Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01738

 

 

 

 

 

 

 

 

 

Б э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б э ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89 076 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-ийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140 056 198 төгрөг, материалын зардалд илүү төлсөн 54 566 400 төгрөг, нийт 194 622 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бор, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхзул, О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20180426/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн талбайн газар шорооны ажлыг 330 254 827 төгрөгөөр гүйцэтгэх болсон. Ажлаа дуусгаж, акт үйлдэж, тооцооны асуудлаа шийдвэрлэх гэхэд Д ХХК-ийн зүгээс татгалзсан. Гэхдээ хөл бөмбөгийн талбайг албан ёсоор хүлээлгэн өгсөн. Хэрэв ажил доголдолтой байсан бол талбайг ашиглах боломжгүй. Бидний зүгээс удаа дараа төлбөрийн үлдэгдлээ төлөхийг хүссэн боловч ямар нэгэн үр дүн гарсангүй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.5-д заасны дагуу үлдэгдэл төлбөр 89 076 447 төгрөгийг Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б э ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцлагагүй, мэргэжлийн бус гүйцэтгэснээс дараах ажлын доголдол гарсан. Хөл бөмбөгийн суурийн бүтцийг зураг төслийн дагуу өгөгдсөн орц, нормын дагуу хийгээгүйгээс хөл бөмбөгийн талбайн далангийн зүүн урд буланд урт нь 7 метр, өргөн нь 4 метр зайтай талбайд суулт өгч, 5 метрийн өндөртэй даланд 4 метр урттай 5-6 см өргөнтэй хагарал үүссэн. Уг хэсгийн бордюр болон явган замын хавтан 5-6 см гүнтэй доош суусан. Мөн талбайн баруун талд 10 метр урт 3 метр өргөнтэй замын хэсэгт 5-6 см.н гүнтэй суулт үүссэн. Хөл бөмбөгийн талбайн суурийн ажлын хамгийн дээд үе болох 0-5 буталсан чулуун хольц, элсэн үеийн материалын орц, норм дутуу, тэгшилгээ хийгдээгүй доголдлыг тус тус гаргасан. Дээрх доголдол гарснаар суурийн ажлыг хүлээн авах, дараагийн шатны ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон. Ажил гүйцэтгэх гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу туслан гүйцэтгэгчид албан бичиг хүргүүлэн ажлын доголдлыг яаралтай засахыг шаардсан боловч албан ёсны хариу өгөлгүй нэг сар хүлээлгэсэн. Д ХХК-ийн удирдлага үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцээд эхний ээлжид хугацаа алдалгүй шинэ найдвартай туслан гүйцэтгэгчтэй гэрээ хийж ажлыг яаралтай дуусган Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх, дараа нь Б э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хохирлоо нэхэмжлэн барагдуулахаар шийдвэрлэсэн болно. Манайхаас үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь ажлын доголдолтой холбоотой бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй учир төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлыг доголдолтой гүйцэтгэж, бүрэн дуусгалгүй орхиж явсны улмаас манай компани уг ажлыг гүйцээн дуусгаж, доголдлыг засаж арилгасан. Б э ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ажлыг хүлээлгэн өгөөгүй буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б э ХХК нь ажлыг гүйцэтгэхдээ зөрчил, дутагдал гаргасан. Дээрх доголдлыг засаж, хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлага биелүүлээгүй тул 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 74/18 дугаар албан тоотыг илгээж, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авч компанийн удирдлагыг байлцуулан ажлын чанарыг шалгасан талаар үйлдсэн акт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг шалгалтаар доголдлууд илэрсэн болох нь тогтоогдсон төдийгүй гүйцэтгэгч компанийн инженерийн зүгээс доголдлыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч доголдлыг арилгаагүй бөгөөд ажлыг бүрэн гүйцэтгүүлэхээр өөр компанитай гэрээ байгуулж, доголдлыг арилгахдаа ажлын хөлсөнд нийт 140 056 198 төгрөгийг Монгол помп бюлдинг ХХК-д төлсөн. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын зураг төсөлд зааснаар гүйцэтгэгч нь хөл бөмбөгийн талбайг цутгахдаа хамгийн доод үе давхаргад энгийн хайрга бус том хэмжээтэй буталсан чулуун хольц буюу хайрга асгаж цутгах үүрэгтэй. Энэ нь ажлын зураг төсөл болон төсөвт тусгагдсан. Гэтэл Б э ХХК-аас гаргасан барилгын ажлын санхүүгийн тооцооноос харахад уг хайргыг хямд өртөгтэй энгийн хайргаар орлуулан хийсэн байгаа нь харагддаг, төдийгүй ажлын доголдлыг засаж, талбайг тойруулан хашаа хатгахаар талбайн булангийн цэгүүдийг доош ухан үзэхэд хэрэглэвэл зохих том хэмжээний хайрга огт илрээгүй. Ажлын зураг төсөл, төсвөөс харахад 20-40 мм хэмжээтэй хайрганы нэгж үнийг 16 000 төгрөг байхаар төсөвлөсөн бөгөөд гэрээний дагуу хийгдэх ажлын хэмжээ 3 790 м.куб буюу хийсэн ажлын хэмжээ нь 380 м.куб байна. Зөрүү болох 3 410 м.куб хэмжээтэй хайргыг огт ашиглаагүй. Иймээс ашиглаагүй материалын зөрүү төлбөр болох 54 566 400 төгрөгийг захиалагч буцаан шаардах эрхтэй. Гэрээт ажлыг шаардлага хангасан хайргыг хэрэглээгүй, материалын орц дутуу хийсэн, ус зайлуулах системийг зохих шаардлагын дагуу тавиагүй, тэгшилгээ хийгээгүй зэрэг шалтгааны улмаас доголдол илэрч ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй байдалд хүргэсэн төдийгүй ажлаа бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөлгүй ажлын талбайг орхин явсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдах үндэслэл болсон. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3-т зааснаар гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140 056 198 төгрөг, материалын зардалд илүү төлсөн 54 566 400 төгрөг, нийт 194 622 598 төгрөгийг туслан гүйцэтгэгч Б э ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өгсөн баримтууд нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх шаардлага хангаагүй, сүүлд нөхөж буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн хэдэн төгрөгийн үнэлгээтэй ажилладаг эсэх нь эргэлзээтэй автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн гэх баримтыг ирүүлсэн байна. Гэрээт ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөх үед ямар нэг өөр байгууллагаар ажил гүйцэтгүүлэх талаар огт дурдаагүй. Харин төлбөр тооцоог хэрхэн хийх агуулга байдаг. Ус зайлуулах хоолойг өөрсдөө тавих ёстой. Манайх зөвхөн газар шорооны ажил гүйцэтгэсэн. Өөрсдөө ус зайлуулах хоолойг буруу тавьснаас болж суулт өгч хагарал үүссэн. Хяналт тавьж яваагүй бол дараагийн ажлууд хийгдэхгүй байсан. 2018 оны 10 дугаар сард Олон улсын хөл бөмбөгийн холбоонд хүлээлгэж өгсөн. Дутуу хийсэн гэж сүүлийн элсэн үеийг хэлж байна. Энэ үе дээр зүлгэн үе явдаг, захиалагчаас талбайг хүлээж авахдаа 0 градусын зөрүүтэй хүлээж авна гэж тохироогүй. Гэтэл ийм шаардлага тавьснаас бидний хооронд маргаан үүссэн. Иймд Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДХХК-аас 89.076.447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б э ХХК-д олгож, хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140.056.198 төгрөг, материалын зардалд илүү төлсөн 54.566.400 төгрөг, нийт 194.622.598 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603.332 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.130.070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 603.332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх уг хэргийн нөхцөл байдлыг ойлгосон эсэх, хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн эсэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч нарыг гэрчийн мэдүүлэг өгч, тэдний мэдүүлгийг сонссон мэтээр шийдвэртээ дурдаж байгаагаас үзэхэд тухайн хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлгож, хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шударгаар, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Ажил гүйцэтгэгчийн зүгээс хангалттай ажиллах хүчин, техник тоног төхөөрөмжгүй байсан нь ажил гүйцэтгэх хугацаа зөрчигдсөн, ажлын гүйцэтгэлд доголдол гарсны үндсэн шалтгаан юм. Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь түүний шүүхэд гаргасан тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтаас нь тодорхой харагддаг. Гэтэл шүүхээс түүнийг зохих ёсоор үүргээ биелүүлж байхад нь хариуцагчаас үндэслэлгүйгээр гэрээгээ цуцалсан мэтээр үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт болох зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ аль талын үүргийн зөрчлөөс болж цуцлагдсан, ийнхүү гэрээ цуцлагдсанд аль тал нь гэм буруутай болохыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй, хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх дээрх актыг зөвхөн Д ХХК-аас дангаар үйлдсэн мэтээр буруу ойлгож бичсэн байх ба уг актыг захиалагч, ажил гүйцэтгэгч нар хамтран үйлдсэн. Түүнчлэн гүйцэтгэгч байгууллагын захирал Д.Энхбат энэ актад гарын үсэг зураагүй нь ажлын талбайд өдөр тутам ажилласан гүйцэтгэгч компанийн инженер Б.Ширэндэвийн зүгээс тухайн үед гэрээт ажилд доголдол үүссэн гэдгийг баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажлын чанар шалгасан акт нь хүчин төгөлдөр болно. Гэрээний 5.1 дэх хэсэгт заасан ажлын зурагт тухайн хөл бөмбөгийн талбайн ажлын нэг бүрдэл хэсэг нь ус зайлуулах хоолой суурилуулах ажил, үүнийг хийж гүйцэтгэх нь нэхэмжлэгчийн үүрэг болох нь хангалттай, тодорхой харагдаж байна. Гэтэл үүнийг гэрээгээр тохиролцоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Гүйцэтгэгч нь гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээт ажлыг норм, стандарт, технологи, техникийн нөхцөлийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд Монгол Улсын MNS 6542 : 2015 стандартад нийцүүлж хөл бөмбөгийн талбайн суурийн ажпын 0-5 мм-ийн хайрган үеийн нарийн тэгшилгээг хийх үүрэгтэй байсан. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар тогтоолоор тус MNS 6542:2015 стандартыг баталсан ба энэхүү стандартын нормативын шаардлагыг заавал мөрдөхөөр заасан. Гэрээ байгуулах үөд захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид дээрх стандартын талаар удаа дараа мэдэгдэж байсан. Энэхүү стандартыг шүүхээс шинжлэн судалж, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Гэрч Д.Дэлгэрсүрэн, С.Ундрах-Эрдэнэ нарын мэдүүлгийг шүүх үндэслэлгүй дүгнэсэн. Гэрч нар хариуцагч Д ХХК-ийн барьж байгуулсан хөл бөмбөгийн талбайн манаачаар ажиллаж байсан тул хариуцагчтай нэг ашиг сонирхолтой гэж дурдсан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан журмын дагуу дээрх иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэд мэдүүлэг авч болохгүй этгээдүүд биш тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь хууль бус байна. Түүнчлэн хариуцагч нь дээрх нэр бүхий иргэдийг ажилд авч ажиллуулж байгаагүй ба харин тэдний ажил олгогч этгээд нь Монголын Хөл бөмбөгийн Холбоо байсныг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй боловч бүрэн хийж гүйцэтгэсэн мэтээр шүүхэд хандаж, үлдэгдэл төлбөр шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь ажлаа бүрэн дуусгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Талбайн ажил хүлээлцсэн тухай акт гэх 1 хавтас бүхий баримт, бичгийг тэрээр нэг ч удаа нэхэмжлэгчид үзүүлж харуулж танилцуулж байсан удаа байхгүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрсдийгөө ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн мэтээр харуулахын тулд дангаараа үйлдсэн баримт юм. Гэрээт ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг мөртлөө ажлын гүйцэтгэлийг 100 хувиар тооцож, үлдэгдэл төлбөр нэхэмжилж, түүнийг нь шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй Учир нь ажлын зургийн дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо нотолж чаддаггүй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар гүйцэтгэгч нь З 410.4 м.куб талбайд 20-40 мм-ийн хайрган үе хийж гүйцэтгээгүй болох нь хангалттай нотлогдсон боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүнийг харгалзан үзэлгүй, тухайн талбайн суурийг бүхэлд нь хуулж, үе бүрээр нь тогтоосон нотлох баримт шаардлагатай байсан талаар дурдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэв шүүхээс ингэж дүгнэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдсан үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ёстой байсан гэж үзэж байна. Шинээр нотлох баримт шаардагдаж шүүх хуралдаан хойшилсон бол хариуцагчийн зүгээс шаардлагатай баримтыг гаргаж өгөх буюу түүнийг бүрдүүлэх, үзлэг, шинжилгээ хийлгэх гэх мэт хуульд заасан холбогдох хүсэлтийг гаргах бүрэн боломжтой байсан. Хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны явцад гар утаст үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гомдол гаргах эрхгүй гарсан тул тухайн үед хариуцагч талаас гомдол гаргаж чадаагүй. Ийнхүү анхан шатны шүүхээс үзлэг хийх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл бий болсон гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж зохих шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б э ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 89 076 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /1хх1-2/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч /1хх 37-38/ нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 140 056 198 төгрөг, материалын зардалд илүү төлсөн 54 566 400 төгрөг, нийт 194 622 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /1хх 100-102/ нэхэмжлэгч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 137-138/

 

Талууд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Б э ХХК нь өөрийн ажиллах хүч, техник тоног, төхөөрөмжийг ашиглан Төв аймаг, Сэргэлэн суманд Хөл бөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын шаардлага хангасан үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан ажлын хөлс төлөх үүргийг тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 1.3, 2.2-т Газар шорооны ажлыг 45 хоногийн хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 330 254 827 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэх нөхцлийг тодорхойлон тусгасан байна. /хх 8-11/

 

Нэхэмжлэгч Б э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээрх гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн боловч захиалагч Д ХХК ажлыг хүлээж авахгүй, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан... гэж тайлбарласан бол хариуцагч нь ...гүйцэтгэгч Б э ХХК гэрээнд заасан ажлыг дутуу, доголдолтой гүйцэтгэснийг Монгол помп бюлдинг ХХК-аар дутуу ажлыг бүрэн болгож, доголдлыг арилгуулсан, үүнтэй холбоотой гарсан хохирлыг барагдуулна... гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтад хамааралтай нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хэмжээ, чанартай холбоотой нөхцөл байдлыг тодруулаагүйн улмаас энэхүү иргэний хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарын доголдолтой байсан талаар гэрэл зургуудыг хэрэгт хавсаргаж, уг гэрэл зургууд байгаа Д ХХК-ийн захирлын гар утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг /1хх 122-132, 250-2хх7/ шүүх хангахаас татгалзсан талаар тухайн өдрийн буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх хуралдааны тэмдэглэл-д тусгасан байх боловч /2хх 6-7/ уг хүсэлтийг ямар үндэслэлээр хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2021/06770 дугаар Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжид хариуцагч талаас гаргасан дээрх үзлэг хийлгэх тухай хүсэлтийг дурдаагүй, шийдвэрлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан зөрчилд хамаарч байна.

 

Түүнчлэн хэргийн 1 дүгээр хавтас, 43 дах талд авагдсан нэхэмжлэгч компанийн инженер болон хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтнууд оролцож, гарын үсэг зурж үйлдсэн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Ажлын чанар шалгасан акт, үүний дараа нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн дутуу ажлыг хийлгэхээр хариуцагч Д ХХК-ийн зүгээс Монгол помп бюлдинг ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ, уг гэрээний дагуу Монгол помп бюлдинг ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Д ХХК хүлээн авсан талаарх ажил хүлээлцсэн акт /1хх111-112/ гэсэн баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үнэлж, тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарын асуудлын талаар тодруулах шаардлагатай. Иймд уг хугацаанд хөл бөмбөгийн талбайн байдлын талаар авсан гэх гэрэл зургийг гар утаснаас үзлэг хийлгүүлж бэхжүүлэх талаар хэргийн оролцогчийн хүсэлт ач холбогдолтой байж болно.

 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн гэрч Д.Дэлгэрсүрэн, С.Ундрах-Эрдэнэ нарын мэдүүлгийг /1хх219-220/ ...хариуцагчийн барьж байгуулсан хөл бөмбөгийн талбайн манаачаар ажиллаж байсан тул хариуцагчтай нэг ашиг сонирхолтой гэж үзэж тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн гэрчүүд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн, баталгаа гаргасан байх бөгөөд үүний дараа худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх талаар хууль тайлбарласан баримтад гарын үсэг зурснаар мэдүүлэг өгсөн байна. /1хх221/ Энэ тохиолдолд эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй үндэслэл тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр тохиролцоогүй ажил хийх талаар шаардсан гэх тайлбар гаргаж, талууд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үр дүнгийн талаар маргаж байгаа тохиолдолд шүүх уг гэрээний 1.3-т заасан Газар шорооны ажлыг 45 хоногийн хугацаанд 330 254 827 төгрөгөөр гүйцэтгэх талаарх нөхцлийг хэргийн 1 дүгээр хавтас 85-98 дахь талд авагдсан Төв аймаг, Сэргэлэн сум, Хөл бөмбөгийн талбайн ажлын зураг-тай харьцуулан аль хэсэгт ямар ажил хийгдэх ёстой байсан гэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол помп бюлдинг ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь нэхэмжлэгч Б э ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажилтай давхацсан эсэх, Газар шорооны ажил гэсэн ажлын хүрээнд хамаарах зүйлийг тодруулах учиртай.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын маргаан бүхий үйл баримтыг тогтоох, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тодорхойлох боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01771 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 734 396 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ЦОГТСАЙХАН