Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00691

 

 

 

 

 

 

 

 

 2021          03         25                                          181/ШШ2021/00691        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.И,

Хариуцагч: Ж.О нарт холбогдох

 

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот орон сууцыг Ж.И-аас албадан чөлөөлүүлэх, Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот орон сууцыг Ж.О-оос албадан чөлөөлүүлэх, мөн тус байрнуудын элэгдэл, түрээсийн төлбөрт нийт нийт 6,303,926.55 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Ж.О, Ж.И, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов. 

                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Г.О нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот хаягт байрлах 79.9 мкв талбайтай, эрхийн бүртгэлийн  дугаартай орон сууцыг иргэн Ц.Ц, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот хаягт байрлах 79.9 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн Н.Б-аас тус тус “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 100 хувийн бэлэн төлөлтөөр худалдан авч, өөрийн хууль ёсны өмчлөлд шилжүүлэн авсан.

Г.О миний хүргэн дүү болох С.Ба нь Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, Алтайн гудамж, байрны тоот орон сууцнуудыг миний 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийн хүрээнд худалдах үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүмүүст үзүүлэх гэж очиход тухайн орон сууцнуудын хаалга онгойхгүй, цоожийг нь солисон, огт таньж мэдэхгүй хүмүүс нүүгээд орчихсон байсан тул тэдгээр хүмүүст ямар учраас хүний байранд, эзнийх нь зөвшөөрөлгүй халдсан болон яаралтай нүүж байр чөлөөлөх талаар зохих шаардлагыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл байрыг чөлөөлж өгөхгүй элдэв янзын тайлбар хэлдэг. 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ж.И болон Ж.О нарыг Г.О миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, Алтайн гудамж, байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү, мөн тус орон сууцыг хариуцагч нар нь хууль бусаар эзэмшиж, чанар байдлыг муутгаж, элэгдэл хорогдолд оруулж байх тул хууль бусаар эзэмшлээ тогтоосон 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр 26-ны өдрийг хүртэл 6,7 сараар тооцож, элэгдлийн үнэ цэнэд 2 326 615,3 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн дээрх хугацаанд түрээслэн сууснаар тооцож түрээсийн үнэд 3 977 311.25 төгрөгийг нийт 6 303 926.55 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

 

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, Алтайн гудамж, байрны тоотод дур мэдэн бусдын эзэмшилд нэвтэрч, цоож солин амьдраагүй болно. Миний бие уг байрны түлхүүрийг урьд нь тохиролцож зохих хэмжээний төлбөрийг төлсний үндсэн дээр уг 229-р байрыг барьсан А группын захирал Л.З-с гадан авч амьдрахаар нүүж орон өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Миний бие эхнэр болон бага насны 0-4 нас, 2 хүүхэдтэй хамт өнөөдрийг хүртэл уг байрны засвар үйлчилгээ болон урсгал зардлыг төлсөөр амьдарч ирсэн. А группын захирлууд болох Ю.Б, Л.З нар нь 50 сая төгрөг бэлнээр авч, үлдэгдэл төлбөрийг зохих хэлэлцээрийн дагуу төлж барагдуулахаар тохирч, уг 119 тоот байрны түлхүүрийг А группын захирал Л.З нь 2020.07.17-ны өдөр А группын оффист гардуулж өгсөн. Иймд нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлд хариуцагчаар Ж.О миний бие бус, А группын захирлууд болох Ю.Б, Л.З нарт хандана уу, нэхэмжлэлийг үл зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Ж.И шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, Алтайн гудамж, байрны тоотод бусдын эзэмшилд дур мэдэн нэвтэрч цоож солин амьдраагүй болно. Миний бие уг байрны түлхүүрийг урьд нь тохиролцож зохих хэмжээний төлбөрийг төлсний үндсэн дээр уг байрыг барьсан А группын захирал Л.З-оос гадан авч амьдрахаар нүүж орон өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Миний бие эхнэр болон 0-8 насны 4 хүүхдийн хамт уг байранд засвар үйлчилгээ болон урсгал зардлыг төлсөөр амьдарч ирсэн. А группын захирлууд болох Ю.Б, Л.З нарын дэргэд аман гэрээ хийж 50 сая төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрийг зохих хэлэлцээрийн дагуу төлж барагдуулахаар тохирч, уг тоот байрны түлхүүрийг А группын захирал Л.З нь 2020.07.17-ны өдөр А группын оффист гардуулж өгсөн. Иймд нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлийг үл зөвшөөрч байна гэв.

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ж.О, Ж.И нарт холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот орон сууцыг Ж.И-аас албадан чөлөөлүүлэх, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот орон сууцыг Ж.О-оос албадан чөлөөлүүлэх, мөн тус байрнуудын элэгдэл, түрээсийн төлбөрт нийт 6,303,926.55 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь өөрт холбогдох тус тусын орон сууцанд  А ХХК-тай амаар тохиролцож, 50 000 000 төгрөгийг бэлнээр төлж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авч, нүүн орсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Үндэслэлийг тайлбарлавал нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн хороо, хороолол , Алтайн гудамж, байр, тоот хаягт байрлах 79.9 мкв талбайтай, эрхийн бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн Ц.Ц-аас, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот хаягт байрлах 79.9 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн Н.Б-аас тус тус “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 100 хувийн бэлэн төлөлтөөр худалдан авч, өөрийн хууль ёсны өмчлөлд шилжүүлэн авсан...гэжээ.

 

Дээрхи үйл баримт нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбарууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 5-8-р тал/

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар ... А ХХК-ийн захирлын гаргасан тайлбар гэх баримт, компанийн эрх болон хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол зэрэг баримтыг гарган өгсөн байх боловч эдгээр баримт нь хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээн дэх татгалзлыг нотлоход ач холбогдлолгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх үнэлэх боломжгүй байна./хх-ийн 65-80-р тал/

 

Түүнчлэн хариуцагч нарт шүүхээс шүүхэд нотлох баримт гарган өгөхдөө эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гарган өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журмыг тайлбарлан өгсөн боловч, шаардлага хангаагүй баримтыг гарган өгсөн байна.

 

Шүүх хариуцагч нарын хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, хариуцагч нарын эрхийг хангасан, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

 

Маргаан бүхий Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот хаягт байршилтай орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Г.О-ийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байх тул тэрээр өмчлөгчийн эрхийг хуульд зааснаар хэрэгжүүлэх эрхтэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.”,106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.И, Ж.О нар нь маргаан бүхий орон сууцанд  тус бүр 50 000 000 төгрөгийг төлж, А ХХК-тай аман тохиролцоо хийж, орон сууцанд нүүн орсон үйл баримтын талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмын дагуу шүүх дүгнэлт хийх боломжгүй бөгөөд харин хариуцагч нар нь өөрсдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Ю.Б, Л.З нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар ... гэрчээр асуулгаж тодруулахыг хүссэн үйл баримт нь А ХХК-ийн захирал Ю.Б 50 000 000 төгрөгийг өгсөн, байрны түлхүүрийг авсан гэдгийг эсхүл орон сууцны хууль ёсоор эзэмшсэн байгаа гэдгээ нотлох зорилготой юу гэдэг нь тодорхойгүй байна...овог, эцгийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, ажлын газрын хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг нь тодорхойлоогүй... үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг хүсэлтийг хариуцагч нар шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдааны явцад  дэгийн дагуу шүүхэд дахин тодруулж гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн мөнгөн төлбөрийн шаардлага буюу маргаан бүхий орон сууцнуудад хууль бусаар эзэмшлээ тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 6,7 сараар тооцож элэгдлийн үнэ цэнэ 2,326,615.3 төгрөг, мөн хугацаанд түрээслэн сууснаар тооцож түрээсийн үнэ 3,977,311.25 төгрөг, нийт 6,303,926.55 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаарджээ.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор нэхэмжлэгч нь орон сууцны элэгдлийн болон түрээсийн зах зээлийн үнэлгээг үнэлсэн тухай тайланг гарган өгсөн, хариуцагч нар орон сууцанд үнэлгээчин ирж бодит байдлыг үнэлээгүй үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

Тус тайланд үнэлгээний хугацаа хэсэгт хөрөнгийн нөхцөл байдалтай танилцсан огноо, хөрөнгийн үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн огноо, үнэлгээний өдрийн огноог адил 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэсэн, орон сууцны элэгдэл хорогдлыг ерөнхий байдлаар орон сууцны жишигээр тооцоолон гаргасан,  маргаан бүхий орон сууцнууд нь урьд ямар шинж, чанартай байсан, хариуцагч нарын эзэмшлийн улмаас орон сууц одоо ямар болон дордсон, өөрчлөгдсөн талаар тусгагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Зохигчийн хооронд түрээсийн гэрээ болон аливаа үүргийн харилцаа үүсээгүй байхад төлбөрийг түрээслэн сууснаар тооцон шаардаж байгаа нь Иргэний хуулийн  186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. , 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт ”Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж, үлдэх хэсэг буюу 6,303,926.55 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 256250 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр буюу тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.О-г Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Алтайн гудамж, байр,  тоот орон сууцнаас, хариуцагч Ж.И-г Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Алтайн гудамж, байр, тоот орон сууцнаас тус тус албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6,303,926.55 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 256250 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н. ГАНТУЯА