| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/01038/И |
| Дугаар | 183/ШШ2021/01982 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/01982
2021 оны 09 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/01982 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .................... тоотод байрлах “Т” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух Б овогт Г.М /РД:00000000/-д холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 788.360 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээ авч, үйл ажиллагаа явуулж байна. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, өмчлөгч дангаар болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ,салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасны дагуу нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. Т СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Т СӨХ-ны төлбөрийг хог-2800, лифт 4000 төгрөг, цэвэрлэгээ 3500 төгрөг, жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв 200 төгрөг, дундын гэрэл 1000 төгрөг байхаар баталгаажуулсан. Үүнээс өмнө жижүүрийн төлбөрийг 10000 төгрөгөөр тооцож байсныг уг тогтоолоор 5000 төгрөг болгон бууруулсан. Тус СӨХ нь байгуулагдсан цагаас эхлэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-нд баталсан жишиг үнийн хамгийн доод хэмжээгээр тогтоож, оршин суугчдаас төлбөрийг авсаар ирсэн. Гэтэл 00в байрны 00 тоот байрны өмчлөгч Г.М нь дээрх хуульд заасан СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардалд сар бүр төлбөл ёстой төлбөрөө 2018 оны 7 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг дуустал нийт 32 сарын хугацаанд төлөөгүй, энэ нь хуримтлагдсаар 788.360 төгрөг болсон байна. Дээрх хуулиудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдэж байгаа боловч төлбөрөө төлөхийг өнөөдрийг хүртэл төлөөгүйн улмаас СӨХ-ны үйл ажиллагаанд саад учирч татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орж, бусад сууц өмчлөгчид СӨХ-оос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй байх нөхцөл үүсэж байгаа болно. Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд төлөх ёстой 788.360 төгрөгийг Г.М-гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.М-гийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т СӨХ-оос 788.360 төгрөгийг хариуцагч Г.М-гоос гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Г.М нь Т хотхоны 00В байрны 00 тоот орон сууцыг анх ашиглалтад орсон үеэс хойш өнөөг хүртэл хууль ёсны өмчлөгчөөр байсаар ирсэн билээ. СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн бөгөөд 2017 оны хавар миний машиныг авто зогсоол дээр байх үед чулуугаар зурж, сараачин сэвтүүлсэн байсныг СӨХ-ны камер ажиллахгүй, харуул нь хайхрамжгүйгээс тодруулж чадалгүй нийт 650.000 төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. СӨХ-оос тогтоосон төлбөрийн тарифыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Т хотхоны бүх гишүүдийн хурал зарлагдсан боловч хурлын ирц хуульд заасан хувьд хүрээгүй байхад Удирдах зөвлөлийн гишүүд гэх нэр бүхий этгээдүүд хүчээр төлбөрийн тарифыг өндөр тогтоосон юм. Хүчээр тогтоосон төлбөрийн тарифаар миний орон сууцны СӨХ-ны төлбөрийг сар бүр худал, илүү нэмэгдэлтэй бичиж нэхэмжилдэг ба энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэтэл шийдвэрлэх хүн, миний үгийг хүлээж авах хүн байхгүйгээс маргаан үүсэж өнөөдрийн нөхцөл байдал бий болоод байгаа билээ. Иймд Т СӨХ-оос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч “Т” СӨХ нь хариуцагч Г.М-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 788.360 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 616.210 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 172.150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн .............. В байр нь “Т” СӨХ-нд харъяалагддаг бөгөөд тус 00в байрны 00 тоот хаягт байрлах 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь хариуцагч Г.М болох нь зохигчдын тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, орон сууцны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Г.М нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба 2018 оны 7 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.
“Т” СӨХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 тоот тогтоолоор СӨХ-ны дундын өмчийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, нийт айл өрхөөс сард ашигтай талбайгаас 1 м.кв талбайд 200 төгрөг, хог 2800 төгрөг, лифт 4000 төгрөг, цэвэрлэгээ 3500 төгрөг, жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, дундын гэрэл 1000 төгрөг тус тус тооцон авахаар шийдвэрлэсний дагуу тооцоход хариуцагчийн 1 сард төлөх төлбөр 24.030 төгрөг байна.
Ийнхүү шийдвэрлэхээс өмнө Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлөөс баталсан жишиг үнийн доод хэмжээгээр тооцон засвар үйлчилгээг 1 м.кв талбайд 200 төгрөг, хог 2800 төгрөг, лифт 400 төгрөг, цэвэрлэгээ 3500 төгрөг, жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, дундын гэрэл 1000 төгрөг тус тус байхаар тооцон хариуцагчаас нийт 29.030 төгрөгийг тооцон авч байжээ.
Харин 2020 оны 12 дугаар сард Монгол Улсын засгийн газраас нийт айл өрхийн цахилгаан эрчим хүч, хогны мөнгийг чөлөөлж, төлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хогны мөнгө 2800 төгрөгийг хасаж, хариуцагчаас 2021 оны 1 дүгээр сараас эхлэн сард 21.230 төгрөгийн төлбөр нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч “Т” СӨХ-оос дээрх Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлөөс баталсан жишиг үнэ болон “Т” СӨХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 тоот тогтоол, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан эрчим хүч болон хогны төлбөрийг төр хариуцах тухай Засгийн газрын тогтоолын дагуу хариуцагч Г.М-гоос 2018 оны 7 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 788.360 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Г.М нь дээрх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоосон “Т” СӨХ-ны бүх гишүүдийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурал нь ирцдээ хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй атал Удирдах зөвлөлийн гишүүд нь хуралдсан мэтээр төлбөр тогтоосон тогтоол үйлдэж, ирцийн баримтыг сүүлд айлуудаар явуулж зуруулан тул төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь хариуцагч Г.М нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй тул түүнээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ.
Гэвч нэхэмжлэгч “Т” СӨХ-ны бүх гишүүдийн хурал нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоосон байх тул ийнхүү тогтоохоос өмнөх буюу 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй.
Мөн “Т” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд хурлын гишүүд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ дундын гэрэл 1000 төгрөг авахаар заагаагүй атал “Т” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 тогтоолоор бүх гишүүдийн ээлжит хурлын шийдвэрийг батлахдаа дундын гэрлийн зардалд 1000 төгрөг байхаар тогтоосны дагуу уг төлбөрийг сууц өмчлөгчдөөс нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Г.М нь өөрийн 37.9 м.кв талбай бүхий орон сууцны засвар үйлчилгээг 1 м.кв талбайд 200 төгрөгөөр тооцон 7580 төгрөг, хог 2800 төгрөг, лифт 4000 төгрөг, цэвэрлэгээ 3500 төгрөг, жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, нийт 23.030 төгрөгийг Т” СӨХ-ны бүх гишүүдийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоосноос хойших 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны 27 сарын төлбөрт 621.810 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Үүнээс айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан эрчим хүч болон хогны төлбөрийг төр хариуцах тухай Засгийн газрын тогтоолын дагуу хогны мөнгийг төр хариуцан төлж байгаа тул хариуцагчийн 2021 оны 1-2 сарын хогны төлбөр 5600 төгрөгийг хасаж тооцоход 616.210 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Т” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргаж, түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцсэн, түүнчлэн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн 50 хувь нь оролцсон байх шаардлагыг хангасан болох нь хурлын ирцийн жагсаалтын баримтуудаар нотлогдож байх ба уг баримтыг хариуцагчаас хурлын дараа айлуудаар явж нөхөн зуруулсан эргэлзээтэй баримт гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул үнэн зөвд тооцох үндэстэй.
Дээрх баримтаас үзэхэд “Т” СӨХ-ны бүх гишүүдийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралд бүх гишүүдийн 50 хувиас дээш хувь нь оролцсон байх тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоосон хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд уг хуралд оролцоогүй нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 616.210 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.136 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-гоос 616.210 /зургаан зуун арван зургаан мянга хоёр зуун арав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 172.150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-гоос улсын тэмдэгтийн хураамжид 19.136 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР