Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 992

 

 

 

Т.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Б.Дашдорж,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Бд холбогдох эрүүгийн 2002000430041 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТөвийн хашаанд автомашин байршуулан тавьсны төлбөр тооцооны асуудлаар маргаан үүсгэн иргэн Ж.Нямсүрэнгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа, баруун шанаан тус газар нь 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь “баруун хацар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” зочид буудлын гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.3563 грамм, 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 дугаар байрны 18 тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.5380 грамм “Өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас:

Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

 Шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцон /560:8=70 хоног/ хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Бын нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 10 /арав/ хоногоор тогтоож, шүүгдэгч Т.Бд оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баас 2.860.000 /хоёр сая найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Нямсүрэнд олгож, үлдэх 6.631.616 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Т.Баас хохирогчийн эмчилгээний зардал, төлбөрт тооцон урьдчилан байршуулсан 508.384 /таван зуун найман мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг Төрийн банк дахь тус шүүхийн Тамгын газрын 100 90000 5406 тоот данснаас гаргуулан хохирогч Жамъяндагвын Нямсүрэнд /РД: ЛБ72031433/ олгож, хохирогч Ж.Нямсүрэн нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын болон бусад асуудлаар шүүгдэгчээс нэхэмжпэх зүйл байгаа тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жичдээ нэхэмжпэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.3563 грамм жинтэй болон 4.5380 грамм жинтэй хар тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Бын хувьд хэргийн зүйлчлэлтэй ямар нэгэн байдлаар маргадаггүй бөгөөд хэргийн болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэж тус тус хуульчлан заасан байх бөгөөд уг хавтас хэргийн 80 дугаар талд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Уг дүгнэлтэд “Т.Б нь Р25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, Р19.1. Олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байна. ... Т.Б нь олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна. Т.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг тусгах тасагт 1 жилийн хугацаатай авах зүйтэй гэж үзэв гэсэн дүгнэлт авагдсан байх бөгөөд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин шинжээч томилсон бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр “Урьд хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 220 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Харин Т.Б одоогоор мэдүүлэг өгөх чадвартай байна, Т.Б нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш /одоогоор/ хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт гарсан боловч хавтас хэрэгт хоёр өөр дүгнэлтүүд авагдсан байна. Өвчний түүхээс үзвэл, яллагдагч Т.Б нь сэтгэцийн эмнэлэгт 11 удаа хэвтэн эмчлүүлж байсан баримтууд байх бөгөөд дүгнэлтүүдээр уг сэтгэцийн өвчин нь цаашид дахин илрэх эсэх талаар тодруулаагүй, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх талаар тодруулаагүй эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Ялтан Т.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хэрэг хариуцах чадваргүй байсан талаар дүгнэлтүүдэд тодорхой бичсэн бөгөөд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа талаар удаа дараагийн мэдүүлгийн тэмдэглэлээс харагддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.3-д “Бие махбодын, сэтгэл санааны албадлагын...эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, 3-д “шүүх энэ зүйлд заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг үндэслэн ялтан Т.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн тухайн зүйлд заасан ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Т.Бд холбогдох эрүүгийн 2002000430041 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

 

Шүүгдэгч Т.Б нь:

1.  2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТөвийн хашаанд автомашин байршуулан тавьсны төлбөр тооцооны асуудлаар маргаан үүсгэн иргэн Ж.Нямсүрэнгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа, баруун шанаан тус газар нь 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь “баруун хацар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, авто зогсоолын төлбөр нэхлээ гэж Ж.Нямсүрэнг зодсон болохыг мэдүүлсэн хохирогч Ж.Нямсүрэн /1хх 111-115, 116-117/, гэрч А.Цагаанхүү /1хх 103-104/, Г.Энхмаа /1хх 105-106/ нарын мэдүүлгүүд, “...Ж.Нямсүрэнгийн биед баруун хацар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1080 дугаартай шинжээчийн дүгнэлт/1хх 123-124/ зэргээр,

 

2.  2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” нэртэй зочид буудлын гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.3563 грамм, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 дугаар байрны 18 тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.5380 грамм “Өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Т.Баас хураан авсан ногоон ургамал мэт зүйл, бор өнгөтэй зүйл нь тус тус “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг сэтгэцэд нөлөөт бодис болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 638 дугаартай /1хх 42-44/,  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 452 дугаартай /1хх 46-49/ шинжээчийн дүгнэлтүүд, Т.Бын шээсэнд тетрагидроканнабинол илэрч байгаа болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 452 дугаартай /1хх 46-49/, 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 482 дугаартай /1хх 51-53/ шинжээчийн дүгнэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 16-17, 30-31/ зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Билэгжаргалыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Т.Бын:

хохирогч Ж.Нямсүрэнгийн биед “баруун хацар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг,    

2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.3563 грамм бодисыг хадгалсан, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.5380 грамм “Өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах ... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.3-д “Бие махбодын, сэтгэл санааны албадлагын...эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, 3-д “шүүх энэ зүйлд заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг үндэслэн ялтан Т.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн тухайн зүйлд заасан ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Т.Бын эрүүл мэндийн байдлын талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр  “...Т.Б нь F25.2. Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, Р19.1. Олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байна. ...Т.Б нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвар султай байна...Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Т.Б нь Р19.1. Олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байна. ... Т.Б нь олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна. ..." /1хх 60-67/, шинжээч Л.Баттулгын “...Харин эмчилгээний үр дүнд засрал, сайжирлын байдалд орох боломжтой. ..." гэх мэдүүлэг /хх 68/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын давтан дүгнэлтээр “...1. Урьд хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Харин Т.Б нь одоогоор мэдүүлэг өгөх чадвартай байна. 2.1. Т.Б нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, F19.1. Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 2.2. Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, хөнгөн сэтгэл хөөрөх эмгэг, эмгэг төрх төст хам шинж, F19.1.Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Т.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа /одоогоор/ F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, F19.1. Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, засрал сайжралын байдалтай байна. Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна. 3.2. Т.Б нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш /одоогоор/ хэрэг хариуцах чадвартай байна.” гэх №530 дугаартай /2хх 25-30/ дүгнэлтүүд гарсан байна.

 

Т.Б нь сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй хэдий ч хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон ба түүнд анхан шатны шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхгүйгээр ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд зэрэгт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.  

 

Иймд өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...хар тамхийг...” гэж Эрүүгийн хуульд заагаагүй албан бус үг ашигласныг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...хар тамхийг...” гэснийг “...сэтгэцэд нөлөөт бодисыг...” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                      ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ