Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01147

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01197 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Г-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 475 131 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын даргад гаргасныг Гаалийн ерөнхий газрын дарга хүлээж авч, мөн өдрийн Б/47 дугаар тушаалаар ажлаас түр чөлөөлсөн. Эмчилгээ хийлгэхээр 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Тайвань улсад очиход хагалгаа хийлгэлгүйгээр эмчлэх боломжтой гэсэн шинжилгээний хариу гарсан тул эмчилгээ, сувилгаа хийлгэж дуусаад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын дарга Б.А-ад гаргасан. Ийнхүү ажилдаа эргүүлэн томилуулах хүсэлт гаргах үед миний ажлыг гүйцэтгэх түр орлон гүйцэтгэгч томилоогүй байсан. Гэсэн хэдий ч намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилохоос татгалзсан учир зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд орох хүсэлтийг шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Б-ийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас миний хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 504 өдрийн цалин 27 932 891 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 5 542 240 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга Б.А- Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг зөрчин албан үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх, цалин авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх боломжгүй болж хохирч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь 2018 оны 10 сарын 02-ны өдрийн Г-т гаргасан өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас албан ажлаасаа 1 жилийн хугацаагаар түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Гаалийн байгууллагын удирдлага хүлээн авч, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/447 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Б- нь Төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлд орсон. Төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байгаа Б.Б-ийг Гаалийн албаны удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийн дагуу шалгаруулалтад орж, тэнцсэн тохиолдолд томилогдох боломжтойг байнга албан бичгээр мэдэгдэж ирсэн. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох; гэж заасан байдаг. Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул Гаалийн ерөнхий газрын дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн ажил, хөдөлмөр эрхэлснийхээ төлөө улсаас цалин хөлс авдаг билээ. Харин иргэн Б.Б- нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд дагуу Монгол Улсад аливаа ажил хөдөлмөр эрхлэлгүй, эрх нь зөрчигдсөн нэрээр Гаалийн ерөнхий газрыг буруутган Төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин буюу дээрх нийт хугацааны цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явагдсан. Энэ сонгон шалгаруулалтад гаалийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтнуудаасаа энэ төрийн албанд тэнцэж байна уу, тэнцэхгүй байна уу гэдгийг магадлах ийм шалгалт байсан. Энэ шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөл буюу Г- дээр байрладаг салбар зөвлөл зохион байгуулсан. Энэ шалгалтад 25 оноо авахаас 13 оноо авч унасан. Өөрөөр хэлбэл төрийн албанд ажиллахын тулд эхлээд ерөнхий шалгалт өгч тэнцээд, дараа нь гаалийн албаны тусгай шалгалт өгч тэнцэх ёстой. Б.Б- энэ шалгалтад унасан учраас Төрийн албаны тухай хууль зөрчиж шууд томилох боломжгүй гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Б.Б-ийн нэхэмжлэл нь миний зүгээс харахад ажилд нь эгүүлэн томилох нь боломжтой байж болох юм. Төрийн албаны сонгон шалгаруулалтад орсон бол сайн болох байж. 2020 оны 5 сард гарсан 3 шатны шүүхийн шийдвэрийг ярилцаж байгаа боловч гэм хорын мөнгө гэх 604 хоногийн мөнгийг нэхэмжлэх нь буруутай байх. 3 шатны шүүхийн шийдвэрээс хойшихыг гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гаалийн ерөнхий газраас 33 475 131 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч Г-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 626 төгрөгөөс илүү төлсөн 146 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 325 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийг ажилдаа эргэн орох хүсэлт гаргахад шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд эргэж орохын тулд тодорхой сонгон шалгаруулалт ад орох ёстой. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ийн Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажилд эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажилд томилохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх ... уг шийдвэр биелэгдээгүй улмаас өөрт учирсан хохирол буюу ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх олговрыг хохиролд тооцон нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 504 өдрийн 27 932 891 төгрөг гаргуулах шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж дүгнэж байгаа нь буруу. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан. Энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй байхад захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуул гэж дүгнэсэн мэтээр шийдвэрлэж буйг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ зөвхөн шүүхийн шийдвэрт заасан хүрээнд л шийдвэрлэхээс бус анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэснээр хэтрүүлж шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалтыг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү заалт нь төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг төр хариуцах зохицуулалт болохоос бус Б.Б-ийг ажилдаа буцаж орох хүсэлтийг шийдвэрлэх эсэхтэй ямар ч холбоогүй байхад холбоотой мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж буйг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Г-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 475 131 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь ажилд томилохыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, шалгалтад тэнцсэн тохиолдолд ажилд томилох боломжтой, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй тул цалин хөлс олгох боломжгүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх тухай нэхэмжлэгч Б.Б-ийн хүсэлтийг үндэслэн түүнийг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажлаас түр чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч хариуцагч байгууллага нь түүнийг ажилд томилох шийдвэр гаргаагүй үйл баримт тогтоогджээ.

 

Улмаар нэхэмжлэгч Б.Б- нь ажилд эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, ажилд томилохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г-т холбогдуулан гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүх хариуцагчийн гомдлоор хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 122-141-р тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас түр чөлөөлөгдөж төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлд орсон, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтад орох ёстой гэх боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд томилохыг даалгаж шийдвэрлэсэн тохиолдолд дээрх шаардлага тавигдахгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Г- нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсгийг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтаар төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас бусдад гэм хор учруулсан бол төр хариуцахаар зохицуулсан байхад анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагад шууд хамааруулан дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г- нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилтныг ажилд томилохгүй, цалин хөлс олгохгүй байгаа эс үйлдэхүйг ажлаас хууль бусаар халсантай адилтган үзэх бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлах юм. Иймд цалинтай холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлээгүй тул цалин хөлс олгох үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 33 475 131 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт гаргасан байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь ... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ