| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2023/04197/И |
| Дугаар | 001/ХТ2024/00135 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2024/00135
Л.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00591 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00675 дугаар магадлалтай
Л.Г-ийн нэхэмжлэлтэй,
Ш-д холбогдох,
Хохирол 370,188,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Г хариуцагч Ш-д холбогдуулан хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас 2014.01.01-ний өдрөөс 2023.06.22-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлого 370,188,519 төгрөг гаруулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00591 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш-өөс 215,879,050 төгрөгийг гаргуулж Л.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 154,309,469 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 2,008,893 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 1,237,345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00675 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш-д холбогдох хохиролд 370,188,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Г-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.25-ны өдөр урьдчилан төлсөн 493,365 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Ш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг дахин шинээр өргөн мэдүүлээгүй, эрх ашгийг нь хамгаалахтай холбоотой арга хэмжээг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд аваагүй болох нь тогтоогдож байх тул Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд мөн тус шүүхийн 2023.01.18-ны өдрийн 0074 дугаар шүүхийн шийдвэрээр Ш-ийг 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзээгүй Л.Г-г шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, Л.Г-г шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ш-ийн эс үйлдэхүйг дахин хууль бус болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай, 2023.01.18-ны өдрийн 0074 дугаартай шийдвэрүүдээр Ш-ийн үйлдэл болон эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоосон байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Ш-ийг гэм буруутай гэж үзэхгүй, улмаар гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой, тухайн этгээдийн санаатай эсхүл болгоомжгүй гэм буруу тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эдгээр хэм хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан гэм хорын болон эд хөрөнгийн хохирол нь хариуцагч этгээдийн учруулсан гэх үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай ба эдгээр нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн гэм хорын хохирлыг арилгахад хуульд заасан гол урьдчилсан нөхцөл болох үүрэг үүсэх нөхцөл байдал үүссэн байхыг шаардах бөгөөд Ш болон нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан “гэм хор учруулах” иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үндэслэлүүд бий болсон. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Л.Г Ш-д холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлт үндэслэл бүхий болсон боловч хохирлыг тооцохдоо 2014-2015 оны буюу 2 жилийн сарын үндсэн цалинг 607,226 төгрөгөөр тооцсон, мөн 2014.11.10-ны өдрийн Ш-ийн даргын 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөг олгосныг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж ажлаас чөлөөлөгдөөгүй учраас мөн зөрчигдсөн эрх сэргээгдэх хүртэл төрөөс олгож байгаа нэг удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгосон гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гэм хорын хохирол нэхэмжилж байгаа учир 12,000,000 төгрөгийн тэтгэлэг энэ маргаанд хамааралгүй. Учир нь цалин хөлсний талаар маргаагүй болно. Мөн 2022 оны цалинг бодохдоо Мөн 2022.01 дүгээр сарын цалинг бодож олгохдоо 2021.01.14-ний өдрийн 04 дугаартай “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай УИХ-ын Тогтоолоор шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”, “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл түүнийг олгох журам”-ыг тус тус баталсан. Гэтэл анхан шатны шүүх төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тодорхойлсон холбогдох баримт байхгүй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын НДД:А00000, НДД:А00000 дугаартай дэвтрүүдийн хуулбарыг нотариатаар батлуулан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хуулбарлан өгсөн. Үүнийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой байхад үнэлээгүй. Ш-ийн 2013.12.17-ны өдрийн 45 дугаартай тогтоолын канондсон хувийг хавсаргасан. Тухайн тогтоолыг үнэлэх боломжгүйг ойлгож байгаа хэдий ч анхан шатны шүүх уг эрхийн актыг буюу нийтэд илэрхий байгаа мэдээллийг авч хэрэглэх боломжтой байсан гэдгийг харуулах үүднээс хавсаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 2013 оноос хойш шүүгчдийн цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой УИХ-аас гарсан бүх тогтоолыг шүүхийн журмаар Ш өөс гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх нийтэд илэрхий мэдээлэл гэх үндэслэлээр хангахаас татгалзсан захирамж гаргасан.
Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул энэхүү хууль хэрэглээний зөрүүг арилгуулахаар дээрх хуулийн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Ш-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас надад учирсан хохирол болох олох байсан орлого буюу авах байсан цалин 2014.01.01-ний өдрөөс 2023.06.22-ны өдөр хүртэл (114 сар 15 хоног х 2,700,000 төгрөг сарын цалин) 309,640,909 төгрөг, бусад нэмэгдэл цалинд 60,547,610 төгрөг, нийт 370,188,519 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Л.Г-тэй хамт чөлөөлөгдсөн 12 шүүгчийг 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг үндэслэн Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхэд 12 шүүгчээс 4 шүүгчийг нь томилсон, мөн яг ижилхэн хохирч, гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилсэн зарим иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байхад яагаад миний нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэж байгаа нь илтэд ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл гэж хувьдаа гайхаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд үл тооцох зэрэг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөөр өдийг хүрч байна гэжээ.
5. Нэхэмжлэгч Л.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00659 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Л.Г-ийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
7.Нэхэмжлэгч Л.Г хариуцагч Ш-д холбогдуулан хариуцагч байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас ажилгүй байсан 2014.01.01-ний өдрөөс 2023.06.22-ны өдрийн хүртэлх хугацааны олох байсан орлого буюу цалин 370,640,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчдийг мөн өдрөө буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа намайг хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр томилоогүй. Ш хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосон....” гэж тайлбарласан,
хариуцагч эс зөвшөөрч “... Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид удаа дараа өргөн мэдүүлсэн. Ш түүнийг шүүгчээр ажиллуулахгүй байх эс үйлдэл гаргаагүй тул хохирлыг хариуцахгүй.” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр Л.Г-г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Г-г Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн, мөн шүүхийн 2023.01.18-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр “...Л.Г-г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2014.01.01-2022.03.24-ний өдрийн 74 дүгээр тогтоол гарах хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай (2012 оны) хууль, Монгол Улсын Шүүхийн тухай (2021 оны) хууль болон холбогдох журмын дагуу цалин, хөлсийг олгох нь зүйтэй. Учир нь Ш Л.Г-г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас Л.Г нь 2014.01.01-ний өдрөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаар шийдвэр гарсан 2022.02.08-ны өдрийг хүртэл шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон гэж үзэхээр байх тул хариуцагч Ш нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль (2021 он)-ийн 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-ийн дурдсан хугацааны авч чадаагүй цалин хөлсийг хохирол хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч Л.Г-ийн шүүгчээр томилогдсон 2007.03.23-ны өдрөөс хойш 5 дахь жил нь 2012.03.23-ны өдөр үүссэн байх тул дараах шатлалын дагуу тооцож, нэхэмжлэлийн шаардлага болох 2014.01.01-ний өдрөөс 2015.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 607,227 төгрөг + 2 хувийн нэмэгдлээр, 2016.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 2,700,000 төгрөг + 2 хувийн нэмэгдлээр, 2022.01.01-ний өдрөөс 2022.02.08-ны өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг + 40 хувь (онцгой нөхцөлийн)-иар тус тус тооцож 227,879,058 төгрөгөөс Ш-ийн даргын 2014.11.10-ны өдрийн 198 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөгийг олгосон байх тул нэхэмжлэлийн дүнгээс хасаж хариуцагч Ш өөс 215,879,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгох нь зүйтэй. ” гэж дүгнэжээ.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “..Үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-т “...бусад шүүхийн шүүгчдийг Ш-ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно” гэж заасан буюу бүх шатны шүүхийн шүүгчдийг томилох эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч байна. Иймд Л.Г-г шүүгчээр буцаан томилогдоогүй явдалд Ш ийг гэм буруутай гэж үзэхгүй, улмаар уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилоогүй, эсхүл Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилоогүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр байхгүй тохиолдолд “олох байсан орлого буюу авах байсан цалин хөлс”-ийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй. Ш нь Л.Г-г анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг 2013.12.16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, мөн 2022.03.24-ний өдрийн 74 дүгээр тогтоол, 2022.04.28-ны өдрийн 98 дугаар тогтоол, 2023.06.22-ны өдрийн 186 дугаар тогтоолоор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлсэн байна.... ” гэж үзжээ.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Г нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007.03.23-ны өдрийн 63 дугаартай зарлигаар Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаад Шүүх байгуулах тухай хууль 2013.01.24-ний өдөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, Ш-ийн 2013.12.16-ны өдрийн 42 дугаартай давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай тогтоол гарч, тогтоолын хавсралт 25-д Л.Г-г Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн байх боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүгчдийг буцаан томилохдоо Л.Г-г буцаан томилолгүй орхигдуулсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр Л.Г нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Г-г Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн шүүхийн 2023.01.18-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр ... Л.Г-г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.03.30-ны өдрийн 211/АМ2023/0206 дугаартай Магадлалаар уг шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон,
Мөн Ш дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж, 2022.03.24-ний өдрийн 74, 2022.04.28-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Л.Г-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, 2023.06.22-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн албан тушаалд тус тус томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.04.05-ны өдрийн Е/00, 2022.05.16-ны өдрийн Е/00, 2023.07.06-ны өдрийн Е/00 дугаартай албан бичгээр Л.Г-г шүүгчээр томилуулах тухай Ш-ийн саналыг буцаан хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар заасан байхад давж заалдах шатны шүүх гэм буруугүйгээ нотлоогүй, гэм буруу нь шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол хариуцагчийн буруутай ажиллагаа хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт баримтаар тогтоогдоогүй байх тул магадлалыг хүчингүй болгоно. Хэдийгээр Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилоогүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр байхгүй боловч гэм буруу нь тогтоогдож байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн хэмжээнд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцэх юм.
12. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч Л.Г-г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар дахин дүгнэлт хийхгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
13. Мөн анхан шатны шүүх Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.Г нь шүүгчээр ажиллаж байсан бол олох ёстой байсан орлого болох цалин хөлсийг шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
14. Харин нэхэмжлэгч 2014.01.01-нээс 2023.06.22-ны өдрийг хүртэл тооцон үндсэн цалин 309,640,909 төгрөг, бусад нэмэгдэл цалин 60,547,610 төгрөг, нийт 370,188,519 төгрөг гэж тодорхойлон шаардсан нь холбогдох хууль, журамд зааснаар үндэслэлтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо 2014.01.01-ний өдрөөс 2015.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 607,227 төгрөгөөр тооцсон болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тодорхойлсон баримтгүй гэж нэмэгдлийг тооцоогүй нь буруу болсноос гадна цалин хөлсийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022.02.08-ны өдрийг хүртэл хугацаагаар хязгаарласан нь үндэслэл муутай болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
14.1. Улсын Их Хурлын 2015.11.13-ны өдрийн 101 дугаартай “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоосон ба үүнээс өмнө Ш-ийн 2013.12.17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор 2014.01.01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоон олгож байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч үндсэн цалинг 2014.01.01-ний өдрөөс 2,700,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
14.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.30-ны өдрийн 206 дугаар магадлалаар Л.Г-г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхдээ “....Ш нь ... Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг тодруулан тогтоох үүрэгтэй, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааныг засч залруулан дахин өргөн мэдүүлэх бүрэн эрх бүхий этгээд байна.... хуульд шүүгчээр томилуулах саналыг зөвхөн хоёр удаа өргөн мэдүүлэхээр хязгаарлалт тогтоогоогүй, .... дээрх хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч шүүгчээр томилуулах шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, шийдвэр гарган дахин өргөн мэдүүлэх хууль зүйн боломжтой байжээ....” гэж дүгнэжээ.
Иймд хариуцагч Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосны үр дагавар үргэлжилж, улмаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан гэж үзэх тул нэхэмжлэгч хамгийн сүүлд өргөн мэдүүлсэн 2023.06.22-ны байдлаар цалин хөлсөө тооцон нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
14.3. Мөн нэхэмжлэгч Л.Г нь 2001.02.01-ний өдрөөс эхлэн шүүхэд ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 70 дугаар шийдвэрт “....нэхэмжлэгч 12 иргэнийг томилоогүй орхигдуулсан байна, буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна. шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон болох нь тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэсэн тул төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ын 2-ын 1-д заасны дагуу 20 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
15. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай (2012 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай (2021 оны) хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж тус тус заасан, мөн хуулийн 46.3-т Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно гэж заасны дагуу Улсын Их хурлын 2021.01.14-ний өдрийн 04 дугаартай Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолоор Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам-ыг тус тус баталжээ.
Монгол Улсын Их Хурлын 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг үндэслэн шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар сар бүр, төрийн алба хаасан хугацааг нь харгалзан нэмэгдлийг 5-25 хувиар тус тус тогтоож, 2022.01.01-ний мөрдөхөөр заасан байна.
16. Нэхэмжлэгч Л.Г-ийн шүүгчээр томилогдсон 2007.03.23-ны өдрөөс хойш 5 дахь жил нь 2012.03.23-ны өдөр үүссэн байх бөгөөд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар үндсэн цалинг 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувийн нэмэгдэл тооцвол 2014.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл 293,662,804 төгрөг, Монгол Улсын Шүүхийн тухай 2021 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар үндсэн цалинг 2,700,000 төгрөг, 2022.01.01-нээс 2023.06.22-ныг хүртэл 60 хувийн /40+20/ нэмэгдлээр тооцвол 76,525,714 төгрөг, нийт 370,188,519 төгрөгийн цалин хөлсийг Ш олгох үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 370,188,519 төгрөгөөс Ш-ийн даргын 2014.11.10-ны өдрийн 198 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөгийг олгосон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00675 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00591 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш-өөс 358,188,519 төгрөгийг гаргуулж Л.Г-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “1,237,345” гэснийг “2,008,893” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2,010,092 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА