Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01352

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01352

 

 

Х.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18ы өдрийн 181/ШШ2021/01227 дугаар шийдвэртэй, Х.Г-ын нэхэмжлэлтэй НШШГГт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02188 тоот захирамжаар Э.Дөлгөөн болон Х.Г нараас 295 055 802 төгрөгийг Ариг банк ХХК-д төлөхөөр болсон. Дээрх шийдвэрийг биелүүлэх ажиллагааг НШШГГ явуулж байгаа. Уг газраас Х.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007289 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 1-р гудамжны 12/6 тоотод байрлах 254,80 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202014127 дугаартай 18643316168231 нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газар, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031822 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 61 дүгээр гудамжны 5 тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18644319767942 нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрын хамт хурааж битүүмжлэн, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн хувьд дээрх хөрөнгүүдээ хямд үнэлэхгүй, бодит зах зээлийн үнэ ханшийг судалж бодитой үнийн санал өгөхөөр тодорхой хугацаа өгөхийг хүссэн ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон байсан. Ингэхдээ дээрх хөрөнгүүд дээр хоёр өөр байгууллагыг томилсон байсан бөгөөд эдгээр байгууллагаас хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн бодит үнэ ханшнаас илтэд доогуур буюу үндэслэлгүйгээр хямд үнэлсэн. Учир нь уг объект нь 6 болон 7 буудлын дунд төв зам дагуу байрлалтай, авто засварын үйлчилгээний зориулалттай баригдаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрлал сайтай, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгө юм. Мөн хажуугаар авто замын 4 замын уулзвар хийгдэж байгаа бөгөөд цэвэр бохирын төвийн шугам тавигдсан холбогдоход бэлэн болоод байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг шинжээч огт харгалзаж үнэ цэнийг тогтоогоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хөрөнгө үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргасан. Иймд Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээ болон Баян модот ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02188 дугаар захирамжаар Х.Г, Э.Дөлгөөн нараас 295 907 517 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Г /ТИ84111679/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007289 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хандгайт 1 гудамж, 12/6 тоотод байрлах, 254.80 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202014127 дугаартай 18643316168231 нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 155 738 100 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031822 дугаартай мөн хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18644319767942 нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрын хамт Баян Модот ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 114 129 200 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 4-156/34813 дугаар албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан НШШГГт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Х.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид заасан 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Учир нь Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 155 738 100 төгрөгөөр үнэлсэн обьект нь 6 болон 7 буудлын дунд төв зам дагуу байрлалтай авто засварын үйлчилгээний зориулалттай баригдаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрлал сайтай, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгө бөгөөд одоо хажуугаар нь авто замын 4 замын уулзвар хийгдэж байгаа, цэвэр бохирын төвийн шугам тавигдсан хөрөнгө юм. Харин Баян модот ХХК-ийн 114 129 200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө анх 4 давхар болгох нөхцлөөр зураг төсөл гарч суурийг хийсэн, материалын чанар болон мөн байрлалын хувьд 7-н буудлын цаана буюу зуслан явах төв зам дагуу ашигтай байрлалтай, тусдаа зогсоол сайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө байхад үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн шүүх хуралдаанд шинжээч Б.Батзаяа гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө үнэлгээ хийхдээ обьектод ороогүй нэвтрээгүй, короно тусаад тусгаарлалтын хугацаа дуусаагүй байсан, захирал орсон би гадаа машины цонхоор хөрөнгийн шинж байдлыг хараад үнэлсэн гэж мэдүүлсэн. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.1.6, 18.1.7 дах хэсэгт тус тус заасанд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч НШШГГт холбогдуулан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 1-р гудамжны 12/6 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007289 дугаарт бүртгэлтэй 254,80 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202014127 дугаартай 18643316168231 нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газрыг Хөрөнгө Эстимэйт ХХК нь 155 738 100 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 61 дүгээр гудамж 5 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031822 дугаартай 96 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18644319767942 нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрыг Баян модот ХХК нь 114 129 200 төгрөгөөр тус тус үнэлснийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх1-3, 36/

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасны дагуу хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч дурдсан ажиллагааны талаар маргаагүй, харин хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр томилогдсон шинжээч хуульд заасан журмыг зөрчсөн талаар, үнэлгээг зах зээлийн бодит үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргажээ. /хх37-56/

НШШГГ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/441 дүгээр тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК болон Баян модот ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, шинжээч нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайт 1 гудамж 12/6 тоотод байрлах, 300 м.кв талбайтай газар, 254,80 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 155 738 100 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 61 дүгээр гудамж 5 тоотод байрлах 600 м.кв талбайтай газар, 96 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 114 129 200 төгрөгөөр тус тус үнэлж тогтоосон талаар талууд тайлбарласан.

Хариуцагч нь дээрх хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4/156/34813 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байх бөгөөд төлбөр авагч Х.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцжээ./хх1-3, 27/

Нэхэмжлэгчийн ...Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ тогтоосон обьект нь төв зам дагуу, цэвэр бохирын төвийн шугам тавигдсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд шинжээч үнэлэхдээ обьектод нэвтэрч ороогүй, короно-вируст халдвараар өвчилж тусгаарлалтын хугацаа дуусаагүй байсан тул машины цонхоор харж үнэлсэн гэх гомдол үндэслэлтэй. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Батзаяа шүүх хуралдаанд ... манай захирал бид хоёр очсон ... би өөрөө орж зургийг аваагүй,захирал зургийг авсан гэж мэдүүлсэн байх бөгөөд шинжээчийн үнэлгээ бодитой гэж үзэхэд эргэлзээтэй болсон гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

Шинжээч үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлал, дүрэм, журам, норм, норматив болон шаардлагатай бусад материалыг бэлтгэсэн байх, хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах баримт материалыг үйлчлүүлэгчээс гаргуулан авсан байх, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх зарчмыг ханган ажилласан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг юм. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүйгээс шинжээчид үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн буюу үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шалгуур шаардлагад нийцсэн гэж дүгнэх боломжгүй болжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө цэвэр бохирын шугамд холбогдсон, эсхүл холбогдох боломжтой эсэх тооцоолол, нөхцөл байдлыг тодруулж үнэлээгүй, обьектэд нэвтэрч үзээгүй, хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан тогтоосон гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18ы өдрийн 181/ШШ2021/01227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 1-р гудамжны 12/6 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007289 дугаарт бүртгэлтэй 254,80 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202014127 дугаартай 18643316168231 нэгж талбарын дугаартай 300 м.кв талбайтай газрыг Хөрөнгө Эстимэйт ХХК нь 155 738 100 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 61 дүгээр гудамжны 5 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031822 дугаартай 96 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18644319767942 нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай газрыг Баян модот ХХК нь 114 129 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД