Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0062

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      С.Б

Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Ст холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Сийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Д овогт Г-н С.

 

Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4б-18 тоотод өөрийн гэртээ Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д овогт Г-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд сард 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.С давж заалдах гомдолдоо:

 

“... Миний бие Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба энэ асуудлыг шүүхээс шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 \дөрвөн зуун тавин мянган\ төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тухайн үед хохирогч Д.Б ах эхлээд манайд ирсэн, архи ууж байгаад гарч явахдаа манай гал тогооны тавилгыг татаад унагааж аяга шаазан хагалж, сав суулга шалаар нэг тарсанд миний уур хүрч ундааны саваар цохилоо гээд архины шилээр цохисон байсан. Бид худ ураг хүмүүс, одоо гомдол саналгүй бөгөөд манайд агсам тавьсандаа надаас уучлалт гуйсан болно. Миний бие нь улсад 32 жил, сүүлийн 20 жилд замын цэвэрлэгчээр тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж шилдэг ажилтнаар шалгарч шагнуулж байсан, хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гараад Төрийн банкнаас тэтгэврийн зээл авч, уг зээл 2020 оны 9 сард дуусна. Манай гэр бүл миний тэтгэврээр амьжиргаагаа залгуулдаг, банкинд сард 244.000 тэтгэврийн зээл төлөөд, гар дээр 106.000 үлддэг, энэ мөнгөөр гэрэл тогонд 15.000, телевизийн хураамжид 10.000, гурил 15.000, гэдсэн таташ 30.000, түлээ, ус 40.000, өөр бусад зүйлд 6.000 зарцуулаад цаана нь амьжиргаанд хүрэлцдэггүй. 20-иод жил гадаа ажилласан байсан тул даралт ихсэх өвчнөөр эмчийн хяналтад орсон ба эмээ авч, ууж чадахгүй байна.

Иймд амьдралын минь хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийг 10 сараас эхлэн 9 сарын хугацаанд төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгч амьдралд минь гүн туслалцаа үзүүлнэ үү. Би цаашид амьдралдаа дахин ийм алдаа гаргахгүй байхаа илэрхийлж байна” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Ст холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг баруун дэнжийн 4б-18 тоотод байрлах  өөрийн гэртээ согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Б-н толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Б-н мэдүүлэг болон гэрч Э.Э-н “ ... Д.Б орж ирсэн гарын бугалганаас нь цус гарсан, чихний ар хэсгээс цус гарсан шилбэ нь зулгарсан орж ирсэн ...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Сийн “ ... Д.Б гарч явах гээд манай гэрийн гал тогооны тавилгыг татаад унагаасан юм, тэгэхээр нь би уурлаад ундааны саваар цохилоо гэсэн архины шилээр цохисон байсан, нэг харахад хүзүүг нь дагаад цус урсаж байсан ...”  гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Сийн гэм бурууг хэлэлцэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.С нь давж заалдах шатны шүүхэд “ ... шүүхээс оногдуулсан торгуулийг 10 сараас эхлэн 9 сарын хугацаанд төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэсэн гомдлыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С нь “ ... сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн мэдүүлэг өгсөн байх ба шүүх хуульд заасан дээрх нөхцөл байдлуудыг  харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд сард 75.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосныг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Сийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ