Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 0197

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж, шүүгч Ц.А, Ж.Б нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Д.С

Иргэдийн төлөөлөгч С.Ц

Хохирогч Б.Г, М.Б

Хохирогчийн өмгөөлөгч Р.Н, Р.Ц

Иргэний нэхэмжлэгч Д.Цэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.О, Х.У

Шүүгдэгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 199 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг урьд ял шийтгэлгүй, Б.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө амь хохирогч М.Б-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь гэмтэл учруулж, улмаар амь хохирогч М.Б нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

-Хохирогч М.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би талийгаачийн 2 талын ах дүү нарыг төлөөлж хохирогчоор шүүх хуралдаанд оролцож байна. Энэ хэрэг С, Ц нарын холбоотой байдлаас болж үүссэн. Анх хэрэг гарсан даруйд талийгаачийн ах, дүү нарт ер нь мэдэгдээгүй. Ц-ийн эгч Д ч холбоотой. Оршуулгад 3.268.000 төгрөг, шарил хадгалахад 175.000 төгрөг, 7, 21, 49 хоног тараахад 3.946.655 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, нийт 8.390.465 төгрөгийг С-аас гаргуулна. Хоёр хүүхэд нь ээжийнхээ эсрэг дуугарч чадахгүй байх гэж бодсон. 40 гаранхан настай дүүгээ эхнэрийнх нь явдаг хүн амь насыг нь хохироосонд их гомдолтой байна. Эрдэнэтэд ирсэн хойно нь л бид мэдсэн. Хохирлын мөнгийг зохих ёсоор нь үр хүүхдэд  өгнө гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аав маань хөдөө мал дээр байдаг, би Улаанбаатар хотод ажил хийж, дүү оюутан байсан. Аавыгаа алдсанд гомдолтой байна. Би оршуулгын зардал 7.390.455 төгрөгийг С-с нэхэмжилнэ. Манай ээж С-тай ямар нэг харьцаа байхгүй. Хань ижлээ алдсан ээжийг минь, аавыгаа алдсан дүү бид хоёрыг гүтгэж байгаад гомдолтой байна. Харин М.Б-т 600.000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хань ижилтэйгээ ханилаад 24 жил болсон байна. Надад Б.С гэх хүнтэй холбоо байхгүй. Хань ижлээ алдсандаа гомдолтой байна. Гэр орондоо авчраад янз бүр болсон зүйл байхгүй. 1.158.000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид хоёр зээл авсан зээлийн тал мөнгийг би хүргэн охинтойгоо нийлж төлсөн. Үлдсэн 1.158.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хамаатны хүүхэд А миний гар утас руу залгаад Б-ын бие нь муу Булган аймгийн эмнэлгээс Орхон аймгийн эмнэлэг рүү шилжин хэвтэхээр очиж байгаа гэнэ та мэдсэн үү гэсэн. Мэдээгүй гэсэн чинь та мэдээдэхээч гэсэн. Тэгээд би өөрийн таньдаг Булганы эмнэлэгт ажилладаг найзынхаа утас руу залгаад наана чинь Б гэдэг хүн хэвтэн эмчлүүлсэн үү? гэж асуусан чинь би сайн мэдэхгүй байна эмч нараас асууя гэсэн. Тэгээд удалгүй над руу залгаад Б гэдэг эмч Орхон аймаг руу аваад явсан байна чи яг одоо Орхон аймгийн эмнэлэг рүү очвол тааралдах байхаа гэхээр нь би Орхон аймгийн Бүсийн оношилгооны төв дээр очтол эмнэлгээс түүнийг насилик дээр хэвтүүлсэн байдалтай эмнэлгийн машинд хийх гээд явж байхаар нь би хаачих гэж байгаа юм бэ? яасан юм бэ? гэж асуутал Медипас эмнэлэгт очиж тархины тодруулагчтай зураг авахуулж ир гэсэн тэгээд би тэд нартай эмнэлэг орж зургийг нь авахуулан гэмтлийн тасагт хэвтүүлэхэд цуг явсан. Б хоолой хэсэг нь цэл хөх өөрөө ухаангүй зүүн нүд хавдартай юм шиг байсан...би гомдолтой байна. Талийгаачийн буяны ажил явдал мөн эмчилгээ хийлгэсний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх 21-22 хуудас/

        Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бид Улаанаа гэж авгайлдаг юм. Тэр манай нөхөр хоёр зодолдоод манай нөхөр М.Б-г толгой руу нь өшиглөсөн цохисноос болж гэмтсэн. Тухайн үедээ зүүн талын нүд нь харахгүй мөн эрүүндээ гэмтэл авсан нилэнхүйдээ цэлдэн хөх болоод байхаар нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн эмнэлэг орж үзүүлсэн тэгэхэд тархиндаа цус нөжирч тогтсон байна гэж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөө Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтээд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр М.Б зүүн гар нь саажилт өгөөд хөдөлж чадахгүй ярьж чадахгүй болсон байсныг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт түргэний машинаар ирээд сэхээнд орсон... М.Б буюу манай нөхөр намайг Улаанаатай хардаж зодоон хийсэн. Манай нөхөр тухайн үед Улаанаатай хэрүүл хийхдээ 24 жил ханилахдаа би эхнэрээ 7 жилд нь зодсон юм. Чи яах юм гээд л зодоон эхэлсэн. Тэгээд манай нөхөр газар унасан тэгтэл Улаанаа  нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн би очоод салгахад надаас мултраад ахин очоод дахин 1 удаа толгой руу нь өшиглөсөн... Улаанаа Б 2 гадаа юм ярьж байснаа зодолдоод эхэлсэн би эгчтэйгээ гарахад Улаанаа манай нөхөр Б 2 зодолдоод Улаанаа нөхрийг унагаасан өшиглөж байсан. Улаанаа л гээд байдаг юм Б.С гэдэг юм байна одоо саналаа. 20 гаран насны Тээл багийн бригадын төвд байдаг залуу юм. Өшиглөөд л байсан гартаа юм бариагүй юм...Б.С нь гаднаас анх орж ирэхдээ согтуу орж ирсэн манай нөхөр Б бас согтуу байсан. Нэмж 2.5 литр пиво уусан  байсан гэх мэдүүлэг /1 хх 26-28 хуудас/

      Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр талийгч Б, хуурай дүү Б.С, манай дүү Ц бид гурав манай хүүгийн хашаанд элс, хайрга буулгаж өгнө гээд гол руу элс, хайрганд явсан. Тэгэхдээ Б, С 2 жаахан юм үнэртүүлчихсэн ирсэн бодвол голын эрэг дээр пиво уусан юм шиг байна лээ. Тэгээд орой 18 цагийн үед тэд нар гэр лүүгээ яваад би гэртээ үлдсэн юм. Орой 20 цагийн үед би Б-д очиход Б байхгүй охин нь хайгаад араас нь гарлаа гээд Ц байж байхаар Ц-ийн төрсөн ах миний төрсөн дүү Б-ын хүүхдийнх нь 1 насны ой гээд сумын төвийн сайжруулсан замын цаана байдаг гэр лүү очиж хоол цай идчихээд орой 23 цагийн үед ирэхэд Б гэртээ согтуу унтаж байсан охин нь хажууд нь байсан. Тэгэхээр нь ашгүй, ашгүй унтчихаж гэтэл Ц за, за эгч танайд очоод унтчихъя гээд надтай хамт манайд 23 цагийн үед очтол хаалга онгорхой дотор нь хүн унтаж байсан. Тэгэхээр нь би энэ чинь юу болов оо гэтэл Ц өө энэ Улаанаа /С/ ирээд унтаж байна гэсэн тэгээд ороод гэрэл тавиагүй болохоор гар чийдэн асаагаад суутал С босоод ирсэн. Тэгээд 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад ирсэн байснаа Ц-той хамт уусан...С эхний 2.5 литрийн пиво шууд өөртөө хийгээд л залгилчихсан гэж Ц ярьж байна лээ их согтуу байсан... Тэгтэл 01 цагийн үед байхаа талийгч Б гаднаас орж ирсэн пар, пар хийгээд л сул холхиндог гуталтай ороод ирсэн тэгтэл С өө ах хүрээд ирж байгаа юм уу ийшээ суу пиво дөнгөж задлаад байж байна гэсэн...тэгж байснаа С хүнтэй утсаар яриад ах нь ингээд яваад очлоо гээд яриад гадагшаа гараад мотоцикл асаагаад хаазлаад л унтраагаад л байсан тэгэхээр нь би яанаа ийнээ болтол талийгч зүгээрээ санаа зоволтгүй наадах чинь явчихна санаатай залуу ш дээ гэж байсан. Тэгэхээр нь би наадах чинь асаачихаад хаазлаад байх юм хөдөлгөж чадахгүй байгаа юм биш үү? чи гарч хардаа гэтэл талийгч гараад С-т хандаад чи явж чадахгүй зам ойрхон байна гээд мотоциклынх нь түлхүүрийг автал С яахаараа миний мотоциклын түлхүүрийг авдаг юм гээд л маргалдаад удалгүй зодолдоод эхэлсэн тэгээд би Ц-ийг гараач ээ чи гээд гаргасан тэгтэл тэр хоёр зодолдоод салгаж чадахгүй болохоор нь би очоод бас салгаж чадаагүй С муу гартай гэхэд аягүй хүчтэй юм билээ. Талийгч чи цохил доо зодолдоо, алалдаа гээд хашгираад байсан тэгэхээр нь талийгаачийг С цохиод байсан би С-т хэлсэн чи болиоч ядахдаа залуу хүн байна даа гээд хэлтэл үг ерөөсөө авахгүй юм бил ээ. Бараг үүр цайтал зодолдож ноцолдсон өглөө гэгээ ороод 06 цагийн үед ноцолдохоо болиод унтацгаасан тэгээд        нэг цаг гаран унтаад би өглөө босоцгоо та нар гавьяа байгуулсан биш юундаа унтаад байдаг юм гээд загнаад босготол талийгчийн эрүү хэсэг улайгаад хөхрөөд халцарсан, нүдний зовхи нь унжаад нүдийг нь дарчихсан байсан. Би талийгчаас наад нүд чинь харж байгаа юм уу? гэж асуухад зовхио өргөж чадахгүй гараараа өргөснөө харж байна гэж байсан...гар хөлөөрөө цохиод байсан. Дараа нь уначихсан байхад нь С хромон гутлаар талийгчийн толгой эрүү рүү нь өшиглөсөн. Би дараа нь чи яаж хүний эрүү хугалчихсангүй бэ? гээд өглөө загнаж байсан...талийгаач Б нь манайд 01 цагийн үед орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл байгаагүй зүгээр гэрээсээ ирсэн. Харагдах юм байгаагүй...” гэх мэдүүлэг/1 хх 44-46 хуудас/

        Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Д эгчийн гэрт явж очтол аав Д эгчийн гэрт орон дээр эрүү хэсэг нь хөхөрчихсөн, зүүн нүдний зовхи нь унжсан байдалтай унтаж  байхаар нь би ээжээс асуусан чинь аав чинь С-тай зодолдоод ийм болчихлоо гэж хэлэхээр нь би өөрийн утаснаас С ахын утас руу залгаад хүрээд ир гэж хэлтэл удалгүй С гэрээсээ хүрч ирсэн” гэсэн мэдүүлэг  /1хх 33-35 хуудас/

        Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн хүү Б.С нь ээж би аймгийн төв орлоо гэхээр нь би яасан, юу болсон юм бэ? гэж асуухад би Б ахтай архи уусан юм. Тэгээд би нилээн согтоод Б ахтай маргалдаад зодчихсон юм. Тэгсэн бие нь муу байна гэнээ гээд явсан...”  гэх мэдүүлэг/ 1 хх 31-32 хуудас/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1430 дугаартай:  Амь хохирогч М.Б-гийн биед тархины 2 тал бөмбөлгийн дух,  зулай,  чамархай, суурь, бага  тархины их  бие хэсгийг хамарсан тархмал аалзан хальсан  доорх цус харвалт, бага тархины эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайн булчин дахь цус хуралт, доод, эрүү, хүзүү хоолойн дахь цус хуралт, арьсны зулгаралт, баруун шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд /2019.08.19/ үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач М.Б-гийн биед учирсан тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурь, бага тархины их бие хэсгийг хамарсан тархмал аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэл, эрүү, хүзүүнд цус хуралт, арьсны зулгаралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач М.Б-ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач М.Б нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч М.Б-д эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийгдсэн. Талийгаачийн 2019.08.23-ны өдрөөс 2019.09.02-ны өдөр хүртэл эмнэлгийн байгууллагад хандаж хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх болон бусад шинжилгээгээр эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн, яаралтай болон эрчимт эмчилгээг хийсэн боловч амь насыг аврах боломжгүй байна. М.Б-д 2019.08.19-ний өдрөөс 2019.09.02-ны өдөр хүртэл хугацаанд үзлэг оношилгоо эмчилгээг зөв хийсэн байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Булган, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгүүд өвчтөнийг хүлээн аваад цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх дүгнэлт /1 хх 88-99 хуудас/

      Шүүх сэтгэц эмгэг судлалын 1. Магадлуулагч Б.С нь сэтгэцийн хувьд эрүүл 2. Магадлуулагч Б.С нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд эрүүл 3. Магадлуулагч Б.С нь өөрийн хийж байгаа үйлдлийг удирдан жолоодох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.  4. Магадлуулагч Б.С-т албадан эмчилгээ шаардлагагүй...” гэх дүгнэлт /1 хх 77-78 хуудас/           

        Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2хх 104-106 хуудас/

       Шүүгдэгч Б.С-ын  яллагдагчаар өгсөн “....Б ах чи согтуу байна явж чадахгүй гэхээр нь би найзындаа очиж хононо гээд зүүн гараараа Б ахын нүүрэн тус  газар нэг удаа цохиод Б ах бид хоёр заамдалцаж аваад гэрээс гарах гэтэл Б ахын эхнэр бид хоёрын дундуур ороод зодолдуулахгүй гэхээр би Б ахын эхнэрийг түлхчихээд Б ахыг цааш нь түлхэж гэрээс гаргаад Б ахын нүүр тус газар зүүн гараараа нэг удаа цохисон чинь Б ах газар уначихсан би Б ахыг газар уначихаар нь зүүн хөлөөрөө нэг удаа эрүү хэсэг рүү нь өшиглөөд тэгээд гэрт ороод сууж байтал Б ахын эхнэр Б-г дийлэхгүй байна оруулаад өгөөч гэхээр нь би гэрээс гарч Б ахыг тэврээд гэрт оруулаад гэрийн хийморийн нааран дээр тавиад би хажуугаар нь хэвтээд унтаж амарсан...Б ахыг унтаж байхаар нь сэрээтэл Б ахын 2 нүд тагларчихсан хоолой болон эрүүний доод хэсгээрээ хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /1 хх 126-128 хуудас/

     -Б.С-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 хх 01, 126-128 хуудас/

      -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх 129 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.         

       Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд амь хохирогч М.Б-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож толгойн тус газарт нь гэмтэл учруулж, улмаар амь хохирогч М.Б нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай гэв.

       Хохирогч М.Бийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ял оноох нийтлэг зарчмыг шүүх анхаарах байх. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй. Заавал гэм буруугаа хүлээх албагүй. Учруулсан хохирлыг төлөөгүй учраас хор уршиг арилаагүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь архидан согтуурсантай холбоотой. Д-ыг хүндлээгүй Д.Ц-д гар хүрлээ, хамгаалах өмгөөлөх хүн нь би байгаа шүү гэх байдлаар энэ асуудалд хандсан. Согтуу учраас мотоциклоор явуулахыг болиулсан нь өөрийнх төлөө байсан зүйл байна. Д-ын мэдүүлгээр 4-5 цаг энэ үйлдэл нь үргэлжилсэн. Улсын яллагчийн ялын саналыг үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

        Хохирогч Б.Г болон иргэний нэхэмжлэгч Д.Ц нарын өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын ялын саналыг дэмжиж байна. Ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Гэм хор арилаагүй, учирсан хохирлыг нөхөн төлөөгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг Р.Н өмгөөлөгч хэлж ярьж байна. Хүний амь насанд хүрэх ноцтой үйл баримт байгаагүй. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нь харагддаг. Ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Санаатай үйлдэгдсэн ангилалд багтсан боловч нөгөө талаар болгоомжгүй үйлдэгдсэн гэж хэлж болох талтай. Анхнаасаа гэм буруугаа энэ хүн хүлээн зөвшөөрдөг. Энэ хүн хууль зүйн үр дагавартаа дүгнэлт хийж чадахгүй байгаа. Ялаа эдлээд хохирол төлнө гэдэг үнэхээр хэцүү байна. Хохирогч нарын байр суурь хамаатай. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч хэргийн талаар үнэн зөвөөр хүлээн мэдүүлж байгаа. Прокурор хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй нь зөв зүйтэй гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн. Шүүгдэгчид эхнэртээ гар хүрсэн нь эмзэг харагдсан. Энэ нь маргаан үүсэх нөхцөл байдал байсан. Тэнд байсан хүмүүс яагаад зогсоох арга хэмжээ аваагүй юм. Үүнийг ухамсарлан ойлгоосой гэж хүсэж байна. Эмнэлэг дээр Б.Су түүний ээж нь очиж байсан. Тархины гэмтлийг шимэгдүүлээд авсан бол амь хохирохгүй байсан гэж боддог. Хохирогч, шүүгдэгч нарын маргалдсан үйл явдал ямар нэг төлөвлөсөн гэмт хэрэг биш. Б.С үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв хэлсэн байгаа. Шүүгдэгч үйлдэл, хор уршигт хандсан санаа зорилго шууд үхэлд хүргэх санаа зорилго байгаагүй. Уг гэмтлээс шалтгаалаад нас барсан гэдгийг нарийвчлан тогтоосны эцэст зүйлчилсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь хүнд тусархуу, хүмүүсийн үгэнд ордог хүүхэд байна. Хохирол төлөхөө илэрхийлээд малын А дансыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хохирол төлөгдөөгүй учраас гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа. Хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг судлан үзээд нээлттэй дэглэмд 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Залуу хүн цаашдаа амьдралдаа нийгэмших хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирлын хир хэмжээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулах ёстой. Шүүгдэгчийн хувийн байдлыг хэт дордуулсан, хэтэрхий чангадсан ялын санал байна. Хохирлын тухайд төлөгдсөн зүйл байгаа. Эмчилгээтэй холбоотой 1.700.000 төгрөгийг тухайн үед төлсөн. Шүүгдэгч нь шууд авчраад зарах үл хөдлөх хөрөнгө байхгүй. Хохирол болох мөнгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлж байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Малаар орлуулах талаар тухайн үед ярьж байсан. Хохирлын асуудлыг одоогийн байдлаар дутуу өгсөн. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь 50 хувьтай группт байдаг. Бөөрний болон харшлын асуудлаар эмчийн хяналтад байдаг нь хувийн байдалтай холбоотой байна. Ар гэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээг оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэв.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаагүй. Хууль эрх зүйн тал дээр мэдлэггүй учраас юу гэж хэлэх талаараа мэдэхгүй сандарсан учраас буруу зөв хариулсан. Гэхдээ шүүгдэгч ганц хоёр цохисон гэдгээ хэлдэг. Амь насыг нь бүрэлгэх санаа сэдэл байгаагүй гэдгээ өөрөө хэлж ярьдаг. Нөгөө талаасаа хохирлын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Энэ жил мал ахуйн хувьд хүндрэлтэй байдал үүссэн. Анхнаасаа хохирогчийг зөв тогтоох нь хэрэгтэй байсан. Энэ талаасаа хүсэлтээ гаргаж хэрэг бүртгэх мөрдөн байцаалтад хэрэг буцаж байсан тохиолдол ч байгаа. Хохирогчийн зүгээс М.Б-т хохиролтой холбоотой мөнгө өгөх үндэсгүй байна гэж үзэж байна. Б.Г-д өгөх мөнгөнөөсөө өөрсдөө тохирох асуудал. Өмгөөлөгчийн 1.000.000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ордоггүй. Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр өөрөө сайн дураар хууль зүйн тусламж авч байгаа учраас хамаагүй. Үүнийг гаргах боломжгүй байна. Иргэний нэхэмжлэгч 1.150.000 төгрөгийг нэхэмжилсэн. Анх оршуулгатай холбоотой асуудал нэхэмжилж байсан. Гэвч энэ мөнгийг нэхэмжлээд ороод ирсэн учраас хоног тараасан мөнгийг өгөхөд хүндрэлтэй байна. Талийгаачийн нас барсны 7, 21, 49 хоногийн зардалд гарсан мөнгийг өгөхөд үнэхээр боломжгүй нөхцөл байдал байна. Б.С нь өөрийн боломжит хохирлыг тухайн үед төлөөд яваад байсан. Хохирлын асуудалд модоо барина гэгчээр болчхоод байгаа. Мал өгнө гэдгээ ярилцсан. Төлнө гэдгээ өөрөө хэлээд байгаа. Үүнийг анхаарах асуудал гэж үзэж байгаа. Гэм буруугийн хувьд маргаагүй, хохирлын хувьд ийм саналтай байна гэв.                                                                              

            Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд амь хохирогч М.Б-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь гэмтэл учруулж, улмаар амь хохирогч М.Б нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирол төлбөрийн тухайд:  Хохирогч М.Б-ийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нь төлбөрийн чадвартай иргэний хувьд ЭХХШТХуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалтад хамаарахгүй тул өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б-т олгох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Ц-жийн нэхэмжилсэн банкны зээл 1.158.000 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

         Харин шүүгдэгч Б.С-аас нийт 7.390.455 төгрөг гаргуулж, 6.790.455 төгрөгийг, хохирогч Б.Г-д, 600.000 төгрөгийг хохирогч М.Б-т тус тус гаргуулан олгох үндэстэй байна.

            прокуророос шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Медипас эмнэлгийн КТГ шинжилгээний бичлэг бүхий 2 ширхэг СД, тархины 7 ширхэг томографикын зураг, том 2 ширхэг рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдлаа.