Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/01771

 

2021 оны 08 сарын 18 өдөр                             Дугаар 183/ШШ2021/01771                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ........... тоотод байрлах “Б” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. байранд байрлах “Д” ХХК /РД:0000000/-д холбогдох,

        ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59.076.447 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140.056.198 төгрөг, материалын зардалд илүү төлсөн 54.566.400 төгрөг, нийт 194.622.598 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,  хариуцагчийн өмгөөлөгч  О.М, О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гүйцэтгэх захирал Б.Э нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б ХХК нь Д ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 00000000/00 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Т аймгийн С сумын нутагт үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн талбайн газар шорооны ажлыг хийхээр болсон. Д ХХК нь тус хөл бөмбөгийн талбайн ажлын үндсэн гүйцэтгэгч буюу олон улсын хөл бөмбөгийн холбоотой гэрээтэй буюу санхүүжилт нь олон улсын хөл бөмбөгийн холбооноос байсан. Гэрээт ажлын нийт төлбөр нь 330.254.827 төгрөг байсан болно. Манай компанийн зүгээс хэдийгээр захиалагч төлбөр мөнгөө хоцроож, тохиролцсон тохиролцоогоо зөрчиж байсан ч цаг нартай шахуу ажил тул нөөц бололцоогоо дайчлан ажилласан. Улмаар ажил дуусаж, акт үйлдэж, тооцооны асуудлаа шийдвэрлэе гэхэд Д ХХК-ийн зүгээс татгалзаж эхэлсэн.  Тэдний зүгээс тухайн үед ямар ч үндэслэлгүйгээр ажлыг хүлээж  авах боломжгүй зэрэг албан бус тайлбар хэлж байсан. Гэхдээ хөл бөмбөгийн талбайг албан ёсоор хүлээлгэн өгсөн байдаг ба энэ нь хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдээр тухайн үед цацагдаж байлаа. Хэрэв манай ажил доголдолтой байсан бол энэхүү талбайг ашиглах боломжгүй, цаад үндсэн захиалагч нь ч хүлээж авах боломжгүй юм. Бидний зүгээс олон удаа албан тоотуудаар төлбөрийн үлдэгдлээ төлөхийг хүссэн боловч ямар нэгэн үр дүн гарсангүй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.5-д заасны дагуу Д ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 89.076.447 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцлагагүй, мэргэжлийн бус гүйцэтгэснээс дараах ажлын доголдол гарсан. Үүнд: 1. Хөл бөмбөгийн суурийн бүтцийг зураг төслийн дагуу өгөгдсөн орц, нормыг баримтлан хийгээгүйгээс хөл бөмбөгийн талбайн дадангийн зүүн урд буланд урт нь 7 метр, өргөн нь 4 метр зайтай талбайд суулт өгч, 5 метрийн өндөртэй даланд 4 метр урттай, 5-6 см өргөнтэй хагарал үүссэн. Мөн талбайн баруун талд 10 м урт 3 өргөнтэй замын хэсэгт 5-6 см-ын гүнтэй суулт үүссэн. Хөл бөмбөгийн талбайн суурийн ажлын хамгийн дээд үе болох 0-5 буталсан чулуун хольц, элсэн үеийн материалын орц, норм дутуу, тэгшилгээ хийгдээгүй доголдлыг тус тус гаргасан. Дээрх доголдол гарснаар суурийн ажлыг хүлээн авах, дараагийн шатны ажлыг  үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон. Ажил гүйцэтгэх гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу туслан гүйцэтгэгчид албан бичиг хүргүүлэн ажлыг доголдлыг яаралтай засахыг шаардсан боловч албан ёсны хариу өгөлгүй нэг сар хүлээлгэсэн. Д ХХК-ийн удирдлага үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцээд эхний ээлжид хугацаа алдалгүй шинэ найдвартай туслан гүйцэтгэгчтэй гэрээ хийж ажлыг яаралтай дуусган олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх, дараа нь Б ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний  7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хохирлоо нэхэмжлэн барагдуулахаар шийдвэрлэсэн болно. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйл, талуудын хооронд байгуулан ажил гүйцэтгэх гэрээний 7.1-т заасны дагуу суурийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140.056.198 төгрөг, төсөвт заасан боловч туслан гүйцэтгэгч хийгээгүй буталсан чулуун хольцын үнэ 54.566.400 төгрөг, нийт 194.622.598 төгрөгийг туслан гүйцэтгэгч Б ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Манайхаас үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь  ажлын доголдолтой холбоотой  бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй учир төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т аймгийн С суманд хөл бөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, гүйцэтгэж байсан боловч ажлыг доголдолтой гүйцэтгэж, бүрэн дуусгалгүй орхиж явсны улмаас манай компани уг ажлыг гүйцээн дуусгаж, доголдлыг засаж арилгасан байдаг. Б ХХК нь гэрээнд заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 ооны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөөгүй төдийгүй ажлын байранд ажиллах хүч, тоног төхөөрөмж байхгүй, орхин явсан байсан. Бидний зүгээс удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлага хүлээж аваагүй буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Б ХХК нь ажлыг гүйцэтгэхдээ дараах зөрчил, дутагдлыг гаргасан байдаг. Үүнд хөл бөмбөгийн суурийн бүтцийг зураг төслийн дагуу өгөгдсөн орц, нормыг баримтлан хийгээгүйгээс хөл бөмбөгийн талбайн дадангийн зүүн урд буланд урт нь 7 метр, өргөн нь 4 метр зайтай талбайд суулт өгч, 5 метрийн өндөртэй даланд 4 метр урттай, 5-6 см өргөнтэй хагарал үүссэн. Мөн талбайн баруун талд 10 м урт 3 өргөнтэй замын хэсэгт 5-6 см-ын гүнтэй суулт үүссэн. Хөл бөмбөгийн талбайн суурийн ажлын хамгийн дээд үе болох 0-5 буталсан чулуун хольц, элсэн үеийн материалын орц, норм дутуу, тэгшилгээ хийгдээгүй.  Дээрх доголдлыг засаж, хүлээлгэн өгөхийг бид удаа дараа шаардсан боловч шаардлага биелүүлээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 74/18 дугаар албан тоотыг  илгээж, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авч Б ХХК-ийн инженер Б.Ш талбай дээр ирж, манай компанийн  төлөөлөл болон  захиалагчийн хяналт хэрэгжүүлж байсан  этгээдийг байлцуулан ажлын чанарыг  шалгасан. Энэ талаар үйлдсэн акт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Уг шалгалтын үр дүнд дээр дурдсан доголдлууд илэрсэн болох нь тогтоогдсон төдийгүй гүйцэтгэгч компанийн инженерийн зүгээс  доголдлыг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч уг доголдлыг арилгаагүй бөгөөд мөн адил холбоо барилгүй алга болсон тул бил олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхийн тулд үүссэн доголдлыг арилгаж, ажлыг бүрэн гүйцэтгүүлэхээр өөр компанитай гэрээ байгуулж ажилласан байдаг. Доголдлыг арилгахдаа хагарал, суулт өгсөн хэсгийг хуулж, дахин цутгах, дутуу орхисон дээд үеийн хучилтыг цутгах, тэгшлэх гэх мэт ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хөлсөнд нийт 140.056.198 төгрөгийг М ХХК-д төлсөн. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын зураг төсөлт зааснаар гүйцэтгэгч нь хөл бөмбөгийн талбайг цутгахдаа хамгийн доод үе давхаргад энгийн хайрга бус том хэмжээтэй буталсан чулуун хольц буюу  хайрга асгаж цутгах үүрэгтэй. Энэ нь ажлын зураг төсөлд  тусгагдсан байгаа төдийгүй төсөвт мөн адил тусгагдсан байдаг. Гэтэл Б ХХК-аас бидэнд гарган өгсөн барилгын ажлын санхүүгийн тооцооноос харахад уг хайргыг хямд өртөгтэй энгийн хайргаар орлуулан хийсэн байгаа нь харагддаг төдийгүй ажлын доголдлыг засаж, талбайг тойруулан хашаа хатгахаар талбайн булангийн цэгүүдийг доош ухан үзэхэд хэрэглэвэл зохих том хэмжээний хайрга огт илрээгүй байдаг. Ажлын зураг төсөл, төсвөөс харахад 20-40 мм хэмжээтэй хайрганы нэгж үнийг 16000 төгрөг байхаар төсөвлөсөн бөгөөд гэрээний дагуу хийгдэх ажлын хэмжээ 3790 м3 байгаа бол Б ХХК-ийн гарган өгсөн тооцооноос харахад хийсэн ажлын хэмжээ нь 380 м3 байна. Тиймээс зөрүү болох 3410 м3 хэмжээтэй хайргыг огт ашиглаагүй буюу ажлыг гүйцэтгэхдээ ашиглавал зохих материалыг ашиглаагүй байна. Тиймээс ийнхүү ашиглаагүй материалын зөрүү төлбөр болох 54.566.400 төгрөгийг захиалагч буцаан шаардах эрхтэй.  Гэрээт ажлыг манай  компани Олон улсын хөл бөмбөгийн холбооны захиалгаар гүйцэтгэж байсан бөгөөд уг ажил нь олон улсын стандартад нийцсэн, чанарын өндөр төвшинд гүйцэтгэгдсэн байх ёстой гэдгийг гэрээ байгуулах үед Б ХХК-д удаа дараа сануулж, шаардлага тавьж байсан хэдий ч  тус компани зардал хэмнэх зорилгоор шаардлага хангасан хайргыг хэрэглээгүй, материалын орц дутуу хийсэн, ус зайлуулах системийг зохих шаардлагын дагуу тавиагүй, тэгшилгээ хийгээгүй зэрэг шалтгааны улмаас доголдол илэрч ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй байдалд хүргэсэн төдийгүй ажлаа бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөлгүй ажлын талбайг орхин явсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдах үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл, гэрээг ажил гүйцэтгэгч Б ХХК-ийн үүргийн зөрчлийн улмаас цуцалсан тул захиалагч буюу Д ХХК нь Иргэний хуулийн 352.2.2, 352.2.3 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд 140.056.198 төгрөг,  ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн материалын илүү зардалд 54.566.400 төгрөг, нийт 194.622.598 төгрөгийг Б ХХК-аас шаардах эрхтэй байна. Иймд Б ХХК-аас 194.622.598 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажилласан, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, хариуцагч байгууллага өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан, ажлын үр дүнтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй. Гэтэл Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өгсөн баримтууд нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх шаардлага хангаагүй, сүүлд нөхөж хийсэн болох нь туйлын ойлгомжтой байна. Учир нь Д ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр М ХХК-аас  ажил гүйцэтгүүлсэн гэх гэрээг сөрөг нэхэмжлэлтэй хамт шүүхэд өгсөн байдаг. Харин тус компанид төлбөр тооцоо төлсөн гэх баримтыг нөхөж буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн хэдэн төгрөгийн үнэлгээтэй, ажилладаг эсэх нь эргэлзээтэй автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн гэх баримтыг ирүүлсэн байна. 2018 онд ажил  гүйцэтгүүлсэн юм бол  яагаад өнөөдрийг хүртэл  төлбөр тооцоогоо хийгээгүй нь сонирхолтой. Мөн тухайн үед буюу гэрээт ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөх үед ямар нэг өөр байгууллагаар ажил гүйцэтгүүлэх талаар огт дурдаж байгаагүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан Д ХХК болон Б ХХК-ийн хооронд явсан албан бичгүүдэд огт дурдаагүй, харин төлбөр тооцоог хэрхэн хийх агуулга байдаг. Ус зайлуулах хоолойг өөрсдөө тавих ёстой. Манайх зөвхөн газар шорооны ажил гүйцэтгэсэн. Өөрсдөө ус зайлуулах хоолойг буруу тавьснаас болж суулт өгч хагарал үүссэн. Хяналт тавьж яваагүй бол дараагийн ажлууд хийгдэхгүй байсан. Бид зөвшөөрөл авч байж дараагийн  ажил хийж гүйцэтгэгдсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сард Олон улсын хөл бөмбөгийн холбоонд хүлээлгээд өгчихсөн байсан. Дутуу хийсэн гэж сүүлийн элсэн үеийг хэлээд байна. Энэ үе дээр зүлгэн үе явдаг. Захиалагчаас талбайг хүлээж авахдаа 0 градусын зөрүүтэй хүлээж авна гэж тохироогүй. Гэтэл ийм шаардлага тавьснаас бидний хооронд маргаан үүссэн. Иймд Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч О.М, О.Ц нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Б ХХК” нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх  гэрээний үүрэгт 89.076.447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Д” ХХК-иас  сөрөг нэхэмжлэл гаргаж, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140.056.198 төгрөг, материалын зардалд илүү төлсөн 54.566.400 төгрөг, нийт 194.622.598 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байх ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

            Зохигчдын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр №000000000/00 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж,  нэхэмжлэгч “Б” ХХК нь “Д” ХХК-ийн Т аймгийн С сумын нутагт барьж буй хөл бөмбөгийн талбайн газар шорооны ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх, хариуцагч “Д” ХХК нь ажлын хөлсөнд 330.254.827 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна. /1 хав, хуу-8-11/

            Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

            Хариуцагч “Д” ХХК нь гэрээнд заасан ажлын хөлс болох 330.254.827 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-д төлж, үлдэгдэл 89.076.447 төгрөгийг төлөөгүй байна.

          Нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний зүйл болох хөл бөмбөгийн талбайн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн боловч акт үйлдэж хүлээж авахаас татгалзсан атлаа цаад захиалагч болох Олон улсын хөл бөмбөгийн холбоонд  хөл бөмбөгийн талбайг хүлээлгэж өгсөн  байдаг. Хэрэв манай ажил доголдолтой бол энэхүү талбайг ашиглах боломжгүй, үндсэн захиалагч нь хүлээж авах боломжгүй байсан гэсэн үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 89.076.447 төгрөгийг “Д” ХХК-аас гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Д” ХХК-аас “Б” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, уг доголдлоо арилгах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

         Гэрээний зүйл болсон хөл бөмбөгийн  талбайн суурийн ажил нь 3 давхаргаас бүтэх ба эхний суурийн үе нь 20-40 мм-ийн хайрган үе, дараагийн суурийн үе нь 10-20 мм-ийн хайрган үе, сүүлийн суурийн үе нь 0-5 мм-ийн хайрган үетэй байхаар ажлын зурагт  заажээ. /1 хав, хуу-85-98/

            Нэхэмжлэгч “Б”ХХК нь хөл бөмбөгийн талбайн суурийн ажлын хамгийн сүүлийн 0-5мм-ийн хайрган үеийг хийж шалгуулахад нарийн тэгшилгээний хүлцэх алдааг 0 байлга гэсэн шаардлага тавьсныг хүлээн авч  засварлах ажлыг  2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийжээ.

            Гэвч хариуцагч “Д” ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 74/18 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай мэдэгдсэнээс хойш “Б” ХХК-аас нэмж ажил гүйцэтгээгүй байна. /1 хав, хуу-44/

         Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлын гүйцэтгэлийг хамтран хэмжиж, “Д” ХХК-аас ажлын чанар шалгасан акт үйлдэн ирүүлснийг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Э хүлээн зөвшөөрөөгүй учир гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

        Уг актад хөл бөмбөгийн талбайн зүүн урд буланд урт нь 7 метр, өргөн 4 метр хэсэгт суулт үүсэж, 5 метр өргөнтэй шороон далангийн хэсэгт 5-6 см өргөнтэй хагарал үүссэн, бордюр, явган замын хавтан 5-6 см доош суусан, мөн талбайн зүүн хэсэгт 10 метр урт, 3 метр өргөн талбайд суулт үүссэн байна. Дээрх суулт, хагаралтай талбайн хэсэг улам өргөсөж нуралт үүсэх магадлалтай гэж дүгнэжээ.

     Гэвч энэхүү доголдол үүссэн нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь тогтоогдохгүй, хариуцагчаас ус зайлуулах хоолойг буруу суурилуулснаас талбайд суулт үүсэж, хагарал явагдсан гэж тайлбарлаж байна.

            Маргаан бүхий хөл бөмбөгийн талбайд суулт үүсэж, хагарал явагдсан нь ажлын гүйцэтгэлээс шалтгаалсан, эсхүл ус зайлуулах хоолойг буруу угсарснаас болсон эсэхийг хамтран тогтоож техникийн дүгнэлт үйлдээгүй атлаа бие биеэ буруутгасан нь үндэслэлгүй юм.            

      Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг нь хөл бөмбөгийн талбайн суурийн газар шорооны ажил байх бөгөөд гэрээгээр тохиролцоогүй ус зайлуулах хоолойн ажлыг гүйцэтгэснээс үүсэх хариуцлагыг захиалагч “Д” ХХК хариуцна.

        Мөн хөл бөмбөгийн талбайн суурийн ажлын 0-5мм-ийн хайрган үеийн тэгшилгээ ямар байх талаар гэрээгээр тохиролцоогүй тул нарийн тэгшилгээний хүлцэх алдааг 0  байхаар шаардаж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч акт үйлдээгүй нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

Гэрч Д.Д, С.У нар нь “...”Д” ХХК нь 2019 оны 7 дугаар сард буюу наадмаар энэ ажлыг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч ажиллах хүнгүй, шороо ачих машингүй байсан учир газар тэгшлэх ажил нь дуусаагүй, тухайн талбайг хэмжиж үзэхээр  маш зөрүүтэй,  далий муруй,  шаардлага хангахгүй байсан. Б ХХК-ийн инженер Ш болон Отгоо нар нь  2019 оны 8 дугаар сарын сүүлээр ажлаа дуусгаагүй явсан учир Д ХХК-ийн зүгээс  мэргэжлийн хүмүүс авчирч газрыг тэгшлүүлсэн...” гэж мэдүүлж байгаа боловч дээрх гэрчүүд нь 2019 оны 11 дүгээр сард хөл бөмбөгийн талбайн сахиулаар ажилд орсон гэсэн атлаа, 2018 онд 6 дугаар сард гэртээ ирэхэд хөл бөмбөгийн талбайн газар шорооны ажил эхэлсэн байсан мэтээр зөрүүтэй мэдүүлж байгаа, мөн  хариуцагч “Д” ХХК-ийн барьж байгуулсан хөл бөмбөгийн талбайн манаачаар ажиллаж байсан тул хариуцагчтай нэг ашиг сонирхолтой гэж үзэж тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно. /1 хав, хуу-216-217/

Иймд хариуцагч “Д” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 89.076.447 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-нд төлөх үндэслэлтэй гэж үзэв.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээгээр тохирсон Т аймгийн С сумын нутагт байрлах хөл бөмбөгийн талбайн суурийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гүйцэтгэсэн ажилд 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шалгалтаар “хөл бөмбөгийн талбайн зүүн урд буланд урт нь 7 метр, өргөн 4 метр хэсэгт суулт үүсэж, 5 метр өргөнтэй шороон далангийн хэсэгт 5-6 см өргөнтэй хагарал үүссэн, бордюр, явган замын хавтан 5-6 см доош суусан, мөн талбайн зүүн хэсэгт 10 метр урт, 3 метр өргөн талбайд суулт үүссэн” доголдол үүссэн  болох нь зохигчдын тайлбар, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ажлын чанар шалгасан актаар тогтоогдож байна. /1 хав, хуу-43/

Нэхэмжлэгч “Б” ХХК нь уг доголдлыг арилгаагүй тул хариуцагч “Д” ХХК нь дээрх доголдлыг арилгахаар “М” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1842.8 м3 талбайд 10-20 мм хайрган үе  хийх, 1189.5 м3 талбайд 0-5 хайрган үе хийх, 312 м.кв талбайд хажуу налуу тэгшлэх, шуудуу байгуулах ажлыг 140.056.195 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна. /1 хав, хуу-39-42/

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагчийн хяналт дор хийж гүйцэтгэсэн байх ба ажлыг гүйцэтгэх явцад дээрх доголдол илрээгүй бөгөөд тухайн доголдол ямар шалтгааны улмаас үүссэн нь тодорхойгүй байна.

2018 оны 10-11 дүгээр сард зохигчдын бие биедээ явуулсан мэдэгдэл, мэдэгдлийн хариу албан бичиг зэргээс үзэхэд дээрх доголдлын талаар дурдаагүй, харин ажил гүйцэтгэх гэрээний 6.1, 6.2-т зааснаар шаардлага хангасан ил, палд ажлын тайлан, ажил хүлээлцэх актаа гарган ирүүлэх талаар мэдэгдэж байсан байна. /1 хав, хуу-12-21, 24-30/

Хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 77/18 дугаартай албан бичгээр дээрх доголдлын талаар тайлбар ирүүлэхийг шаардсан атлаа доголдол  үүссэн шалтгаан нөхцөлийг тогтоож, хэрхэн арилгах талаар гүйцэтгэгчтэй зөвшилцөлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “М” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 10-20 мм хайрган үе, 0-5 мм хайрган үе, хажуу налуу тэгшлэх, шуудуу байгуулах ажлыг гүйцэтгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ажил хүлээлцэх актаар хүлээж авсан байх тул захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгаж, түүнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхгүй болжээ.

            Харин хариуцагчаас ус зайлуулах хоолойг буруу суурилуулснаас талбайд суулт үүсэж, хагарал явагдсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбоогүй байх тул дээрх доголдлыг арилгасантай холбоотой зардлаа нэхэмжлэгч “Б” ХХК-аас шаардах эрхгүй.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Б” ХХК нь хөл бөмбөгийн талбайн суурийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба гадаргуугийн ус зайлуулах байгууламжийг буруу суурилуулснаас үүссэн доголдлыг хариуцах үндэслэлгүй.

            Иймд хариуцагч “Д” ХХК-ийн  гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140.056.198 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Мөн хариуцагч “Д” ХХК-аас хөл бөмбөгийн талбайн хамгийн доод давхаргад 3790.4м3 20-40 мм хайрган үе хийх ажлыг дутуу хийж, зөвхөн 380 м3  талбайд 20-40 мм хайрган үе хийсэн гэсэн үндэслэлээр хийгдээгүй 3410.4м3 талбайд орох материалын зардал 54.566.400 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-аас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

            Учир нь нэхэмжлэгч “Б” ХХК нь суурийн ажилд хэрэглэх буталсан чулуу, хайргыг лабораторийн шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулсны үндсэн дээр суурийн ажилд хэрэглэж, суурийн тэгшилгээ, нягтруулалт,суурийн даацыг шалгахад захиалагчаас хяналт тавин ажиллаж байсан байна.

            Гэтэл гүйцэтгэгчийн “С” ХХК-аас 20-40 мм-ийн хайрга 380 м3-г  авсан гэх баримтыг үндэслэн тухайн талбайд 20-40 мм-ын хайрга 380 м3-г ашигласан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд тухайн талбайн суурийг бүхэлд нь  хуулж, үе шат бүрд хэрэглэсэн буталсан чулуу, хайрганы орцыг тогтоох боломжтой юм. /1 хав, хуу-47, 53/

            Хариуцагчаас тухайн талбайд хашаа барихаар шон ухахад 20-40 мм-ын хайрга гарч ирээгүй нь дээрх байдлыг шууд нотлохгүй. /1 хав, хуу-123-129/

            Иймд хариуцагчийн материалын зардалд илүү төлсөн 54.566.400 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-аас гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603.332 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.130.070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 603.322 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 89.076.447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140.056.198 төгрөг, материалын зардалд илүү төлсөн 54.566.400 төгрөг, нийт 194.622.598 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603.332 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.130.070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 603.332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР