Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/01166

 

 

 

 

 

 

 

 

    2021 о    06сарын10өдөр                 

              181/ШШ2021/01166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АӨСҮТ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Г.Д миний бие 2004 онд ХҮДСургуулийн нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба мэргэжлээрээ 10 жил ажиллаж байгаа ба 2013 оноос эхлэн АӨСҮТтооцооны нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний бие АӨСҮТажиллаж байх хугацаандаа санхүүгийн тайлан тооцоогоо цаг хугацаанд нь хийж ажилдаа дутагдалгүй ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй, байгууллагын зүгээс ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэтэл тус төвийн захирлын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно...Халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би огт архи дарс хэрэглэдэггүй, эрүүл мэндийн хувьд зүрхний өвчтэй, харшилтай. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тайлан хамгаалах ажилтай завгүй байсан. 15 цаг өнгөрч байхад тайлангаа хамгаалахаар жолоочоор хүргүүлээд 17 цагийн үед дуусаад алхаад ажил дээрээ ирсэн. Тэр үед 17-18 цаг болж байсан байх. Хүүхдийн маань багш яриад хүүхдээ үзүүлье гэсэн. 301 өрөө онгорхой байсан. Г, О 2 ажлаа хийж байсан. Өрөөндөө ороод хүлээн авах руу залгаж асуухад жижүүр эмч А эмч гарч байна гэсэн. Өрөөндөө ороод түр зуур байж байхад Мөнхтулга орж ирээд Гантуяа нягтлан түлхүүр аваад ир гэж байна гээд орж ирээд гарсан. Тэгээд хүлээн авах руу очсон. А эмчид хүүхдийг үзүүлсэн. 19 цагаас өмнө хурууны бүртгэлээр бүртгэлээ уншуулаад ажлаас гарсан.

Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. АӨСҮТийн захирлын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил болох тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 Маргаан бүхий дугаар тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталсан байдаг. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байх ёстой. Хариуцагч байгууллага гэрээндээ тусгасан байдаг. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тухайн зөрчлүүдийг ажилтан гаргасан нь гэрэл зураг, бичлэг, үндэслэл бүхий гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байхаар зохицуулсан. Гэтэл хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хариуцагч талын хүсэлтээр асуулгасан гэрчүүд таамаглал, бодлоо мэдүүлдэг. Нэхэмжлэгчийг тухайн өдөр согтуу байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Иймд тушаал үндэслэлгүй байна.гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“АӨСҮТийн захирлын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн тоот тушаалаар тус төвийн нягтлан бодогч Г.Д нь ажлын байран дээрээ архи ууж, согтуурхсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү гэрээг цуцлах болсон үндэслэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар заалт буюу гэрээний нэмэгдэл нөхцөлийн 3 дахь заалт сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах согтуу орж ирсэн заалт, мөн тус төвийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1-т хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх, мөн журмын 10 дугаар зүйлийн 10.3.1-т хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дараах ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална, 11 дүгээр зүйлийн 11.1.9-д ажлын байран дээр согтууруулах бодис хэрэглэсэн, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон болно.

Энэхүү асуудал нь 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 15:00 цагаас, мөн өдрийн 23:00 цагийн хооронд тус төвийн Б байрны 3 дугаар давхрын 301 тоотод болсон. Тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б нь нэхэмжлэл гаргасан Г.Д болон түүнтэй хамт тухайн өрөөнд архи ууж байсан чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статистикч их эмч Г.Г, даатгалын бага эмч Б.Оюунчимэг нарыг ажлын байран дээр архи ууж байгаа асуудлыг таслан зогсоох зорилгоор “та бүхэн ажлаасаа гаргасан нь дээр шүү” гэж 2-3 удаа орж анхааруулсан боловч түүний үгийг согтуу байсан хүмүүс хүлээж  аваагүй. Эмнэлгийн жижүүр эмч гэдэг бол тухайн өдөр эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, албан хаагчдад мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй. Нөгөөтээгүүр байгууллагын орлогч захирал албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл тоож, ажлын байран дээр архи уух нь өөрөө сахилгын ноцтой зөрчил гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ талаар жижүүр эмчийн дэвтэрт бичсэн боловч тухайн өдөр жижүүр эмчээр хамт ажиллаж байсан эмч Ж.А түүнийг штрихээр арилгасан байна.

Энэхүү асуудал үүсээд тухайн өдөр буюу 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 19:00 цагийн үед жижүүр эмчээр ажиллаж байсан төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б нь хүний нөөцийн менежер Б.Е болон төвийн ерөнхий захирал Ц.У нарт асуудлыг албан ёсоор танилцуулсан юм. Хүний нөөцийн менежерийн зүгээс цагдаагийн байгууллагад хандах нь зөв гэж хэлсэн. Тус төвийн ерөнхий захирлын гар утсан дээр төвийн дотоод хяналтын камер давхар хянагддаг тул үүссэн нөхцөл байдлыг гар утсан дээрх камераараа харахад төвийн Б байрны 3 дугаар давхарт нэг хүн 00 өрөөний дэргэд суучихсан байсан тул тухайн 00 өрөөтэй ойр байрлах камерыг харахад тархвар судлаач Б.С 00 өрөөний хажууд сууж байсан бөгөөд 00 өрөөний дотроос нь нэг эмэгтэй гуйвсан байдалтай гарч ирэхэд төвийн чанарын албаны дарга П.Б нилээд их гуйвсан байдалтай, мөн тархвар судлаач Б.С гуйвсан байдалтай 301 тоот өрөө рүү орсон. Мөн нягтлан бодогч Г.Д дээрх 301 тоот өрөөнөөс гарч ирээд 00 өрөө рүү орж байсан, мөн л гуйвсан байсан. Эмнэлэг дээр болж байгаа үйл явдлын талаар тухайн өдрийн жижүүр эмч буюу эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б-ээс утсаар тодруулахад дээрх 301 тоот өрөөнд өдрийн 15:00 цагаас хойш чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статисикч их эмч Г.Г, даатгалын бага эмч Б.О, нягтлан бодогч Г.Д нар архи уугаад байна, миний бие тэдгээр хүмүүст 2-3 удаа хууль ёсны шаардлага тавьсан боловч миний шаардлагыг хүлээж аваагүй, ар гэрийнхэнд нь хэлчихлээр өдий насны хүмүүсийг ар гэрт нь ажил дээрээ архи уугаад байна гэж хэлэхлээр эвгүй санагдсан, мөн шууд хөөгөөд гаргахаар гадаа хүйтэн байсан тул тэдний аюулгүй байдлыг бодоод хөөж чадаагүй, мөн цагдаагийн байгууллагад хэлэхээр эрүүлжүүлэхэд орно гэж эдгээр зүйлийг бодоод эхлээд захирал болон хүний нөөцийн менежерт утсаар танилцуулсан гэж хэлсэн. Энэ талаар эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Бг тухайн өдрийн маргааш буюу 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 11:00 цагт төвийн ерөнхий захиралд илтгэх хуудсаар дэлгэрэнгүй байдлаар бичгээр танилцуулсан.

Үүссэн асуудлын талаар тус төвийн удирдлагын багийн хурлын 2019 оны 12 сарын 04-ний өдөр хуралдуулсан болно. Хуралд төвийн ерөнхий захирал Ц.У, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б, хүний нөөцийн менежер Б.Е, сувилахуйн албаны дарга Ө.А, ахлах нягтлан бологч Ш.Г нар оролцсон юм. Хурлаар 2019 оны 11 сарын 28-ны өдрийн төвийн Б байрны 301 тоот чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, нягтлан бодогч Г.Д нар ажлын байран дээр архи уусан асуудлыг хэлэлцсэн. Тэдгээр албан хаагчид өөрсдөө ажлын байран дээр 2019 оны 11 сарын 28-ны өдөр архи уусан нь үнэн гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан өргөдөл, мөн дээрх нэр бүхий албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэгдэл нөхцөлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэлд ажлын байран дээр архи уусан тохиолдолд ажлаас шууд халахаар заасан, мөн төвийн хөдөлмөрийн дотоод журмын заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 01 тоот сахилгын хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар зэргийг үндэслэн хурлаас ажлын байран дээр архи уусан албан хөөгчид болох чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статистикч их эмч Г.Г, даатгалын бага эмч Б.О, нягтлан бодогч Г.Д нарыг ажлаас халах шийдвэр гарсан бөгөөд энэхүү шийдвэрийг ноцтой зөрчил гаргасан албан хаагчдад төвийн ерөнхий захирал Ц.У танилцуулахад тэд ямар нэгэн үг, өгүүлбэр хэлээгүй, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тул өрөөнөөс гараад явсан.

Ажлын байран дээр архи уусан албан хаагчдыг ажлаас халах тухай төвийн ерөнхий захирлын тушаалыг танилцуулж, хуулбарыг тэдэнд өгч тэдний ажлыг хүлээлцэхэд дээрх нэр бүхий зарим албан хаагчид ажлын компьютер дээрх ажилтан холбоотой файлуудыг устгасан байна.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Юуны түрүүнд энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдсанаас шалтгаалж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн олговор өндөр дүнтэй гарч байна. Хариуцагч байгууллага камерын бичлэгт бичигдсэн дүрсийг үндэслэсэн. Гэвч нэхэмжлэлээ шүүхэд гаргах үед камерын бичлэг устчихсан байсан. 14 хоноод бичлэг нь устчихдаг. Удирдлагын багийн хуралд зөрчил гаргасан 5 хүнийг оруулж танилцуулсан, төлөөлж Б эмч үг хэлсэн байдаг. Энэ үед нэхэмжлэгч зөрчил гаргаагүй байсан юм бол тухайн үед нь яагаад хэлээгүй юм бэ. Нэхэмжлэгч нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэрээ, журамд зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрч бичсэн өргөдөл, гэрчийн мэдүүлэг, илтгэх хуудас зэргээр нотлогддог гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч АӨСҮТхолбогдуулан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч АӨСҮТтооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад, тус төвийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халагджээ./хх-ийн 18-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааны төрлийг заасан бөгөөд мөн зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” байх тул шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 01дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан, энэ талаар зохигч маргаангүй байна./хх-ийн 1, 18-р тал/

АӨСҮТийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр Албан даалгавар, АӨСҮТийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.1.13, 11.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгон, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн байх тул гэрээг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсугай гэжээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дэх хэсэгт заасан “...ажил олгогч санаачилсан...”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг “ажлын байран дээрээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагаас 23:00 цагийн хооронд нэр бүхий хүмүүсийн хамт 301 тоот өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэж” хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, нэхэмжлэгч тухайн өдөр зөрчил гаргаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж марган мэтгэлцэж байна.

Шүүх талуудын мэтгэлцэж буй үйл баримт болох нэхэмжлэгч Г.Д 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх үйл баримт нь хэрэгт цугларсан баримтаар хэрхэн нотлогдож байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

Хариуцагч АӨСҮТийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.9-д ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтуурах, мансуурах бодис хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байрандаа ирсэн согтуу үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, мансуурсан байдалтай болон архи үнэртүүлж ирсэн ...зэрэг асуудлууд нь нотлох баримтаар тогтоогдсон/ Үүнд: гэрэл зураг, видео камерын бичлэг, үндэслэл бүхий гэрчийн мэдүүлэг/, 11.1.13-д дээрхи сахилгын шийтгэлээс сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй бөгөөд ажилтны гаргасан сахилгын шийтгэлийн хэмжээг тодорхойлохдоо түүний хор уршиг, хойшид засрах боломжтой эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан зэрэг зөрчлийн байдлыг харгалзан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг заавал шат дараалан ногдуулахгүйгээр аль тохирох шийтгэлийг ногдуулна, 11.2.1.3 дахь ажлаас халах гэж тус тус зохицуулжээ.

Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтад сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлийг заагаад түүний 3 дахь үндэслэлд ажлын байранд архи ууж согтуурсан, согтуу орж ирсэн гэж тусгасан байна.

Дээр дурдсан зохицуулалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тухайлан заасан байна.

Нэхэмжлэгч Г.Д “2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байран дэр согтууруулах ундаа хэрэглэсэн” зөрчил нь жижүүр эмч Б.Б илтгэх хуудас, ажилтны өөрийн гарын үсэгтэй өргөдөл, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдлагын багийн хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон гэж хариуцагч тал тайлбарлаж байна./хх-ийн 50-55-р тал/

 Удирдлагын багийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлд зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байран дээр архи ууж, согтуурхсан асуудлыг хэлэлцжээ.

Хурлын тэмдэглэлээс үзэхэд илтгэх хуудас бичсэн, жижүүр эмч Б.Б /Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал/ нь болсон үйл явдлын талаар ярьсан байх бөгөөд ...10 орчим хүн байсан...гэсэнд ажилтан Г.Д нэр дурдагдаагүй, харин хурлаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулсан хэсэгт Г.Д нарт шийдвэр танилцуулсан байгаа нь ажилтны сахилгын ноцтой зөрчил гаргасан байдлыг нотлох баримт болохгүй юм.

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэр бүхий 5 хүний гарын үсэгтэй өргөдөлд нэхэмжлэгч Г.Д гарын үсгээ зурсан талаар маргаангүй.

Харин нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор зураагүй болох нь гэрч Д.Б “...энэ өргөдлийг манай өрөөний халдвар судлаач эмч Д.С бид хоёр С компьютер дээр бичсэн. Энийг бичих болсон нь хүний нөөц Е 12 сарын 01-ний өдрөөс эхлэн өргөдөл бичээд өг гэсэн. Юу гэж бичих вэ гэхэд яагаад уусан талаараа биччих гэсэн. Ингээд биччихвэл дараа нь хурал хийхэд амар байдаг гэсэн...Сараа бид хоёрыг бичээч гээд орж ирээд байсан.  02-ны орой үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Б эмч надад утастаж хэлсэн. Уучлал гуйсан юм бичиж өгөхөд болно гэсэн. Ч.Б эмч зүгээрээ бичээд өгчих гэсэн. Гэтэл Е орж ирээд энэ давхарт хэн байсан, Д байсан биздээ бүгдийг бич гээд бичүүлсэн. Тэгээд бичээд өгсөн чинь ийм асуудал болсон байна...”гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Б “...Есүхэй гал тогоонд надтай тааралдаад өргөдлөө бичээд өгвөл асуудлыг нааштайгаар шийдэж өгнө гэж хэлсэн. Маргааш нь манай 3-р тасгийн эмч нарын өрөөнд орж ирсэн. Нөгөө хэд чинь дахин өргөдлөө бичиж өгөхгүй байна. Та үйлдвэрчний эвлэлийн хороон даргын хувьд хэлээд өгөөч гэсэн...дараа нь жижүүр эмчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад орж ирээд дахиад та хэлээд өгөөч бичиж өгөхгүй байна. Яасан итгэдэггүй юм бэ гээд шахаж шаардаад байсан. Би Б эмч рүү утсаар ярьсан...өргөдлөө бичээд өгчихвөл яасан юм бэ гэж ярьсан...”гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож, хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. /хх-ийн 162-164, 165-167-р тал/

Гэрч Б.Б “...тэр үед 6 цаг болсон байх...буцаад ирэхэд Г.Д яг явах гэж байсан. Г эмч явсан байсан. Нөгөө гурав нь нилээн согтсон байсан...дуулж байхад Г.Д байсан... нэгт нь байгаагүй байхаа...сүүл коридорт таарсан...” гэсэн мэдүүлэгт Г.Д тухайн өрөөнд ороход нэг удаа байсан гэдгийг гэрчлэх бөгөөд уг мэдүүлгээр нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 168-171-р тал/

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Д урьд эрхэлж байсан АӨСҮТийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй байна.

Г.Д нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

 

Цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 3 878 588 төгрөгийн цалин авсан нь түүний нийгмийн датгалын дэвтрийн хуулбараар  нотлогдож байна. /3878588:3=1292862төгрөг/ сарын дундаж цалин /1292862:21,5=60133 төгрөг өдрийн дундаж цалин/

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 06 дугаар  сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны/18 сар, 3 хоног/ цалинг тооцоход нийт  23 451 915  төгрөг болж байх тул цалинтай тэнцэх нөхөн олговорт гаргуулж,  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160.1.1 дугаар зүйлд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

                 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д АӨСҮТийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

                 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 23 451 915  төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

                 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Д дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч АӨСҮТдаалгасугай.

 

                 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч АӨСҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

                 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГАНТУЯА