Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 0068

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, Б.Э,

Э.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                              Б.О

Шүүгдэгч                               Б.Э, Э.Н

Нарийн бичгийн дарга      Д.Одончимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Б, Б.Эрдэнэбилэг, Э.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М овогт Г-н Б.

 

Монгол Улсын иргэн, Г овогт Б-н Э.

 

Монгол Улсын иргэн, Г овогт Э-н Н.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож мэдээгүй хүнийг ашиглан, үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Ш.Ат “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Нээр дамжуулан 13.000.000 төгрөг, Э.Эрдэнэчимэгээр дамжуулан 13.500.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч залилсан,

 

Шүүгдэгч Б.Э нь Г.Бтэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна" гэж иргэн Ш.Ат итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг Э.Нээр дамжуулан 13.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилсан,

 

Шүүгдэгч Э.Н нь Г.Бтэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.Ат итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдпыг зориудаар бий болгож, 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч М овогт Г-н Б, Г овогт Б-н Э, Г овгийн Э-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Э, Э.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Э, Э.Н нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Э, Э.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-ээс 4.200.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.А-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.Э, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О эсэргүүцэлдээ:

“ ... Г.Б, Б.Э, Б.Н нар нь бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн хуурч 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ш.А-с 26.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “бүлэглэж үйлдсэн" шинжийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ....хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал....”-г тусгана” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Б.Э тайлбартаа:

“ ... Миний бие Б.Э нь өөрийн танил Г.Бт итгэж, зээлээ хаагаад эргүүлээд орой гэхэд өгчихнө гээд байсных нь дагуу Алиманцэцэгээс мөнгө зээлж авч, тэр даруйд шууд Бн дансанд шилжүүлсэн. Миний хувьд түүнийг хэлсэн хугацаандаа өгчих байх гэж бодсоны үндсэн дээр итгэж, А-с мөнгө зээлэх хүсэлтийг тавьсан. Түүнээс миний бие өөртөө тус мөнгийг авахыг хүсээгүй, уг мөнгөнөөс миний бие аваагүй, ямар нэг ашигн хонжоо хараагүй, аваагүй, хүртээгүй. Анхан шатны шүүхээс биднийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба уг шийдвэрээр тус гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ хүн болох Г.Бт 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр шийдвэрлэсэн зөв гэж үзэж байна.

Миний хувьд уг нь Г.Бийг намайг хуурч байна гэж мэдээгүй, мөн бид өөрөө А-г ч гэсэн хуурч мөнгийг нь авах гэж бодоогүй боловч, Г.Бийн үйлдлээс болж хамтран гэмт хэрэгт оролцсон болоод байгаа. Уг нь бие өөрөө шунахай сэдэлтгүй өөрөө авч хэрэглэхийгц хүсээгүй, Г.Бийн зааж өгч гуйгаад байсны дагуу А-тай ярьсан. Уг үйлдэлдээ би харамсаж байгаа. Иймээс уг хэргийг үнэнээр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “ ... эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ... “ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу шүүгдэгч Г.Б, Б.Э, Э.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос Г.Б, Б.Э, Э.Н нарыг бусдыг залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3.4, 3.7 дугаар зүйлүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бийг гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож мэдээгүй хүнийг ашиглан, үгсэн тохиролцож, бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ш.Ат “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Э.Нээр дамжуулан 13.000.000 төгрөг, Э.Э-р дамжуулан 13.500.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авсан,

шүүгдэгч Б.Эийг Г.Бтэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна" гэж иргэн Ш.Ат итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг Э.Нээр дамжуулан 13.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авсан,

шүүгдэгч Э.Нийг Г.Бтэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.Ат итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдпыг зориудаар бий болгож, 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн шинж болон хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд заасан дээрх шүүгдэгч нарын бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдаж, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа холбогдох хуулийн заалтуудыг журамласан атлаа шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо бүлэглэж үйлдсэн шинжийг дурьдалгүй орхигдуулжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгйн 1 дэх заалтын  “... нарын” гэсний дараа “бүлэглэж” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧИД                                                   М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 С.УРАНЧИМЭГ