Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/хт2024/00101

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05663 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00319 дүгээр магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х.Г-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Х.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Х.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05663 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Х.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00319 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Х.Г-аас 36,639,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...үлдээсүгэй...” гэснийг “...үлдээж, хариуцагч Х.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 341,146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.16-ны өдөр урьдчилан төлсөн 341,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.20-ны өдрийн 101/ШШ2023/05663 дугаар шийдвэрээр “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.16-ны өдрийн 210/МА2024/00319 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 36,639,017 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

4.1. Учир нь давж заалдах шатны шүүх хурал товлох үед миний бие хөдөө орон нутагт албан ажлаар явж байсан тул хурлын товыг тулгаж хэлсний улмаас миний бие оролцож чадаагүй болно. Ийнхүү оролцож чадаагүйн улмаас миний эзгүйд хурлыг хийж, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Өнөөдөр 9911... дугаар нь зах зээлд 100 гаруй сая төгрөгний үнэтэй байгаа бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт билээ. Нийтэд илэрхий үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Гэтэл дугаар үнэ бүхий эсэхийг хариуцагчийг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие тус байгууллагаас зээл авч 30 гаруй сая төгрөгний хүүг төлсөн атлаа өнөөдөр дахин 36 сая төгрөг төлөхөөр шүүх шийдвэрлэсэн нь миний эрх, ашиг сонирхолд ноцтой илт халдсан шийдвэр болсон. Дугаараа барьцаалж зээл авсан нь үнэн боловч хэрэв зээлийн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангах байтал ийнхүү барьцаа хөрөнгө болох дээрх дугаарыг ББСБ-г хурааж авсан атлаа дахин 36 сая төгрөг төлөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.16-ны өдрийн 210/МА2024/00319 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Х.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.02-ны өдрийн 001/ШХТ2024/00532 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Х.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Х.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч 2021.12.10-ны өдөр DF51152 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 80,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж, ...2023.09.05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 77,289,269 төгрөг, үндсэн хүү 33,426,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,923,071 төгрөг, нийт 116,639,017 төгрөгийн үлдэгдэлтэй, барьцааны гэрээнд тохиролцсон үнэлгээ болон шаардах хуудсаар харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаа хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр зарж борлуулан зээлийн үлдэгдлээс хасч 36,639,017 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй ....” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Х.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Д” ХХК нь миний дугаар болох /9911.../-ыг 80,000,000 төгрөгийн барьцаанд авсан ба  нийт 29,000,000 төгрөгийг тус байгууллагад төлсөн. ...Тус байгууллага нь зах зээлийн ханшаар 150,000,000 төгрөгийн үнэтэй дугаарыг 80,000,000 төгрөгөөр үнэлж, борлуулсан гэж мэдэгдсэнийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээгээ шинэчилж дугаараа буцаан авах эсвэл миний үнэлж буй зах зээлийн бодитой үнээр борлуулахыг шаардсан. Мөн тус байгууллага нь миний дугаарыг 2022 оны 05-р сараас хойш өөр хүнд ашиглуулсан ба энэ хугацааны хүүг надаас нэхэмжилж буй нь шударга бус гэж үзэж байна.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...энэхүү барьцааны гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах зориулалттай фидуцийн гэрээ байна. Фидуцийн гэрээний зүйл нь дугаар ашиглах эрх байх тул энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах буюу гэрээний зүйл болох боломжтой. Тодруулбал, гар утасны дугаар нь Харилцаа холбооны зохицуулалтын газрын өмч бөгөөд гар утасны үйлчилгээ эрхлэгч нь эзэмших, харин хэрэглэгч нь ашиглах эрхтэй байдаг. Улмаар фидуцийн гэрээний зүйлийн ашиглах эрх нэхэмжлэгчид шилжсэн, тэрээр бодитоор ашиглах эрхээ хэрэгжүүлж байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар уг ашиглах эрхээр зээлийн гэрээний үүргийг хангуулах зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсон” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн суурь харилцааг тодорхойлолгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасан байхаас гадна барьцааны гэрээг фицуцийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, үүрэн холбооны 9911... дугаарын өмчлөгч нь М ХХК, харин эзэмшигч нь Х.Г тул талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдах боломжгүй, улмаар анхан шатны шүүхийн хийсэн ...фидуцийн гэрээний зүйлийг ашиглах эрхээ бодитоор хэрэгжүүлж байх тул зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болжээ... гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Иймд зээлдүүлэгч “Д” ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т тус тус зааснаар хариуцагч Х.Г-аас зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Х.Г нь үндсэн зээлд 2,710,731 төгрөг, зээлийн хүүд 23,266,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,315,001 төгрөг, нийт 29,291,897 төгрөгийг төлж, 2023.09.05-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 77,289,269 төгрөг, зээлийн хүү 33,426,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,923,071 төгрөг, нийт 116,639,017 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн тайлбар, хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулга гэсэн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч Х.Г нь дээрх тооцоололтой маргаагүй, харин ...миний 9911... дугаар 150,000,000 төгрөгийн үнэтэй... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч “Д” ХХК нь дээр дурдсан зээлийн гэрээний үүрэг нийт 116,639,017 төгрөгөөс DF51152 тоот Зээлийн гэрээний 3.10, DF51152 тоот Барьцааны гэрээний 4.1.2-т тус тус заасны дагуу 9911... дугаарын харилцан тохиролцсон үнэ 80,000,000 төгрөгийг хасч, үлдэх 36,639,017 төгрөгийг хариуцагч Х.Г-аас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг өөр өөрөөр тодорхойлж,  барьцаа, фидуцийн талаарх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчаас гаргасан “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаагүй” гэсэн агуулга бүхий  гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчийн хооронд 2021.12.10-ны өдөр DF51152 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Д” ХХК нь 80,000,000 төгрөгийг, нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлж, Х.Г нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон, талууд мөн өдөр DF51152 тоот “Барьцааны гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.Г-ын эзэмшлийн үүрэн холбооны 9911... дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр үнэлсэн, уг дугаар нь өмнө өөр этгээдэд буюу “Т” ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Т” ХХК-ийн нэр дээр шилжсэн байсныг нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс үүргийг гүйцэтгэж зээлийн 23,575,400 төгрөгийг тухайн байгууллагад, 56,424,600 төгрөгийг хариуцагчид тус тус шилжүүлсэн, хариуцагч гэрээний үүрэгт нийт 29,291,897 төгрөгийг төлсөн болох үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

13. Зохигчийн маргааны зүйл нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн 9911... дугаарыг ашиглан гар утасны үйлчилгээ авах эрхийг  нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, улмаар уг эрхийн зах зээлийн үнээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх асуудал болжээ.

14. Хоёр шатны шүүх энэ талаар зөрүүтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуци байгуулагдсан ба өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, гэрээний нийт үүргээс барьцааны зүйлийн үнийг хасч, үлдэх үүргийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

15. Хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуци байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

16. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

Үүнээс үзэхэд фидуци байгуулагдсан гэж үзэх гол нөхцөл бол үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нөхцөлтэйгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх агуулгатай байна.

17. Хоёр шатны шүүх фидуцийн зүйл болсон 9911... дугаарыг ашиглах эрх нь тодорхой үнэ цэнийг агуулж, зах зээлд худалдан борлуулах боломжтой байдгийн хувьд хөрөнгө болдог онцлог шинжтэй боловч түүний өмчлөх эрхийг зохигчийн хэн аль нь хэрэгжүүлдэггүйтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг өөр өөрөөр тодорхойлжээ.

18. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг” сүлжээ гэж, 3.1.12-т “улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг” дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “... нийтийн үйлчилгээнд зориулсан сүлжээг цахилгаан холбооны үндсэн сүлжээ ...” гээд 17.4-т “Үндсэн сүлжээг төр, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж байгуулж, өмчилж болно” гэж заажээ.

Тэгэхээр энэхүү 9911... гэсэн тоон илэрхийлэл бүхий сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох зорилготой дугаар нь “М” ХХК-ийн өмчлөлийнх байх ба хариуцагчийг энэхүү дугаарыг ашиглан “М” ХХК-аас үзүүлж буй цахилгаан холбооны үйлчилгээг хүлээн авах эрх бүхий хэрэглэгч гэж үзнэ.

Хариуцагч нь энэхүү эрхээ нэхэмжлэгч “Д” ХХК-д шилжүүлснээр тэрээр дугаарыг ашиглах эрхийг хэрэгжүүлэх боломжтой болж, улмаар түүний хүсэл зоригоос шалтгаалж уг дугаарыг эзэмших, ашиглах хариуцагчийн эрхийг хязгаарлах, өөр этгээдэд шилжүүлэх боломжтой бөгөөд энэ утгаараа 9911... дугаарыг хөдлөх эд хөрөнгөтэй адилтган фидуцийн зүйл гэж үзэх нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг зөрчихгүй.  

19. Харин давж заалдах шатны шүүх 9911... дугаарын өмчлөгч нь  “М” ХХК тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдах боломжгүй, харин Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны зүйл болно гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь хэрэглэгч 9911... дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрхээ зах зээлд тодорхой үнэ цэнэтэйгээр бусдад шилжүүлж болдог тул энэ агуулгаар үүргийн гүйцэтгэлийг хангах аль ч аргад хэрэглэгдэх боломжтой буюу фидуцийн зүйл болон барьцааны ч зүйл байж болно.

Гагцхүү энэхүү маргааны тохиолдолд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд гэрээгээ барьцааны гэрээ гэж нэрлэсэн байх боловч Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт болон 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар үгийн шууд утгаас гадна талуудын хэрэгцээ шаардлага, үйлдэл болон гэрээний агуулгыг бусад нөхцөлтэй харьцуулах замаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ болон тэдний хүсэл зоригийг тайлбарлан авч үзвэл талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхдээ хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх буюу дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний агуулгад илүү нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

20. Түүнчлэн талуудын тохиролцож сонгон авсан үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь фидуци болон барьцаа аль нь байхаас шалтгаалж шаардлагаа хангасны үр дагавар өөр өөрөөр үүснэ.

Барьцааны эрхийн хувьд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог бол дээрх тохиолдолд талуудыг үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд фидуци байгуулагдсан гэж үзсэн тул үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар гэрээ дуусгавар болно.

Ийнхүү гэрээний үүргийг дуусгавар болсон эсэхийг дүгнэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой байж болно. 

Энэ талаар хэрэгт цугларсан баримтаас үзэхэд талууд гэрээндээ фидуцийн зүйлийн үнийг 80,000,000 төгрөг гэж тохиролцсон, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний нийт үүргийг зээлийн үлдэгдэл 77,289,269 төгрөг, үндсэн хүү 33,426,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,923,071 төгрөг, нийт 116,639,017 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс  фидуцийн зүйлийн үнэ 80,000,000 төгрөгийг хасч тооцож,  үлдэх 36,639,017 төгрөг гэснийг буюу хариуцагч энэхүү тооцооллыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаагүй боловч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хэрэгжиж, хариуцагчаас  9911 ... дугаарыг эзэмших, ашиглах эрхийг бодитоор шилжүүлж авсан үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзжээ.  

Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед хариуцагч Х.Г-ын эзэмшлийн 9911... дугаарыг нэхэмжлэгч “Д” ХХК өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч дугаарыг хариуцагч ашиглаж, хэрэглэж байсан, улмаар хариуцагч үүргээ зөрчиж эхэлснээр нэхэмжлэгчээс хариуцагчийн уг дугаарыг ашиглах эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан  хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авах тухай нөхцөл хангагдсан гэж үзнэ.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг нь фидуцээр хангагдаж, дуусгавар болж, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 36,639,017  төгрөгийг шаардах эрхгүй байна.  

21. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00319 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х.Г-аас 2024.04.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                         Н.БАЯРМАА

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН