| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0089/э |
| Дугаар | 00110 |
| Огноо | 2017-04-20 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 201714000129 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Идэрмөнх, хохирогч Р.С-, иргэний хариуцагч Ж.Т-, шүүгдэгч Т.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, төмөр замын барилгачин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Т-ын А-. / ФА *******/
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Т.А- нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр “Эвт” худалдааны төвийн урдах төв зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-00 ОРО улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж эсрэг урсгалд орж В.Ц-гийн жолоодож явсан 00-00 ОРХ улсын дугаартай Тоёото Гайа маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөсний улмаас Б.Ц-, Р.С- нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд : 1.
Шүүгдэгч Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Их залуу багийн халуун усны байрны хажуу талд байдаг найз Баянмөнхийн гэрт түүнтэй хоёулаа 0.75 литрийн Ерөөл архи уугаад хоносон. Маргааш нь би архи уусан ба Дэнж багийн Пинк дэлгүүрийн орчимд байдаг С-ыг гэрээс нь авсан. Ингээд хотын төв орохоор Дэнж багаас аюулгүйн тойрог руу уруудаж яваад баруун гар тийш хэтэрхий их шахаж явснаас болж явдал дундаа замын хажуугийн хашлага давсан. Тэгэхээр нь буцаагаад зам руугаа орох гээд сандарсандаа хэтрүүлэн дараад эсрэг урсгалд орж өөдөөс ирж байсан цагаан өнгийн машиныг урдаас нь мөргөсөн. Би хохирогч болох Р.С-т 280 000 төгрөг, Б.Ц-д 6 000 000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү гэв.
Хохирогч Р.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэв.
Хохирогч Б.Ц- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Дэнж баг руу машинтайгаа өсгөөд явж байхад гэнэт өөдөөс хар өнгийн Марк-2 машин замын урсгал сөрж орж ирээд машиныг мөргөсөн. Тэр машин хурдан явж байсан учраас ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. БОЭТ-ийн хүлээн авахад түргэний машинаар хүргэгдэж хөлөндөө оёдол тавиулсан. Мөн хөлийнхөө зургийг авахуулаад мэс заслын эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлаа гаргуулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлтэй байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо гаргуулж авна гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 талд/
Гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Д-тай уулзаад Э-г аваад Дэнж баг руу найз С-ынд очихоор явсан. С-ыг аваад город орж машинаа тавьчихаад гадуур явах гэж байсан юм билээ. Би түүний машины урд талын суудал дээр сууж явсан. А- уруудаж явахдаа суудлынхаа бүсийг зүүх гэж байгаад машиныхаа рулыг баруун гар тийш нь дарчихсан юм. Буцаад зам руугаа орох гэж байгаад хэтрүүлж дараад өөдөөс ирж байсан цагаан өнгийн машиныг мөргөөд зогссон гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 талд/
Гэрч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Гэнэт миний сууж явсан талаар буюу А-ын баруун гар талын дугуй замын хажуугийн хашлага дээгүүр гарсан. Би А-ын ард сууж явсан учир юу ч анзаараагүй, нэг хүчтэй донслоход цочоод харахад урдаас ирж явсан цагаан өнгийн машинтай мөргөлдсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 91талд/
Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...С-тай уулзаад түүнийг аваад буцаад город орох гэж явахад манай машин гэнэт хажуу тийш болж замын эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан цагаан өнгийн машиныг мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 93 талд/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-7 талд /
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн 1. Б.Ц-гийн биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоос сэмэрсэн, баруун зүүн өвдөг, 2 гуяны дээд талд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, зүүн өвдөгт язарсан зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь 2017 оны 02 дугаар сарын 10-нд үүссэн байж болно. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 5. зүүн өвдөгний үений урд чагтан холбоос сэмэрсэн нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24 талд/
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184 дугаартай шинжээчийн 1. Р.С-ын биед дээд эрүүний хугарал, нэг шүд унасан, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, нүүр, цээжний зөөлөн эдийн гэмтэл зэрэг үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь 2017 оны 02 дугаар сарын 10-нд үүссэн байж болно. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 5. Дээд эрүүний ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 5% байна гэсэн дүгнэлт /хх-ийн 46 талд/
1. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн: Тоёото марк-2 маркийн 00-00 ОРО улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Т.А- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм 2.7-д жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.
-2.7а Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
- 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Тоёото маркийн 9238 ОРО улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Б.Ц- нь Монгол Улсын замын хөдөлгөөний хууль, дүрмийн заалт зөрчөөгүй байна.
3. Дээрх тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна.
4. Тоёото марк-2 маркийн 00-00 ОРО улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Т.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн 2.7а, 8.2 дахь заалтуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт /хх-ийн 53 талд/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1124 дугаартай: 2 129 000 төгрөг гэсэн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 70 талд/
Шүүгдэгч Т.А-ын согтуурлыг шалгахад 1.15 %-ийн согтолттой байсан тухай баримт /хх-ийн 8 талд/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч Т.А- нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр “Эвт” худалдааны төвийн урдах төв зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-00 ОРО улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. 2.7а. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 8.2 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж В.Ц-гийн жолоодож явсан 00-00 ОРХ улсын дугаартай Тоёото Гайа маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Б.Ц-, Р.С- нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.А-д Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч Б.Ц- нь шүүгдэгч Т.А-аас хохирлоо бүрэн авсан цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.А-ын 1094026 дугаартай “B”ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 01071697 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.А-д буцаан олгож, шүүгдэгч Т.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн Т-ын А-ыг /хх*********/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Т.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.А-ын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.А-ын ***** дугаартай “B” ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ******** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.А-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Т.А-д хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ