Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/00972

 

 

 

 

 

 

 

 

 

 2021          05         17                                          181/ШШ2021/00972        

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: НОСК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Д-т холбогдох,

 

Түрээсийн төлбөр ашиглалтын зардал 5 356 779 төгрөг, алданги 2 678 389 төгрөг нийт 8 035 169 төгрөг гаргуулж, гэрээг цуцалж, түрээсийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг түрээсээр эзэмшиж буй Ж.Д-тай уг орон сууцыг өмчлөх гэрээ байгуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НОСК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

НОСК нь “Орон сууц түрээслүүлэх” гэрээг иргэн Ж.Д-тай байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, хороонд байрлах орон сууцыг 1 сарын 212,340 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр, ашиглалтын зардлаа түрээслэгч хариуцан төлөх нөхцөлөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Ж.Д нь орон сууцыг 2017.01.07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсэлж амьдарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байх хугацаанд түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийг тухай бүр төлөөгүйгээс нийт 4,412,970.94 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, түрээсийн байрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд түрээслэгч Ж.Д нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, цахилгааны төлбөрөө удаа дараа төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул түүнтэй байгуулсан “Орон сууц түрээслүүлэх гэрээ”-г цуцалж, гэрээний үүрэгт нийт 4,412,971 төгрөгийг Ж.Д-аас гаргуулж, түрээсийн орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж нийт 8 035 161,91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа төлөхгүй орон сууцандаа амьдарсаар байгаа тул 2020.8.25-ны өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр ашиглалтын зардалд 943809 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. 2020.12.31-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөр ашиглалтын зардлын нийт өр төлбөрт 5,356,779.94 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн түүнчлэн “Орон сууц түрээслүүлэх” гэрээний 6.6 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр заасан. Түрээслэгч Ж.Д нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа хугацаанд нь төлдөггүй, хуримтлагдсан өр төлбөрөө төлж барагдуулдаггүй, түүнчлэн 2020 оны 7 сараас хойш түрээсийн төлбөрийн төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул тэрээр алданги төлөх үүрэгтэй. 2018.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийн хооронд түүний хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд ногдох тийн дүн 13,177,042.3 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу үндсэн үүргийн үнийн дүнгийн 50%-аар алдангийг тооцож нийт 2,678,389.97 гийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Иймд түрээсийн төлбөр ашиглалтын зардалд 943,809 төгрөг, алданги 2,678,389.97 төгрөг, нийт 3,662,198.97 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 8,035,169.91 төгрөгийг Ж.Д-аас гаргуулж, “Орон түрээслүүлэх гэрээ”-г цуцалж, түрээсийн орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. Анх хариуцагчтай 1 сарын 212340 төгрөгийн түрээсийн төлбөр, түүн дээр ашиглалтын зардлыг түрээслэгч өөрөө хариуцахаар тохирч гэрээ байгуулсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түрээсийн гэрээ байгуулж түрээсийн гэрээний дагуу төлбөрөө алдангийн хамт мөн гэрээнд заасан түрээсийн гэрээг цуцлах зөрчлийг удаа дараа гаргасан учраас гэрээг цуцалж орон сууцнаас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна. Гэр хороолол төлөвлөлтийн байр гэдэг болохоор гэр хорооллын дахин төлөвлөлт хамрагдсан иргэд түр суурьшуулах зорилгоор хамруулж байгаа. Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд болохоор анхнаасаа байрны зүйлээ дурдсан. Түүнтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх гээд яваад байсан. Төрийн байгууллага шилжүүлээд байсан юм байгаа. Яг гэр хорооллын төлөвлөлтөд хамрагдах зорилгоор ирсэн иргэн биш байгаа....түрээс төлөх харилцаа, нөгөөх нь түрээслээд өмчлөх харилцаа гэсэн 2 харилцаа байгаа. Энэ 2 харилцаанд тохируулж, 2 төрлийн гэрээний аль нэгийг байгуулдаг.

Хариуцагчтай байгуулсан гэрээний хувьд орон сууц түрээслүүлэх харилцаа байгаа. Түрээсийн төлбөр нь Барилга, хот байгуулалтын сайдын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 25-р тушаал гэж байгаа. Үүгээр м.кв-ын төлбөрийг 6,000 төгрөгөөр тогтоосон доод хэмжээ нь доод хэмжээгээр 36 м.кв 1 өрөө байр түрээсэлж, 212,340 төгрөгийг гэрээний 6.1-т зааснаар тусгагдсан. Түрээсийн гэрээний харилцаа үүссэн.

 

Тооцооны хувьд хариуцагч хэдэн төгрөг төлсөн хавсралтаар өгсөн. Нэхэмжлэл дээр бид нарын шаардлагын задаргааг түрүүн асууж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэвэл 36 сар байгаа. 36 сарын түрээс 7,644,240 төгрөг болж байна. Энэ мөнгөнөөс хариуцагчийн хувьд нийтдээ 14 сарын түрээс нийтдээ 2,974,378.6 төгрөгийн түрээс төлсөн байна. Саяны түрээсийн үлдэгдэл төлбөр буюу бид нарын нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн хэсэг нь 4,669,861.94 төгрөг, ашиглалт, цахилгаан 2 хамтдаа 686,918 төгрөг, нийтдээ 5,356,779.94 төгрөг, алданги 50 хувь 2,678,389.94 төгрөг, нийт 8,035,169.91 төгрөгийн задаргаа тооцоо гарч байгаа гэв.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1979 оны нөхөр Б.С Булган аймагт томилогдон ажиллахаар болж гэр бүлийн хамт явах болсноор нөхрийн эцэг эхээс өгсөн 120,000 мянгат дахь 3 өрөө орон сууцаа улсад тушаасан ба 1995 оноос буцаад Улаанбаатар хотод суурьшин амьдрах болсноор улсад тушаасан байраа буцаан авахаар хөөцөлдөж 2005 онд Улаанбаатар хотын захиргаанаас Сонгинохайрхан дүүргийн хороо, хорооллын тоот 3 өрөө байрыг хувиарлаж өгсөн ба тус байрандаа 5 жилийн турш байрны төлбөрөө төлж байтал хууль бусаар буцаан авсан. Энэхүү байрны асуудлаас болж нөхөр Б.С болон хүү С.О-г зуурдаар алдаж маш их сэтгэлийн гүн зовлонд унасан билээ.

2016 оны 11 дүгээр сараас НОСК-ны эзэмшлийн Сүхбаатар дүүрэг дэх хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг хугацаагүй, зөвхөн сар бүрийн ашиглалтын зардалд 50,150 төгрөг төлөхөөр харилцан тохирч амьдарч эхэлсэн. Ашиглалтын зардал гэдэгт иргэн би хэрэглэсэн цахилгаан, дулаан, СӨХ, усны төлбөрийн зардал гэж ойлгосон.

2017 оны 09 дүгээр сараас 01 өдөр тус байгууллагатай албан ёсоор Орон сууц түрээслэх гэрээ байгуулж ашиглалтын зардлуудаа төлж байтал 2018 оны 01 дүгээр сараас түрээсийн төлбөрт сар бүр 212,340 төгрөг төл гэж удаа дараа шаардаж анх тохирсноос өөрөөр түрээсийн төлбөр нэхэж сэтгэл санааны маш их дарамт учруулж, төлөхгүй бол байрнаасаа гар гэж айлгах болсон

Ийнхүү түрээсийн төлбөр төл гэсэн шаардлагын дагүу дээрх төлбөрийг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй баталгаажуулаагүй атлаа надаар төлүүлж байсан. Би өвчтэй асрамжид байдаг хүүгийн хамт орох орон байхгүй учир аргагүйн эрхэнд түрээсийн төлбөрт 2018 оны 01 дүгээр сараас 212,340 төгрөгийг төлж явсан. Түрээсийн төлбөрт нийтдээ 3,399,058 төгрөг, ашиглалтьш төлбөрт 1,933,716 төгрөг нийт 5,332,774,35 төгрөг төлсөн.

Би түрээсийн гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан ба хэдийгээр өөрөө тэтгэвэрт гарсан өвчтэй хүүгээ асардаг, амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа хэрнээ түрээсийн хугацаандаа тэтгэврийн зээл авч байгаа эд зүйлээ ломбардад тавьж төлбөр мөнгөө тогтмол төлсөөр ирсэн. Гэрээгээр тохиролцоогүй түрээсийн төлбөр үндэслэлгүйгээр нэхэмжилж авахад нь төлсөн. Иймд иргэн Ж.Д би түрээсийн төлбөр болон ашиглалтынхаа зардлыг нэхэмжлэлийн дагуу тухай бүр төлж ирсэн байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан түрээсийн гэрээ цуцлах нөхцөл байдал үүсээгүй, төлбөр төлөх үүрэггүй, түрээсийн орон сууцыг чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би нийт 5 333 774 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөн байгаа  гэв.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

... орох оронгүй олон жил түрээсийн подвал болон айлаар толгой хорогдож явах хугацаандаа Нийслэлийн тухай бүрийн удирдлага болон албан тушаалтнуудад амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаагаа удаа дараа танилцуулж уулзаж учирлаж байж төрөөс хэрэгжүүлж буй ахмадын байрны хөтөлбөрт бүртгэлтэй байгаа хэдий ч нийслэлээс түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ шийдвэрлүүлж чадсан.

2016 оны 11 дүгээр сараас НОСК-ны эзэмшлийн Сүхбаатар дүүрэг дэх хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг хугацаагүй, зөвхөн сар бүрийн ашиглалтын зардалд 50,150 төгрөг төлөхөөр харилцан тохирч амьдарч эхэлсэн. Ашиглалтын зардал гэдэгт иргэн би хэрэглэсэн цахилгаан, дулаан, СӨХ, усны төлбөрийн зардал гэж ойлгосон.

2017 оны 09 дүгээр сараас 01 өдөр тус байгууллагатай албан ёсоор Орон сууц түрээслүүлэх гэрээ байгуулж ашиглалтын зардлуудаа төлж байтал 2018 оны 01 дүгээр сараас түрээсийн төлбөрт сар бүр 212,340 төгрөг төл гэж удаа дараа шаардаж эхэлсэн... ийнхүү түрээсийн төлбөр төл гэсэн шаардлагын дагуу дээрх төлбөрийг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй баталгаажуулаагүй атлаа надаар төлүүлж байсан. Би өвчтэй асрамжид байдаг хүүгийн хамт орох орон байхгүй учир аргагүйн эрхэнд түрээсийн төлбөрт 2018 оны 01 дүгээр сараас 212,340 төгрөгийг төлж явсан. Түрээсийн төлбөрт нийтдээ 3,399,058 төгрөг, ашиглалтын төлбөрт 1,933,716 төгрөг нийт 5,332,774.35 (Таван сая гурван зуун гучин хоёр мянга долоон зуун далан зөн төгрөг гучин тав)-н төгрөг төлсөн. Энэхүү төлөлт нь надад байгаа баримтаар гарсан ба зарим саруудад төлсөн төлбөрийн баримтуудыг би үрэгдүүлсэн байх ба нийслэлийн орон сууц корпорацийн гаргасан тооцооны актад төлсөн байдаг нь тодорхой харагддаг.

Иймд иргэн Ж.Д 4 жилийн хугацаанд түрээсийн гэрээгээр заасан түрээсийн төлбөр болон ашиглалтынхаа зардлыг нэхэмжлэлийн дагуу тухай бүр төлж үүргээ биелүүлж ирсэн тул түрээсийн байрыг цаашид өмчлөх гэрээ байгуулах давуу эрхтэй болно.

 НОСК-ны эзэмшлийн Сүхбаатар дүүрэг дэх хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түрээсээр эзэмшиж буй иргэн Ж.Д-тай уг орон сууцыг өмчлөх гэрээ байгуулахыг Хариуцагч НОСК-д даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч НОСК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Ж.Д нь Сүхбаатар дүүргийн хороо, орон сууцыг “Орон сууц түрээслүүлэх гэрээ” байгуулан оршин сууж байх бөгөөд гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөх үүргээ зөрчиж, гэрээний хугацаа дууссан боловч уг орон сууцыг чөлөөлж өгөлгүй амьдарч байгаа билээ. Иймд түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ямар ч үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэрэгт 2 түрээсийн гэрээ авагдсан байгаа. Эхний түрээсийн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 1518 дугаартай орон сууц түрээслүүлэх гэрээ авагдсан. Энэ нь хавтаст хэргийн 3-р талд байна. Хавтаст хэргийн 29-р талд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа энэ түрээсийн төлбөр, ашиглалтын зардал алданги нэхэмжилсэн гэрээ бол хавтаст хэргийн 3-р талд авагдсан гэрээг үндэслэж нэхэж байгаа гэж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хавтаст хэргийн 29-р талд авагдсан түрээсийн гэрээг үзэхээр зэрэг Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа. Орон сууцны барилга байдаг юм байна. Үүнээс 36 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг түрээслүүлэн гэхдээ хугацаагүй ийм үндсэн гол нөхцөлөөр талууд тохирсон гэж ойлгосон. Энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах явцад тодорхой болох байх. Энэ гэрээний 5 дугаар зүйл дээр түрээсийн барьцаа гэж заалт орж ирсэн байдаг...Гэрээний 5.1-т 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 655,400 төгрөгийг төлнө. Ашиглалтын зардал нийтдээ 1,933,716 төгрөгийг төлсөн. Түрээсийн төлбөрт 3,399,050 төгрөгийг төлсөн гэдэг ийм төлбөрийн жагсаалт гаргаж өгсөн. Энэ нь 15 тоотод байрлах байгаа 39 м.кв 1 өрөө орон сууцыг албан чөлөөлөхийг даалгах гэсэн шаардлага гаргасан. Албан чөлөөлөхөөр гаргасан шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдож байгаа гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн уншихаар НОСК-ийн эзэмшилд байдаг. Тэгэхээр өмчлөгч нь хэн юм бэ, НОСК Сүхбаатар дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт байгаа. Энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн үү гэвэл мөн гэж гарч ирж байгаа... гэв

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НОСК нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан түрээсийн төлбөр ашиглалтын зардал 5 356 779 төгрөг, алданги 2 678 389 төгрөг нийт 8 035 169 төгрөг гаргуулж, гэрээг цуцалж, түрээсийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг, хариуцагч орон сууцыг түрээсээр эзэмшиж буй Ж.Д-тай уг орон сууцыг өмчлөх гэрээ байгуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус  гаргажээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч НОСК, хариуцагч Ж.Д нарын хооронд орон сууц түрээслүүлэх тухай гэрээ байгуулсан, тус гэрээгээр түрээсийн нэг сарын төлбөрийг 212 340 төгрөг байхаар тохиролцсон үйл баримтын талаар зохигч маргаангүй байна.

 

            Орон сууц түрээслүүлэх нэршилтэй гэрээ байгуулсныг үндэслэн хариуцагч Ж.Д нь түрээсийн зүйл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, хороонд байрлах орон сууцыг 2016 оны 11 сараас эхлэн эзэмшиж, амьдарсан, 2017 оноос эхлэн түрээсийн төлбөрийг төлж эхэлсэн гэж, нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг тооцон, үлдэгдэл зөрүүг гаргуулна гэж тодруулан тус тус тайлбарлаж байна.

 

            Хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15/18 дугаар орон сууц түрээслүүлэх тухай гэрээ авагдсан байх ба гэрээ зохигчдын хооронд байгуулагдаж, тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтаар түрээсийн сарын төлбөр 212 340 төгрөг байхаар, 6.4 дэх хэсэгт уг төлбөрийг сарын эхний 10 хоногийн дотор, цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан ашигласны төлбөр болон бусад ашиглалтын зардлын төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлөхөөр, хэрэв төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тус тус тохирчээ. /хх-ийн 3-9-р тал/

 

            Нэхэмжлэгч хариуцагчийг 2016 оны 11 дүгээр сараас хойш уг орон сууцанд амьдарсан, 2017 оны ашиглалтын зардлаа төлсөн, энэ талаар маргаангүй учир хэдийгээр хожим 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээг нөхөн байгуулсан ч 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээс, ашиглалтын үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж байна.

 

            Хариуцагч талаас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч байгууллагатай хугацаагүй, сар бүр зардал 50150 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу төлбөрийг төлж ирсэн гэж тайлбарлаж байх боловч уг гэрээ нь түрээслүүлэгч тал гарын үсэг зураагүй, зөвхөн хариуцагч гарын үсэг зурсан байгаа нь шүүх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэн, дүгнэх боломжгүй байна. /хх-ийн 29-35-р тал/

 

            Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн шинж зэргээс дүгнэн үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан “орон сууц хөлслөх” гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна.

 

Уг орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд мөн хуулийн 288, 289 дүгээр зүйлүүдэд хөлслөгч, хөлслүүлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг зохицуулжээ.

 

Хариуцагч Ж.Д нь орон сууц хөлслүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүрэг буюу гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтаар түрээсийн сарын төлбөр 212 340 төгрөг, 6.4 дэх хэсэгт зааснаар ашиглалтын зардлыг тус тус тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй байх тул шүүх хариуцагчийн нийт төлсөн дүнг тооцон үзэж, гүйцэтгээгүй үүрэг буюу үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан тайлбарлахдаа ... 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 36 сарын түрээс 7,644,240 төгрөг болсноос  хариуцагчийн төлсөн 2,974,378.6 төгрөгийг хасч 4 669 862 төгрөг болсон. Ашиглалт, цахилгаан 686 918 төгрөг болж нийтдээ 5,356,779.94 төгрөг, үүнээс алданги 50 хувь 2,678,389.94 төгрөгөөр тооцож нийт 8,035,169.91 төгрөгийн задаргаа тооцоо...-ны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тооцоолон бодож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 4 932 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 3 103 069,91 төгрөг гаргуулах, гэрээг цуцалж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох баримтаар гаргаж өгсөн тооцоолол, хариуцагчийн татгалзлаа нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн баримтуудыг шалгаж үзэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2017 оны төлөлт, баримтуудыг хаст тооцон үзэхэд хариуцагч түрээсийн төлбөрт нийт 3 399 058 төгрөгийг, ашиглалтын зардалд нийт 1 260 786 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн байна. /хх-ийн 11-13, 36-59, 178-183, 132-133-р тал/

 

Хариуцагч түрээсийн төлбөрт нийт 3 399 058 төгрөгийг, ашиглалтын зардалд нийт 1 933 716 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч шүүх хэрэгт цугларсан төлбөрийн баримтуудаас нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2017 оны төлбөрийн баримтуудыг хасч тооцоход 739 930 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй түрээсийн төлбөр нийт 7 644 240 төгрөгөөс хариуцагчийн баримтаар төлсөн 3 399 058 төгрөгийг хасч тооцоход 4 245 182 төгрөгийн үлдэгдэл байх бөгөөд түүн дээр ашиглалтын зардал 686 918 төгрөгийг нэмж нийт 4 932 100 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг гэрээ, хуульд зааснаар хариуцагч нь төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.6 дахь хэсэгт ...төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох...тухай тус тус заажээ.

 

Дээрх гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцээгүй, ямар дүнгээс тооцох талаар хуульд заасан шаардлагын дагуу тохиролцоогүй, нэхэмжлэгч хариуцагчийг ямар хугацаанаас, ямар хэмжээгээр үүргээ гүйцэтгээгүй гэж тооцоолсон болох нь ойлгомжгүй зэрэг байх тул алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно, мөн зүйлийн 294.4 дэх хэсэгт хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй, 294.6 дахь хэсэгт орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана гэж тус тус заасныг нэхэмжлэгч хангаагүй, гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлээгүй байх тул хуульд зааснаар гэрээг цуцалж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүх хангах боломжгүй, урьдач нөхцөл бүрдээгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд орон сууц өмчлөх эрх шилжүүлэх аливаа тохиролцоо, хэлцэл хийгдээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухрай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус заасны дагуу шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Д-аас гэрээний үүргийн төлбөр нийт 4 932 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НОСК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 103 069,91 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4, 294.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг цуцалж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Нэхэмжлэгч НОСК нь хуульд заасан журмын дагуу гэрээ цуцлах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай харилцаанд уг шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул орон сууцыг өмчлөх гэрээ байгуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 229 308 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93 863 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н. ГАНТУЯА