Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00121

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04727 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00584 дүгээр магадлалтай,

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

Р.Н-д холбогдох

С дүүргийн ** хороо *** хаягт байрлах газар эзэмших эрхийн 000**** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18**** дугаартай, 400 м.кв газарт барьсан байшинг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020.11.09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, С дүүргийн ** хороо *** гудамж, нэгж талбарын 18**** дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, С дүүргийн ГА-д Н.Д, Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д, Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Р.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, О.Б, хариуцагч Р.Н, түүний өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Н.Д нь Р.Н-д холбогдуулан С дүүргийн ** хороо ***  хаягт байрлах газар эзэмших эрхийн 000**** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18**** дугаартай, 400 м.кв газарт барьсан байшинг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Р.Н нь Н.Д-т холбогдуулан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020.11.09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, С дүүргийн ** хороо *** гудамж, нэгж талбарын 18**** дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, С дүүргийн ГА-д Н.Д, Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д, Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг зохигч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04727 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Н.Д-ийн эзэмшлийн С дүүргийн ** хороо ***** хаягт байрлах газар эзэмших эрхийн 000**** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18****, эрхийн улсын бүртгэлийн Э-22****** дугаартай, 400 м.кв газарт барьсан 4.24м х 5.27м хэмжээтэй байшинг албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Н-д даалгаж, С дүүргийн ** хороо *** гудамж, нэгж талбарын 18**** дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, С дүүргийн ГА-д Н.Д, Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д, Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,302 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Н-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-т олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00584 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д-ийн эзэмшлийн С дүүргийн ** хороо ***** хаягт байрлах газар эзэмших эрхийн 000**** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18****, эрхийн улсын бүртгэлийн Э-22****** дугаартай, 400 м.кв газарт барьсан 4.24 м х 5.27м хэмжээтэй байшинг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Н-д даалгасугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С дүүргийн ** хороо *** гудамж, нэгж талбарын 18**** дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, С дүүргийн ГАнд Н.Д, Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д, Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Р.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Р.Н эх н.О-тэй Н.Д-ийг 10 настайаас нь хамт амьдарч, 2005.05.11-ний өдөр Р.Н эх н.О-тэй нь гэрлэлтээ бүртгүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар уг газрыг 2009 онд Н.Д-ийн нэр дээр Р.Н миний бие хөөцөлдөж авч байсан нь Х банкны төлбөрийн баримтаар мөн түүний ах н.Б, н.Н нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед тохиролцсон тохиролцоо нь хариуцагч Р.Н-ийн өмчлөлийн Н.Д-ийн залгаа газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 2 давхар амины орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ бүхий газрыг охин Н.Н-т үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлж охин, хүү, эхнэр уг байшинд зусланд гарахаар, харин би Н.Дийн эзэмшлийн хоосон, ах н.Б-ийн суурь цутгасан хоосон, одоо ч Н.Д юу ч бариагүй газар жижиг байшин барихыг зөвшөөрч, гэрчилгээг нь Н.Д-ийн нэр дээр үлдээхээр тохирсон байсан.

...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2009 онд миний бие газрын албанд хандаж өргөдөл өгөх үед Н.Д 19 настай, бид хамт амьдарч байсан ба газрын зориулалт нь гэр бүлийн хэрэгцээнд гэж захирамжид ч, газрын гэрчилгээнд ч заасан ба төрөөс бидэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн бөгөөд уг газрын өмчлөгч нь төр бөгөөд газраа төр буцаан шаардах эрхтэй гэж хөгшин миний хувьд үзэж байгаа, төрөөс хамтран гэр бүлийн хэрэгцээнд олгосон газраас гэр бүлийн нэг гишүүн миний нэр дээр байгаа учир байшингаа нураа гэж шаардаж байгааг ойлгохгүй байна. ...газрын гэрчилгээ эцгийн болон хүүхдийн хэн нэгний нэр дээр байхад намайг гэр бүлийн хэрэгцээний газартаа барьсан дүүргийн Засаг даргын захирамжтай, газар эзэмших гэрчилгээтэй байхад зөвшөөрөлгүй барьсан гэж байгааг ойлгохгүй байна. Тэгвэл тухайн үед байшингаа 2020 онд барьж эхлэхэд яагаад гомдол гаргахгүй 2-3 жилийн дараа гомдол гаргаж байгаа юм, гомдол гаргах хугацаа өнгөрсөн, барьж байх үед гомдол гаргаагүй бол зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2008.03.31-ний өдрийн 15-р тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “...мэдэгдэнэ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-мэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон мэдэгдэл нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь бөгөөд С дүүргийн газар зохион байгуулалтын албан бичиг, МХ газрын албан бичгийг Р.Н миний бие шүүхэд ирээд танилцсан ба Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх талаар надад шаардлага ирээгүй болно. Мөн дээрх баримтууд газрын албанаас ирүүлсэн Н.Д-ийн газрын хувийн хэрэгт байхгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Р.Н-ийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.22-ны өдрийн 001/ШХТ2024/00610 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч Н.Д өөрийнх нь хууль ёсны эзэмших эрх бүхий С дүүргийн ** хороо *** хаягт байрлах, нэгж талбарын 18**** дугаартай,  400 м.кв газар дээр барьсан байшинг албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хариуцагч Р.Н-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “2020.11.09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй учир гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий дээрх 400 м.кв газар дээр барьсан барилгын оногдох 19 м.кв талбай бүхий газарт дахин эзэмшил тогтоож, Н.Д, Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, тус тус газар эзэмших гэрээ хийхийг С дүүргийн ГА-д даалгах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч Н.Д маргаж буй 400 м.кв газрыг эзэмших эрхтэй нь дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээр тогтоогдсон, уг газар нь гэр бүлийн дундын хөрөнгө болох нь тогтоогдоогүй, хариуцагч Р.Н нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй байшин барьсан, нэхэмжлэгч нь газраа эзэмших, ашиглахад нь саад болж, эзэмшлийнх нь газар дээр барьсан байшинг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, ...нэхэмжлэгч нь уг газрын хууль ёсны эзэмшигч тул тухайн газрыг дахин эзэмшил тогтоож, Н.Д, Р.Н нарт хуваарилахыг ГЗБ албанд даалгах агуулга бүхий сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой хэм хэмжээ гэж үзэж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж дүгнэн найруулгын өөрчлөлт оруулжээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан.

10.Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэгч Н.Д-ийн эх Г.О нь Р.Н-той 2005 онд гэрлэлтээ бүртгүүлж, Н.Д болон Р.Н нарын хооронд эцэг, хүүхдийн харилцаа үүссэн боловч 15 жилийн дараа Г.О, Р.Н нар гэрлэлтээ цуцлуулсан нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.15-ны өдрийн 184/ШШ2020/02779 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.05-ны өдрийн 00333 дугаар магадлалаар тогтоогджээ.

С дүүргийн ЗД-ын 2010.07.15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 253 дугаар захирамжаар тус дүүргийн ** дүгээр хороо, *** хаягт, нэгж талбарын 18***** дугаартай, 400 м.кв талбайтай газрыг Н.Д-т зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн (1хх-ийн 36-37 тал), уг захирамжийг үндэслэн Н.Д-т С дүүргийн ГА-аас 2010.09.01-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 03***** дугаартай гэрчилгээ олгосон (1хх-ийн 201 тал), С дүүргийн ГЗБ албанаас 2020.11.09-ний өдөр уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх 000**** дугаар гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн Э-22****** дугаарт бүртгэсэн (1хх-ийн 6, 245 тал) ба тухайн газрын нэгж талбарын 18******* дугаар нь 1******* дугаартай газар болж өөрчлөгдсөн нь ГЗБГ газрын 2023.11.23-ны өдрийн 1/2554 дугаар албан бичиг, түүний хавсралт баримтаар тогтоогдсон. (2хх-ийн 83-85 тал)

Хариуцагч Р.Н нь нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газрын зарим хэсэг дээр 22,3 м.кв талбай бүхий байшин барьсан, уг байшингийн 19 м.кв хэсэг нь Н.Д-ийн эзэмшил газар дээр баригдсан үйл баримт тогтоогдсон байх ба уг газрыг чөлөөлөх эсэх асуудал маргааны зүйл болсон, хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

11.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг, нэхэмжлэгч нь хуульд заасан энэ журмаар эзэмших эрхээ олж авсан байх тул түүний эрх хамгаалагдах учиртай.

Хариуцагч Р.Н нь байшин барьсан газраа эзэмших эрхгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байх тул талуудын хооронд хөршийн эрхийн харилцаа үүсэхгүйгээс гадна байшингийн зарим хэсэг нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр баригдсаны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна. Хариуцагч нь “...Н.Д-ийн зөвшөөрлөөр түүний эзэмшил газар дээр 2020 онд байшин барьсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байв.

Түүнчлэн талуудын хооронд эцэг, хүүхдийн харилцаа байсан боловч гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч Н.Д-ийг гэр бүлийн гишүүн гэж үзээгүй, маргаж буй 400 м.кв газрыг гэр бүлийн дундын өмч гэж тодорхойлоогүй нөхцөл байдалд тулгуурлан тухайн газар анхнаасаа нэхэмжлэгчийн эзэмшилд байсан, түүний эзэмшлийн зүйл болох нь тогтоогдсон гэж үзсэн шүүхийн хууль зүйн дүгнэлт Газрын тухай хуулийг зөрчөөгүй, шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

12.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг гэж өөрөөр дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хуулийн эдгээр зохицуулалт эд юмсын эрх зүй дэх хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн шаардах эрхийг баталгаажуулсан боловч хоорондоо ялгаатай.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

Энэ тохиолдолд эд хөрөнгө шударга эзэмшигчийн эзэмшилд байгаа бөгөөд эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад учруулсан бол шударга эзэмшигч шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшилд эд хөрөнгө бүхэлдээ бус хариуцагч барилга барьснаар эд хөрөнгийн зарим хэсэг бодит эзэмшлээс нь гарсан учир эзэмшлийн зүйлээ олж авах үр дагавар бий болсон, улмаар хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй, уг хэм хэмжээг хэрэглэх боломжгүй байжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр барилгын зарим хэсгийг дур мэдэн барьсан нь нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бусаар авсан үйлдэл болох учир хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэнэ. Энэ шаардах эрх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан зохицуулалтаар хуульчлагдсан, давж заалдах шатны шүүх хуулийг оновчтой хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

13.Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2-т заасныг зөрчөөгүй, маргаж буй газар нь гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаараагүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, “...залгаа газар болох амины орон сууц бүхий газрын эзэмших эрхийг охин Н.Н-т шилжүүлж, харин Н.Д-ийн эзэмшил газар дээр барьсан барилгын хэсэг, ах н.Б-ийн барилгын суурийг хэвээр үлдээхээр нэхэмжлэгчтэй тохирсон...” гэдгээ хариуцагч Р.Н нотлоогүй байх тул түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн    176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00584 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Р.Н-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ

         ШҮҮГЧ                                                                         Н.БАТЧИМЭГ 

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 П.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД