Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00130

 

А, Е нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03681 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2024/00474 дүгээр магадлалтай,

А, Е нарын нэхэмжлэлтэй

“М” ХК-д холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 49,958,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А Евгений Алексеевич, Аа Наталия Евгеньева нараас хариуцагч “М” ХК-д холбогдуулан Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 49,958,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03681 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас 49,279,600 төгрөгийг гаргуулж, А, Е нарт олгож, нэхэмжлэлээс 678,800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А, Е нар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-иас 404,348 төгрөгийг гаргуулж А, Е нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2024/00474 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03681 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “М” ХК-аас 49,958,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А, Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, процессын алдаа гаргасан, мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа үндэслэл байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг бүрэн дүгнээгүй талаар.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хариуцагчийн зүгээс даатгуулагчийн санаатай хохирол учруулсан гэж маргаагүй харин даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр маргасан. Нэхэмжлэгч урсгал сөрсөн үйлдлээрээ даатгалын тохиолдол бий болох орчныг санаатай бүрдүүлсэн үйлдэл” гэжээ. Урсгал сөрсөн үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж заасан ба нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь даатгалын тохиолдол бий болох орчныг бүрдүүлж байгаа гэж давж заалдах шатны шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Логикоор бодож үзвэл замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гардаг, тэгвэл өнөөдөр нэг ч хүн зам Тээврийн ослын дараа даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй магадлал давж заалдах шатны шүүх гаргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан даатгалын гэрээгээр үндсэн эрсдэлд “зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол”-ыг хамааруулахаар талууд тохиролцсон байдаг. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-Т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх” гэж тодорхойлсон нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бүрдсэн байна.

4.2. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын ноцтой алдааг гаргаж шийдвэрлэсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч нарын зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 408,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дугаарт бичигдсэн. Гэтэл хариуцагч “М” ХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн нь давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн хоёр дугаарт харагдаж байна. Хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжыг тооцон төлнө.” гэж заасныг зөрчсөн байна.

4.3. Мөн давж заалдах шатны шүүх 2024.03.11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О би шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн 2024.03.11-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 210/ШТ2024/00173 дугаар тоггоолд “нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О нь тус шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлттэй холбоотой баримтыг ирүүлээгүй буюу түүний хүсэлт тодорхойгүй байна.” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй хурлыг үргэлжлүүлсэн. Давж заалдах шатны шүүх хоёр танхимд зэрэг хуралдаан явуулдаг бөгөөд өмгөөлөгч миний бие 2024.03.11-ний өдөр танхим нэг, танхим хоёрт аль аль танхимд ес дэх хурал байсан бөгөөд шүүх хуралдааны зар бүх шүүгчид байсан учир би шүүх хуралдааны нарын бичигт хэлээд хүсэлтээ өгсөн.

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан, харин давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг арилгахаар энэ гомдлыг гаргаж байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар магадлалыг бүхэлд хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.05.22-ны өдрийн 001/ШХТ2024/00651 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч А, Е нар нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 49,958,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Даатгалын гэрээний 2.11-д заасны дагуу зам тээврийн осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул учирсан хохирлын 80%-иар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. Иймд хариуцагчаас Даатгалын гэрээний үүрэгт 49,958,400 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэгч нь даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ... улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл шүргэсэн зам тээврийн осол гарсан байхад зогсож, дуудлага мэдээлэл өгөлгүй араас нь урсгал сөрж хөөн, эргэх үйлдэл хийхдээ бетонон хаалга мөргөсөн тул энэ нь хуульд заасан даатгуулагчийг санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул Даатгалын тухай хууль, талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч Е нь даатгалын зүйл болох ... улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь даатгалын тохиолдол байна. ...Ослын улмаас хохирол учирсан болох нь тогтоогдсон тул нөхөн олговрыг авах үндэслэлтэй, ...Осол гарахад нэхэмжлэгч буруутай тул гэрээний 2.11-д зааснаар учирсан хохирлын 80% болох нийт 49,279,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо: “...Даатгалын гэрээгээр үндсэн эрсдэлд “зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол”-ыг хамааруулахаар талууд тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоосон хэдий ч гэрээний 3.1.1-д заасан даатгуулагч осол гарах нөхцөл, орчныг бүрдүүлсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

...Маргаан бүхий тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчиж, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарсан болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон.

Хэрэгт цугларсан баримтаар жолооч осол гарахаас сэргийлэх боломжтой байсан тул даатгуулагч даатгалын тохиолдол бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.

9. Ийнхүү хоёр шатны шүүх үйл баримтыг өөр өөрөөр дүгнэснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцлээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зохицуулсан.

Нэхэмжлэгч А нь “М” ХК-тай 2022.01.14-ний өдрөөс 2025.01.13-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Mercedes Benz GLE450 маркийн ... улсын дугаартай автомашиныг даатгуулж, даатгалын гэрээ байгуулж, эхний жилийн даатгалын хураамжийг төлжээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

12. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022.12.07-ны өдөр нэхэмжлэгч Е даатгалын зүйл болох  ... улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчснөөс зам тээврийн осол гаргаж, ослын улмаас өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь Зам тээврийн осол дээр тогтоосон акт, шийтгэлийн хуудас, “А” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

13. Талууд  Гэрээний  2.2-т даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирлыг 100%-аар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно,  2.11-д даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80%-аар тооцож ...нөхөн төлбөр олгоно гэж, 3.1.1-д даатгуулагч санаатай хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцжээ.

14. Даатгалын гэрээний үндсэн эрсдлийн хамгаалалтад Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол байхаар талууд тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгч нь даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг даатгуулагч бүрдүүлсэн тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргажээ.

15. Дээрхээс үзвэл даатгалын эрсдэл буюу тохиолдол бий болсон, эсхүл даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг даатгуулагч бүрдүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон байна. Иймд үйл баримтыг үндэслэл бүхий тогтоох учиртай.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...даатгалын зүйл болох ... улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн тээврийн хэрэгслийг ... улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл шүргэсэн зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл автомашин хөөж урсгал сөрсөн үү, эсхүл Маршал таун хотхон руу эргэхээр урсгал сөрсөн байдалтай орж ирсэн үү гэдгийг тодорхойлох боломжгүй, ...даатгуулагчийг санаатайгаар хохирол учруулсан гэж үзэх үндэслэл ...тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь  хэрэгт цугларсан баримтад нийцээгүй, шүүх нотлох баримт үнэлэх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

17. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн: “...осол гарсан өдөр Е-г тээврийн хэрэгсэл жолоодож явахад ... дугаартай автомашин  хойд хажуугаас нь мөргөөд /шүргээд/ эсрэг урсгалд орж зугатаахад араас нь хөөж байгаад хальтирч хашаа мөргөснөөр өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан...” гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч нь түүний жолоодож явсан автомашины араас ... дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зугтаасан тул түүнийг зогсоохоор эсрэг урсгалд орж хөөсөн боловч зам хальтиргаатай байснаас жолоодлого алдан хальтирч Маршал таун хотхоны 2-р хаалганы хажууд байрлах харуулын байр болон бетонон хаалганы баганыг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна.

18. Замын хөдөлгөөний дүрмийн 3.5а\-д зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байж, ...3.5г\-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/ -д яаралтай мэдэгдэх ...үүрэгтэй гэжээ.

19. Дүрмийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас автомашин мөргөж /шүргэж/ зам тээврийн осол гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, холбогдох цагдаагийн байгууллага, даатгалын албанд мэдэгснээр өөрт учирсан хохирлоо арилгуулах бүрэн боломжтой байсан бөгөөд энэ тохиолдолд дараагийн осол гарахгүй.

Иймд нэхэмжлэгч өөрийг нь мөргөсөн /шүргэсэн/ автомашины араас хөөснөөс зам тээврийн осол гаргасан нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

20. Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан дээрх осол даатгалын тохиолдол боловч зохигчийн хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3.1.1-д ...даатгуулагч нь ...даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн зохицуулалтад хамаарч байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дээрх үндэслэлийг нэмж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх гомдлыг хангахгүй.

21. Хариуцагч “М” ХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 404,348 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 118 дугаар талд авагдсан, 2024.01.17-ны өдрийн төлбөрийн баримтаар нотлогдож байна.

Дээрх төлбөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалын хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэсэн шаардлагад нийцсэн байх тул давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх магадлалын Тогтоох хэсэгт хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 104,400 төгрөг гэж техникийн алдаатай бичсэн байх боловч Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид буцаан олгосон шүүгчийн захирамжид хариуцагчид 404,348 төгрөгийг буцааж олгохоор шийдвэрлэсэн байх тул дээрх алдааг залруулсан гэж үзэж, тэмдэглэх нь зүйтэй.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогч шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж, 165 дугаар зүйлийн 165.2-т шүүх хуралдаанд оролцохыг хүссэн этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж тус тус зохицуулжээ.

Тус хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Оаас тус шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдснаас үзвэл нэхэмжлэгч нарын өмгөөлөгч тус шүүхийн 1 дүгээр танхимын 9 дэх хуралд оролцоно, 2-р танхимд энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхлэх үед 1-р танхимын 7 дахь хурал завсарлаж байгаа талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга танилцуулсан, мөн энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 12.07 минутад эхэлсэн байхад өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг 12.05 цагт өгсөн байгаагаас үзэхэд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-126-127 дугаар хуудас/

Шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасныг үндэслэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

23. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2024/00474 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О-аас 2024.05.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                    Н.БАЯРМАА

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД