Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар. Нэхэмжлэгч: Г ХХК Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг дарга Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн С сумын Засаг даргын Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С сумын засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийг авсан. Тухайн газар дээр үйл ажиллагаагаа байнга явуулж байгаа. Газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Газрын төлбөр төлж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэрээг Золзаяа захиралтай 2016-2017 онд байгуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 онд анх өөрийн нэр дээр гэрээ хийгээд тухайн үедээ 430 га газраас 330 га газарт нь улаан буудай тариалаад, нийт Төв аймаг даяараа ургац алдсан. Дараа жил нь Ганболд гэх найзтайгаа уулзаад 430 га талбайд 2016 онд уринш хийгээд, 2017 онд тариалалт хийсэн. Албан ёсоор цаасаар гэрээ хийгээгүй тул тэгээд өнгөрсөн. Хамгийн сүүлд Мөнхжаргал гэж иргэн тарихад бороо оройтож орсны улмаас 11 дүгээр сар хүртэл болж нь гүйцээгүй. Үрийн нөөцөд өгч чадаагүй. Газрын хувьд байнга эргэлтэд орж байсан. Төв аймгийн газрын албанаас шинжээч томилоод шинжээчтэй газар дээр нь очсон. Дүгнэлтийг нь гаргаад зургийг нь хэрэгт хавсаргасан байгаа. Талбайд үйл ажиллагаа явагдаж байгаа нь үнэн болно. Маргаан бүхий захирамж гарсан талаар Эрдэнэчимэгээс мэдсэн ба захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээж аваад 14 хоног дотроо нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай захирамжийг үндэслэлгүй гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч дараах байдлаар үндэслэлгүй гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан гэх үндэслэл байгаа. Төв аймгийн С сумын нутагт байрлах газарт үр тарианы зориулалтаар Г ХХК нь 430 га газрыг эзэмшиж байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэдэг үндэслэлээр Засаг даргын Б/13 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Золзаяад утсаар мэдэгдэж, захирамжийг шуудангаар илгээсэн байдаг. Захирамжийг гардан авсан гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт эрхийн гэрчилгээг эзэмшигч, барьцаалагч этгээд Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан гомдол гаргах эрхтэй гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шүүхэд шууд хандахаар заасан бол хуульд заасан хугацаанд, хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан. Г ХХК захирамж гарснаас буюу нэг жилийн дараа гомдол гаргаж байгаа тул энэ нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл байна гэж үзэж байна. Нэхэмжлэл Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай захирамж бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээг эзэмшигч нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэл байгаа. Энэ үндэслэл нь Г ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байдаг. 2013, 2014, 2015, 2016 онуудад газар эзэмших гэрээг байгуулаагүй гэж заасан. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрээг жил бүр газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнэх заалттай байгаа. Гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдсан байдаг. Энэ үүргээ Г ХХК биелүүлээгүй гэж үзэж, гэрээний үүрэг, Газрын тухай хуулийг зөрчсөн нэг үндэслэл болж байгаа. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан газар эзэмших гэрээний 2.3 дахь хэсэгт газрын төлбөрийг улирал бүрийн эхний 25-ны дотор газар эзэмшигчийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр тус компани нь 2018 онд газрын төлбөрийг төлөөгүй байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж хуулиар болон гэрээгээр хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Г ХХК-ийн зүгээс 2018 онд манай гэрээг цуцалсан гэж маргах болзошгүй. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээн дээр газрын төлбөрийг улирал бүрийн эхний 25-ны өдрийн дотор буюу 2018 он эхлээд 1 дүгээр сарын 25-ны дотор тухайн газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. 2017 онд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй гэснээр үндэслэж цуцалсан захирамж гаргана гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа. 2013 онд хамгийн сүүлд гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасан газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэлдээ газрыг зориулалтын дагуу ашиглаж, 2016, 2017, 2018 онуудад тариалалт хийж ургац алдсан гэсэн байгаа. Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 126 тоот албан бичгээр С сумын 2016, 2017, 2018 оны тайланд Г ХХК-ийн тариалалт хийсэн мэдээ байхгүй гэснийг тодорхойлсон нь хэрэгт авагдсан байгаа. Энэ газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, тариалалт хийгээгүй гэдэг нь нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх эрхийг гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг ашиглуулж болно гэж заасан. Гэтэл Г ХХК эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад түрээсэлж байсан нь нэхэмжлэлд дурдсан Мөнхжаргал гэдэг хүнд түрээслүүлсэн байсдаг. Мөн хэрэгт авагдсан Гэрэлт С хоршоонд 2016, 2017 онд түрээслүүлж байсан нь тогтоогддог. Г ХХК эзэмшиж байсан газраа бусдад ашиглуулахдаа сумын Засаг дарга болон Газрын албанаас зөвшөөрөл аваагүй. Удаа дараа хууль буюу гэрээгээ зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн түрээсэлж байсан аж ахуй нэгжүүдээс Засаг дарга албан бичиг ав гэсний дагуу Баянбаттай холбогдсон. Хэдэн оноос хойш газрыг нь ашиглаж байсан талаарх албан бичиг хийгээд өгөөч гэсний дагуу Жаргалант Харвис ХХК-ийн нэр дээр албан бичиг тоот хийж өгсөн. Доторх бичсэн зүйл нь бол тухайн компанийн асуудал. Түрээсэлж байсан гэсэн албан тоот хийж өгнө үү гэсний дагуу албан тоот гаргаж өгсөн. Захирал солигдсоныг бид нар мэдээгүй. Захирал солигдоод 14 хоногийн дотор нарт мэдэгдэх ёстой. Бид нарт мэдэгдээгүй. Золзаяад шуудангаар явууллаа гэж мэдэгдтэл би шүүх дээр ирж чадахгүй. Хүмүүстэй шилжүүлэг хийлгэж авна гэсэн. Захирамж гарахаас өмнө болон дараа нь мэдэгдсэн. Золзаяа өөрөө мэдэж байсан. Захирамж гараад хүчингүй болсны дараа нэр дээрээ компаниа шилжүүлж авсан. 03 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар явуулсан байгаа. Золзаяа захирал нь С.Баясгалан гэж хүний эхнэр байгаа. 2018 онд гарсан захирамж С.Цогтсайхан даргын гаргасан захирамж байгаа. С.Цогтсайханы эхнэр нь Эрдэнэчимэг гэж хүн байгаа. Тухайн үед байсан Засаг дарга эргүүлээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч байгаа асуудал. Эрдэнэчимэг, Золзаяа нар хоорондоо хамааралтай асуудал биш. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэл тогтоогдвол аймаг нийслэл сум дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаа гаргаж энэ тухайгаа эрхийн гэрчилгээг эзэмшигчид мэдэгдэж гэрчилгээг нь хурааж авна гэсэн заалттай байгаа гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг авч үзвэл: 1 Төв аймгийн С сумын Засаг даргын Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хувьд: Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй., мөн хуулийн 93 дугаар зүйл 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 тоот захирамжид холбогдох гомдлоо Төв аймгийн Засаг даргад хандаж, гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байх бөгөөд гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой байна. Мөн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл бүртгэх дэвтэрийн 10 дугаар бүртгэлд бүртгэгдсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 44 минутад Г ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авсан бүртгэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээж аваад 14 хоног дотроо нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 13-ны өдрийн Б/15 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийг хүчингүй болгуулах шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу Г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ тус шүүхэд гаргах эрхтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Г ХХК-иас Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах -ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйл 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Г ХХК-д буцаан олгосугай.
- Захирамжийн хувийг шүүхэд ирүүлсэн..... /....../-н хуудас материалын хамт нэхэмжэлэл гаргасан Г ХХК-д буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН |