Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/02033

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/02033

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, дугаар баг, Хөх толгой дугаар гудамж,  тоот хаягт оршин суух, Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Мая таун хотхон, дугаар байр, тоот хаягт оршин суух, М.Ө-д холбогдох,

 

21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С нь хариуцагч М.Ө болон Х.И нартай хамтран “А” ХХК-ийг байгуулж, чихрийн үйлдвэрлэл эрхлэхээр харилцан тохиролцсон. Үүнийг дагуу нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг, М.Ө нь 33 хувийг, Х.И нь 33 хувийг тус тус эзэмших болж, Ж.С нь “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар сонгогдсон.

 

Улмаар хариуцагч М.Ө нь “А” ХХК-д 12 500 000 төгрөгийн хөрөнгө оруулах ёстой байсан боловч түүнд дээрх хэмжээний мөнгө байхгүй байсан тул тэрээр нэхэмжлэгчээс 12 500 000 төгрөгийг зээлж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “А” ХХК-д оруулах мөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн. Ийнхүү талууд БНХАУ-д үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахаар хамт явсан бөгөөд зээлдүүлсэн дээрх 12 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс М.Ө, Х.И болон нэхэмжлэгч нарын дундын дансанд байршуулж, зарцуулсан.

 

Гэвч “А” ХХК-ийн үйл ажиллагаа амжилтгүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг ажиллагааг эрхлэхэд мөнгө гаргасан, харин хариуцагч нь уг ажиллагааг эрхлэхэд 12 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн боловч уг мөнгийг буцаан өгөөгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр хариуцагч нь 12 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алдангийг хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12 500 000 төгрөг, 6 сарын хүүгийн төлбөрт 2 250 000 төгрөг, алданги 6 250 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг хариуцагч М.Ө гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Ө итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь Ж.С нь 12 500 000 төгрөгийг хариуцагч М.Ө шилжүүлнэ гэж заасан боловч зээлийн мөнгийг бодитоор шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн, талууд “А” ХХК-ийг үүсгэн байгуулсан, талууд компанийн хувьцааг тодорхой хэмжээгээр эзэмших болсон нь талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, “А” ХХК-д хувь оруулсан, энэ талаарх маргаан бол уг зээлийн гэрээтэй холбоогүй, Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд энэ талаар талууд шүүхэд шаардлага гаргах эрх нь нээлттэй байгаа.

 

Талуудын хооронд хэдийгээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зээлийн мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид бодитоор шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч М.Ө холбогдуулан 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...талууд “А” ХХК-ийг үүсгэн байгуулсан, ...талууд харилцан тохиролцсоноор хариуцагч нь тус компанид 12 500 000 төгрөгийн хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлэхэд хариуцагчид 12 500 000 төгрөг байгаагүй тул уг мөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн тул зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12 500 000 төгрөг, хүүгийн төлбөрт 2 250 000 төгрөг, алданги 6 250 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг “...талуудын хооронд “А” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулахад хариуцагч нь 12 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй, зээлийн гэрээний дагуу 12 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж аваагүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“А” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ж.С болон хариуцагч М.Ө, мөн Х.И нар “А” ХХК-ийг гадаад худалдаа, чихрийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж, уг тогтоолын хавсралтаар баталсан “А” ХХК-ийн дүрмээр Ж.С гүйцэтгэх удирдлага, компанийн эрх бүхий албан тушаалтнаар тооцсон байна. /хх 126-141 дүгээр тал/ Түүнчлэн, уг дүрэмд зааснаар уг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний 34 хувийг нэхэмжлэгч Ж.С, 33 хувийг хариуцагч М.Ө, 33 хувийг Х.И тус тус эзэмшихээр заажээ.

 

Улмаар талууд "А” ХХК-ийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн, мөн чихрийн үйлдвэрлэл явуулахад шаардагдах тоног төхөөрөмжийг гадаад улсаас худалдан авсан, уг үйлдвэрлэлийг явуулахын тулд “Бишрэлт пропертиз” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн, чихрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж “Б” ХХК-ийн эзэмшилд байгаа зэрэг үйл баримтын талаар маргаагүй. /хх 168-178 дугаар тал/ Түүнчлэн, уг зардалд нэхэмжлэгчээс 48 835 038 төгрөгийн зардал гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар “А” ХХК-ийн дүрэмд заасан чихрийн үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад гарах зардлын 12 500 000 төгрөгийг хариуцагч М.Ө хариуцахаар талууд харилцан тохиролцож, уг мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд 12 500 000 төгрөгийн хөрөнгө оруулахаар талууд тохиролцсон нь баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн, уг компанийн үйл ажиллагаатай холбоотой үйл баримт болон нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагч үгүйсгээгүй нь хариуцагчийг компанийн үйл ажиллагааг явуулахад гарах зардлаас 12 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хавтаст хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ авагдсан байна. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 12 500 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 3 хувийн хүүтэй зээлэх, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2201036512 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 3-3А тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалсан байна. /хх 6-7 дугаар тал/ Мөн Хаан банк дахь 5180113782 дугаартай нэхэмжлэгчийн эзэмшлийн данснаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 290 000 төгрөгийн зарлага гарсан байна. /хх 72 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 12 500 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зээлийн мөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...12 500 000 төгрөгийг дундын дансанд байршуулсан” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг зээл 12 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл 12 500 000 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн хүүгийн төлбөрт 2 250 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 6 250 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор мөн зүйлийн 236.2-т зааснаар өмнөх үүрэг дуусгавар болдог. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд 12 500 000 төгрөгийн хөрөнгө нийлүүлэхээр тохиролцсон нь тогтоогдоогүй тул зээлийн гэрээгээр өмнөх үүрэг солигдсон гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, алданги, нийт 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Ө-д холбогдох, 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               М.БАЯСГАЛАН