Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00980

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00980

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Н.Батзориг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00691 дугаар шийдвэртэй, Г.Огийн хариуцагч Ж.И, Ж.Н нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байр, 71 тоот орон сууцыг Ж.Иаас албадан чөлөөлүүлэх, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байр, 119 тоот орон сууцыг Ж.Нгоос албадан чөлөөлүүлэх, мөн тус байрнуудын элэгдэл, түрээсийн төлбөрт нийт нийт 6,303,926.55 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Ж.Идэрчлуун, Ж.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.О нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байр, 71 тоот хаягт байрлах 79.9 мкв талбайтай, эрхийн бүртгэлийн 2203039276 дугаартай 4 өрөө орон сууцыг иргэн Ц.Цэрмаагаас, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байр, 119 тоот хаягт байрлах 79.9 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039769 дугаартай 4 өрөө орон сууцыг иргэн Н.Биндэръяагаас тус тус үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 100 хувийн бэлэн төлөлтөөр худалдан авч, өөрийн хууль ёсны өмчлөлд шилжүүлэн авсан. Г.Огийн хүргэн дүү болох С.Бат-Орших нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байрны №71, №119 тоот орон сууцнуудыг итгэмжлэлийн хүрээнд худалдах үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүмүүст үзүүлэхээр очиход тухайн орон сууцнуудын хаалга онгойхгүй, цоожийг нь сольсон, огт таньж мэдэхгүй хүмүүс нүүгээд орсон байсан тул байр чөлөөлөх шаардлагыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл байрыг чөлөөлж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.И болон Ж.Н нарыг Г.Огийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байрны №71, №119 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү. Мөн тус орон сууцыг хариуцагч нар нь хууль бусаар эзэмшиж, чанар байдлыг муутгаж, элэгдэл хорогдолд оруулж байх тул хууль бусаар эзэмшлээ тогтоосон 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр 26-ны өдрийг хүртэл 6,7 сараар тооцож, элэгдлийн үнэд 2 326 615,3 төгрөгийг, дээрх хугацаанд түрээслэн сууснаар тооцож түрээсийн үнэд 3 977 311.25 төгрөгийг, нийт 6 303 926.55 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Ж.Нгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.Огийн нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байрны 119 тоотод дур мэдэн бусдын эзэмшилд нэвтэрч, цоож солин амьдраагүй. Эхнэр болон бага насны /0-4 нас/ 2 хүүхдүүдийн хамт өнөөдрийг хүртэл уг байрны засвар үйлчилгээ болон урсгал зардлыг төлсөөр амьдарч ирсэн. Асар группын захирлууд болох Ю.Байгаль, Л.Зоригт нар нь 50 сая төгрөг бэлнээр авч, үлдэгдэл төлбөрийг зохих хэлэлцээрийн дагуу төлж барагдуулахаар тохирч, уг 119 тоот байрны түлхүүрийг Асар группын захирал Л.Зоригт нь 2020 оны 07 сарын 17-ны өдөр гардуулж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.Иы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.Огийн нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байрны 71 тоотод бусдын эзэмшилд дур мэдэн нэвтэрч цоож солин амьдраагүй болно. Эхнэр болон 0-8 насны 4 хүүхдийн хамт уг байранд засвар үйлчилгээ болон урсгал зардлыг төлсөөр амьдарч ирсэн. Асар группын захирлууд болох Ю.Байгаль, Л.Зоригт нарын дэргэд аман гэрээ хийж 50 сая төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрийг зохих хэлэлцээрийн дагуу төлж барагдуулахаар тохирч, уг 71 тоот байрны түлхүүрийг Асар группын захирал Л.Зоригт нь 2020 оны 07 сарын 17-ны өдөр Асар группын оффист гардуулж өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Бүргэдийн олгон овогт Жангаравын Нг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байр, 119 тоот орон сууцнаас, хариуцагч Боржигон овогт Жанчигийн Иыг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгээр байр, 71 тоот орон сууцнаас тус тус албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6,303,926.55 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 256 250 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Маргаан бүхий Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 дүгэзр байр, 71, 119 тоот хаягт байршилтай, орон сууцнуудыг худалдаж авахын тулд Асар группын захирал Ю.Байгаль, Л.Зоригт нарт тус бүр 50 сая төгрөг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг зохих хэлэлцээрийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд уг орон сууцнуудын түлхүүрийг Асар группын захирал Л.Зоригт нь 2020 оны 07 сарын 17-ны өдөр өөрийн оффистоо гардуулан өгсөн талаар тайлбарлан мэтгэлцсэн. Гэтэл өөр хүнд маргаан бүхий орон сууцнуудын өмчлөх эрх давхар үүссэн байх тул нэг талаас өмчлөх эрхийн асуудлыг хэнд, анх яаж үүссэн гэсэн асуудлыг тодорхой болгох, нөгөө талаас өөрсдийн тайлбар татгалзлалыг нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуугпийн 38.6, 38.9 дүгээр зүйлд заасны дагуу уг орон сууцнуудын өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой хувийн хэргийн бүх материалуудыг Улсын бүртгэлийн газраас нотлох баримтын шаардлагыг хангуулан гаргуулан авах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хариуцагч нарын зүгээс өөрийн татгалзлалыг нотлохын тулд Асар группын захирал Л.Зоригтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу гэрчээр оролцуулан мэдүүлэг авахыг хүссэн боловч мөн хүлээж аваагүй.

Маргаан бүхий орон сууцнуудыг буюу үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөх эрхийг хуулийн дагуу өөртөө бий болгосон хариуцагч нарын өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг тэдний хүсэлтийн дагуу холбогдох эрх бүхий байгууллага, хүмүүсээс бичгийн болон шаадлагатай бусад нотлох баримтуудыг гаргуулах ажиллагааг хийлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ж.Н, Ж.И нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 байрны 71 тоот орон сууцыг Ж.Иы, мөн байрны 119 тоот орон сууцыг Ж.Нгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, мөн байрнуудын элэгдэл, түрээсийн төлбөрт нийт 6 303 926.55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.О нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 байрны 71 тоот орон сууцыг иргэн Ц.Цэрмаагаас, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 229 байрны 119 тоот орон сууцыг Н.Биндэръяагаас тус тус худалдан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 5-8/

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч Г.Ог Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй хууль ёсны өмчлөгч мөн болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Асар групп ХХК-ийн захирал Л.Зоригт, Ю.Байгаль нартай орон сууц худалдан авахаар амаар тохиролцож, 50 000 000 төгрөгийг төлж, орон сууцны түлхүүрийг гардан авч, нүүн орсон гэж тайлбарлаж, нотлох баримтаар компанийн эрх болон хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Асар групп ХХК-ийн дүрэм, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол зэрэг баримтыг ирүүлсэн боловч уг баримтыг үндэслэн хариуцагч Ж.Н, Ж.И нарыг маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эзэмшилдээ байлгах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт зааснаар эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Н, Ж.И нарт эрхээ шилжүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй, хариуцагч нарт орон сууцыг хүлээлгэн өгсөн гэх Асар групп ХХК нь маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгч биш байна.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй шударга эзэмшигч нь эрх бүхий этгээдэд буюу өмчлөгчид уг хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцнуудын элэгдэл болон түрээсийн төлбөрт нийт 6 303 926 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул диспозитив зарчмын дагуу хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах журамтай. Хариуцагч тал гэрчээр Л.Зоригт, Ю.Байгаль нарыг асуулгах хүсэлтэд уг этгээдүүдийн мэдээллийг тодорхойлоогүй тул шүүх уг этгээдүүдийг дуудах боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй орхисныг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ