Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2021/01061

 

 

 

 

 

 

 

 

    2021 о    05сарын31өдөр                 

              181/ШШ2021/01061

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУИС-д холбогдох,

Ажлаас буруу халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын иргэн Н.Б миний бие МУИС /МУИС/-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль /ОУХНУС/-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байх явцад буюу 2020 оны 01 сарын 10-ны өдөр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Т дугаар тушаалаар гарч тус сургуулийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Н.Б миний бие МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын албан тушаал хүлээж аваад үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байх явцад удирдлагаас удаа дараа гэрээнд тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн үүрэг, даалгавар өгч хэрэгжүүлэхийг шаардаж байсан бөгөөд миний бие албан тушаалын чиг үүргээ хуулийн хүрээнд, гэрээний дагуу хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 04 сарын 29-ний өдөр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Т дугаар Б/156 тушаал гарч, байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээ, нотлогдоогүй хууль зүйн үндэслэлээр ажлаас халж, тушаал бууруулан шийдвэрлэсэн байна.

Энэхүү дугаар тушаалын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халж, тушаал буруулсан хууль зүйн гол үндэслэл нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Мөн хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. Мөн хуулийн 131.1.3-т ажлаас халах. Үр дүнгийн гэрээний 5.2-т менежер гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн шууд захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.2, 5.3.2 дахь хэсэг, зэргийг баримталсан байдаг.

Дээрх хууль тогтоомжийг үндэслэсэн дугаар тушаалын “Тушаах нь” хэсгийн 1-т санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр 2020 оны 04 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

Гэтэл миний бие МУИС-ийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж, түүнээс хариуцлага хүлээж, удирдлагаас сахилгын нэгдүгээрт зөрчлийг тогтоож, шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулж байсан тохиолдол байхгүй, хоёрдугаарт миний бие МУИС-ийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлын албан тушаалыг хашихад удирдлагаас үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байснаас хөдөлмөрийн гэрээ огт байгуулагдаагүй юм. Тийм учраас байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээний заалтаар ажилтанд хариуцлага тооцож ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл МУИС-ийн захирлын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн дугаар Б/156 тушаалаар иргэн Н.Б намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Миний бие МУИС-д 10 гаруй жил ажилласан.2020 оны 01 дүгээр сард МУИС-ийн дэд захирлаар ажиллуулахаар урьсан учир би зөвшөөрч ажилласан. Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбартаа гүтгэлгийн шинжтэй зүйл бичсэн байна. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Цалин хөлсний зөрүү гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Иргэн Н.Б миний бие ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгуулах тухай нэхэмжлэлийг МУИС-д холбогдуулан гаргасан...

Нэхэмжлэгч Н.Б надад МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020

оны 01 сарын 10-ны өдрийн дугаар Б/07 тушаалыг үндэслэн дэд захирлын албан тушаалд нэг сарын 3,725,865 төгрөгийн цалин, харин 2020 оны 04 сарын 29-ний өдрийн дугаар Б/156 тушаалыг үндэслэн профессорын албан тушаалд нэг сарын 2,919,720 төгрөгийн цалинг тус тус олгож байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлогддог.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т бага цалинтай ажил хийж байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг үндэслэн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Дэд захирлын албан тушаалд нэг сарын 3,725,865 төгрөгийн цалингаас одоо авч байгаа профессорын албан тушаалд нэг сарын 2,919,720 төгрөгийн цалинг хасахад нэг сарын цалингийн зөрүү 806,145 төгрөг болж байх бөгөөд 2020 оны 05 сараас мөн оны 10 сарыг дуусах хүртэлх хугацаанд одоогийн байдлаар нийт 5 сарын хугацааны цалингийн зөрүү 4,030,725 төгрөг болж байна.

Иймд 2020 оны 04 сарын 29-ний өдрийн дугаар тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэлх бага цалинтай ажил хийж байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх цалин 4,030,725 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 79,450 төгрөгийг төлсөн болно. Харин энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр хүртэлх бага цалинтай ажил хийж байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа:

“МУИС-ийн захирлын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн дүгээр тушаалаар МУИС-ийн багш, ажилтны цалингийн сүлжээ, жишгийг шинэчлэн, удирдах албан тушаалтан дэд захирлын албан тушаалын зэрэглэлийн УАТ-5-5 шатлалыг 2,759,900 төгрөг, профессор багшийн албан тушаалын зэрэглэлийн ТҮМБ-8-5 шатлалыг 2,433,100 төгрөг гэж тус тус тогтоосон байна.

МУИС-ийн захирлын 2020 01 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалын 3 дахь заалтад Н.Бгийн үндсэн цалинг УАТ-5-5-аар тогтоон эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл 20 хувиар, ур чадварын нэмэгдлийг 15 хувиар тус тус тооцож, олговол зохих цалин нийт 3,725,865 төгрөг байна. МУИС-ийн захирлын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн дугаар тушаалын 3 дахь заалтад Н.Б-гийн үндсэн цалинг ТҮМБ-8-5-аар тогтоон, эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл 20 хувиар тооцож, олговол зохих цалин нийт 2,919,720 төгрөг байна.

Нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэснийг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн ажлаас халж тушаал бууруулан шийдвэрлэсэн хариуцагч байгууллагаас гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хөдөлмөрийн гэрээний заалт баримталсан нь зөрчилтэй байна. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тушаалаар батлагдсан журмын 2-р хавсралтаар баталсан журмыг л хариуцагч тал яриад байдаг. Энэ журмын 4, 2 дугаар хавсралтуудаар өөр өөр харилцааг зохицуулсныг ялгаж ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил гэж тайлбарлаж байгаа тайлбарууд нотлох баримтаар нотлогддоггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Н.Б-гийн тус шүүхэд гаргасан намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлтэй танилцаад, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. МУИС-ийн захирлын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн тушаалаар МУИС-ийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын албан тушаалд Н.Б-г томилсон байна.

Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Б нь хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар дараах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд:

  1. МУИС-ийн стратегийн удирдлагаар хангаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, хүний нөөцийн бодлогод суурилан нэгтгэн чиглүүлж үр дүнг тайлагнуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
  2. Нөөцийн удирдлагыг сайжруулж, шийдвэр гаргалт, төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналтын системийг бүрдүүлэх.
  3. Жилийн ажлын төлөвлөлтөд суурилсан төсвийн саналыг боловсруулан, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, тайланг нэгтгэн боловсруулахад холбогдох нэгжийн удирдлагыг чиглүүлэх, удирдлагаар хангах.
  4. Сургалт, судалгааны таатай орчныг бүрдүүлэн өмч хөрөнгийн менежментийг хийх бодлогыг тодорхойлж холбогдох нэгжийн удирдлагыг чиглүүлэх, удирдлагаар хангах.

Гэтэл нэхэмжлэгч Н.Б ажиллах хугацаандаа албаны чиг үүргийг хэрэгжлүүхэдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн ажиллах байтал Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журмын зөрчиж тушаал шийдвэргүй өөрийн нэгжийн ажилтан нарт нэмэгдэл хөлс олгосон, МУИС-ийн хангамж үйлчилгээний газрын нэр бүхий жижүүрт үндэслэлгүй нэмэгдэл хөлс удаа дараалан олгосон, албан хэрэгцээнд өндөр үнэтэй эд хөрөнгө худалдан авсан ноцтой зөрчлийг тус тус гаргасан байна.

Мөн МУИС-ийн захирлаас 2020 оны 01 сарын 22-ны өдөр санхүү, төлөвлөлт харилцсан дэд захирал Н.Б-д МУИС-ийн 2020 онд худалдан авах ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо байгуулах, бүрэлдэхүүнийг батлах тухай тушаалын төслийг 7 хоногийн хугацаанд боловсруулах, тушаалыг батлуулах үүрэг даалгавар өгсөн боловч удаа дараалан удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэхгүй байсны улмаас сургуулийн худалдан авах ажиллагааг 2 сарын хугацаагаар хойшлуулсан байна.

МУИС-ийн албан бичиг хэргийн хөтлөлтийн журамд захирлын тушаалын төсөлд нэмэлт засвар оруулах бол эрх бүхий албан тушаалтан саналаа хүснэгтэд гаргацтай бичнэ, ажлын 3 өдрийн дотор бүх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна гэсэн заалтуудыг зөрчиж Н.Б тушаалын төсөлд нэмэлт, засвар оруулах санал гаргах эрхтэй байтал тушаалыг тодорхой бус, энэ асуудал шийдвэрлэгдсэн, тодруулж өгнө үү гэх зэрэг шалтгаанаар тушаалын төслийг олон хоногоор саатуулах, багш, ажилтныг чирэгдүүлэх, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажилласан. Иймд Н.Б нь албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байх хугацаандаа удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил үүргийн хүрээнд мөрдөж ажиллах хууль тогтоомжийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул МУИС-ийн захирлын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар МУИС-ийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Нэхэмжлэгч Н.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байх боловч МУИС-ийн захирал болон Н.Б нар хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг гарын үсэг зурж байгуулсан. Гэтэл Н.Б дээрх гэрээнүүдтэй танилцсаны дараа буцааж өгнө гэж авсан боловч ажил олгогчид үлдэх гэрээний хувийг буцааж өгөөгүй болно. Н.Бд гэрээний хувийг буцааж өгөх талаар захиргаанаас удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр бичиг цаасан дотроо хайж байгаа гэх шалтгаанаар зориуд гаргаж өгөөгүй болно.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мэтээр ажил олгогчид гэрээний хувийг буцааж өгөөгүй, өгөхөөс татгалзсан тул нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээг гаргуулан авах хүсэлтэй байна.

Н.Б нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхдөө дараагийн ажил хүлээн авч байгаа албан тушаалтанд эд хөрөнгийг шилжүүлэхгүйгээр өөрийн ажиллаж байх хугацаандаа худалдан авсан өндөр үнэтэй эд хөрөнгийг өөрийн санхүү, төлөвлөлтийн газарт харьяалагдаж байсан хөрөнгө хариуцсан ахлах нягтлан бодогчоор бүртгэлийг дур мэдэн өөрчилж, өөртөө шилжүүлэн авч явсан байна. ” гэв.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч МУИСд холбогдуулан ажлаас буруу халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч МУИС-д 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар томилогдон ажилласан, уг үйл баримтын талаар зохигч маргаангүй байна. /1-р хх-ийн 68-р тал/

Улмаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Т-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын үүрэгт ажлаас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдөж, уг тушаалаар Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд профессорын албан тушаалд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэжээ. /хх-ийн 6-р тал/

Н.Б нь уг тушаалыг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын цалингийн зөрүүтэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааны төрлийг заасан бөгөөд мөн зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” байх тул шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан, энэ талаар зохигч маргаангүй байна.

МУИС захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам, МУИС-ийн дүрмийн 4.3.1, 8.3 дахь заалт, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.1.2, 5.3.1 дэх заалт, МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.5 дахь заалт, Н.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.2, 5.3.2 дахь хэсэг, Үр дүнгийн гэрээний 3.3., 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дэх хэсэгт заасан “...ажил олгогч санаачилсан...”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлж, өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилжээ.

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг удирдлагын зүгээс байгуулсан гэж тайлбарладаг, хэрэгт гарган өгөөгүй талаараа тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан биш гэж тайлбарлаж, энэ талаар зохигч маргаангүй байх тул түүнтэй ажил олгогч үр дүнгийн гэрээ байгуулсныг буруутгах аргагүй, шүүх ажлаас халсан тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалттай нийцэж гарсан эсэхийг хянах нь зүйтэй гэж үзэв.

Тушаалын үндэслэл болсон МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1,  4.1.2 дахь заалтад ажил олгогчийн эдлэх эрх, 5.3.1 дэх заалтад “багш, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгоно. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах асуудал нь Хөдөлмөрийн тухай хууль, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон, энэхүү журамд заасан үндэслэлүүдээр зохицуулагдана”, МУИС-ийн дүрмийн 4.3.1-д захирлын ажлын чиг үүрэгтэй холбоотой, 8 дахь хэсэгт багшийн орон тоог тогтоох харилцааг тус тус зохицуулсан байна./1-р хх-ийн 31-67-р тал/

Хариуцагч нэхэмжлэгч Н.Б-г “ажилтанд үндэслэлгүй нэмэгдэл хөлс олгосон зөрчлийг ажилтан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасныг 2020 оны 4 сард илрүүлсэн, 2020 онд худалдан авах ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо байгуулах, бүрэлдэхүүнийг батлах тухай тушаалын төслийг хугацаа хожимдуулж 2020 оны 03 дугаар сарын 16-нд гаргасан, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчиж байсан, байгууллагад эд зүйл авахад жишиг үнээс өндөр үнээр худалдан авсан” зэрэг зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил тус бүрдээ нотлогдон тогтоогдсон байхыг шаарддаг.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч ...үндсэн хөрөнгийн орлогын хуудас, жишиг үнийн жагсаалтыг баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтуудаас нэхэмжлэгчийг  байгууллагад эд зүйл авахад жишиг үнээс өндөр үнээр худалдан авсан гэж үзэх, уг үйл баримт нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжтэй эсэх, сахилгын зөрчил гаргасан гэж үзэх эргэлзээгүй, хөтөлбөргүй, хангалттай нотлох баримт болж чадахгүй юм./1-р хх-ийн 110-116-р тал/

Ажилтанд үндэслэлгүй нэмэгдэл хөлс олгосон зөрчилд МУИС-ийн захирлын шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэх тухай захирлын тушаалуудаар “шуурхай арга хэмжээний илүү цагаар ажиллаж байгаа ажилтнуудад илүү цагийн хөлс бодож олгохыг санхүү, төлөвлөлтийн газрын даргад зөвшөөрсөн, шуурхай арга хэмжээний хүрээнд гарах нэмэлт зардлын төсвийг баталж, зарцуулахыг Санхүү, төлөлвлөлт хариуцсан дэд захирал Н.Б-д зөвшөөрсөн” заалтыг тусгасан, мөн захирлын...цалингийн сүлжээ, жишгийг шинэчлэн батлах, багш, ажилтны орон тоог тогтоох тухай тушаалуудаас үзвэл нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, түүнийг зөрчил гаргасан гэж үзэх нотлох баримтууд хэрэгт цуглараагүй, хариуцагч өөрийн тайлбар, татгалзлыг нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан гэх “2020 онд худалдан авах ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо байгуулах, бүрэлдэхүүнийг батлах тухай тушаалын төслийг хугацаа хожимдуулж 2020 оны 03 дугаар сарын 16-нд гаргасан” зөрчлийн тухайд хариуцагч байгууллагын зүгээс хэн, хэзээ уг үүрэг даалгавар өгсөн, уг үүргийн биелэлтийг хэзээ тооцохоор журамлан заасан байдаг, түүнийг ямар хугацаагаар нэхэмжлэгч хэтрүүлсэн, энэ нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан ямар журам, гэрээнд заасан зөрчил болсон зэрэг тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Б-г урьд эрхэлж байсан МУИС Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн урьд авч байсан болон одоо авч байгаа цалингийн хэмжээ нь МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09/36 дугаар “Н.Б нь МУИС-д мөрдөгдөж буй цалингийн сүлжээний ТҮМБ-8-5, эрдмийн зэрэг цолны нэмэгдлийн 20 хувиар тооцсон нэг сарын нийт цалингийн хэмжээ 2 919 720 төгрөг авч байгаа” гэсэн тодорхойлолтоор, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалын цалин 3 725 865 төгрөг авч байсан болох нь нийгмийн даатгалын тодорхойлолтоор тус тус нотлогдож, нэг сарын цалингийн зөрүү 806 145 төгрөг болох талаар маргаангүй байна./1-р хх-ийн 7,124, /

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 05 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийт 13 сарын цалингийн зөрүү, 10 479 885  төгрөгийг нэхэмжлэгчийн цалинтай тэнцэх нөхөн олговорт гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд нөхөн шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар тогтоол, МУИС-ийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/60 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр тушаалууд нь уг хэргийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг нотлох баримт биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй./2-р хх-ийн 65-70-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлд тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

                 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-г МУИС Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

                 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрын зөрүү 10 479 885  төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

                 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх хугацааны цалин, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч МУИС-д даалгасугай.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 650 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 149 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

                 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГАНТУЯА