Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01706

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01706

 

 

ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01653 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЭЭДП ХХК, Т.Бнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 57 725 967.92 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ГБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭДП 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дугаар автомашины зээл болон барьцааны гэрээ байгуулж 72 000 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул ЭЭДП ХХК, -аас ЗГ/3155107429 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 40 461 671.81, үндсэн хүү 15 945 603.47, нэмэгдүүлсэн хүү 1 318 692.64 төгрөг, нийт 57 725 967.92 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭЭДП ХХК, -ийн гүйцэтгэх захирал Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ГБ ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж автомашин худалдаж авсан нь үнэн. Зээлийн гэрээг компаниар байгуулсан байхад яагаад хувь хүнээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгааг ойлгохгүй байна. Зээлийн тавин хувийг төлсөн. Зээлийн барьцаанд байгаа автомашин зам тээврийн осолд орж онхолдсоны улмаас 2-3 жил ашиглаагүй. Үндсэн зээл 40 000 000 төгрөгт зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмж тооцон нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ЭЭДП ХХК, -аас зээлийн гэрээний үүрэгт нийт 57 725 967.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, хариуцагч Т.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57 725 967.92 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар ЭЭДП ХХК, нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Тоёота Ланд Крузер 200 маркийн, хххх УБТ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭЭДП ХХК, -аас 586 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ЭЭДП ХХК, -ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "ЭДП" ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг харгалзаж үзээгүй. Ковид 19 цар тахлаас улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, эргэлтийн хөрөнгөгүй болсон тул үндсэн зээлийн төлбөрийг төлнө. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байна. Шүүхээс хариуцагчийн энэхүү нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийгээгүй бөгөөд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч ЭЭДП ХХК, Т.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 725 967.72 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

ЭЭДП ХХК, , ГБ ХХК нар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ3155107429 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ГБ ХХК нь 72 000 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ЭЭДП ХХК, нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцааж төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх-4-6/

Дээрх гэрээнд ЭЭДП ХХК, -ийн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Т.Б гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байх тул ГБ ХХК, ЭЭДП ХХК, нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Т.Б, нэхэмжлэгч ГБ ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч ЭЭДП ХХК, -ийн төлөөлөгч нь гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан, гэрээний хугацаанд зээлийн үүргийг бүрэн биелүүлээгүй болохоо зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна.

Нэхэмжлэгч ГБ ХХК, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 40 461 672 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 15 945 603 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 318 693 төгрөг, нийт 57 725 968 төгрөг шаардаж, зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-9-10/

Хариуцагч тал уг нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүйгээс гадна үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн тооцооллын дүнгийн талаар маргаагүй байна. Харин зээлийн болон нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй гэж марган, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Талууд гэрээгээр зээлийг жилийн хүү 21 хувийн хүүтэй байхаар, зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дах хэсгийн заасантай нийцэж байна.

Хариуцагч компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргээ зөрчсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон учир гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч компаниас зээлийн гэрээний үүрэгт 57 752 968 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

Хариуцагч ЭЭДП ХХК, ... Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдолтой байсан , ... даатгалын компани даатгалын төлбөр 100 хувь өгөөгүй... гэх шалтгаанаар зээлийн болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцон, дээрх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн хариуцагч тал өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, талуудын байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг үндэслэн хариуцагч ЭЭДП ХХК, зээлийн үүргээ сайн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хххх УБТ улсын дугаартай Тоёота Ланд Крузер /Toyota Land Cruiser/ 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭЭДП ХХК, -ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД

.....................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#