Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01653

 

 

 

 

 

 

 

 

  2021        09          06                                          181/ШШ2021/01653

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б,

Хариуцагч: Э ХХК нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 57,725,967.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч бөгөөд хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 

Э ХХК нь Г банктай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дугаар тоот автомашины зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ байгуулан 72,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүртэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул Э ХХК-аас ЗГ/3155107429 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 40,461,671.81, үндсэн хүүгийн төлбөрт 15,945,603.47, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,318,692.64 төгрөг, нийт 57,725,967.92 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Г ХХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж машин худалдаж авсан нь үнэн. Зээлийн 50 хувийг төлсөн. Энэ гэрээг компаниар хийсэн байтал яагаад хувь хүнээр гэж яриад байгааг ойлгохгүй байна. Манай компаний хувьд гэрээ хийж худалдаж авсан. Нэхэмжлэгч талаас барьцаанд байгаа эд материалаар  үүргийг хангуулахыг хүсч байгаа юм байна. Гэтэл барьцаанд байгаа машин онхолдож, 2-3 жил ашиглахгүй байна.

М ХК-иас бид 100 хувийн нөхөн төлбөр авах гэрээтэй байсан гэвч зах зээлийн үнээр хамгийн багаар бодож 44,000,000 төгрөг өгсөн. Даатгалын гэрээнд 100 хувь төлбөрийг төлнө гэсэн мөртлөө бид нарт 44,000,000 төгрөг олгосон. 40 сая төгрөгт нэмэгдүүлсэн хүүнд нэмэгдүүлсэн хүү 15 сая төгрөг нэмсэн байна. Нэгэнт шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргах байх нэхэмжлэгч компани олон ажилтантайг ойлгож байна. Гэхдээ ингэж хүнийг хохироож болохгүй. Би хутга бариагүй болохоос дээрэм гэж хэлнэ. Банкны хүүлэгчдийн эсрэг холбоо өөр хүмүүстэй нийлж хамтран тэмцэнэ гэж бодож байна. Гэрээний даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгосон байсан бол бид төлөх л байсан гэв. 

 

Шүүх талуудын тайлбар болон хэрэгт цугларсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э ХХК, Т.Б нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дугаар тоот автомашины зээлийн гэрээний үүрэгт нийт 57,725,967.92 төгрөг гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Б нь хуулийн этгээд буюу Э ХХК-ийн нэрээр зээлийн болон, барьцааны гэрээг байгуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Г ХХК, хариуцагч Э ХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дугаар тоот, 72 000 000 төгрөгийг, 21 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нөхцөлтэй автомашины зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбарууд, зохигчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тус тус нотлогдож, талууд гэрээний харилцааны талаар маргаангүй.

 

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.

 

Хариуцагч Т.Б нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь Э ХХК-ийн 000053650 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” зэрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд өөрийн татгалзлыг тайлбарлан, мэтгэлцэж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг “хүүгийн хэмжээ өндөр бодогдсон, хариуцагчаар хувь этгээдийг татан оролцуулсан, автомашины зээлийн гэрээний зүйл автомашин нь зам тээврийн ослын улмаас ашиглах боломжгүй болсон, даатгалын компаниас нөхөн төлбөр бүрэн шилжин ороогүй” зэрэг үндэслэлээр татгалзжээ.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан, талуудын маргаангүй зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т.Бтой бус хариуцагч Э ХХК-тай гэрээний харилцаанд орсон байх тул шүүх хариуцагч Т.Бд холбогдох 57,725,967.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 57,725,967.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот барьцааны гэрээний зүйл нь Тоёота Ланд Крузер 200 маркийн улсын дугаартай автомашин болох талаар зохигч маргаангүй болохыг дурдав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 57,725,967.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, хариуцагч Т.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57,725,967.92 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар Э ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Тоёота Ланд Крузер 200 маркийн, улсын дугаартай автомашиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 586,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГАНТУЯА