Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/509

 

2020         5         27                                     2020/ШЦТ/509

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0363/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,

улсын яллагч: С.Мөнхгэрэл,

хохирогч Ж.Нямсүрэн,

шүүгдэгч: Т.Б, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2002000430041 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Сайн лоф ХХК-ийн найруулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Нарны замын 13/2 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Т.Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТөвийн хашаанд автомашин байршуулан тавьсны төлбөр тооцооны асуудлаар маргаан үүсгэн иргэн Ж.Нямсүрэнгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа, баруун шанаан тус газар нь 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь “баруун хацар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” нэртэй зочид буудлын гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 1.3563 грамм жинтэй, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Нарны замын 13/2 дугаар байрны 18 тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.5380 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б-н өгсөн: “...Тэр өдөр шинэ жилийн дараа найз маань гэртээ намайг урьсан. Би очиж жаахан архи уусан. Бид нар тоглож байгаад найз маань мөрөө хугалсан. Тэгээд бид нар Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнд очиж найзыгаа үзүүлсэн. Гэмтлээс машинаа гаргахдаа Ж.Нямсүрэн ахтай ийм асуудал болсон байгаа. Тэгээд орой нь би архиа гаргачихаад Нямсүрэн ахаас очиж уучлалт гуйх гэж явж байгаад Корпорэйт төвийн тэнд цагдаа нарт баригдсан. Хохирогч Нямсүрэн ахаасаа албан ёсоор уучлалт гуйж байна. Ийм гэмт хэрэгт холбогдоод ингээд зогсож байгаадаа маш их ичиж, гэмшиж, харамсаж байна. Аль аль талдаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хүнтэй соёлтой боловсон харилцах ёстой байх гэж бодож байна. Өөрийнхөө хийсэн хэргийг би хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Нямсүрэнгийн өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би ажлаа хийж байхад 96-57 УНЭ улсын дугаартай Аллион маркийн эмэгтэй жолоочтой машин гарах гэхэд төлбөр 500 төгрөг гарсан байсан. Тэгсэн жолооч эмэгтэй надад бэлэн мөнгө байхгүй байна мобайлаар төлж болох уу гэхэд ар талын хаалганаас Т.Б гарч ирээд мөнгө өгөхгүй гарна гээд хаалтны төмөр өргөсөн. Тэгээд над руу дайрсан. Би хаалтны төмрөө буулгахаар гарсан чинь намайг цохисон..Тэгсэн Т.Б нь надтай эвлэрье гэж хэлэхэд нь би итгээд гар барихаар очиход нүүрэн тус газар цохисон. Манай хамт ажиллаж байсан хүнийг бас цохиж зодсон. Би эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан. Миний нүүрний яс тэр чигээрээ хугарсан байсан. Нүүрэндээ ялтас тавьж оёулсан, бэхэлгээ хийлгэсэн. Би гомдолтой байна. Надад 10 сая төгрөгийн хохирол барагдуулбал гомдол санал байхгүй. Өмгөөлөгч надаас данс асуугаагүй худал хэлж байна. Тэр өдөр өмгөөлөгч надтай утсаар ярихдаа “ар гэр нь май гээд өгөх мөнгө алга” гэсэн . Сэтгэл санааны хохирол болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний хохирол, гоо сайхан, 3 сар ажилгүй байсан хугацааны цалин гээд нийт 10 сая төгрөг  нэхэмжилж байна. Би нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлж байгаагүй. Би хөлсөөр ажиллаж байсан болохоор тухайн байгууллага нийгмийн даатгал төлөх эсэхийг та өөрөө шийд гэж хэлсэн. Би гар дээр илүү мөнгө авахаа бодоод төлж байгаагүй. Шүүхийн дансанд шүүгдэгчийн өмгөөлөгч бодит хохирол байршуулсан гэж байна. 1 сая төгрөгийн хагалгаанд ороод бодит зардал нь 500.000 төгрөг болсон байгаа. Гомдол барагдуулбал надад өөр хэлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Нямсүрэнгийн өгсөн: "...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хийгээд сууж байтал 14 цагийн үед нэг машин гарахдаа 500 төгрөг болсон байна мөнгөө өг гэтэл 500 төгрөг өгч чадахгүй гэсэн. Тэгтэл машины арын суудлаас нэг залуу бууж ирээд хаалтыг өргөөд гарах гэхээр нь би тайлбарлаж хэлсэн. Машинд 2 эмэгтэй, 2 эрэгтэй явж байсан. Тэгтэл машинаас бууж ирсэн /хараад таньсан жүжигчин Т.Б гэх залуу байсан/ залуу машины цонхоор 2-3 удаа цохисон. Тэгснээ бууж ирээд гараараа нүүрний баруун шанаа хацар хэсэгт 1 удаа цохисон. Би газар унасан. Тэгтэл Цагаанхүү ах ирээд боль гэтэл аваад газар унагаад өшиглөж байгаа харагдсан. Өөр зүйл болоогүй...","...Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Миний эмчилгээиий зардалд 476.984 төгрөг зарцуулагдсан. Би томографи хийлгэсэн 130.000 төгрөгийн баримтаас бусдыг нь хэргийн материалд хавсаргуулахаар өгсөн байгаа. Мөн энэ бодит зардлаас гадна ажилгүй гэртээ байсан, бие өвдөөд сэтгэл санааны хохиролдоо 10 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ 10 сая төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй баримт бол надад байхгүй. Ингээд надад бодит хохирлын 476.984 төгрөг сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нийлээд 10.476.984 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 111-115, 116-117 тал/,

Гэрч А.Цагаанхүүгийн өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би ГССҮТ-ийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан. Гэтэл 14 цагийн үед зогсоолын путикны хажууд зогсож байтал машин ирээд хаалтаар гарах гээд тасалбараа уншуулсан. Төлбөр нь 500 төгрөг гарсан бөгөөд мөнгө хураагч Нямсүрэн 500 төгрөг өгчих гэтэл машины арын суудлаас нэг согтуу залуу гарч ирээд хаалтыг хүчээр дээш нь сөхсөн. Нямсүрэн путикнээс гарч ирээд нөгөө залуутай маргалдаад чи суу гээд буцаагаад машинд нь суулгасан. Тэгтэл тэр залуу машинаас буцаж бууж ирээд Нямсүрэнг сайндах уу гэж хэлснээ шууд нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Нямсүрэн нүүрээ дараад хагас суусан. Нүүрнээс нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би очоод чи боль гээд залууд хандан хэлсэн чинь намайг татаж ойртуулснаа аваад шидсэн. Би газар унаад өнхрөөд зогсоолд байсан машины доор орох үед цээж, нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд машиндаа суугаад яваад өгсөн... миний биед одоо ямар нэг гэмтэл зовиур байхгүй тул гомдол саналгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 тал/,

Гэрч Г.Энхмаагийн өгсөн: "...Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зогсоолын мөнгө хураагч Нямсүрэн, талбайн үйлчлэгч Цагаанхүү нарыг нэг ээлжинд гарч байхад /манай 2 ажилтны ярьснаар жүжигчин Билэгжаргап/ нэг машин ирээд гарах үед тасалбар уншуулахад 500 төгрөг болсон байсан. Тэгтэл уг машины арын суудлаас нэг залуу бууж ирээд хаалгыг гараараа дээш өргөсөн байсан. Тэгтэл Нямсүрэн путикнээсээ гарч очоод шаардлага тавиад машинд нь суулгасан чинь буцаж гарч ирээд эвлэрье гэж хзлсэнээ шууд цохисон гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1080 дугаартай:  "Ж.Нямсүрэнгийн биед баруун хацар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 123-124 тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан

тухай тэмдэглэл /хх-ийн 133-135 тал/,

Яллагдагч Т.Бын мэдүүлэг /хх-ийн 139-141 тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах,

сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай

тэмдэглэл /хх-ийн 16-17, 30-31 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 638 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол...илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол...нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн И-р жагсаалтанд багтдаг болно..." гэх дүгнэлт /хх-ийн 42-44 тал/,

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн "Т.Б ШУ87072797" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Т.Б ШУ87072797" гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол...илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол...нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн И-р жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Бор өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол...илэрч байна..." гэх дүгнэлт /хх-ийн 46-49 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 482 дугаартай: "...Шинжилгээнд ирүүлсэн Т.Бын шээснээс делта-9 тетрагидроканнабинол...илэрч байна..." гэх дүгнэлт /хх-ийн 51-53 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 220 дугаартай: "...Т.Б нь F25.2. Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, Р19.1.0лон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна...Т.Б нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвар султай байна...Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Т.Б нь Р19.1. олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээ сэттэцийн эмгэгтэй байна...Т.Б нь Олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна..." гэх дүгнэлт /хх-ийн 60-67 тал/,

Шинжээч Л.Баттулгын өгсөн: "...Харин эмчилгээний үр дүнд засрал, сайжирлын байдалд орох боломжтой..." гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,

Эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

Эрүүл мэндийн яам Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/25 дугаартай албан бичиг /хх-ийн 178-191 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын №530 дугаартай дүгнэлт: “...1. Урьд хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Харин Т.Б нь одоогоор  мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.1. Т.Б нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, F19.1. Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

2.2. Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, Хөнгөн сэтгэл хөөрөх эмгэг, Эмгэг төрх төст хам шинж, F19.1.Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

2.3. Т.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа /одоогоор/ F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, F19.1. Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, Засрал сайжралын байдалтай байна.

3.1. Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна.

3.2. Т.Б нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш /одоогоор/ хэрэг хариуцах чадвартай байна.” зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2020.01.03-ны өдөр 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаанд байх Оорцгийн энгэр ХХК-ийн төлбөртэй авто зогсоолд автомашин байршуулан тавьсны төлбөр тооцоог өгөхгүй гэж хэрүүл маргаан үүсгэн улмаар тус авто зогсоолын мөнгө хураагч ажилтай хохирогч Жамъяндагвын Нямсүрэнгийн нүүрэн тус газар нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь баруун хацар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

түүнчлэн 2020.01.04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт зочид буудлын гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 1.3563 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, үргэлжилсэн үйлдлээр 2020.01.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо,          5 дугаар хороолол Нарны замын 13/2 дугаар байрны 18 тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.5380 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Б-н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, манай улс болоод дэлхийн хамтын нийгэмлэгээс хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр удаа дараа хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хүн төрөлхтний болон Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аюулгүй аж байдалд маш ноцтой хор хохирол бүхий гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хамтын нийгэмлэг болох Нэгдсэн Үндэстний байгууллагаас хориглосон, манай улс энэ төрлийн гэмт хэргийн ноцтой хор уршгийг нь ойлгон, хүлээн зөвшөөрч Олон улсын гэрээгээр үүрэг хүлээн нэгдсэн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шүүгдэгч Т.Б нь хууль бусаар хэрэглэх, хадгалах зэргээр ноцтой хууль зөрчсөн үйлдлүүдийг хийж байжээ.

Дээрх гэмт хэргүүд гарахад шүүгдэгч Т.Б-н хувьд архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг олон жилийн туршид хэрэглэж, согтуурсан, мансуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэдэг догшин хэрцгий, танхай балмад зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, Хөнгөн сэтгэл хөөрөх эмгэг, Эмгэг төрх төст хам шинж, F19.1.Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй буюу хэрэг хариуцах чадваргүй байсан, харин одоогийн байдлаар Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, F19.1. Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ, Засрал сайжралын байдалтай буюу одоогоор хэрэг хариуцах чадвартай  байгаа болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын №530 тоот дүгнэлтээр нотлогдож байна.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 1 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын нарийн мэргэшлийн 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дахин хийсэн дүгнэлтээр шүүгдэгч Т.Б нь одоогоор хэрэг хариуцах чадвартай гэсэн байна. Иймд шүүгдэгч Т.Б-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хориглосон мэдрэл, сэтгэцэд хүчтэй нөлөөтэй мансууруулах бодисыг олон жилийн турш хүсэж шунаж хэрэглэж байгаа байдал, үүнээсээ болж гэмт хэргүүд үйлдэж байгаа зэрэг байдлуудыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Б-д хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирохоос гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж цээрлүүлэх, хүмүүжүүлэх, мансуурах хорт зуршлаасаа хорих ялын үр нөлөөгөөр салах ач холбогдолтой гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ж.Нямсүрэн нь эмчилгээний зардалд 508.384 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэл санааны хохиролд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэн эмчилгээний зардал болон дүрс оношлогоо томографийн төлбөрт нийт 508 384 төгрөг, Оорцогийн энгэр ХХК-ийн авто зогсоолд мөнгө хураагчаар ажиллаж байгаад шүүгдэгч Т.Б-д зодуулж биедээ гэмтэл авсаны улмаас хагалгаанд орж, эмнэлэгт хэвтэж, гэрээр биеэ эмчлүүлж ажилгүй байсан хугацааны цалинд /2020.01.03-наас 2020.05.01-ний өдрийг хүртэл 44 гараа, 1 гараанд цалин 50 000 төгрөг, хоол унаанд 15 000 төгрөг нийт 65 000 төгрөг болно/ 2.860.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-с гаргуулж, хохирогч Ж.Нямсүрэнд олгох, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.3563 грамм жинтэй болон 4.5380 грамм жинтэй өвсний ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож /560:8=70 хоног/, хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Б-н нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 10 /арав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-с 2.860.000 /хоёр сая найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Нямсүрэнд олгож, үлдэх 6.631.616 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Шүүгдэгч Т.Б-с  хохирогчийн эмчилгээний зардал төлбөрт тооцон урьдчилан байршуулсан 508.384 /таван зуун найман мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг Төрийн банк дахь тус шүүхийн Тамгын газрын “100 90000 5406” тоот данснаас гаргуулж хохирогч Жамъяндагвын Нямсүрэнд /РД: ЛБ72031433/ олгосугай.

8. Хохирогч Ж.Нямсүрэн нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын болон бусад асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жичдээ нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.3563 грамм жинтэй болон 4.5380 грамм жинтэй хар тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч Т.Б-н иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР