Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01239

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01239

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч АӨСҮТ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б , хариуцагчийн өмгөөлөгч О.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д миний бие 2004 онд ХҮДСургуулийн нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба мэргэжлээрээ 10 жил ажиллаж байгаа ба 2013 оноос эхлэн АӨСҮТ-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний бие АӨСҮТ-д ажиллаж байх хугацаандаа санхүүгийн тайлан тооцоогоо цаг хугацаанд нь хийж ажилдаа дутагдалгүй ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй, байгууллагын зүгээс ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэтэл тус төвийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно...Халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би огт архи дарс хэрэглэдэггүй, эрүүл мэндийн хувьд зүрхний өвчтэй, харшилтай. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тайлан хамгаалах ажилтай завгүй байсан. 15 цаг өнгөрч байхад тайлангаа хамгаалахаар жолоочоор хүргүүлээд 17 цагийн үед дуусаад алхаад ажил дээрээ ирсэн. Тэр үед 17-18 цаг болж байсан байх. Хүүхдийн маань багш яриад хүүхдээ үзүүлье гэсэн. 301 өрөө онгорхой байсан. Г.Г, Б.О 2 ажлаа хийж байсан. Өрөөндөө ороод хүлээн авах руу залгаж асуухад жижүүр эмч Азаа эмч гарч байна гэсэн. Өрөөндөө ороод түр зуур байж байхад н.Мөнхтулга орж ирээд Н.Г нягтлан түлхүүр аваад ир гэж байна гээд орж ирээд гарсан. Тэгээд хүлээн авах руу очсон. Азаа эмчид хүүхдийг үзүүлсэн. 19 цагаас өмнө хурууны бүртгэлээр бүртгэлээ уншуулаад ажлаас гарсан. Маргаан бүхий Б/168 дугаар тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан байдаг. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байх ёстой. Хариуцагч байгууллага гэрээндээ тусгасан байдаг. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тухайн зөрчлүүдийг ажилтан гаргасан нь гэрэл зураг, бичлэг, үндэслэл бүхий гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байхаар зохицуулсан. Гэтэл хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хариуцагч талын хүсэлтээр асуулгасан гэрчүүд таамаглал, бодлоо мэдүүлдэг. Нэхэмжлэгчийг тухайн өдөр согтуу байсан гэдгийг баримтаар нотлоогүй тул тушаал үндэслэлгүй байна. Иймд АӨСҮТ-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил болох тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АӨСҮТ-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалаар тус төвийн нягтлан бодогч Г.Д нь ажлын байран дээрээ архи ууж, согтуурхсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү гэрээг цуцлах болсон үндэслэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар заалт буюу гэрээний нэмэгдэл нөхцөлийн 3 дахь заалт сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах согтуу орж ирсэн заалт, мөн тус төвийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1-т хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх, мөн журмын 10 дугаар зүйлийн 10.3.1-т хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дараах ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална, 11 дүгээр зүйлийн 11.1.9-д ажлын байран дээр согтууруулах бодис хэрэглэсэн, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон болно. Энэхүү асуудал нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагаас, мөн өдрийн 23:00 цагийн хооронд тус төвийн Б байрны 3 дугаар давхрын 301 тоотод болсон. Тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б нь нэхэмжлэл гаргасан Г.Д болон түүнтэй хамт тухайн өрөөнд архи ууж байсан чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статистикч их эмч Г.Г , даатгалын бага эмч Б.О нарыг ажлын байран дээр архи ууж байгаа асуудлыг таслан зогсоох зорилгоор та бүхэн ажлаасаа гарсан нь дээр шүү гэж 2-3 удаа орж анхааруулсан боловч түүний үгийг согтуу байсан хүмүүс хүлээж аваагүй. Эмнэлгийн жижүүр эмч гэдэг бол тухайн өдөр эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, албан хаагчдад мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй. Нөгөөтээгүүр байгууллагын орлогч захирал албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл тоож, ажлын байран дээр архи уух нь өөрөө сахилгын ноцтой зөрчил гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ талаар жижүүр эмчийн дэвтэрт бичсэн боловч тухайн өдөр жижүүр эмчээр хамт ажиллаж байсан эмч Ж.А түүнийг штрихээр арилгасан байна. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19:00 цагийн үед жижүүр эмчээр ажиллаж байсан төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б нь хүний нөөцийн менежер Б.Е болон төвийн ерөнхий захирал Ц.У нарт асуудлыг албан ёсоор танилцуулсан. Хүний нөөцийн менежерийн зүгээс цагдаагийн байгууллагад хандах нь зөв гэж хэлсэн. Тус төвийн ерөнхий захирлын гар утсан дээр төвийн дотоод хяналтын камер давхар хянагддаг тул үүссэн нөхцөл байдлыг гар утсан дээрх камераараа харахад төвийн Б байрны 3 дугаар давхарт нэг хүн 00 өрөөний дэргэд суучихсан байсан тул тухайн 00 өрөөтэй ойр байрлах камерыг харахад тархвар судлаач Б.С 00 өрөөний хажууд сууж байсан бөгөөд 00 өрөөний дотроос нь нэг эмэгтэй гуйвсан байдалтай гарч ирэхэд төвийн чанарын албаны дарга П.Б нилээд их гуйвсан байдалтай, мөн тархвар судлаач Б.С гуйвсан байдалтай 301 тоот өрөө рүү орсон. Мөн нягтлан бодогч Г.Д дээрх 301 тоот өрөөнөөс гарч ирээд 00 өрөө рүү орж байсан, мөн л гуйвсан байсан. Эмнэлэг дээр болж байгаа үйл явдлын талаар тухайн өдрийн жижүүр эмч буюу эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б ээс утсаар тодруулахад дээрх 301 тоот өрөөнд өдрийн 15:00 цагаас хойш чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статисикч их эмч Г.Г , даатгалын бага эмч Б.О , нягтлан бодогч Г.Д нар архи уугаад байна, миний бие тэдгээр хүмүүст 2-3 удаа хууль ёсны шаардлага тавьсан боловч миний шаардлагыг хүлээж аваагүй, ар гэрийнхэнд нь хэлчихлээр өдий насны хүмүүсийг ар гэрт нь ажил дээрээ архи уугаад байна гэж хэлэхлээр эвгүй санагдсан, мөн шууд хөөгөөд гаргахаар гадаа хүйтэн байсан тул тэдний аюулгүй байдлыг бодоод хөөж чадаагүй, мөн цагдаагийн байгууллагад хэлэхээр эрүүлжүүлэхэд орно гэж эдгээр зүйлийг бодоод эхлээд захирал болон хүний нөөцийн менежерт утсаар танилцуулсан гэж хэлсэн. Энэ талаар эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б тухайн өдрийн маргааш буюу 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 11:00 цагт төвийн ерөнхий захиралд илтгэх хуудсаар дэлгэрэнгүй байдлаар бичгээр танилцуулсан. Үүссэн асуудлын талаар тус төвийн удирдлагын багийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулсан болно. Хуралд төвийн ерөнхий захирал Ц.У , эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б , хүний нөөцийн менежер Б.Е , сувилахуйн албаны дарга Ө.А , ахлах нягтлан бологч Ш.Г нар оролцсон юм. Хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн төвийн Б байрны 301 тоот чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, нягтлан бодогч Г.Д нар ажлын байран дээр архи уусан асуудлыг хэлэлцсэн. Тэдгээр албан хаагчид өөрсдөө ажлын байран дээр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр архи уусан нь үнэн гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан өргөдөл, мөн дээрх нэр бүхий албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэгдэл нөхцөлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэлд ажлын байран дээр архи уусан тохиолдолд ажлаас шууд халахаар заасан, мөн төвийн хөдөлмөрийн дотоод журмын заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот сахилгын хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар зэргийг үндэслэн хурлаас ажлын байран дээр архи уусан албан хөөгчид болох чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, статистикч их эмч Г.Г , даатгалын бага эмч Б.О , нягтлан бодогч Г.Д н нарыг ажлаас халах шийдвэр гарсан бөгөөд энэхүү шийдвэрийг ноцтой зөрчил гаргасан албан хаагчдад төвийн ерөнхий захирал Ц.У танилцуулахад тэд ямар нэгэн үг, өгүүлбэр хэлээгүй, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тул өрөөнөөс гараад явсан. Ажлын байран дээр архи уусан албан хаагчдыг ажлаас халах тухай төвийн ерөнхий захирлын тушаалыг танилцуулж, хуулбарыг тэдэнд өгч тэдний ажлыг хүлээлцэхэд дээрх нэр бүхий зарим албан хаагчид ажлын компьютер дээрх ажилтан холбоотой файлуудыг устгасан байна. Хариуцагч байгууллага камерын бичлэгт бичигдсэн дүрсийг үндэслэсэн. Удирдлагын багийн хуралд зөрчил гаргасан 5 хүнийг оруулж танилцуулсан, төлөөлж н.Б эмч үг хэлсэн байдаг. Энэ үед нэхэмжлэгч зөрчил гаргаагүй бол тухайн үед яагаад хэлээгүй вэ, нэхэмжлэгч нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэрээ, журамд зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрч бичсэн өргөдөл, гэрчийн мэдүүлэг, илтгэх хуудас зэргээр нотлогддог гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д г АӨСҮТ-ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 23 451 915 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Д-ийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч АӨСҮТ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч АӨСҮТ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэхгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй буюу баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж дүгнээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн. Уг хэрэгт Д.Б, Ч.Б , Б.Б , Н.Г гэх 4 хүнийг гэрчээр асуулгасан байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн н.Гэрэлтмаагийн нэхэмжлэлтэй АӨСҮТ-д холбогдох хэрэгт Б.Б ийг гэрчээр асуусан хэсгийг нотлох баримтаар хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгч Г.Д г сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь гэрч Б.Б /хх-168/, Ш.Г /хх-190-192/ нарын гэрчийн мэдүүлэг, н.Гэрэлтмаагийн нэхэмжлэлтэй хэрэгт Б.Б ийг өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-107/, Б.О ийн нэхэмжлэлтэй хэрэгт хүний нөөцийн менежер н.Есүхэйгийн өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-182/ зэрэг баримтуудаар нотлогддог. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Д.Б ийн мэдүүлгийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн хэргийн харсан гэх Ш.Г , Б.Б нарын гэрчийн мэдүүлэг, н.Гэрэлтмаагийн нэхэмжлэлтэй АӨСҮТ-д холбогдох хэргийн гэрчийн мэдүүлэг, Г.Д-ийн өөрийн гарын үсэгтэй архи ууснаа хүлээн зөвшөөрсөн өргөдөл зэргийг нотлох баримтыг үнэлээгүй нь нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд АӨСҮТ-ийн хүний нөөцийн менежер н.Е, Ч.Б нарын гэрчийн мэдүүлгээс үзэхэд хүний нөөцийн менежер н.Е нь тухайн өдрийн үйл явдлын талаар нэр бүхий 5 хүнийг үнэн бодитойгоор бичиж өгөхийг хүссэн нь үнэн боловч тухайн өргөдлийн агуулгын талаар бичиж өгөхийг даалгаагүй болно. Шүүхийн үндэслэл болгож буй гэрч Д.Б нь тухайн өдөр сахилгын зөрчил гаргасан хүмүүсийн нэг бөгөөд зөвхөн нэг гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгож бусад гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд ач холбогдол өгч үнэлэхгүй байгаа нь нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна гэж үзэх нөхцөл байдалд хүргэж байна.

Гэрч Б.Б ийн "...тэр үед 6 цаг болсон байх... буцаад ирэхэд Г.Д яг явах гэж байсан. н.Гэрэлтмаа эмч явсан байсан. Нөгөө гурав нь нилээн согтсон байсан... дуулж байхад Г.Д байсан... нэгт нь байгаагүй байхаа сүүл коридорт таарсан... гэсэн мэдүүлэгт Г.Д г тухайн өрөөнд ороход нэг удаа байсан гэдгийг гэрчлэх бөгөөд уг мэдүүлгээр нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. " гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг тап бүрээс нь бүрэн бодитой тогтоож үзээгүй байна. Учир нь АӨСҮТ-өөс нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх дараах 5 зүйлийг үндэслэж шүүх хуралд оролцсон. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн жижүүрийн тэмдэглэл энэ нотлох баримтаар тухайн өдөр 301 тоот өрөөнд 4-5 хүн архи уусан болохыг нотолж бичиж тэмдэглэсэн байдаг /хх-189/. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Жижүүрийн ахлах эмч Б.Б ийн Илтгэх хуудас" тус илтгэх хуудсанд "2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуваарийн дагуу... 301 тоотод 16 цагаас эхлэн хүмүүс чанга дуугарч, инээлдэж байсан... очиж хаалга онгойлгож харахад Д.Б, Г.Д нар ширээнээс нааш гарч ирэн тойрч суусан байдалтай байсан гэж бичсэн байдаг /хх-50/. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "АӨСҮТ-ийн Хүний нөөцийн менежерт гаргасан нэр бүхий 5 хүний тухайн өдөр согтууруулах ундаа ууснаа хүлээн зөвшөөрсөн тухай өргөдөл /хх-51/, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 'Удирдлагын багийн хурлын тэмдэглэл" энэ тэмдэглэлд нэхэмжлэгчийг хуралд оролцсон тухайн хурлын шийдвэрийг танилцуулсан талаар нотлогдсон байдаг хх-51-55/. Г.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гэрчээр оролцсон Б.Б-ийн мэдүүлэг /хх-162/, Ш.Г гийн мэдүүлэг /хх-90-192/, Ч.Б ийн мэдүүлэг /хх-165-166/, Б.О ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хурлын тэмдэглэл /хх-182/, Есүхэйгийн гэрчийн мэдүүлэг, Г.Г гийн нэхэмжлэлтэй хэрэгт Б.Б ийн гэрчээр оролцсон мэдүүлэг зэрэг үндэслэлээр шүүхэд хариу тайлбар өгч шүүх хуралдаанд оролцсон боловч тус шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчтэй хамт сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдсан Д.Б ийн гэрчийн мэдүүлгийг үндэслэж нэхэмжлэгч Г.Д г согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэх боломжгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй мөн хууль буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч АӨСҮТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Г.Д нь АӨСҮТ-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба ажил олгогчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн тул Г.Д тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-18-20/

 

Нэхэмжлэгч Г.Д АӨСҮТ-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаал гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, АӨСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.1.13, 11.2.1.3-т заасан заалтуудыг тус тус баримтлан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтад заасан зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр Г.Д тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ.

/1хх-18/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-т ажлын байранд архи ууж согтуурсан, согтуу орж ирсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх үйл баримтын талаар зохигчид маргасан байна.

 

Хэргийн 51 дүгээр талд АӨСҮТ-ийн хүний нөөцийн менежер Б.Е д гаргасан өргөдөл байх бөгөөд уг өргөдөлд Д.Б, Б.С, Г.Г , Б.О , Г.Д 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж алдаа гаргасандаа хүлцэл өчиж эмнэлгийн дотоод журам холбогдох журам хууль дүрэм зөрчсөн цаашид алдаа гаргахгүй гэж бичиж гарын үсэг зуржээ.

 

Дээрх өргөдлийн талаар гэрч Ч.Б шүүхэд тухайн өдөр болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Хүний нөөцийн менежер Есүхэй гал тогоонд надтай тааралдаад ийм хэрэгт холбогдсон гэж хэлсэн. Өргөдлөө бичээд өгвөл асуудлыг нааштайгаар шийдэж өгнө гэсэн. Маргааш нь нөгөө хэд чинь дахин өргөдлөө бичиж өгөхгүй байна. Та Үйлдвэрчний хороон даргын хувьд хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Е-с тухайн үед тэр давхарт хамт байсан өрөө рүү явсан гэдгийг хэлээд тэд нарыг халуулчих юм биш үү гэхэд би тэгэхгүй аль болох нааштайгаар болгох гээд байна та хэлээд өгөөч гэж гуйсан. Дахиад хэлээд өгөөч бичиж өгөхгүй байна. Яасан итгэдэггүй юм бэ гээд шахаж шаардаад байсан. Би Б эмч рүү утсаар яриад... та нарыг өргөдлөө бичээд өгөөч гээд Е хэлээд байна яах вэ та өөрөө хэлж байгаад өргөдлийг нь бичүүлээд өгчихвөл яасан юм бэ гэж хэлсэн... тэр давхарт хамт байсан гэдгээр бичүүлэх юм байна гэж бодсон... буруугаа хүлээчихвэл асуудал сайнаар шийдэгдэх гээд байна гэсэн гэж, гэрч Д.Б ... би юу бичихээ мэдэхгүй байсан... Юу гэж бичихэв гэхэд ингээд ингээд бич гэсэн. Аль болох олон хүн зуруулаарай гэсэн гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хариуцагч байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Удирдлагын багийн хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байран дээр архи ууж, согтуурхсан асуудлыг хэлэлцсэн тухай тэмдэглэл хэргийн 52-55 дах талд авагдсан бөгөөд уг тэмдэглэлд чанарын албаны дарга Д.Б, тархвар судлаач Б.С, даатгалын бага эмч Б.О нар согтууруулах ундаа хэрэглэсэн талаар хэлэлцээд ажлын байран дээр архи уусан гэх үндэслэлээр Д.Б, Б.С, Г.Г , Б.О , Г.Д нарыг ажлаас халахаар шийдвэрлэжээ.

 

Гэрч Д.Б тухайн үед Г.Д уугаагүй, 5-6 цагийн үед өрөөгөөр шагайгаад та байгаа юм уу, би хүн үзүүлэх гэсэн юм жижүүр хэн байгаа вэ гээд явсан гэх, гэрч Ч.Б Д эрүүл мэндийн шалтгааны улмаас архи ерөөсөө уудаггүй архи уусан байхыг харж байгаагүй. Би Д.Б эмчээс гуйгаад та хэд бичээд өгчих юм биш үү тэгвэл гайгүй шийднэ гэж байна гэж хэлсэн, тэр давхарт хамт байсан гэдгээр бичүүлэх юм байна гэж бодсон гэх, гэрч Б.Б Д тэнд хүмүүс согтуураад байхад хамт байгаад байгаа, дахин дахин нойль ороод улайчихсан байсан гэх, гэрч Ш.Г өрөө онгойлгож өгөхөд архи үнэртсэн, жаахан улайсан байсан гэх, гэрч Ж.А илэрхий архи үнэртсэн шинж байгаагүй би анхаарч хараагүй гэх агуулга бүхий мэдүүлэгийг тус тус шүүхэд мэдүүлсэн байна. /1хх-162-172, 191, 193, 222-224/

 

Дээрх 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, Д.Б, Б.С, Г.Г , Б.О , Г.Д нарын өргөдөл, гэрч Д.Б, Ч.Б , Б.Б , Ш.Г нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь Е-д бичсэн өргөдлийг өөрсдөө бичээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан гэж маргасан, удирдлагын багийн хурлын тэмдэглэлд Г.Д г архи уусан талаар тэмдэглэгдээгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад нэхэмжлэгч Г.Д г ажлын байран дээрээ архи ууж, согтуурсан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхгүй, түүнчлэн өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Энэ талаарх гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байран дээрээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагаас 23:00 цагийн хооронд нэр бүхий хүмүүсийн хамт 301 тоот өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэж ноцтой зөрчил гаргасан нь жижүүр эмч Б.Б ийн илтгэх хуудас, ажилтны өөрийн гарын үсэгтэй өргөдөл, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон гэж тайлбарлаж мэтгэлцсэн боловч Г.Д-ийн гаргасан гэх дээрх сахилгын ноцтой зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Г.Д г хариуцагч АӨСҮТ-ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23 451 915 төгрөгийг хариуцагч АӨСҮТ-өөс гаргуулж нэхэмжлэгч Г.Д д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч АӨСҮТ-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт нийцжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ