Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 182/2023/05313/И |
Дугаар | 001/хт2024/00104 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 001/хт2024/00104
С.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/00336 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/00547 дугаар магадлалтай,
С.Б-ын нэхэмжлэлтэй
Ш газарт холбогдох
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008.03.20-ны өдрийн 308 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, өмгөөлөгч Н.И, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.И, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь Ш газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008.03.20-ны өдрийн 308 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/00336 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс өөрт оногдох төлбөр 2,907,747,387 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тогтоож, түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч Ш газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/00547 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.18-ны өдрийн 182/ШШ2024/00336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ш газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008.03.20-ны өдрийн 308 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн 547 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан журмын дагуу мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 заасныг үндэслэн дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлтэй талаар:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Ц Түмэнгэрэлийг ЭХТА-ийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.11, 91.2.17, 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, У.Э, С.Б, Д.Д нарыг ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулж, хохиролд 11,630,989,549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн (нэг шүүгдэгчээс 2,907,747,387 төгрөг) гаргуулж 1,875 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.03.20-ны өдрийн 308 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны мөнгөн болон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг хохирогч нарын төлбөрт олгохоор шийдвэрлэж, хариуцагчаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т-д цаазаар авах ял оноосон бөгөөд, 2008.03.20-ны өдөр нас барсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.8-д “төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон. эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй” гэж заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ц.Т 2008.03.20-ны өдөр нас барснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 123 дугаар шийтгэх тогтоолоор түүнээс хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн 2,907,747,387 төгрөгийн төлбөр хэсэгчлэн дуусгавар болсон. Шүүгдэгч У.Э, Д.Д нарын зүгээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан “У.Э, Д.Д нарт холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.03.20-ны өдрийн 308 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны өөрт ногдох төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тогтоолгох, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.11-ний өдрийн 898 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. ... Дээрх 898 дугаартай шийдвэрийг хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн 1430 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 1430 дугаартай магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчөөгүй” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-т заасныг үндэслэн хянавал хэсэгт дараах дүгнэлтийг хийсэн. “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Э, Д.Д нар нь 2007.04.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан төлбөр барагдуулсан болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.” гэжээ. Дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаагүй байх бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болж, У.Э, Д.Д нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021.12.14-ний өдрийн 01/01 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн шүүгдэгчдийн нэг болох С.Б би ...нэхэмжлэлийг 2023.11.30-ны өдөр хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд бичгээр “...Худалдан борлуулж хохиролд тооцсон хөрөнгийг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч С.Б-ын хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрт ногдох төлбөрийг мөнгөн болон өөрийн хөрөнгөөр барагдуулаагүй. Шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 281,221,142.5 төгрөг төлөгдөөгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ц.Т нь нас барсан буюу С.Б нь өөрт ногдох төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэл болгох хуулийн үндэслэлгүй юм” гэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад нийцээгүй тайлбар гаргаж маргасан.
Уг маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 336 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд дээр дурдсан үйл баримт, хууль хэрэглээний хувьд дээр дурдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 898 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1430 дугаартай магадлал дурдсан агуулгатай ижил үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна, “Шийтгэх тогтоолоор тогтоосон төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 281,221,142 төгрөгийн төлбөрийг барагдуулах ажиллагааг зөвхөн С.Б-ад холбогдуулж явуулж буй хариуцагчийн ажиллагаа үндэслэлгүй байна.” гэж дүгнэжээ. Хариуцагчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024.02.14-ний өдөр давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.03.20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 547 дугаартай магадлалаар давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн 547 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй нэхэмжлэгч С.Б- миний хууль ёсны эрхийг зөрчсөн дүгнэлт хийсэн. Тухайлбал 547 дугаартай магадлалын хянавал хэсгийн 6-д “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэх журамтай. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол биелэгдэж дуусаагүй, төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байх тул уг төлбөрийг хариуцвал зохих этгээд болох С.Б-ыг мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэлгүй. Төлбөрийг шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч нарын хувийн эд хөрөнгөөр барагдуулах ажиллагаа хийгдээгүй нь нэхэмжлэгчийн зүгээс шийтгэх тогтоолд заасан төлбөрийн өөрт ногдох хэсгийг бүрэн биелүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөр хураагдсан эд хөрөнгүүдээр хохирол барагдуулах ажиллагааг гүйцэтгэснийг шүүгдэгч нарын хувийн эд хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулж төлбөрийг барагдуулсан гэж үзэхгүй.”, 7-д “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй” гэх үндэслэлгүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай дүгнэлтийг хийсэн. Давж заалдах шатны шүүхийн дээрх үндэслэлгүй дүгнэлтийн агуулгаас үзвэл “Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолд заасан төлбөрт хураагдсан эд хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, нийт 11,515,304,088 төгрөгийн төлбөр төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрч үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх авч, уг төлбөрийг шүүгдэгч Ц.Т, У.Э, Д.Д, С.Б нарын хувийн эд хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулж төлбөрийг барагдуулсан гэж үзэхгүй” гэх ойлгомжгүй, зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заажээ. Дээр дурдсанчлан 2007.04.27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан төлбөр болох 11,630,989,549 төгрөгөөс 11,515,304,088 төгрөгийн төлбөрийг хураагдсан эд хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бүрэн төлөгдсөн, ингэхдээ шүүгдэгч Ц.Т, У.Э, Д.Д, С.Б нарын хувийн эд хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй, шүүгдэгч Ц.Т нас барснаар түүнд ногдох 2,907,747,387 төлбөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасны дагуу дуусгавар болсон, уг үйл явдлаас хойш нийт 11,515,304,088 төгрөг төлөгдсөнөөр шүүгдэгч У.Э, Д.Д нарын тус бүрд ногдох 2,907,747,387 төгрөг буюу нийт 5,815,494,774 төгрөгийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болохыг тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.11-ний өдрийн 898 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн 1430 дугаартай магадлалаар нэгэнт тогтоогдож, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж, хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж, “...төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдээр хохирол барагдуулах ажиллагааг гүйцэтгэснийг шүүгдэгч нарын хувийн хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулж төлбөрийг барагдуулсан гэж дүгнэхгүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, цаашлаад анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримт үнэлж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх байдлаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаартай нэг шийтгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар ижил агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн 1430 дугаартай магадлалаар хангаж шийдвэрлэн, хүчин төгөлдөр болсон атал, мөн шүүхийн 2024.03.20-ны өдрийн 547 дугаартай магадлалаар эсрэг дүгнэлт хийж С.Б миний нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” буюу Улсын дээд шүүхийн хяналтын журмаар гомдол хянах үндэслэлд хамаарч байх тул гомдлыг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлд хамаарч байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална.” гэж тус тус заасан байна. Гэтэл хариуцагч Шгазар /Хуучнаар банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба/-аас явуулж байгаа дээр дурдсан хууль зөрчсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад нийцээгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг давж заалдах шатны шүүхээс харилцан адилгүй дүгнэлт хийн шийдвэрлэж, ялгамжтай хандаж байгаа нь С.Б- миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Миний хувьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 6 сарын хорих ял авч, хуульд заасан журмын дагуу зохих ёсоор биелүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд заасан хохирлын төлбөрийн надад ногдох хэсэг дуусгавар болсон болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, надад хамааралгүй, хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас зорчих эрхээ хязгаарлуулж, хорих ялаа эдэлж дууссанаас өнөөдрийг хүртэл 10 илүү жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний эрхээ эдэлж чадахгүй хохирсон төдийгүй, цаашид хэр удаан хохирсоор байх нь тодорхойгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр миний гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 547 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.18-ны өдрийн 336 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.09-ний өдрийн 001/ШХТ2024/00562 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч С.Б нь Шгазарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008.03.20-ны өдрийн 308 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор Ц.Т, У.Э, С.Б, Д.Д нараас ... хохиролд 11,630,989,549 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж 1875 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба энэ нь нэг шүүгдэгчээс төлбөл зохих төлбөр нь 2,907,747,387 төгрөг болсон. Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээс 2008.03.20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 11,515,304,088 төгрөгийг бодитоор төлж барагдуулсан болохыг, мөн У.Э, Д.Д нарын өөрт ноогдох хэсгийг бүрэн гүйцэт биелүүлсэн болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.11-ний өдрийн 181/ШШ2021/00898 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн 1430 дугаар магадлалаар тус тус тогтоосон. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор Ц.Т-д цаазаар авах ял оноосон бөгөөд уг ялыг гүйцэтгэж шүүхийн шийдвэр бүрэн гүйцэт биелэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь хэсэгт “төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй” гэж заасны дагуу талийгаачид оногдох хэсгийг С.Б-аас гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Өөрт ноогдох төлбөл зохих төлбөр нь 2,907,747,387 төгрөгийг бүрэн гүйцэт биелүүлсэн...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Ш газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...энэ хэрэгт битүүмжлэгдсэн нэр бүхий эд хөрөнгийг хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн тооцож олгохыг шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгч С.Б-ын болон бусад төлбөр төлөгчийн хуваарьт болон эзэмшлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болно. Худалдан борлуулж хохиролд тооцсон хөрөнгийг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч С.Б-ын хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрт ноогдох төлбөрийг мөнгөн болон өөрийн хөрөнгөөр барагдуулаагүй, шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 281,221,142.5 төгрөг төлөгдөөгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ц.Т нь нас барсан буюу С.Б нь өөрт ногдох төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр дуусгавар болгох хуулийн үндэслэлгүй юм.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...Шийтгэх тогтоолоор тогтоосон төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 281,221,142 төгрөгийн төлбөрийг барагдуулах ажиллагааг зөвхөн С.Б-ад холбогдуулж явуулж буй хариуцагчийн ажиллагаа үндэслэлгүй, төлбөр төлөгчийн хуваарьт хөрөнгөд халдах шаардлагагүй. Хариуцагч шийтгэх тогтоолын дагуу 11,349,768,407 төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, одоо 281,221,142 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй үлдсэнийг тайлбарладаг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.11-ний өдрийн 898 дугаар шийдвэрт дээрх шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 11,515,304,088 төгрөгийн төлбөр барагдсан тухай тэмдэглэгдсэн байна. Одоо худалдан борлогдоогүй үлдсэн нэг объект-Төв аймгийн Борнуур сум дахь Манай гэр замын буудал-эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хар замын хамт, Ү-0000 дугаарт бүртгэлтэй газар нь 402,484,450 төгрөгөөр үнэлэгдсэн нь гүйцэтгэх хуудаст тэмдэглэгдсэн байдлаар тогтоогдож байх бөгөөд төлөгдөөгүй төлбөрийг дээрх хөрөнгийг худалдан борлуулж барагдуулах боломжтой гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч С.Б-ыг 2007.04.27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан төлбөр болох 2,907,747,387 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.11-ний өдрийн 898 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн 1430 дугаартай магадлалаар У.Э, Д.Д нар шийтгэх тогтоолд заасан төлбөрийг бүрэн барагдуулсныг тогтоож, тэдгээрт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаагүйг талуудын зарчимд үндэслэн явагдсан иргэний хэргийн талууд хүлээн зөвшөөрч дуусгавар болгосон гэж үзэхээр байна. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэх журамтай. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол биелэгдэж дуусаагүй, төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байх тул уг төлбөрийг хариуцвал зохих этгээд болох С.Б-ыг мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэлгүй. Төлбөрийг шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч нарын хувийн эд хөрөнгөөр барагдуулах ажиллагаа хийгдээгүй нь нэхэмжлэгчийн зүгээс шийтгэх тогтоолд заасан төлбөрийн өөрт ногдох хэсгийг бүрэн биелүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдээр хохирол барагдуулах ажиллагааг гүйцэтгэснийг шүүгдэгч нарын хувийн эд хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулж төлбөрийг барагдуулсан гэж дүгнэхгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн нь энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хүлээн авч, хянан хэлэлцэх үндэслэл болов.
12. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч С.Б-ыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор нэр бүхий хохирогч нарт нийт 11,606,804,538 төгрөгийг Ц.Т, Д.Д, У.Э нарын хамт хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэснээр Ш газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, шийтгэх тогтоол болон шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан хөрөнгүүд болон банкны дансан дахь мөнгөн хөрөнгөөр төлбөрийг төлүүлж, одоо 281,221,142.5 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн, нэхэмжлэгчээс бусад төлбөр төлөгч болох Ц.Т-ийн цаазаар авах ял гүйцэтгэгдсэн, Д.Д, У.Э нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өмнө шүүхийн шийдвэрээр дуусгавар болгосон тухай үйл баримт тогтоогдсон байна.
13. Зохигчийн маргааны зүйл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх асуудал болсон ба анхан шатны шүүх бусад төлбөр төлөгчид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэрээр дуусгавар болгосон, төлбөрт хураагдсан зарим эд хөрөнгөөр үлдэгдэл төлбөрийг барагдуулах боломжтой гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны энэхүү нөхцөл байдал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй гэж, хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийжээ.
14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.2.2-т зааснаар эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах бөгөөд энэ ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан байна.
15. Нэхэмжлэгч С.Б нь төлбөр төлөгч Д.Д, У.Э нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт болон төлбөр төлөгч Ц.Т нас барсан тухай үйл баримтад үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.8-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн”, “төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, ...тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй” гэж зааснаар өөрт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон гэжээ.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.04.27-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн 2008.03.20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, үүнийг үндэслэн хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан нийт 57 ширхэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, 2 банкны дансан дахь мөнгөн хөрөнгөөс төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж, одоо 281,221,142.5 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн тул дээрх хуульд зааснаар төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй, дээрх шүүхийн шийтгэх тогтоолд төлбөрийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр заасан хэдий ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг төлүүлэхдээ төлбөр төлөгч нарын хувьд ногдох хөрөнгөнөөс бус эрүүгийн хэргийн явцад битүүмжлэгдэж хураагдсан эд хөрөнгөөр төлбөрийг төлүүлж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч С.Б-ын хувьд өөрт ногдох төлбөрийг төлж дуусгасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Түүнчлэн бусад төлбөр төлөгч болох Д.Д, У.Э нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэрээр дуусгавар болгосон нь энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл болохгүйгээс гадна тухайн шийдвэрээр нэхэмжлэгч С.Б-ын хувьд түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсныг тогтоосон, дахин нотлох шаардлагагүй гэж үзэх боломжгүй юм.
16. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцох тохиолдлыг талуудын аль нэг нь байхгүй, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болохоор заажээ.
Эндээс үзвэл төлбөр авагч, төлбөр төлөгчийн аль нэг нь сураггүй алга болсон, нас барсан тохиолдолд нөгөө талын хүсэлтээр болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр эрх залгамжлан авах этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдийг сольж болохоор байна.
Хэргийн баримтаар нэг төлбөр төлөгч Ц.Т нь цаазаар авах ял шийтгүүлж, энэ нь гүйцэтгэгдсэн хэдий ч түүний хувьд энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцох этгээд дээрх хуульд заасны дагуу тогтоогдоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасан “төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, ...тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй” тухай нөхцөл байдал үүсээгүй гэж үзнэ.
17. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь дээрх хуулиудад нийцсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
18. Харин нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоогүйтэй холбоотой гомдолд дурдсанаар зорчих эрхийг хязгаарласан байгаа бол түүнтэй холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/00547 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Б-ын 2024.04.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА