Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0610

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч П.Б гомдлоор “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

“Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн өмгөөлөгч П.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтыг үнэлэхдээ хэргийн бодит нөхцөл байдалд үндэслээгүй дүгнэлт хийсэн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. “Хариуцагч 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, үүнээс хойш гэрээ байгуулаагүй, гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “...гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасныг зөрчсөн хэмээн тайлбарласан ч тус компанийг гэрээгээ дүгнүүлэхийг шаардсан нөхцөл байдлаа нотолж тогтоогоогүй, эдгээр нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуулиар олгогдсон үүргийн дагуу “Г” ХХК-ийн эзэмшиж байсан газрын хувийн хэргийг нотлох баримтаар авсан бөгөөд хариуцагч нь 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай газар эзэмших гэрээг байгуулснаас хойш гэрээ сунгуулах хүсэлт гаргаагүй нь нотлогдоно. Мөн шүүхээс Газрын харилцаа, хот байгуулалтын газраас авсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07/231 дүгээр албан бичигт “...“Г” ХХК нь 2013, 2014, 2015 онуудад газрын төлбөр төлөөгүй” гэжээ.

Энэ нотлох баримтуудаар “Г” ХХК-ийн газар эзэмших гэрээ 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон ба газар эзэмшигч нь гэрээ сунгуулах тухай хүсэлт гаргаагүй, мөн оноос газрын төлбөрийг төлөөгүй болох нь нотлогдож, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзнэ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “...төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “...газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”-ийг газар эзэмшигчид үүрэг болгосон. Хуулиар үүрэг болгосон хэм хэмжээ нь бусдын шаардлага, шахалтаар хэрэгжихгүй, зөвхөн үүрэг хүлээсэн этгээд заавал биелүүлэх ёстой.

Гэтэл шүүх дүгнэхдээ “хариуцагчаас шаардлага тавиагүй, шаардлага тавьснаа нотлоогүй” гэж хуулийг буруу тайлбарлан, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслээгүй дүгнэлтийг хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. “Хариуцагч нэхэмжлэгчийг 2018 оны газрын төлбөрийг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд маргаан бүхий актад газрын төлбөр төлөөгүй гэх онуудыг заагаагүй” гэжээ.

Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг үндэслэл болгосон. “Г” ХХК нь дээр дурдсан гэрээ сунгуулаагүй, газрын төлбөрийг 2013, 2014, 2015 онуудад төлөөгүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргээр Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь хэргийн нотлох баримт болох газар эзэмшигчийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь нотлогдоод байхад “төлөөгүй оныг нь заагаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм.

3. Хариуцагч шүүхэд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, тариалалт хийгээгүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-т “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг нь бусдад ашиглуулж болно” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарласан ч “шийдвэр гаргах ажиллагааны явцад эдгээрт холбогдох нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй байна” гэжээ.

“Г” ХХК-д газар эзэмшүүлэх тухай гэрээний 5 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулсан бол ноцтой зөрчилд тооцож газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор талууд тохиролцсон байна. Гэтэл удаа дараа бусдад түрээслэх байдлаар ашиглуулж байсан нь нотлогдсон. Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 127 дугаар албан бичигт “...Сүмбэр сумын 2016, 2017, 2018 оны тайланд “Г” ХХК тариалалт, уринш хийсэн мэдээ байхгүй” гэсэн тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан ба үүгээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, тариалалт хийгээгүй нь нотлогдож байна. Гэтэл шүүх Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 240 дугаар дүгнэлтэд “...“Г” ХХК-ийн 412 га талбайд урьд оны үр тарианы үлдэгдэл болох сүрэл байна гэж” дүгнэсэн учир зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг бодитой үнэлээгүй ба “Г” ХХК-иас газрыг нь түрээсэлж тариа тарьсан иргэн, аж ахуй нэгжийн тайлбар нотлох баримтаар авагдсан, эдгээр иргэд, аж ахуй нэгж, сумын үр тариа, ургацын мэдээнд хураан авсан ургацын хэмжээ, уринш хийсэн талбайн мэдээгээ оруулсан нь нотлох баримтаар авагдсан байна. Гэтэл хариуцагчаас гаргаж өгсөн сумын ургац, уриншийн мэдээ “Г” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг түрээсэлсэн иргэн, аж ахуй нэгжийн тайлбар, тодорхойлолтыг захиргааны акт гаргасны дараа хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлэхгүй гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгнө”, 32.4-т “Шүүх хуралдаан зарлахаас өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт юм. Шүүхийн дээрх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан тул маргаан бүхий акт гарснаас хойш гаргасан нотлох баримт үнэлэхгүй гэсэн нь хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхэд хариуцагчаас гаргасан нотлох баримт нь маргаан бүхий акт гарснаас хойш үүссэн нөхцөл байдлыг нотлоогүй, харин өмнөх үйл баримтыг буюу маргаан бүхий акт гаргах үндэслэл нөхцөл байдлыг нотолсон баримт юм.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан “хуульд заасан журмыг зөрчиж олж авсан” нотлох баримт биш.

Дээр дурдсан үндэслэл, нотлох баримтаар “Г” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” нь нотлогдсон бөгөөд шүүх хэргийн бодит нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ анх тариалангийн зориулалтаар нийт 430 га газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр захирамжид заасны дагуу газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, мөн газрын төлбөр төлөөгүй, 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан, харин энэхүү захирамжийг үндэслэлтэй гэж үзсэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07/92 дугаар албан бичигт “…газрын дуудлага худалдааны анхны үнэ 2.236.000 төгрөг төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрээг 2013 оноос хойш сунгуулаагүй, газрын төлбөрийг 2008-2015, 2018 онд тус тус төлөөгүйгээс…” газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж дүгнэжээ.

Иймд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах баримтыг цуглуулах шаардлагатай байна.

1. Гэрээний 2.3-т “газрын төлбөрийг улирал бүрийн 25-ны дотор төлнө” гэж заасан тул 2018 оны төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ч, шүүхээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж тус компанийн 2016-2018 оны газрын төлбөр төлөлтийн талаарх лавлагааг хүссэн атлаа “..тус газрын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07/231 дүгээр лавлагаагаар 2013-2015 онд төлбөр төлөөгүй нь тогтоогдлоо…” гэх хийсвэр дүгнэлт хийсэн байх тул 2008-2015 оны газрын төлбөр төлсөн эсэхийг тодруулах; /нэхэмжлэгчээс өмнөх онуудын газрын төлбөр төлсөн нь баримтаар нотлогдоно гэдэг/

2. Цаг хугацааны хувьд маргаан бүхий захирамж гарснаас хойш буюу мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр Засаг дарга нэхэмжлэгч нарын хооронд Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулагджээ.

Уг гэрээний агуулгаас үзэхэд Сүмбэр сумын Л аманд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч хуулийн этгээдтэй ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах… зорилгоор байгуулсан байх бөгөөд нэгэнт газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа дээрх нөхцөлөөр гэрээ байгуулах болсон үндэслэл, шалтгааныг тодруулах; /газрын төлбөр төлсөн байхад төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь буруу гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг сэргээнэ гээд энэхүү гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг/

3. Газраа зориулалтын дагуу ашигласан эсэхтэй холбоотой хэрэгт, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 127 дугаар албан бичиг буюу “2016-2018 оны жилийн эцсийн агро тайланд “Г” ХХК-ийн тариалалт, уринш хийсэн талаарх мэдээ байхгүй” гэх, сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06/43 дугаар албан бичиг буюу “2016-2018 онуудад тариалалт хийж байгаагүй” гэх, шүүхээс томилсон шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр дүгнэлт буюу “…140 га, 189 га, 83 га-д тус тус тариалалт хийсэн, 27 га-д тариалалт хийгдээгүй…” гэх өөр хоорондоо зөрүүтэй баримтыг тодруулах;

4. Мөн хэрэгт авагдсан Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 06/39 дүгээр албан бичигт нэхэмжлэгчийг “…гэрээнд заасан үүргийн дагуу газраа бусдад түрээслэхдээ /2011-2018/ онд газрын даамалтай гэрээ хийж, бүртгэл хийлгэж байгаагүй” гэж тодорхойлсон, иймд “Ж” ХХК, “Д” хоршоо болон бусад иргэнд газраа тус тус ашиглуулан уринш, тариалалт хийлгэхдээ зохих зөвшөөрөл авсан эсэхийг тодруулах, өөрөөр хэлбэл энэ нь захирамжийн нэг үндэслэл бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан байдаг.

5. 2018 оны уриншийн тайланд “Г” ХХК-ийн газар иргэн М.М нэрээр тусгагдсан шалтгааныг тодруулах, түүнчлэн 2013 онд байгуулсан газар эзэмших гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан, иймд яагаад зөвхөн 2017 онд гэрээ сунгуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах болсон үндэслэлийг тодруулах.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ дээрх ажиллагааг хийлгүйгээр өөрөөр хэлбэл “…хариуцагчаас 2018 оны төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгадаг…”, “…газар эзэмших гэрээний биелэлтийг Засаг дарга, газрын даамал дүгнэх үүрэгтэй…”, “…Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн чухам аль заалтыг зөрчсөн талаар захирамжид бичээгүй…” гэх байдлаар маргааны үйл баримтад дутуу дүгнэлт хийснээс гадна хариуцагчийн гаргаж өгсөн, хэрэгт авагдсан зарим баримтыг хасаагүй атлаа үнэлэлгүй орхигдуулсан, мөн хариуцагчийн татгалзлын нэг үндэслэл болох “…газраа ашиглуулахдаа зохих зөвшөөрөл аваагүй удаа дараа зөрчил гаргасан…” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж болохгүй” гэж үзэн үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН