Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/01231

 

 

 

 

 

 

 

 

    2021 о    06сарын18өдөр                 

              181/ШШ2021/01231

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

М.А нь М ХК-тай 2019 оны 10 сарын 04-ний өдөр нэг жилийн хугацаатайгаар дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн Тоёота ланд крузер 200 маркийн арлын дугаар бүхий 2018 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. М.А-н эзэмшлийн Тоёота ланд крузер 200 маркийн улсын дугаартай автомашиныг Ж.У нь жолоодож явахдаа 2020 оны 02 сарын 23-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын тарвагатай 1 дүгээр багийн 4-н замын уулзвар гэх газар улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун талаас нь мөргөж зам тээврийн осол гарсан ба ослын талаар М ХК-ийн шуурхай дуудлагын төвийн 1800-1990 утсанд тухайн үед мэдэгдсэн.

Уг ослын улмаас миний өмчлөлийн автомашинд гэмтэл учирч өөрөө явах боломжгүй болж Улаанбаатар хот руу машинаар чирүүлж авч ирсэн. Энэ тухай М ХК-д мэдэгдэж улмаар тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоолгосон ба 2020 оны 03 дугаар сард нөхөн төлбөр олгох хүсэлтийг тус компанид гаргасан.

М ХК-ийн зүгээс 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 01/992 дугаар нөхөн төлбөрийн тухай албан бичигтээ: “...автотээврийн хэрэгслийн дугаар бүхий даатгалын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1-д “Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу энэ тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэж байна” гэж даатгуулагч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг гаргасан. Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын үнэн зөв эсэх, бодит байдлыг тогтоох эрх мэдэл бүхий байгууллага биш бөгөөд М.А нь хууль бусаар нотлох баримт буюу баримт бичиг үйлдсэн талаар эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон, хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй болно.

М ХК-ийн албан бичгийн хүлээн авч бид Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 07 сарын 03-ны өдөр энэхүү асуудлаар өргөдөл гарган хандсан ба Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д өргөдлийг хүлээн аваад талуудаас холбогдох тайлбар, нотлох баримтыг авч 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 9/3275 дугаартай даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээрээ уг асуудлыг шийдвэрлэж, даатгалын хохирлыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.

Уг албан бичигт “...нотлох баримтын хүрээнд хянахад, даатгуулагч 2019 оны 10 сарын 04-ний өдөр улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг танай компанид 1 жилийн хугацаатай даатгуулж, даатгалын хураамжийг хоёр хувааж төлөх нөхцөлтэйгөөр даатгуулсан байх ба хуваарийн дагуу эхний төлөлтийг 2019 оны 10 сарын 05-ны өдөр төлсөн бөгөөд дараагийн төлөлтийг мөн оны 11 сарын 25-ны өдөр танай компанийн даатгалын менежер Т.С-тай тохиролцож 2020 оны 04 сарын 25-ны өдөр төлж дуусгахаар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл танай компаний зүгээс Хороонд ирүүлсэн тайлбартаа даатгуулагчийг 2020 оны 02 сарын 26-ны өдөр буюу зам тээврийн осол болсны дараа даатгалын менежертэй тохиролцсон нь тогтоогдсон тул авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1-т зааснаар даатгуулагчийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь талуудын ирүүлсэн нотлох баримтаар даатгуулагч, даатгалын менежертэй ослын дараа тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан багц дүрэм”-ийн 1 дүгээр хавсралт “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” -ийн 5.5.1-т тус тус заасны дагуу даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны 8 сарын 17-ны өдрийн дотор тус Хороонд болон иргэнд эргэж хариу мэдэгдэхийг үүгээр үүрэг болгож байна...” гэсэн байдаг.

М ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр өгсөн үүргийг одоог хүртэл биелүүлээгүй байгаа бөгөөд энэ тухай тус компанийн хэлтсийн менежер ажилтай н.Хонгорзулаас тодруулахад манай зүгээс танай хохирлыг төлөхгүй гэж хурлаар шийдвэрлэсэн тиймээс та нар шүүхэд ханд гэж амаар хэлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг илт үндэслэлгүй гэж үзэн өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа ба дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг”-г байгуулсан ба миний зүгээс хураамжид 1,601,250 төгрөг төлөх байснаас М ХК-ийн дансанд 2019 оны 10 сарын 25-ны өдөр 800,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл даатгалын хураамжийг 2020 оны 04 сарын 25-ны өдөр төлөхөөр гэрээ хариуцсан менежер Т.С-тай дээр дурдсан хугацаанд тохиролцсон ба мөн төлбөрийг төлж дуусгасан.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч болох М ХК-ийн зүгээс гэрээний үл биелүүлж Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1 болон Иргэний хуулийн 437.2-т заасны дагуу миний хохирлыг төлөхөөс татгалзаж буй нь илт үндэслэлгүй, даатгуулагч миний эрхийг зөрчиж хохироож буй үйлдэл юм.

Дээр дурдсан хууль болон гэрээнд заагдсан нөхцөл буюу даатгалын тохиолдол үүссэн эсэх талаар хариуцагч байгууллага нь маргахгүй байх бөгөөд нэгэнт талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах эрхтэй юм. Иймд 2019 оны 10 сарын 04-ний өдрийн “90С1910064079” дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу “Даатгалын хохиролд” 54,972,500 төгрөгийг хариуцагч М ХК-аас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү.” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

“Даатгалын гэрээ байгуулсан талаар зохигч маргаангүй байдаг. Даатгалын тухай хуулийн8 дугаар зүйлийн 8.5.2 дахь хэсэгт даатгагч нөхөн төлбөр төлөхөөс татгалзах эрхийг тусгасан байдаг. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт зааснаар хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэлт хугацаа тогтоох мөн мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй. Хураамжийн үлдэгдэл төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан ажилтан С-тай нэхэмжлэгч тохиролцож гэрээний төгсгөлд нэмэлт оруулсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай даатгалын гэрээ байгуулан харилцаж байсан. Өмнөх гэрээний дагуу нөхөн төлбөр суутган тооцсон байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрт хуульд зааснаар гомдол гаргаагүй байдаг. Нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа:

 

М.А-ийн нэхэмжлэлтэй, М ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Даатгуулагч М.А нь 2019 оны 10 сарын 04-ний өдөр М ХК-тай дугаар бүхий Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулан Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжид 1,601,250 төгрөгийн хураамж төлөх үүрэг хүлээсэн. Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгч нь даатгалын хураамжийн 50 хувийг 2019 оны 10 сарын 05-ны өдөр, үлдэгдэл 50 хувийг 11 сарын 25-ны өдөр тус тус төлөхөөр үүрэг хүлээсэн. Даатгалын хураамжийн 50 хувь болох 800,000 төгрөгийг хуваарийн дагуу манай байгууллагын дансанд төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг 2020 оны 05 сарын 01-ний өдөр төлж дуусгасан байна.

Даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх үед буюу 2020 оны 02 сарын 23-ны өдөр даатгалтай тээврийн хэрэгслийг Э.У нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт жолоодож яваад зам тээврийн осолд орж даатгалын зүйлд 54,972,500 төгрөгийн хохирол учирсан хэмээн нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргасан.

Даатгуулагчийн зүгээс үлдэгдэл хураамжийг 2020 оны 04 сарын 25-ны өдөр төлөхөөр хариуцсан менежер Т.С-тай 2020 оны 01 сарын 10-ны өдөр тохиролцсон хэмээн байгууллагад баримт гаргаж өгсөн боловч даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх явцад даатгалын хураамжийн үлдэгдлийг 2020 оны 04 сарын 25-ны өдөр төлөх тохиролцоог даатгуулагч болон даатгалын менежер нь 2020 оны 02 сарын 26-ны өдөр буюу тээврийн осол болсноос хойш хийсэн болох нь тогтоогдсон.

Ийнхүү нэхэмжлэгч М.А нь гэрээгээр хүлээсэн даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй үедээ даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын тулд хуурамч огноо бүхий баримт бүрдүүлж, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан тул даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1-т “Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан” бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд М.А-ийн даатгалын хохиролд 54,972,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

М.А нь гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн, даатгалын тохиолдолд бий болсон үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардаж байна.

Нэхэмжлэгч М.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал ... үлдэгдэл хураамжийг 2020 оны 04 сарын 25-ны өдөр төлөхөөр хариуцсан менежер Т.С-тай 2020 оны 01 сарын 10-ны өдөр тохиролцсон хэмээн байгууллагад баримт гаргаж өгсөн боловч даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх явцад даатгалын хураамжийн үлдэгдлийг 2020 оны 04 сарын 25-ны өдөр төлөх тохиролцоог даатгуулагч болон даатгалын менежер нь 2020 оны 02 сарын 26-ны өдөр буюу тээврийн осол болсноос хойш хийсэн болох нь тогтоогдсон, гэрээгээр хүлээсэн даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй үедээ даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын тулд хуурамч огноо бүхий баримт бүрдүүлж, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан...үндэслэлээр эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч М.А, хариуцагч М ХК нарын хооронд  2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэг жилийн хугацаатайгаар дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, Тоёота ланд крузер 200 маркийн арлын дугаар бүхий 2018 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан, автотээврийн осол болсон  үйл баримтын талаар зохигч маргаангүй байна.

 М.А-ийн эзэмшлийн Тоёота ланд крузер 200 маркийн улсын дугаартай автомашиныг Ж.У нь жолоодож явахдаа 2020 оны 02 сарын 23-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын тарвагатай 1 дүгээр багийн 4-н замын уулзвар гэх газар улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун талаас нь мөргөж зам тээврийн осол гарсан байна.

Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар талууд маргаангүй буюу Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан “даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн гэрээний харилцааны шинжийг агуулсан, даатгалын гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.

Даатгалын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэхээр тодорхойлсон, уг тохиолдол бүрдсэн эсэх талаар маргаангүй.

Харин талуудын маргаж буй харилцаа нь даатгалын гэрээгээр хүлээсэн даатгалын хураамж төлөх үүргийг нэхэмжлэгч буюу даатгуулагчийг зөрчсөн, уг үүргээ биелүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн нөхөн төлбөр авахаар хандсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2 дахь хэсэгт заасан  даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” үндэслэлээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл бий болгосон гэж маргаж байна.

Шүүх зохигчийн маргаантай байгаа үйл баримт буюу “даатгуулагчийг даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” үндэслэлийг хэрэгт цугларсан баримтанд үндэслэн дүгнэлт хийх нь ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нь даатгалын гэрээгээр нийт 1 601 250 төгрөгийн хураамж төлөх үүрэг хүлээсэн бөгөөд Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгч нь даатгалын хураамжийн 50 хувийг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, үлдэгдэл 50 хувийг 11 сарын 25-ны өдөр тус тус төлөхөөр үүрэг хүлээсэн байна./хх-ийн 79-р тал/

Улмаар даатгалын хураамжийн 50 хувь болох 800 000 төгрөгийг хуваарийн дагуу төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 204 881 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 78-79-р тал/

Нэхэмжлэгч тал даатгалын хураамжийн 1 601 250 төгрөгөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 800 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг өмнөх даатгалын гэрээний харилцааны дагуу хариуцагчаас авсан нөхөн төлбөрт суутгасан, үлдэгдэл зөрүүгүй гэж ярилцсан боловч, 2020 оны 05 сарын 01-ний өдөр 204 881 төгрөгийг тушаа гэсний дагуу тушаасан гэж, хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийг даатгалын хураамжийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгасан гэж тус тус тайлбарлажээ.

Даатгалын хураамжийг төлөх сүүлийн хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх хугацааг хариуцагч байгууллагын гэрээ хариуцсан менежер Т.С-тай үлдэгдэл хураамжийг 2020 оны 04 сарын 25-ны өдөр төлөхөөр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгч хураамж төлөх үүргээ биелүүлсэн гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан “хураамж төлөх төлбөрийн хуваарь”-ийг даатгалын менежер Т.С, даатгуулагч А нар гаргаж, талууд гарын үсэг зурсан байх ба уг хуваарийн доод талд “даатгуулагчийн гаргасан хүсэлтийн дагуу хоёр дахь төлөлтийг 2020 оны 04 дүгээр сарын 25-нд төлөхөөр харилцан тохиролцов, байгууллагын даатгалын менежер Т.С, М.А гэсэн гарын үсэг зурагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 10 гэсэн огноо” бичсэн байна. /хх-ийн 121-122-р тал/

Шүүх дээрхи баримтанд тусгасан даатгалын хураамжийг төлөх хуваарийг өөрчилөн тохиролцсон баримтыг хуульд заасан “худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар хариуцагч талаас тайлбараа нотлох, нэхэмжлэгчийн тайлбарыг няцаах баримт гарган өгөөгүй, Т.С-ын бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан баримт биш учир үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ гэж заасан зохицуулалтын дагуу даатгуулагчийг хураамж төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, даатгагчаас шаардсан, нэмэлт хугацаа тогтоосон, мэдэгдэл хүргүүлсэн баримт байхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг даатгагч М ХК хүлээх нь хуульд нийцнэ гэж үзэв.

А ХХК нь хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээг захиалагч М ХК-ийн захиалгаар үнэлсэн байх ба уг үнэлгээгээр автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 54 972 500 төгрөгөөр үнэлсэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэв./хх-ийн 109-120-р тал/

М ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Э бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн түүнээс А.А-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлд үндэслэн, А.Анармаа нь шүүхэд бичгээр тайлбар гаргасан бөгөөд хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлага А.А-г тайлбар гарган өгснөөс хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр О.Э болж өөрчлөгдсөн, хариуцагч дахин итгэмжлэл шүүхэд гарган өгөөгүй болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, баримтаар тогтоогдож байна./хх-ийн 48, 73, 156-р тал/

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

                 1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А-д олгосугай.

                

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд хариуцагч талд мөн хугацаанд шийдвэрийг гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГАНТУЯА