Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/01197

 

 

 

 

 

 

 

 

     2021 о    06сары15өдөр                  

              181/ШШ2021/01197

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ГЕГ-т холбогдох

 

33,475,131 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, иргэдийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 оны 10 дугаар 02-ны өдөр үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтийг ГЕГ даргад гаргасныг ГЕГ дарга хүлээж аван мөн өдрийн дугаар тушаалаар ажлаас түр чөлөөлсөн юм.

Эмчилгээ хийлгэхээр 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Тайвань улсад очиход хагалгаа хийлгэлгүйгээр эмчлэх боломжтой гэсэн шинжилгээний хариу гарсан тул эмчилгээ, сувилгаа хийлгэж дуусаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эх орондоо бүр мөсөн буцаж ирсэн.

Сэтгэл санаа тайвширч, эмчилгээ, сувилгааны үр дүнд биеийн байдал сайжирсан учир ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш 2 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр өөрийн эрхэлж байсан ажил болох ГЕГ харьяа Улаанбаатар хот дахь Г  газрын даргын ажилдаа эргүүлэн томилуулах /ажилдаа эргэн орох/ хүсэлтийг ГЕГ дарга Б.А гаргасан. Ийнхүү ажилдаа эргүүлэн томилуулах хүсэлт гаргах үед миний ажлыг гүйцэтгэх түр орлон гүйцэтгэгч томилоогүй байсан.

Гэсэн хэдийч ГЕГ зүгээс Б.Б намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилохоос татгалзсан учир зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Б ажилдаа буцаж орох хүсэлтийг шийдвэрлээгүй ГЕГ даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Бийг Улаанбаатар хот дахь Г  газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч ГЕГ даргад даалгасугай” хэмээн шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах болон хяналт журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

Гэтэл хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болсон гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг хянаад 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаар албан бичгээр гомдлыг хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Өөрөөр хэлбэл хариуцагч ГЕГ намайг үндэслэлгүйгээр ажилд томилоогүй, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг хууль бусаар хязгаарласан гэдэг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 128/ШШ2019/0890 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас миний хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэж байна...Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 504 өдрийн цалин 27,932,891 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 5,542,240 төгрөгөөр нэмэгдүүлж байна. ...хариуцагч ГЕГ дарга Б.А Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасныг зөрчин албан үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх, цалин авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх боломжгүй болж хохирч байна.

Би Г-ийн байгууллагад 1995 оноос хойш 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа. Анхан шатнаас эхлээд ажиллаж ирсэн. 20 гаруй жил ажиллахдаа 14 жилийг хөдөө, орон нутгаар, хилийн застаавуудаар ажилласан. Олон жил ажиллаад явж байхад, эрүүл мэнд мууддаг юм байна лээ. 2018 онд миний бие муудаад бөөрөө эмчлүүлэх шаардлагатай болсон. Ер нь 2012 оноос эхлээд эмчлүүлж байсан. Эмчлүүлж байх явцдаа ажлаа хийгээд явж байсан. 2018 оны 09 сард бие өвдөөд ажлаасаа түр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө аваад, гадаад явж эмчлүүлсэн. Тэгээд хагалгаа хийлгэх шаардлагагүй, ажлаа хийгээд эмээ уугаад явж болно гэсэн учир 2018 оны 12-р сарын 14-ний өдөр ажилдаа орох өргөдлөө өгсөн боловч намайг ажилд авдаггүй. Би хууль зөрчсөн, гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй. Биеэ эмчлүүлээд буцаад, ажилдаа орох гэсэн чинь аваагүй, одоог хүртэл явж байна.

 

Миний бие төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, ажлаас түр чөлөө авсан. Хариуцагч талын яриад байгаа, шалгалтаа өгөөд ир гээд байгаа нь төрийн албанаас чөлөөлөгдөж, нөөцөд орсон хүн тэгж явах ёстой. Би ажлаас түр чөлөөлөгдсөн. Энэ асуудал Захиргааны шүүх дээр гэсэн ч яригдсан хамааралгүй гэдэг нь тогтоогдсон.

Хэрэв хариуцагч 2018 оны 12 сарын 14-ний өдөр миний ажилдаа орох хүсэлтийг Төрийн албаны тухай хууль, Г  тухай хуульд заасны дагуу хянан үзээд Б.Б намайг ГЕГ харьяа Улаанбаатар хот дахь Г  газрын даргын албан тушаалд томилсон бол миний бие цалин хөлсөөр хохирохгүй байсан болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 2018 оны 12 сарын 14-ний өдрөөс 2021 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 604 хоногийн цалин болох 33,475,131 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хэлье. 2020 оны 12-р сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2020 оны 12-р сарын 21-ний өдрийн байдлаар ажилгүй байсан хугацааны олговор буюу 504 хоног, энэ хоногийг яаж тооцсон гэхээр 2018 оны 12-р сарын 14-ний өдөр нэхэмжлэгч маань ажилдаа орох хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус байна гэж Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. 2018 оны 12-р сарын 14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 12-р сарын 21-ний өдөр хүртэл нийт ажлын хоногийг тооцож үзэхээр 504 хоног, ажилгүй байсан хугацааны цалин буюу нэхэмжлэлд учирсан хохирол 27,932,891 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх ажиллагааны явцад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ковид цар тахалтай, хариуцагч талын хүсэлтээр шалтгаалж хурал хойшилсон нөхцөл байдал үүссэн. 2021 оны 05-р сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэл гаргаснаас хойш ажлын 100 хоногийн хугацаа өнгөрсөн. 100 хоногийн хугацаа өнгөрсөн байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2020 оны 12-р сарын 22-ны өдрөөс 2021 оны 05-р сарын 10-ны өдрийг хүртэл 100 хоног байна. Энэ хугацааг тооцож үзэхээр 5,542,240 төгрөг нийт хугацаа 604 хоног, нийт нэхэмжилж байгаа гэм хорын хохирол 33,475,131 төгрөг болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөх бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

...Төрийн албаны тухай хуульд төрийн албаны сул орон тоог түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх журам гэж байдаг. Нэхэмжлэгч 2018 оны 10-р сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухайгаа хэлсэн. 2018 оны 12-р сарын 14-ний өдөр ажилдаа орох хүсэлтийг тавих үед нэхэмжлэгч Б.Бийн ажиллаж байсан Улаанбаатар хотын Г газрын даргад хэн нэгэн этгээдийг томилоогүй сул орон тоо байсан.

Ажилдаа орье гэж хүсэлт өгснөөс хойш 7 хоногийн дараа 2018 оны 12-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Г газрын дэд даргын үүргийг гүйцэтгэгч нэхэмжлэгч Б.Бийн удирдлагад ажиллаж байсан хүнийг хүсэлт өгснөөс нь хойш 7 хоногийн дараа түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Ингээд нэхэмжлэгчийг ажилд нь томилохгүй байгаа учраас Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Захиргааны шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэл өгдөг. Мэдэгдлээр Б.Бийг ажил нь томил гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ үүргийг хариуцагч тал биелүүлдэггүй... Б.О гэдэг хүнийг Б.Бийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал дээр нь томилсон. Энэ хүнийг 2021 оны 04-р сарын 01-ний өдрийн дотор чөлөөл гэсэн боловч чөлөөлдөггүй. Хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.Бийн эдийн засаг, цалин хөлс олох ёстой байсан орлого буюу 33,475,131 төгрөгийн хохирол учирсан байна.

Энэ хохирлыг хариуцагч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна... Б.Б шалгалтад унасан гэж дурдаж байгаа асуудал Б.Бийг 2018 оны 10-р сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө болсон гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.Б нь 2018 оны 10 сарын 02-ны өдрийн ГЕГт гаргасан өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас албан ажлаасаа 1 жилийн хугацаагаар түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Г  байгууллагын удирдлага хүлээн авч, таны өргөдөлд үндэслэн ГЕГ даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийн дагуу Б.Б нь “Төрийн албан хаагчийн нөөц”-ийн бүртгэлд орсон.

“Төрийн албан хаагчийн нөөц”-д бүртгэлтэй байгаа Б.Бийг Г  албаны удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийн дагуу шалгаруулалтад орж, тэнцсэн тохиолдолд томилогдох боломжтойг байнга албан бичгээр мэдэгдэж ирсэн. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4.дэх хэсэгт батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох; гэж заасан байдаг.

Г  байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул ГЕГ дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн ажил, хөдөлмөр эрхэлснийхээ төлөө улсаас цалин хөлс авдаг билээ.

Харин иргэн Б.Б нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд дагуу Монгол Улсад аливаа ажил хөдөлмөр эрхлэлгүй, эрх нь зөрчигдсөн нэрээр Г  ерөнхий газрыг буруутган Төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин буюу дээрх нийт хугацааны цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гомдлыг Г  ерөнхий газраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.  Нэхэмжлэгч Б.Б нь Улаанбаатар хот дахь Г  газрын даргаар ажиллаж байхдаа ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдье эрүүл мэндийн шалтгаанаар гэдэг байдлаар хүсэлт гаргасан нь үнэн. Тэр хүсэлтийг дагуу ГЕГ даргаас 2018 оны 10-р сарын 02-ны өдрийн Б/447 тоот тушаал гаргаад, өөрийнх нь хүсэлтээр эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд 2018 оны 10-р сарын 02-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор Б.Б нь гадаад улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. Ингээд эргээд ажилдаа орохоор хүсэлт гаргасан. Эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлүүлж дууссан одоо надад ямар нэгэн шалтгаан байхгүй учраас ажилдаа орье гэдэг хүсэлтийг гаргасан.

Энэ хүсэлтэд Г байгууллагаас хариу өгсөн. Урьд нь 2019 оны 09-р сарын 25-ны өдрийн 01-1/3514 гэсэн албан тоотоор хариу өгсөн. Энэ албан тоотоор мөн ГЕГ дарга н.А хэлснээр ажилд нь авахгүй гэж нэг ч удаа хариу өгөөгүй. Таныг Г байгууллагад ажилд авахгүй, та Г байгууллагад ажил орох эрхгүй гэж ерөөсөө тайлбар өгөөгүй. Төрийн тусгай удирдлагын газрын дарга буюу Г байгууллагын хэмжээнд төрийн захиргаа удирдлагыг хэрэгжүүлдэг даргын албан тоотоор Иргэн Б.Б танаа гэдэг хариу өгсөн бичиг, энэ хариу нь дээр таны хүсэлтийн дагуу чөлөөг олгосон. Энэ чөлөө олгосонтой та Г байгууллагын буюу Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байна. Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байгаа нь эргээд төрийн албанд орохдоо нөөцөөс орж байгаа ажилтан төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд, тусгай шалгалт өгөөд ингээд ордог Төрийн албаны тухай хуулийн зохицуулалттай. Энэ зохицуулалтын хүрээнд та төрийн алба болон Г  байгууллагад орж ажиллах эрх чинь нээлттэй байна. Энэ эрхээ эдлэхийн тулд та төрийн албаны шалгалтыг өгөөд ир, шалгалтыг өгөөд ирсэн тохиолдолд, таныг шууд энэ албанд авч ажиллуулъя гэдэг ийм албан тоотыг өгсөн.

2018 оны 09-р сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явагдсан. Энэ сонгон шалгаруулалтад Г  байгууллагын удирдах албан тушаал дээр ажиллаж байгаа албан тушаалтнуудаасаа энэ төрийн албанд тэнцэж байна уу, тэнцэхгүй байна уу гэдгийг магадлах ийм шалгалт байсан. Энэ шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөл буюу ГЕГ дээр байрладаг салбар зөвлөл маань зохион байгуулсан. Энэ шалгалтад Б.Б гуай 2018 оны 09-р сарын 28-ны өдөр ороод ерөнхий шалгалт буюу 25 оноо авах ёстой сорилын шалгалтаас 13 оноо аваад унасан. Өөрөөр хэлбэл төрийн албанд ажиллахын тулд эхлээд ерөнхий шалгалт өгч тэнцээд, дараа нь Г  албаны тусгай шалгалт өгч тэнцээд энэ албанд ажиллах ёстой. Б.Б гуай энэ шалгалтад унасан учраас энэ хүнийг Төрийн албаны тухай хууль зөрчөөд шууд томилох боломжгүй.

Захиргааны хэргийн шүүх дээр сая миний дурдаж байгаа нотлох баримтуудыг хууль бус байна гэдэг ч юм уу, үүнийг хүчингүй болгох ямар ч акт баримт гараагүй, энэ баримт маань хүчинтэй. ...тэр шалгалтад уначхаад байгаа учраас Төрийн албаны тухай хуулийг зөрчөөд шууд төрийн албанд томилж болохгүй байна.

Отгонсүх гэдэг хүн түр орлон гүйцэтгэгч учраас дараагийн хүнийг томилогдох хүртэл хугацаанд орлон гүйцэтгэгч байгаа. Өөрөөр хэлбэл сул орон тоон дээр сонгон шалгаруулалтад оролцоод томилогдох эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэлье гэв. 

 

Иргэдийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:

 

Иргэн Б.Бийн нэхэмжлэл нь миний зүгээс харахад ажилд нь эгүүлэн томилох нь боломжтой байж болох юмаа. Төрийн албаны сонгон шалгаруулалтад орсон бол сайн болох байж. 2020 оны 5 сард гарсан 3 шатны шүүхийн шийдвэрийг ярилцаж байгаа боловч гэм хорын мөнгө гэх 604 хоногийн мөнгийг нэхэмжлэх нь буруутай байх. 3 шатны шүүхийн шийдвэрээс хойшихыг гэж үзэж байна гэв.

 

Зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ГЕГт холбогдуулан 33,475,131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг ГЕГ дарга Б.А гэж тодорхойлоод, хариуцагчийн хаягийг тус байгууллагын хаягаар гаргасан, шүүх ГЕГт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, зохигч энэ талаар маргаангүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч ГЕГт холбогдуулан шаардлагаа гаргасан талаар тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь ГЕГ харьяа Улаанбаатар хот дахь Г  газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2018 оны 10 дугаар 02-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасанд үндэслэн, ГЕГ даргын мөн өдрийн дугаар тушаалаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь ажилдаа эргэн орох хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хариуцагчид гаргасан гэх тайлбар нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...ажилдаа эргэн орох хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ГЕГ даргад гаргасан нь мөн өдөр тус газрын өргөдөл, саналын бичгийн бүртгэлд бүртгэгджээ...гэж тусгагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин түүнийг нотлох шаардлагагүй байна.

 

Нэхэмжлэгч ажилд эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй ГЕГ даргын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, ГЕГ харьяа Улаанбаатар хот дахь Г  газрын даргын ажилд томилохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дугаар шийдвэр,  Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 169 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 119-138-р тал/

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасныг хариуцагч биелүүлээгүй байна./хх-ийн 58-59, 85-86, 107-108-р тал/

 

Уг шийдвэр биелэгдээгүйн улмаас өөрт учирсан хохирол буюу ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх олговрыг хохиролд тооцон нэхэмжилж буй нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтад ...Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн ажилдаа буцаж орох хүсэлтийг шийдвэрлээгүй ГЕГ даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Бийг Улаанбаатар хот дахь Г  газрын даргын албан тушаалд томилохыг ГЕГ даргад даалгасугай...гэж шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж зааснаар Б.Бийн ажилдаа буцаж орох хүсэлтийг шийдвэрлээгүй ГЕГ даргын үйлдэл хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх тул уг хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч 2018 оны 12-р сарын 14-ний өдрөөс 2021 оны 05-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 604 хоногийн цалин буюу учирсан хохирол 33,475,131 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Шүүх хэрэгт баримтаар гарган өгсөн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Б.Бийн нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанд тусгасан сүүлийн 3 сарын дунджаас тооцон хохирлын хэмжээг тооцоход нийт 3 574 745 төгрөг/1279524+1286724+1008497/, нэг сарын дундаж цалин 1 191 581/өдрийн дундаж цалин 55422 /төгрөг тус тус болж байна.

 

Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үе буюу ажилдаа орох хүсэлт өгсөн 2018 оны 12-р сарын 14-ний өдрөөс 2021 оны 05-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хоногийг тооцоход нийт 28 сар, 26 хоног байх ба нийт цалин 34 805 240 төгрөг гарч, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 33,475,131 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заажээ.

 

Ажилтан цалин хөлсийг хохиролд тооцон гаргуулж шийдвэрлэсэн тул түүнээс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөх нь хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үүрэг юм.

 

Иргэдийн төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд ...2020 оны 5 сард гарсан 3 шатны шүүхийн шийдвэрийг ярилцаж байгаа боловч гэм хорын мөнгө гэх 604 хоногийн мөнгийг нэхэмжлэх нь буруутай байх...гэсэн дүгнэлтийг гаргасан байх бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн цалинтай тэнцэх олговрын хэмжээгээр нэхэмжилсэн гэм хорын хохирлыг гаргуулах тухай шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж  шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

                 1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГЕГ-аас 33 475 131 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

                 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч ГЕГт даалгасугай.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 626 төгрөгөөс илүү төлсөн 146 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 325 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО

 

  

    ШҮҮГЧ                               С.ХИШИГБАТ