Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/01227

 

 

 

 

 

 

 

    2021 о     06сарын18өдөр                

              181/ШШ2021/01227

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, гэрч, Б.Б, С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн тоот захирамжаар Э.Д болон Х.Г миний бие 295,055,802 төгрөгийг А ХХК-д төлөхөөр болосн. Дээрх шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа бөгөөд барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Г миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газар, мөн эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрын хамт хурааж битүүмжлэн албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал өгөхийг мэдэгдсэн.

Миний бие өөрт байгаа дээрх хөрөнгүүдээ хямд үнэлэхгүй, бодит зах зээлийн үнэ ханшийг судалж бодитой үнийн санал өгөхөөр тодорхой хугацаа өгөхийг хүссэн ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон байсан. Ингэхдээ дээрх хөрөнгүүд дээр хоёр өөр байгууллагыг томилсон байсан бөгөөд эдгээр байгууллагаас манай хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн бодит үнэ ханшнаас илтэд доогуур буюу үндэслэлгүйгээр хямд үнэлсэн байна.

Тухайлбал Х.Г миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газрыг “Х” ХХК нь 155,738,100 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс илт доогуур үнэ гэж үзэж байна. Учир нь уг объект нь 6 болон 7 буудлын дунд төв зам дагуу байрлалтай авто засварын үйлчилгээний зориулалттай баригдаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрлал сайтай, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгө юм. Мөн манай хажуугаар авто замын 4 замын уулзвар хийгдэж байгаа бөгөөд цэвэр бохирын төвийн шугам тавигдсан бөгөөд холбогдоход бэлэн болоод байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг шинжээч огт харгалзаж үнэ цэнийг тогтоогоогүй байна.

Мөн эрхийн улсын бүртгэлийн хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрыг ‘Б” ХХК нь 114,129,200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн байна. Учир нь уг хөрөнгө нь 4 давхар болгох нөхцлөөр зураг төсөл гарч суурийг хийсэн, материалын чанар болон мөн байрлалын хувьд 7-н буудлын цаана буюу зуслан явах төв зам дагуу ашигтай байрлалтай, тусдаа зогсоол сайтай үйлчилгээний зориулалттай, өмнө нь бид халуун ус, үсчин, барилгын материалын дэлгүүр, ломбард зэргийг зэрэг ажиллуулж байсан бие даасан объект байтал 114 сая төгрөгөөр үнэлж байгаа нь бодит бус үнэлгээ юм.

Банк аливаа хөрөнгийг үнэлж барьцааны гэрээ байгуулахдаа хэзээ ч тухайн хөрөнгийн үнийг 100 хувиар тооцож үнэлж барьцаалдаггүй бөгөөд А банк гэрээ байгуулахдаа дээрх хөрөнгүүдийг 50-60 хувьд үнэлж гэрээ байгуулж байсан юм. Тухайлбал Сүхбаатар дүүргийн дугаар хороо гудамж тоотод байрлах талбайтай хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт банк барьцаалахдаа 118 сая төгрөгөөр үнэлж байсан бөгөөд энэ нь зээлийн барьцааны гэрээн дээр байгаа юм. Харин Чингэлтэй дүүргийн дүгээр хороо гудамж тоотод байрлах 154.80 м.кв талбайтай авто засварын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хамт 170 сая орчим төгрөгөөр үнэлж байсан бөгөөд эдгээр дүн нь тухайн хөрөнгийн 50-60 хувь гэж тооцож буулгаж үнэлж байсан юм. Өөрөөр хэлбэл 6-н буудлын төв зам дагуу байрлалтай авто засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь газрын хамт зах зээлийн үнэ нь 250 сая орчим төгрөг бол 7-н буудлын цаана төв зам дагуу байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь газрын хамт 200 орчим сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ‘‘Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хөрөнгө үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргасан.

Иймд Чингэлтэй дүүргийн дүгээр хороо гудамж тоотод байрлах 254.80 м.кв талбайтай авто засварын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 155,738,100 төгрөгөөр үнэлсэн “Х” ХХК-ны үнэлгээг, Сүхбаатар дүүргийн  дугаар хороо гудамж тоотод байрлах талбайтай хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 114,129,200 төгрөгөөр үнэлсэн ‘'Б’’ ХХК- ны үнэлгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Эдийн засгийн боломж муугаас шалтгаалаад өөрөө үнэлгээ хийлгэж чадаагүй” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

“Үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг зах зээлийн ханшнаас бага тогтоосон байна. Шинжээч нар үнэлгээ хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Х ХХК-ийн үнэлгээчин нь биечлэн хөрөнгийг үзээгүй. Ковид өвчний улмаас тусгаарлалтын хугацаандаа байсан шалтгаанаар объект руу ороогүй гэх боловч захиралтайгаа хамт явж байсан гэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээ хийхдээ бүрэн бодитой, тал бүрээс нь хийх үүрэгтэй. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үүргүүдээ зөрчсөн гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Х.Г, Э.Д нараас 295,907,517 төгрөгийг гаргуулж А банканд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Г-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 18643316168231 нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу “Х” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 155,738,100 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрын хамт “Б” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 114,129,200 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 09 сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд оролцохгүй, би оролцоно...гэж тайлбарласан, тус шүүх хуралдааны ирцтэй холбоотой зохигч, өмгөөлөгчид санал, хүсэлт байхгүй болохыг дурдав.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гомдол гаргагч, нэхэмжлэгч Х.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдэж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул гомдлыг мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй” гэж заасан хүрээнд хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Г нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...гарганагэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Х.Г, Э.Д нараас 295,055,802 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 851 715 төгрөгийг тус тус гаргуулж А банканд олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан нэр бүхий барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23ы өдрийн дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн тэмдэглэл 1,2, шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 156/03 дугаар тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудаснуудыг тус тус үйлджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Х.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газрын хамт, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах  нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлсэн үнийн саналаа ирүүлэх тухай 2020 оны 09  дугаар сарын 07ы өдрийн дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч нарын хаягаар хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ.

Төлбөр төлөгч нараас үнийн санал ирээгүй, үнийн санал ирүүлээгүй мэдэгдлийг биелүүлээгүй үндэслэлээр хөндлөнгийн шинжээч хуульд заасны дагуу томилж үнэлгээ гаргуулах хүсэлтийг А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байна.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд, өмчлөгч нар үнийн санал гаргаж харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 14ий өдрийн 9/441, 09/440 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолуудаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Х” ХХК, “Б” ХХК нарыг шинжээчээр томилж шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан, хууль сануулсан байна.

“Х” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газрын хамт 155,738,100 төгрөгөөр, “Б” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрын хамт 114,129,200 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тайлантай танилцуулж, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн тэмдэглэл үйлдэж, мэдэгдэл хүргүүлсэн байна.

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан тогтоол гаргаж, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнэлгээ, тайланг талуудад мэдэгдэж ажиллагааг явуулсан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Х.Г, Э.Д нараас 295,055,802 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 851 715 төгрөгийг тус тус гаргуулж А банканд олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан нэр бүхий барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2,  55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Х.Г нь барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх бөгөөд уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хууль зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Г-н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан НШШГГ-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Х.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид заасан 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГАНТУЯА