвлөлийн гишүүдийг баталсан тогтоол, хяналтын зөвлөлийн даргыг томилсон тогтоол зэрэг / хх-ийн 116-143 дугаар тал/ нотлох баримтуудаар ******* нь Компаний тухай хуулийн 3.7-д заасан хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компани байх бөгөөд нийт 71305 ширхэг хувьцаатай үүнээс 31,15 хувь буюу 22212 ширхэг хувьцааг *******, үлдэх 49093 ширхэг хувьцааг 228 иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг ба *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдөр компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ц.Лавжавыг, гүйцэтгэх захирлаар Ж.ыг томилсон зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

*******-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 2001 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Компанийн дүрмийн 4.1-д заасан Компани зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ, 7.3-д Хувь нийлүүлэгч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 8.1-д компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагдсан байх бөгөөд 71305 ширхэг энгийн хувьцаа байна гэсэн заалтуудаар компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигч нар хариуцахгүй талаар компанийн дүрмээр зохицуулсан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус зааснаар компаний 31,15 хувийн хувьцаа эзэмшигч *******аас компанийн төлбөрийг гаргуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хариуцагч тал битүүмжилсэн дансыг чөлөөлсөн үндэслэлээр нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд хариуцагч тал битүүмжилсэн дансыг чөлөөлсөн үндэслэлээр нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай гэж шийдвэрийн тогтоох хэсгийг өөрчлөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 706 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг ...нэхэмжлэгчийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...*******ын битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.758 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.АМАРСАНАА

                                                                                          ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                         О.НАРАНГЭРЭЛ