Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00128

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00485 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00523 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Г” ААТҮГ-т холбогдох,

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 142,709,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас хариуцагч “Г” ААТҮГ-т холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 142,709,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00485 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Г” ТӨААТҮГ-аас 142,709,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үлдэх 130,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,521,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 871,496 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00523 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00485 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Г” ААТҮГ-аас 90,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,709,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г” ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 130,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “С” ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэх заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, уг заалтад “871,496” гэснийг “607,950” гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 871,497 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.1 болон 172.2.3-т заасны дагуу гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээнд заасан нийт 270,850,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг 2022.10.14 болон 12-р сарын 07-ны өдрүүдэд хариуцагчид хүлээлгэж өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 7 дэх хэсэгт “ГЕН 3.9. Төлбөр төлөх хугацаа барааг нийлүүлж холбогдох мэргэжилтнүүд хүлээн авснаас хойш ажлын 10 өдөр байна.” гэж заасан боловч хариуцагч зохих хугацаанд төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн ба 2023.04.19 болон 2023.09.29-ний өдрүүдэд нийт 2 удаагийн гүйлгээгээр 80,850,000 төгрөг төлсөн. Ингээд нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 222 дугаар зүйл болон гэрээний холбогдох заалтыг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 190,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023.11.27-ны өдрөөр тооцон алдангид 77,441,800 төгрөг, нийт 267,441,800 төгрөгийг хариуцагчаас иргэний журмаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн ба энэ нь хуульд бүрэн нийцсэн.

Гэтэл магадлалын Хянавал хэсгийн 4-т “...анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэл гаргах үеийн байдлаарх хариуцагчийн гүйцэтгээгүй байсан үүрэг болох 190,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 82,709,250 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй байгааг залруулна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2023.12.28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024.01.19-ний өдөр 30,000,000 төгрөг төлснөөр түүний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 60,000,000 төгрөг болсон байна. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийн шаардлагыг хязгаарлаж алдангид 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, үдэх 52,709,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.” гэж дүгнэн Тогтоох хэсгийн 1-т “...“Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 242 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ... нэхэмжлэлийн үлдэх 52,709,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон.”

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд 9.4-т заасан аргаар хамгаалагддаг.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн үүрэг зөрчсөн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж жил гаруйн хугацаанд хүлээсний эцэст нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар алдангийг тооцоолсон. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд төлсөн төлбөрийн дүнгээр тооцон алдангийг бууруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэрэв бүх жишгийг үгүйсгэсэн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болвол шүүхийн практик, Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж, тайлбар зөрчигдөж, хариуцлагын зарчим үндсээрээ үгүй болохоор байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.05.22-ны өдрийн 001/ШХТ2024/00650 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Г” ААТҮГ-т холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 142,709,250 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “...“С” ХХК нь “Г” ААТҮГ-тай 208,150,000 төгрөгийн хөрөнгө бүхий XRF-ийн рентген хоолой, 52,900,000 төгрөгийн генератор болон детектор багц тоног төхөөрөмж, 9,800,000 үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэл гаргахаас өмнө 80,850,000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хойш 130,000,000 төгрөгийг төлсөн, гэрээний тусгай нөхцөл болон ерөнхий нөхцөлд гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсны дагуу алдангийг тооцсон, нэхэмжлэл гаргах үед үндсэн төлбөрийн үлдэгдэл 190,000,000 төгрөг байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 130,000,000 төгрөгийг төлсөн тул одоо гэрээний үндсэн үүрэгт 60,000,000 төгрөг, алданги 82,709,250 төгрөг, нийт 142,709,250 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд эвлэрэх саналтай байна гэжээ.

7. Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн тоног төхөөрөмжийн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу алданги тооцож, үндсэн зээлийн төлбөрт 190,000,000 төгрөг, алдангид 82,709,250 төгрөг, нийт 272,709,250 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

...Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийнн төлсөн 130,000,000 төгрөгийг нийт нэхэмжлэлийн дүнгээс хасч үлдэх 142,709,250 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байх ба хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаан дээр хариу тайлбар гаргаагүй байна.

...Иймд хариуцагчаас 190,000,000 төгрөгт ногдох хэмжээний алданги 82,709,250 төгрөг гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх гэрээний үндсэн үүрэгт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 130,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй болохоо илэрхийлсэн байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцээгүй. Иймээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлд үүргээ биелүүлээгүй тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргээс 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байна.

...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нийт 130,000,000 төгрөг төлснөөр түүний гүйцэтгээгүй үүргийн дүн 60,000,000 төгрөг болсон байна.

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар алдангийн шаардлагыг хязгаарлаж алдангид 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, үлдэх 52,709,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ...” гэж дүгнэн, хариуцагчаас 90,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 52,709,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 130,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

8. Дээр дурдснаар хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч хянан хэлэлцлээ.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

10. Зохигч 2022.06.17-ны өдрийн ... дугаартай Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 3 XRF-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээгээр 208,150,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн өдрийн ... дугаартай Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6  Генератор болон детектор нийлүүлэх 52,900,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ тус тус байгуулж, 2022.11.02-ны өдрийн ... дугаартай гэрээний нэмэлт Худалдах-худалдан авах гэрээгээр 9,800,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу худалдагч буюу нэхэмжлэгч эд хөрөнгийг хугацаанд нь нийлүүлсэн, худалдан авагч төлбөрийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн хүчин төгөлдөр талаарх дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Гэрээнд үүргээ гүйцэтгээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчөөгүй байна.

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.

13. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах 2023.11.27-ны өдрийн байдлаар худалдан авагч буюу хариуцагч “Г” ТӨҮГ худалдан авсан барааны үнээс 190,000,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байсан тул үндсэн төлбөр дээр гэрээгээр тохирсон алданги 82,709,250 төгрөгийн хамт нийт 272,709,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч нь гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 142,709,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өөрчилсөн байна.

14. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хууль хэрэглээний дараах алдааг гаргасан байна.

14.1. Хариуцагч нь үндсэн төлбөр 190,000,000 төгрөгөөс хэрэг шүүхэд хянагдах явцад 130,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр давж заалдах шатны шүүх үлдэгдэл төлбөрийг 60,000,000 төгрөг гэж дүгнэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг үндэслэн үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцож 30,000,000 төгрөг болох тул хариуцагчаас 90,000,000 /60,000,000+30,000,000/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 190,000,000 төгрөг, алданги 82,709,250 төгрөг, нийт 272,709,250 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дээрх төлбөрөөс 130,000,000 төгрөгийг төлсөн нь алдангийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй юм. Учир нь нэхэмжлэгч хариуцагчийн хугацаа нь өнгөрсөн гүйцэтгээгүй үүргээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар алдангийг тооцсон бөгөөд хэрэг шүүхэд хянагдах явцад төлбөр төлөгдөх нь анх гүйцэтгээгүй үүргээс тооцсон алдангийн дүнд хамаарахгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

14.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзсан бол түүнийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзнэ. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг алдангийн хамт хариуцагчаас шаардсан ба энэ нь 1-рт худалдах-худалдан авах гэрээний үүрэг, 2-рт алданги гэсэн хоёр үндсэн шаардлага байна гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  130,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 190,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг болгон багасгаж өөрчилсөн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 130,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан гэж дүгнэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

15. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч төлбөрийн зарим хэсгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг анх шаардсан хэмжээгээр тодорхойлж, нэхэмжлэгчийн багасгаж өөрчилсөн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь анх гаргасан 272,709,250 төгрөгийн нэхэмжлэлээ 130,000,000 төгрөгөөр багасгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг 142,709,250 төгрөг гэж тодорхойлно, шүүх хариуцагчаас 142,709,250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан гэж үзнэ, энэ үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хууль хэрэглээний алдааг залруулна.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй тул хяналтын шатны шүүхээс алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

17. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00523 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00485 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгох заалтын “115.2.2” гэснийг “115.2.1” гэж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Г” ААТҮГ-аас 142,709,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...56.2” гэснийг “...56.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З-н гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З-с 2024.04.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,496.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД