Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01169

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01169

 

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/01061 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Бгийн хариуцагч М... /цаашид М... гэх/-д холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг М...-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байх явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М...-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/07 дугаар тушаал гарч тус сургуулийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар томилон ажиллуулсан. Уг албан тушаалд ажиллаж байх явцад удирдлагаас удаа дараа гэрээнд тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн үүрэг, даалгавар өгч хэрэгжүүлэхийг шаардаж байсан бөгөөд миний бие албан тушаалын чиг үүргээ хуулийн хүрээнд гэрээний дагуу хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр М...-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/156 дугаар тушаал гарч, үндэслэлийг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн. Миний бие М...-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж, түүнээс хариуцлага хүлээж байгаагүй, удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байснаас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тийм учраас байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээний заалтаар ажилтанд хариуцлага тооцож ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, М...-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар Б/07 тушаалыг үндэслэн дэд захирлын нэг сарын 3 725 865 төгрөгийн цалин, харин 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар Б/156 тушаалыг үндэслэн профессорын албан тушаалд нэг сарын 2 919 720 төгрөгийн цалинг тус тус олгож байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлогддог. Эдгээр цалингийн зөрүү 806 145 төгрөг болж байх бөгөөд хариуцагч байгууллагын Б/156 тушаал гарснаас хойш энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М..... итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М...-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/07 тушаалаар тус сургуулийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын албан тушаалд Н.Бг томилсон. Тэрээр ажиллах хугацаандаа албаны чиг үүргийг хэрэгжлүүхэдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн ажиллах байтал Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журмын зөрчиж тушаал шийдвэргүй өөрийн нэгжийн ажилтан нарт нэмэгдэл хөлс олгосон, М...-ийн хангамж үйлчилгээний газрын нэр бүхий жижүүрт үндэслэлгүй нэмэгдэл хөлс удаа дараалан олгосон, албан хэрэгцээнд өндөр үнэтэй эд хөрөнгө худалдан авсан ноцтой зөрчлийг гаргасан.

Мөн М...-ийн захирлаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Н.Бд М...-ийн 2020 онд худалдан авах ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо байгуулах, бүрэлдэхүүнийг батлах тухай тушаалын төслийг 7 хоногийн хугацаанд боловсруулах, тушаалыг батлуулах үүрэг даалгавар өгсөн боловч удаа дараалан удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэхгүй байсны улмаас сургуулийн худалдан авах ажиллагааг 2 сарын хугацаагаар хойшлуулсан байна. М...-ийн албан бичиг хэргийн хөтлөлтийн журамд захирлын тушаалын төсөлд нэмэлт засвар оруулах бол эрх бүхий албан тушаалтан саналаа хүснэгтэд гаргацтай бичнэ, ажлын 3 өдрийн дотор бүх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна гэсэн заалтуудыг зөрчиж Н.Б тушаалын төсөлд нэмэлт, засвар оруулах санал гаргах эрхтэй байтал тушаалыг тодорхой бус, энэ асуудал шийдвэрлэгдсэн, тодруулж өгнө үү гэх зэрэг шалтгаанаар тушаалын төслийг олон хоногоор саатуулах, багш, ажилтныг чирэгдүүлэх, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажилласан. Иймд Н.Б нь албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байх хугацаандаа удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил үүргийн хүрээнд мөрдөж ажиллах хууль тогтоомжийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул М...-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар М...-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Нэхэмжлэгч Н.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байх боловч М...-ийн захирал болон Н.Б нар хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Гэтэл Н.Б дээрх гэрээнүүдтэй танилцсаны дараа буцааж өгнө гэж авсан боловч ажил олгогчид үлдэх гэрээний хувийг буцааж өгөөгүй. Түүнд гэрээний хувийг буцааж өгөх талаар захиргаанаас удаа дараа мэдэгдсэн боловч бичиг цаасан дотроо хайж байгаа гэх шалтгаанаар зориуд гаргаж өгөөгүй болно. Н.Б нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхдөө дараагийн ажил хүлээн авч байгаа албан тушаалтанд эд хөрөнгийг шилжүүлэхгүйгээр өөрийн ажиллаж байх хугацаандаа худалдан авсан өндөр үнэтэй эд хөрөнгийг өөрийн санхүү, төлөвлөлтийн газарт харьяалагдаж байсан хөрөнгө хариуцсан ахлах нягтлан бодогчоор бүртгэлийг дур мэдэн өөрчилж, өөртөө шилжүүлэн авч явсан байна.

М...-ийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар М...-ийн багш, ажилтны цалингийн сүлжээ, жишгийг шинэчлэн, удирдах албан тушаалтан дэд захирлын албан тушаалын зэрэглэлийн УАТ-5-5 шатлалыг 2 759 900 төгрөг, профессор багшийн албан тушаалын зэрэглэлийн ТҮМБ-8-5 шатлалыг 2 433 100 төгрөг гэж тус тус тогтоосон байна. М...-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалын 3 дах заалтад Н.Бгийн үндсэн цалинг УАТ-5-5-аар тогтоон эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл 20 хувиар, ур чадварын нэмэгдлийг 15 хувиар тус тус тооцож, олговол зохих цалин нийт 3 725 865 төгрөг байна. М...-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/156 дугаар тушаалын 3 дах заалтад Н.Бгийн үндсэн цалинг ТҮМБ-8-5-аар тогтоон, эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл 20 хувиар тооцож, олговол зохих цалин нийт 2 919 720 төгрөг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бг М... Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрын зөрүү 10 479 885 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх хугацааны цалин, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч М...д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 650 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 149 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М... итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийт 13 сарын цалингийн зөрүү, 10 479 885 төгрөгийг нэхэмжлэгчийн цалинтай тэнцэх нөхөн олговорт гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд нөхөн шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийхдээ хэрэгт ач холбогдол бүхий баримтуудын хүрээнд харьцуулан дүгнэлт хийгээгүй. М...-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж буй Ц.Болормаа нь Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2020/00355 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоогдсон. Тус тогтоолын дагуу М...-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар Ц.Болормааг Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар эгүүлэн тогтоож, цалинг М...-д мөрдөж буй цалингийн сүлжээний дагуу УАТ-5-5-аар тогтоон, эрдмийн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдлийг тус бүр 15 хувиар тогтоохоор шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэг албан тушаалд 2 хүнд цалингийн зардал гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Ц.Болормааг Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар томилох Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байхад нэг албан тушаалд дахин хүн томилуулахаар давхардуулан шийдвэр гаргасан, энэ талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь алдаатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М...д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Талуудын хооронд 2010 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй.

Ажил олгогч М... захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/156 дугаартай тушаалаар ажилтан Н.Бг Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд профессорын албан тушаалд ажиллуулахаар томилсон байна.

Н.Б уг тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд гомдлын шаардлага гаргахдаа үндэслэлээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хөдөлмөрийн гэрээний заалтаар ажилтанд хариуцлага тооцож ажлаас халсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал Н.Бтай хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг гарын үсэг зурж байгуулсан, гэрээнүүдтэй танилцаад буцааж өгнө гээд өгөөгүй, ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын зөрчил давтан гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэл заан маргасан байна.

Нэхэмжлэгч Н.Бг ажлаас халсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/156 дугаар тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй байхаас гадна нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын зөрчил нь хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг түүнд өгөх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж мөн зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт зохицуулжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй тул Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх Б/156 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь Н.Бг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журам, ажил үүргийн хүрээнд мөрдөж ажиллах хууль тогтоомжийг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх агуулгыг тушаалд тусгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.1.2, 5.3.1-д заасныг тус тус удирдлага болгожээ. /хх-6/

Хуулийн дээрх зүйл, заалт, хэсгээр ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийг хэлбэрийг тодорхойлсон байна. Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.1.2-т ажил олгогчийн эдлэх эрхийг, 5.3.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг тусгаж өгчээ. /хх-33, 37/

Хэрэгт нэхэмжлэгч Н.Б хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байна. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулах учиртай.

Хариуцагч байгууллага нь Б/156 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг удирдлага болгосон атлаа хуулийн зүйл, заалтад байхгүй үндэслэлээр албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах шийдвэр гаргасан нь уг хуулийн заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсан гэж үзэх тул өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд хариуцагч талын цалин хөлсний зөрүүг тооцон шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий баримтуудын хүрээнд харьцуулан дүгнэлт хийгээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ М...-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж буй Ц.Болормаа Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2020/00355 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоогдсон, нэг албан тушаалд 2 хүнд цалингийн зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2020/00355 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан М... захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар Ц.Болормааг Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилсон нь хэрэгт авагдсан тогтоол, тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байх боловч энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөл байдлыг няцаах, эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /2хх 65-68/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/01061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 252 829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД