Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0063

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Д.С

Шүүгдэгч                                                       Б.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.Оюунчимэг

               Хохирогч нарын өмгөөлөгч                      Р.Ц, Р.Н

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У, О.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Н овогт Б-ын С.

 

Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд амь хохирогч М.Б-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь гэмтэл учруулж, улмаар амь хохирогч М.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Н овогт Б-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 11 /арван нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

 Хохирогч М.Б-н нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Ц-н нэхэмжилсэн 1.158.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.С-с нийт 7.390.455 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-д 6.790.455 төгрөг, хохирогч М.Б-т 600.000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Орхон аймаг дахь Медипас эмнэлгийн КТГ шинжилгээний бичлэг бүхий 2 ширхэг СД, тархины 7 ширхэг томографикын зураг, том 2 ширхэг рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У давж заалдах гомдолдоо:

“ ... Анхан шатны шүүхээс Б.Сыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан байдаг хэдий ч шүүгдэгч Б.С-аас нийт 7.390.455 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гансүхэд 6.790.455 төгрөг, хохирогч М.Б-т 600.000 төгрөг тус тус олгох тухай тусгасан.

Хэргийг шийдвэрлэх явцад хохирогчийн ар гэрийн зүгээс хохиролтой холбоотой маргаан гарч эхэлсэн учир, хохирогчийг зөв тогтоолгох, хохирогчийг тогтоосноор хохирол төлбөр барагдуулах үүднээс санал хүсэлт гаргаж ирсэн.

Нөгөө талаас Б.С болон түүний ар гэрийн хувьд амьдрал ахуй муу, ажил төрөл эрхэлдэггүй, хэдэн цөөн тооны мал малладаг, тарга тэвээрэг муутай, хохиролд мал оролцуулах гэхэд авдаггүй гэсэн шалтгаануудын улмаас хохирол төлбөрөө өгч чадалгүй анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн юм. / талийгаачийн эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулсан байдаг /

Харин Б.Сын ар гэрийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Г, Д.Ц нарт 6.790.455 төгрөгийн хохирол төлбөрийг өгч барагдуулсан байна.

Иймд Б.Сын үйлдэл нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсдэн зэргийг эрүүгийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг байдлыг харгалзан үзэж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгөхийг хүсч гомдлоо гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.О давж заалдах гомдолдоо:

“ ... Б.Сын үйлдсэн хэргийн гэм бурууд өмгөөлөгч нар мөн шүүгдэгч Б.Сын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч маргаагүй. Эрүүгийн хуульд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

Б.Сын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн байдал, учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргийнхээ гэм буруу, хор уршгийг чин сэтгэлээсээ ойлгон хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хууль дахь “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх” дээрх зарчмуудыг баримтлан Б. С-т оногдуулсан 11 жилийн хорих ялын хэмжээг багасган, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр шийтгэхээр тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Б.С нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын групптэй, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус өөрчилж өгнө үү” гэжээ.

Хохирогч М.Б-йн өмгөөлөгч Р.Н тайлбартаа:

“ ... Б.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу үедээ 2019 оны 08 дугаар сарын 19-20 шилжих шөнө хохирогч М.Б-г олон цаг үргэлжлүүлэн зодож хүнд гэмтээж, улмаар амь нас нь хохирсон болох нь дараах байдлаар эргэлзээгүй тогтоогдсон. Хэргийн газарт байсан гэрч Д.Д, Д.Ц нарын болон өөрийнх нь анхны мэдүүлгүүд, энэ байдлын талаар сонссон гэрч Б.Г, Г.Т нарын мэдүүлгээр, М.Б тэр үеэс бие нь муудаж сумын эмчид үзүүлж, улмаар шууд Булган аймаг явж, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдсээр нас барсан байдлаар, Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 73 тоот, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1430 тоот дүгнэлт, эмч Д.Г, Б.Б, Ц.Ц, Д.А, Х.О нарын мэдүүлгээр М.Б тархиндаа гүнд аалзан хальсан доорх цус харвалт, түүний хүндрэлээр нас барсан ба яаралтай эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт мэдүүлгээр тогтоогдсон.

Б.С нь өөрийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зүйлгүй /шүүх хуралдааны тэмдэглэл үзнэ үү/, хохирол төлбөр огт төлөөгүй, төлөх талаар бодитой биелэх санаачилга гаргаагүй, давж заалдах шатанд Б.Г-д хохирлыг бодитойгоор төлсөн гэх нь эргэлзээтэй, Б.С нь шүүх хурал хүртэл гадуур байсан бөгөөд энэ хэрэг хохирогч талын мэдээллээр хангуулах эрх хэрэгжээгүй, хэргийн нөхцөл байдлаар Б.С, Д.Ц нар хувийн дотно харьцаатай гэж М.Б-н талынхан үздэг нь үндэслэлтэй байх хэд хэдэн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар дүгнэлт хийх /М.Б-т хохирол төлөхгүй байгаа гэх мэт/ боломжтой байдаг. Б.Сын өөрийн хийсэн хэрэгт хандаж байгаа байдал, хэрэг хэдэн цагаар үргэлжилсэн түүний биед ямар ч гэмтэл тогтоогдоогүй зэрэг байдлыг үнэлбэл шүүх харин ч хөнгөн талд нь ял оноосон гэж үзнэ” гэжээ.

Хохирогч М.Б тайлбартаа:

“ ... Б.С нь талийгаач М.Б-н эхнэр Д.Ц-той хувийн харилцаатай байсан бол хэрэг гарах өдөр Д.Ц Б.Сыг өөрийн төрсөн эгч Д.Д-нд байж бай гэж түлхүүрээ өгсөн байгаад шөнө өөрөө очсон байдаг юм. Эхнэрээ гэртээ ирж хонохгүй болохоор нь талийгаач араас нь очиж /Д.Д, Д.Ц, Б.С нарын мэдүүлснээр/ маргаан үүсэж зодолдон энэ хэрэгт миний дүүгийн амь хохирсон байдаг. Эхнэр Д.Ц хэргийн гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд түүний төрсөн эгчийнд хэрэг гарсан, Б.С нь хэргийг үйлдсэн, хэрэг гарсан өдрөөс талийгаачийг нас барахын урд орой хүртэл Б.С хамт байсан, уг зодооны талаар талийгаачийн ах дүүсийн хэнд нь ч хэлээгүй, цагдаад ч мэдэгдээгүй байсан юм.

Талийгаачийг хүнд зодуулаад бие нь муу, Эрдэнэтийн эмнэлэгт хүргэгдэн ирж байгааг 8 дугаар сарын 29-ний өдөр мэдээд очиход талийгаач ухаангүй байсаар 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан. Талийгаачийн эхнэр болсон хэргийн талаар талийгаачийн ах дүү нарт ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.

Иймд ах дүүгийн зүгээс хэргийн үнэн мөнийг олж мэдэхийн тулд цагдаагийн газарт хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн юм. Талийгаачийн хүү, охин хоёр энэ хэргийн хохирогч мөн боловч ээж, нагац эгч, ээжийнхээ  найзын эсрэг үнэн зөв мэдүүлэг өгөхгүй нь бидэнд тодорхой байсан болохоор тэднийг хохирогчоор тогтоохыг бид зөвшөөрөөгүй юм. Энэ хэрэгт Б.С, Д.Ц нарын хувийн харилцаатай байснаас гарсан бөгөөд Д.Д нарыг шалгах хүсэлтийг бид удаа дараа тавьж байсан боловч харамсалтай нь байцаагч энэ тал руу анхаарал хандуулаагүй юм.

Өмгөөлөгч Х.У-ын яриад байгаа хохиролтой холбоотой маргаан бидний дунд огт байгаагүй. Анх би хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргахдаа бидний зүгээс дүүгийнхээ амь насыг хохироосон талаарх үнэнийг олж мэдэх зорилготой гэдгээ хэлсэн ба хохирогчийн хувьд оршуулгатай холбоотой гаргасан зардал, мөнгийг гаргуулж 2 хүүхдэд нь өгнө гэдгээ шүүх цагдаад ч, хүүхдүүдэд нь ч хэлж байсан. Хохирогчийн эрх үүргийн дагуу хуулийн өмнө хариуцлага хүлээх гэрээ хийсэн.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоолгож оролцсоноороо хэргийг шийдвэрлэх явцад болсон процесстой холбоотой олон зүйлийг мэдэж авах боломжтой болсон. Д.Д, Д.Ц, Б.С нарын талаар бидний гаргасан гомдлыг зарим талаар барагдуулж өгөөгүй ч хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралд оролцох явцад бидний таамгууд батлагдсан.

Х.У, Б.Сын үйлдэл нь урьдчилан тохиролцож хамт байж байхад нь талийгаач араас нь очсон. Шөнө 1 цагийн үеэс өглөөний 6 цаг хүртэл Б.С нөхрийг нь, хүргэнийг нь зодоод байхад Д.Ц, Д.Д хоёр яагаад миний дүүд тусламж дуудаагүй юм бол, өөрсдөө салгаж дийлдэггүй юм бол, цагдаа, хөрш эсвэл хэн нэгнийг дуудаж болох байсан шүү дээ. Д.Д мэдүүлэгтээ Б.Сыг тэр орой анх харсан гэдэг. Танихгүй хүн гэрт нь орчихсон унтаж байгаад тэр хоёрыг очихоор босож ирээд гэрт нь пиво уугаад байж байтал хүргэн нь ирэхэд, тэдний дунд маргаан үүсэж 5-6 цаг зодоон хийсэн байгаад уг зодооны улмаас хүний амь нас хохирсон байхад хадам эгч Д.Д яагаад буруугүй байна вэ.

Хохирогчийн хууль бус үйлдэл гэж өмгөөлөгч гуай юуг хэлээд байна вэ, үхсэн хүн үг хэлдэггүй болохоор өмгөөлөгч ингэж хэлэв үү. Эхнэрээ нууц амрагтайгаа байхад очсон нь хууль бус үйлдэл үү. Мөн учирсан хохирол, гэмт хэргийн хор уршиг, шинж чанарыг харгалзан үзэх талаар гомдолдоо дурьджээ. Оршуулгын зардалд зарцуулсан зардал болох 6.790.455 төгрөгийг Б.Г-д М.Б-т 600.000 төгрөг олгох хохирлыг барагдуулсан гэжээ.

Эдгээр мөнгө нь талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан мөнгө. Үүнийг шүүгдэгч тал хуулиараа төлөх ёстой. Үүнийг төлснөөр хүний амь нас хохирсон хохирол төлөгдөөгүй. Дүүгийн минь амь хохирсноор 2 хүүхдийнх нь ирээдүй, хувь заяа, ах дүү бидний сэтгэл санаанд ямар хохирол учирсныг өмгөөлөгч Х.У-ын намайг хохирогчоор тогтоолгохгүй байж хэргийг шийдвэрлэх үйл явцад оролцуулахгүй байлгах гэсэн удаа дараагийн оролдлого нь Д.Ц-, Б.С нарын холбоотой гэдгийг баталж байгаа юм. Анхнаасаа тэд үгсэн тохирсон юм. Иймд Х.У өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэдгийг хэлж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор оноосон ялын шийтгэлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.С дүгнэлтдээ: “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У, О.О нарын гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч М.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, зөрчсөн, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У нь “ ... Б.Ст оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх ...” тухай гомдлыг иргэний нэхэмжлэгч Д.Ц, хохирогч Б.Г нарт хохирол 6.790.455 төгрөг төлж барагдуулсан тухай баримтын хамт, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.О нь “ ... Б.Ст оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ял эдлэх дэглэмийг өөрчлүүлэх ... ” агуулга бүхий гомдлыг тус тус давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

 

            Амь хохирогч М.Б-н тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр, эмнэлгийн тусламж авсан хэдий ч хүндэрч амь насаа алдсанаас гадна түүний биед учирсан гэмтлүүд нь олон удаагийн үйлдлээр учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцсэн байх учиртай.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хэмжээгээр буюу 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь дээр дурьдсан “Шударга ёсны” зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

 

            Харин Б.С нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Б.Г-д 7.390.455 төгрөг, хохирогч М.Б-т 600.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд тэрээр биеийн эрүүл мэндийн хувьд баруун гарын 2 дугаар хуруу тайрагдсан, 3, 4, 5 дугаар хурууны булчин хатингаршиж үйл ажиллагаа нь алдагдсаны улмаас хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувиар хугацаагүй тогтоогдож, халамжийн тэтгэвэрт хамрагдсан  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.О-н гаргасан давж заалдах гомдлын “... ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэх хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У-н гаргасан “ ... оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх ...” тухай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.О-н гаргасан давж заалдах гомдлын “... ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэх хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У-н гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б.С нь хохирогч М.Б-т 600.000 төгрөг, хохирогч Б.Г-д 6.790.455 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ