Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01262

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01262

 

 

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01231 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч МД ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Саулегуль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: МД ХК-тай 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр жилийн хугацаатай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, ххххх улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн даатгуулсан. Дээрх тээврийн хэрэгслийг Ж.У жолоодож явахдаа 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн ххххххххххх дөрвөн замын уулзвар гэх газар 67-89 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Ослын талаар МД ХК-ийн шуурхай дуудлагын 1800-1990 утсанд мэдэгдсэн. Уг ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд гэмтэл учирч явах боломжгүй болж Улаанбаатар хотод машинаар чирүүлж авч ирсэн. Энэ тухай МД ХК-д мэдэгдэж улмаар тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоолгож, 2020 оны 3 дугаар сард нөхөн төлбөр олгох хүсэлтийг тус компанид гаргасан.

МД ХК 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/992 дугаар нөхөн төлбөрийн тухай албан бичигт даатгалын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу энэ тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Уг асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаснаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9/3275 тоот албан бичгээр даатгалын хохирлыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг ч одоо хүртэл биелүүлээгүй, тус компанийн хэлтсийн менежер хххххх танай хохирлыг төлөхгүй гэж шийдвэрлэсэн тул шүүхэд ханд гэж амаар хэлсэн.

Нэхэмжлэгч даатгалын хураамжид 1 601 250 төгрөг төлөх байснаас МД ХК-ийн дансанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөгийг төлж, үлдэгдэл хураамжийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр гэрээ хариуцсан менежер ххххх тохиролцож төлбөрийг төлж дуусгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Иймд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ххх дугаар бүхий авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 5 4972 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.А нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр МД ХК-тай хххх дугаар бүхий даатгалын гэрээг жилийн хугацаатай байгуулан Тоёота Ланд крузер маркийн ххххххх тээврийн хэрэгслийг даатгуулж, хураамжид 1 601 250 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр даатгалын хураамжийн 50 хувь болох 800 000 төгрөгийг хуваарийн дагуу манай байгууллагын дансанд төлсөн. М.А даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх үед буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг иргэн Э.У жолоодож яваад зам тээврийн осолд орж 54 972 500 төгрөгийн хохирол учирсан гэж нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргасан. М.А нь үлдэгдэл хураамжийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр хариуцсан менежер Т.С-тай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тохиролцсон хэмээн баримт гаргаж өгсөн боловч нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх явцад дээрх тохиролцоог даатгуулагч болон даатгалын менежер нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу тээврийн осол болсноос хойш хийсэн болох нь тогтоогдсон.

М.А нь гэрээгээр хүлээсэн даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй үедээ даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын тулд хуурамч огноо бүхий баримт бүрдүүлж бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан тул даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1-т Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бүрдүүлэхээр завдсан бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. М.А-ийн даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч МД ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар: Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны 13:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь Ковид-19 халдварын ойрын хавьтал болж гэртэй өөрсдийгөө тусгаарлагдсан учир шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй гэх хүсэлтийг шүүхэд бичгээр хүргүүлсэн. Гэвч цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчдийг мэтгэлцэх боломжоор хангаагүй явдалд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт МД ХК-ийн ...гүйцэтгэх удирдлага А.А тайлбар гарган өгснөөс хойш ...О.Э н болж өөрчлөгдсөн хариуцагч дахин итгэмжлэл шүүхэд гарган өгөөгүй болох нь ... тогтоогдож байна гэж дүгнэсэн байна. МД ХК-ийн удирдлага өөрчлөгдсөн нь итгэмжлэлийг хүчингүйд тооцох үндэслэл биш тул шүүхээс ийнхүү дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хариуцагчийн эрхийг зөрчжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч тал эрх тэгш оролцож чадаагүй тухайд: Хэрэгт гэрчээр даатгалын менежер Т.С-г нэхэмжлэгч талын хүсэлтээр асуух шүүгчийн захирамж гарсан боловч шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаас болж оролцох боломжгүй болсон тухай бичгээр мэдэгдэж эмнэлгийн магадлагааг хавсарган өгсөн байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан ч, хариуцагчийн зүгээс гэрчээр Т.С-г асуулгах сонирхолтой байсан. Учир нь даатгуулагч М.А-тэй даатгалын хураамж төлөх хугацааг хойшлуулахаар өөрчлөлт оруулсан гэх хуурамч баримтыг үйлдсэн этгээд нь даатгалын менежер Т.С байсан бөгөөд хуурамч баримт үйлдсэнээ бичгээр илэрхийлж сахилгын шийтгэл хүлээсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Тус хэрэгт гэрчийн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт болох байсан.

Мөн Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг зохицуулна 4 дүгээр зүйлийн 4.1.7-д даатгалын үйл ажиллагааг зохицуулахаар гаргаж буй дүрэм журам заавар нөхцөл шаардлагыг даатгалын багц дүрэм гэнэ гэж заасан. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралтын 7.2.2.е Даатгагч нь өөрийн ажилтан болон Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй даатгалын зуучлагч даатгалын төлөөлөгчөөр дамжуулан даатгалын гэрээг байгуулна гэж заасан бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулах төлбөр төлөх хугацааг сунгах эрх хэмжээг даатгалын ажилтанд тусгайлан олгоогүй байна. Тухайн нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс баримтаар гаргаж нотлох байсан.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу даатгуулагчийн үндсэн үүрэг бол даатгалын хураамжийг хугацаанд нь төлөх бөгөөд тус хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-д даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасан. Даатгуулагч даатгалын үлдэгдэл 596 369 төгрөгийг төлсөн гэх баримт байхгүй хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь ойлгомжгүй. Шүүхээс Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт заасан зохицулалтын дагуу даатгуулагчийг хураамж төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж даатгагчаас шаардсан нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн баримт байхгүй байна гэж тайлбарлажээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар: Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийн асуудал яригдана. Гэтэл хэргийн материалд даатгалын гэрээ байхгүй байхад ххххх дугаар бүхий авто тээврийн гэрээ байгуулж осол болсон үйл баримтын талаар маргаангүй байна гэж дүгнэжээ. Шүүх хариуцагчаас даатгалын гэрээг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхэд авто тээврийн даатгалын гэрээг даатгагч стандарт байдлаар үйлдэж ном хэлбэрээр гаргадаг гэрээ байгуулсан тохиолдолд даатгуулагч талд эх хувиар өгдөг тул даатгалын гэрээг гаргах боломжгүй болохоо бичгээр мэдэгдсэн. Гэрээг даатгуулагчаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй. Даатгалын гэрээнд тавигдах шаардлага болох даатгагч даатгуулагчийн эрх үүрэг, даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ, гэрээний эхлэх дуусах хугацаа, гэрээг сунгах цуцлах өөрчлөлт оруулах нөхцөл, даатгалын хураамжийн хэмжээ, хураамж төлөх хугацаа, даатгалын хураамж буцаах нөхцөл, даатгалын гэрээ ямар нөхцөлд хүчин төгөлдөр бус болох, нөхөн төлбөр олгохоос татгалзах заалт зэргийг тодорхой зааж тусгасан гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхой бус хэрэгт авагдаагүй баримтаар нотлогдоогүй байхад хэргийг Иргэний хуулийн 431.1-д заасныг баримтлан шийдсэн нь хуульд нийцээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч МД ХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хххх тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын нөхөн төлбөрт 54 972 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 56/

 

Хэрэгт М.А нь МД ХК-тай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэг жилийн хугацаатай ххххх тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн Тоёота Ланд крузер 200 маркийн хххх арлын дугаар бүхий 2018 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь зохигчийн тайлбар, даатгалын баталгаагаар тогтоогдсон./хх 121-122, 1-3,/

 

М.А-ийн эзэмшлийн Тоёота Ланд крузер 200 маркийн ххххх улсын дугаартай автомашиныг Ж.У жолоодож явахдаа 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ..............дөрвөн замын уулзвар гэх газар хххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримтын хувьд талууд маргаангүй, зохигчийн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны хариу, үнэлгээний баримт зэргээр тогтоогдож байна./хх 8-9, 109-111/

Талууд даатгалын гэрээг бичгээр хийснээ болон нэхэмжлэгчид даатгалын тохиолдлын улмаас 54 972 500 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг хариуцагч үгүйсгэн маргаагүй. Нэхэмжлэгчийн Ослын талаар МД ХК-ийн шуурхай дуудлагын төвийн 1800-1990 утсанд тухайн үед мэдэгдэж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоолгожээ.

Мөн 2020 оны 3 дугаар сард нөхөн төлбөр олгох хүсэлтийг тус компанид гаргасан гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. /хх 168/ Ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтад талууд маргахгүй байна.

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Нэхэмжлэгч шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар нотлох баримтыг авч судлаад даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг даатгагчид үүрэг болгосон шийдвэр гаргасан./хх 9/ Тус хорооны шийдвэр нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай биш хариуцагчид бас үүрэг болгосон байхад хариуцагч гомдол гаргаагүй.

Хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг төлөхөөс дараах үндэслэлээр татгалзсан байна. Үүнд:

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дах хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж зааснаар даатгуулагч хураамжаа гүйцэт төлөөгүй гэж маргаж байна.

Хэргийн баримтаар даатгуулагч хураамжид 1 601 250 төгрөг төлөх байснаас МД ХК-ийн дансанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөгийг төлсөн. Мөн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 204 881 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан. /хх 78-79/ Үлдэгдэл төлбөрийг төлж дууссан гэж хариуцагч тайлбарласан ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хураамж төлөх төлбөрийн хуваарь гэсэн баримтаар даатгуулагчийн үлдэгдэл 801 250 төгрөгийг төлж дуусгах эцсийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан боловч даатгуулагчийн гаргасан хүсэлтийн дагуу хоёр дах төлөлтийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр нэхэмжлэгч тал даатгалын менежер Т.Саруултай бичгээр тохиролцсон баримт хэрэгт авагджээ. /хх 122/ Дээрх бичгийн тохиролцоог хариуцагч тал хуурамч гэж маргаж, хуурамч болохыг нотлохоор даатгалын менежер Т.С-д арга хэмжээ авсан баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргажээ./хх 123/

Талууд даатгуулагч хураамж бүрэн төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон нь даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болох эсэх, Т.С-тай хийсэн бичгийн тохиролцоо нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2 дах хэсэгт заасан даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэх үндэслэлд хамаарах эсэх асуудлаар маргаж байна.

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ гэж заасан зохицуулалтын дагуу даатгуулагчийг хураамж төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж даатгагчаас шаардсан нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн баримт байхгүй байна гэж дүгнэсэн нь оновчгүй болжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд даатгуулагч М.А даатгалын менежер Т.С-тай хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар даатгалын хураамж 801 250 төгрөгийг төлж дуусгах эцсийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсныг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр хугацааг хойшлуулсан гэж гэж дүгнэхээр байна. /хх 122/ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 440 дүгээр зүйлийн 440.1 дэх хэсэгт зааснаар даатгалын төлөөлөгч даатгалын гэрээ байгуулах эрхтэй. Нэгэнт даатгалын гэрээ байгуулах эрхтэй тул хураамж төлөх хугацааг ч өөрчлөх, хойшлуулах эрхтэй юм.

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан даатгалын баталгааг гардуулсан ажилтан нь Т.С байна. /хх 121-122/

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм. МД ХК нь даатгалын зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага бөгөөд Даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралтын 7.2.2.е даатгагч нь өөрийн ажилтан болон хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй даатгалын зуучлагч даатгалын төлөөлөгчөөр дамжуулан даатгалын гэрээг байгуулах ёстой. Гэрээнд өөрчлөлт оруулах төлбөр төлөх хугацааг сунгах эрх хэмжээг даатгалын ажилтанд тусгайлан олгоогүй байсан. Тухайн нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс баримтаар гаргаж нотлох байсан. Энэ боломжоор шүүх хангаагүй гэх давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 сар үргэлжилсэн бөгөөд нотлох баримт гаргах боломж хугацаа хангалттай олгогджээ.

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дах хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй. Гэвч тухайн тохиолдолд даатгалын хураамж 800 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн, бусад хураамжийн хувьд хугацааг хойшлуулсан, хураамжийн 50 хувийг төлөөд байхад буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед даатгалын тохиолдол бий болсон.

Даатгалын хураамжийн үлдэх хэсгийг төлөх хугацааг хойшлуулсан баримтыг нөхөж хийсэн гэх үндэслэлгүй. Гэрээний талууд төлбөр төлөхийг хойшлуулах хэлцлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийснээ өөрсдийн гараар тэмдэглэж бичсэн. Уг бичвэр Т.С-н гарын үсэг биш гэж хариуцагч няцаагаагүй. Даатгалын эхлэлийг хэлбэрийн, техникийн ба материаллаг гэж ангилдаг. Хэлбэрийн эхлэл гэдэг нь даатгалын гэрээ нийтлэг журмын дагуу байгуулагдсан үе буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бөгөөд гэрээний талуудын хувьд энэ өдрөөс үүрэг хүлээх юм.

 

Техникийн эхлэл гэдэг нь даатгагч гэрээний дагуу даатгалын хураамжийг тооцох эрхтэй болсон үе бөгөөд эхний 800 000 төгрөгийн хураамжийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс, үлдэх 801 250 төгрөгийн хураамжийн хувьд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс даатгагч хураамж тооцох эрхтэй болжээ. Материаллаг эхлэл гэдэгт даатгагч даатгалын тохиолдол бий болсныг нөхөн төлөх үүрэгтэй болсон цаг үеийг ойлгоно.Тухайн тохиолдолд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагаас даатгагч даатгалын тохиолдол бий болсныг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн ерөнхий агуулгаас үзэхэд даатгалын материаллаг эхлэл буюу даатгалын тохиолдол бий болсон 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар даатгуулагч 800 000 төгрөгийн хураамж төлөх үүрэгтэй, уг үүргээ гүйцэтгэсэн байжээ. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.5 дах хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бусад үндэслэл байвал даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг заасан даатгалын гэрээ нь хариу төлбөртэй тодорхой үүрэг хүлээхээр тохиролцсон гэрээ юм. Энэ нь ижил аюулд өртөх эрсдэлийг олон тооны этгээдэд хувааж байдгаас гадна үүсч болох буюу тодорхойгүй байгаа аюулаас даатгуулахаас биш нэгэнт бий болсон хохирлыг даатгахгүй гэдэг нь даатгалын гэрээний үндсэн зарчим юм. Иймд даатгалын тохиолдол бий болох үед төлсөн хураамж 800 000 төгрөг буюу гэрээгээр нийт тохиролцсон хураамжийн 49,96 хувьд дүйцүүлэн даатгагчид учирсан хохирол 54 972 500 төгрөгийн 49,96 хувь буюу 27 464 261 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж байна. Энэ агуулгаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь ойлгомжгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Тус хэрэгт гэрчээр даатгалын менежер Т.С-г нэхэмжлэгч талын хүсэлтээр асуух шүүгчийн захирамжтай байсан боловч нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан байна. Гэрч асуулгах, шүүх хуралдаандаа хүрэлцэн ирэх, мэтгэлцэх боломжоор хариуцагч тал хангалттай хангагдсан.

 

Даатгалын гэрээг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй гэсэн агуулгатай хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-т даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох, мөн хуулийн 9.1.6-д зааснаар даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах нь хариуцагчийн өөрийнх нь үүрэг юм.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...54 972 500 төгрөг гэснийг ...27 464 261 төгрөг, ...олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 508 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын ...432 813 төгрөг гэснийг ...295 271 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч МД ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД