Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/00151

 

Ё.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00436 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00747 дугаар магадлалтай,

Ё.Б-ын нэхэмжлэлтэй

“Г” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ё.Б нь “Г” ХХК-д холбогдуулан 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00436 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-аас 13,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ё.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 223,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Б-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00747 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ё.Б-ын хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 13,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч татгалзлын үндэслэлэ нотлоогүй ... хэрэгт цугларсан төлбөрийн баримт, өглөг, авлагын тайлан, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна...” гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...зарлагын баримт, төлбөрийн баримт, гэрчийн мэдүүлэг, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан...” гэх баримтууд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шатахуун хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотлоогүй гэжээ.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлоогүй, хэрэгт нэг ч баримтыг гаргаж өгөөгүй. Тухайлбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу “Г” ХХК-ийн нэр дээр шивсэн 17,940,000 төгрөгийн НӨАТ болох 1,639,909 төгрөгийг хэрэглэсэн, НӨАТ-ын баримтыг хэрхэн залруулга хийж НӨАТ-ын буцаалт хийсэн талаарх баримт гаргаж өгөөгүй, “Г” ХХК нь шатахуун ашигласан учраас НӨАТ-ыг авч ашигласан, энэ талаарх татгалзлын үндэслэлийг нотолсон баримт гаргаж өгөөгүй. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00701 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч Ё.Б нь “Г” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ “...“Г” ХХК-тай амаар тохирч, шатахууны захиалга авч, “М" ХХК-аас 2020.01.31-ний өдөр 11,940,000 төгрөгийн, 2020.02.29-ний өдөр 6,000,000 төгрөгийн шатахууныг худалдан авч өөрийн автомашинаар тээвэрлэн хүлээлгэн өгсөн, шатахууны НӨАТ-ийн баримтыг “М” ХХК-аас хариуцагч “Г” ХХК руу шууд шивсэн, хариуцагч компани нь 13,200,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Ё.Б-тай шатахууны захиалга өгч, худалдан авах талаар гэрээ байгуулаагүй, ямар албан тушаалтай, хэн гэдэг хүнтэй амаар хэлцэл хийсэн, хэнд шатахуун хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр маргасан.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн нь “М” ХХК-ийн санхүү гэсэн тамга дарагдаж, гарын үсэг зурсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Борлуулагч “М” ХХК, худалдан авагч “Г” ХХК, тээвэрлэгч 0516 ХЭА Ё.Б гэсэн, хэмжээ тус бүр 3000 литр, хүлээн авсан Ё.Б гэсэн мэдээлэл бүхий 2020.01.29, 2020.02.04-ний өдрүүдийн шатахуун тослох материалын зарлагын падаан, 2020.01.31-ний өдрийн Борлуулагч “М”, худалдан авагч “Г” гэсэн мэдээлэл бүхий 11,940,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2020.02.29-ний өдрийн 6,000,000 үнэ бүхий төлбөрийн баримт, гэрч Ш.М-ийн мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэж дүгнэхдээ “...2020.01.29, 02 сарын 04-ний өдрүүдийн шатахуун тослох материалын зарлагын падаан нь “М” ХХК-аас “Г” ХХК-д шатахуун хүлээлгэн өгсөн агуулгатай боловч хүлээн авагчаар нэхэмжлэгч Ё.Б гарын үсэг зурсан байх тул энэ баримтад үндэслэн “Г” ХХК-д нэхэмжлэгч шатахуун хүлээлгэн өгсөн гэж дүгнэх боломжгүй..., мөн шатахууны төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан гэдгээ нотлоогүй, гэрч Ш.М нь “Г” ХХК нь Ё.Б-с шатахуун худалдан авсан гэж мэдүүлсэн байгаа боловч тэрээр “Г” ХХК-д ажилладаггүй, гэрчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдал үнэн зөв, эргэлзээгүй болох нь тогтоогдоогүй, ...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй...” гэсэн байна.

9.Хоёр шатны шүүх талуудын хооронд үүрэг үүссэн эсэх талаар өөр өөрөөр дүгнэж, хуулийг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болжээ.

10.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хууль зүйн хувьд адил тэгш эрхтэй байдаг байдаг учраас бие биеэ захирахгүй, бие биедээ шууд үүрэг хүлээлгэх боломжгүй байдаг. Иймд гэрээний үндсэн дээр эсвэл хуульд зааснаар аливаа этгээдэд үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч Ё.Б нь “Г” ХХК-д шатахуун худалдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн болохыг баримтаар нотлоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтын агуулгад нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба Ё.Б болон “Г” ХХК-ийн хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн, улмаар шатахууныг шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн “М” ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 04-ний өдрүүдийн шатахуун тослох материалын зарлагын падаан, “М” ХХК-аас олгосон төлбөрийн баримт нь “М” ХХК-ийн үйлдсэн баримт болохоос нэхэмжлэгчээс хариуцагчид шатахуун хүлээлгэн өгсөн агуулгыг илэрхийлээгүйгээс гадна гэрч Ш.М-ийн мэдүүлэг эргэлзээтэй учир нэхэмжлэлийг хангах үндэслэл болоогүй байна.

11.Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан” гэж үзэх боломжгүй, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00747 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ё.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.15-ны өдөр төлсөн 223,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД