Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0202

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                              

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Г.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, шаварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Г.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  өөрийн гэртээ иргэн Д.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б ах эхлээд манайд ирсэн. Архи ууж байгаад гарч явах гээд манай гал тогооны тавилгыг татаад унагаасан.Тэгээд миний уур хүрээд ундааны саваар цохилоо гэсэн архины шилээр цохисон байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 380.000 төгрөгийн тэтгэвэртэй, тэтгэвэрээ 6 сараар зээл авсан. Одоо сард зөрүү 100.000 төгрөг гар дээрээ авдаг, 8 дугаар сард тэтгэврийн зээл дуусна гэв.

-Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өмнө эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн. Болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн нэмж ярих зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал зүгээр болсон ажлаа хийж байгаа. Хохирлын баримт байхгүй, биедээ эмчилгээ хийлгээгүй. Миний бие эдгэрсэн. Хэргийн тал дээр надад маргаан байхгүй. С надаас уучлалт гуйсан. С надад ямар ч дарамт шахалт үзүүлээгүй. Одоо миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг/хх 20 хуудас/,

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч цагдаагийн ахмад Ч.Б гаргасан №177 тоот: Д.Б-ийн биед зүүн гарын бугалганд цус хуралт, баруун чихний хэсэг, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт  /хх 25 хуудас/

Шүүгдэгч Г.С-ийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай дүү С, Н бид 3 манай гэрт 500 граммын Стандарт нэртэй архи хувааж ууж байсан чинь манай хажуу айлын Б ах орж ирсэн. Тэгээд хамт ууж байсан архиа хувааж уучихаад Б ах гарч явах гээд манай гэрийн гал тогооны тавилгыг татаад унагаасан юм тэгэхээр нь би уурлаад ундааны саваар цохилоо гэсэн архины шилээр цохисон байсан. Нэг харахад хүзүүг нь дагаад цус урсаж байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн. Би Б-ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ архины шилээр биед нь хэд хэдэн удаа цохисон. Хаана нь цохисоноо сайн санахгүй байна. Нуруун тус газар нь цохиж байсан. Нэг мэдэхэд Б-ийн хүзүүг дагаад цус урсаж байсан. Б манай гэрийн гал тогооны шүүгээг татаад унагаасан юм. Тэгэхээр нь би ундааны саваар цохиж байна гэж бодоод олон удаа цохисон чинь архины шилээр цохисон байсан. Би нилээн халамцуу байсан. Болсон асуудлыг бүдэг бадаг мэдээд байна. Би бусдын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг/хх 33-34 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 39 хуудас/

-Г.С-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31, 33-34 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.С нь 2020 оны 01 сарын 31-ний өдөр өөрийн гэртээ Д.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

        Шүүгдэгч Г.С нь 2020 оны 01 сарын 31-ний өдөр өөрийн гэртээ Д.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б-ийн өгсөн “Одоо миний биеийн байдал зүгээр болсон ажлаа хийж байгаа. Хохирлын баримт байхгүй, биедээ эмчилгээ хийлгээгүй. Миний бие эдгэрсэн. Хэргийн тал дээр надад маргаан байхгүй. С нь өөрөө надаас уучлалт гуйсан. С надад ямар ч дарамт шахалт үзүүлээгүй. Одоо миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл огт байхгүй ... гэсэн мэдүүлэг/хх 20 хуудас/, хохирогчийн биед зүүн гарын бугалганд цус хуралт, баруун чихний хэсэг, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 177 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            прокуророос шүүгдэгч Г.С-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ одоо миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл огт байхгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.