Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 993

 

 

 

Ч.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Дэлгэрням,

хохирогч Н.Болдбаатарын өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/591 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ч.Ад холбогдох эрүүгийн 1702001990083 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Ч.Аг “Монгол тамхи со” ХХК-ийн захирлын 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 147 дугаартай тушаалаар тус компанийн “бөөний борлуулагчийн” албан тушаалд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 2012 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл Нарантуул захын бөөний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу өөрийн хүлээн авч байсан тамхины борлуулалтын орлогоос 477,170,000 төгрөгийг завшиж "Монгол тамхи со” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Бөмбөгөр” хаан банкны салбараар дамжуулан тамхины татвар нэмэгдэх гэж байна, хямд үнэтэй тамхи авч өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Болдбаатараас 172,700,000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Баяржаргалтай түүний танил Янжинсүрэнгээр дамжуулан утсаар холбогдож “10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ, найдвартай“ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5039444888 дугаартай дансаар 14,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 186,700,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас:

Ч.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Ч.Ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа бүрэн биш хийсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, хохирогч Н.Болдбаатар нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ч.А нь хохирогч нарт өөрийн өмчлөл болон төрсөн охиныхоо өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. Гэтэл энэ талаар хавтас хэрэгт баримт огт авагдаагүй байх ба мөрдөгч ажиллагаа хийгээгүй, улсын яллагчийн зүгээс хохиролоос хасагдах, хохирлын тооцооноос хасагдах талаар дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, тус хэргийн хохирлын тооцооны талаар ямар нэг дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Мөн шүүгдэгч, хохирогч нарын хооронд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг хэргийн оролцогч нар хоорондоо шүүхийн хэлэлцүүлэгт маргаж байна.

2. Шүүх хуралдаанд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэн оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тавьсан асуултанд хариулж буй байдал, хавтас хэрэгт байгаа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 074 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэлт хийхэд шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв, бодитойгоор гарсан эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна гэж шүүх үзэв.

Иймд тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаадлагатай байх ба уг дүгнэлтээр дангаар гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, шинжээчийн гаргасан дүгнэлтийн эх сурвалж болсон баримт нь санхүүгийн баримтын шаардлага хангасан эсэх, гаргасан тоон үзүүлэлтийн тооцоолол болон аргачлал нь зөв эсэх зэрэг бусад хэрэгт ач холбогдол бүхий асуултуудыг асууж тодруулах нь зүйтэй байна.

Мөн тус хэрэгт аудитын дүгнэлт болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа “Монгол тамхи со” ХХК-ийн дансруу шүүгдэгч Ч.Агийн нэрээр хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгөн орлого орсон баримт хэрэгт авагдсан байх ба энэ ямар учраас орсон орлого болохыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байна.

Дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасан хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотолсны дараа тус хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Ч.Ад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.  

 

Прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 591 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Прокуророос Ч.Ад холбогдох эрүүгийн хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх үед яллагдагч Ч.Агийн хохирогч Н.Болдбаатар, “Монгол тамхи со” ХХК-иуд учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсан ба энэ талаар 254 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тодорхой тусгасан.

Шүүхийн шатанд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан анхан шатны шүүх хурал удаа дараа хойшилж, хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 6 сарын дараа гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан явагдсан.

Ч.А нь хэрэг шүүхийн шатанд байх хугацаанд хохирогч Н.Болдбаатар, “Монгол тамхи со” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, тэдгээрийн өмгөөлөгч нартай харилцан тохиролцож, өөрийн болон өөрийн охины өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг /Үнэлгээний талаар харилцан тохиролцсон гэх/ шилжүүлэн өгсөн талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

Гэтэл шүүхээс хэрэг шүүхийн шатанд байхад хийгдсэн хохирол нөхөн төлөхтэй холбоотой дээрх гэрээ хэлцлийн үнийн дүн, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогч, шүүгдэгч нар шилжүүлсэн хөрөнгийн үнэлгээний асуудлаар маргасан тул хохирлын тооцооны талаар ямар нэг дүгнэлт хийх боломжгүй гэснийг хүлээн авах боломжгүй. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын дүнтэй хамааралгүй, харин нэгэнт нотлогдсон хохирлыг нөхөн төлөх, төлбөрт шилжүүлэх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан байтал, түүнийг гэмт хэргийн хохирол мэтээр авч үзсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил гэж үзнэ.

Түүнчлэн хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шатанд шүүгдэгчээс хохирогч талд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн талаар маргаантай, шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл тухайн үл хөдлөх хөрөнгийг хэрхэн хохиролд тооцож шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах замаар шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 074 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв, бодитойгоор гарсан эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна гэж дүгнэсэн боловч дүгнэлтийн яг аль хэсэг, ямар заалт, ямар шалтгаанаар эргэлзээтэй гэж үзсэнийг шүүхийн шийдвэрт огт тодорхойлоогүй, “шүүхийн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй” гэсэн ганц өгүүлбэрээр дүгнэсэн нь ойлгомжгүй, хэт ерөнхий байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Мөн шүүгчийн захирамжид “бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол “...нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх...” талаар хуульчилсан ба “бүрэлдэхүүнтэй шинжээч томилох” гэсэн ойлголт, нэр томьёо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/591 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, хэргийн бодит байдалд нийцсэн байх зэргийг хангаагүй байна. Яллагдагч, хохирогч нарын хооронд хийгдсэн хэлцлийн асуудлыг мөрдөн байцаалтаар шалгах боломжгүй. Өмнө энэ хэрэгт хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан, үүгээр “Монгол тамхи со” ХХК-д 477.170.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Үүнд, оролцогчид маргаж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дахин дүгнэлт гаргуулсан. Мөн өмнө анхан шатны шүүх хуралдаанаар шинжилгээтэй холбоотой асуудал яригдсан. Гэрч Лхагвадоржийн дансаар орсон мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг шалгана гэх асуудлаар хэрэг мөрдөн байцаалтад буцаж шалгагдсан. Шүүхээс эргэлзээтэй гэж үзэж байгаа 477.170.000 төгрөг нь хэд хэдэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтийн аль хэсэг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгааг захирамжид тодорхой тусгаж өгөөгүй. Үндэслэлгүй захирамж гарсан тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүхийн дүгнэлт хийсэн хууль хэрэглээний хувьд бүрэлдэхүүнтэй шинжээч томилох гэх мэт зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна. Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гарсан учир тус захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв. 

 

Хохирогч Н.Болдбаатарын өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс 2 үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтийг шүүх заавал баримтлах үүрэггүй. Хавтас хэрэгт тухайн шинжээчийн дүгнэлтээс гадна аудитын дүгнэлт бусад баримт авагдсан байгаа. Шүүх бусад санхүүгийн баримтыг харьцуулах замаар нотлох баримтыг үнэлэх боломжтой. Шүүхийн шатанд хохирогчтой эвлэрч тодорхой хэмжээний төлбөрт байр шилжүүлсэн. Энэхүү байрыг шилжүүлэхдээ 135.000.000 төгрөгөөр шилжүүлэн нотариатаар баталгаажуулсан. Энэ 135.000.000 төгрөгт талууд маргаагүй. Иймд 135.000.000 төгрөгт талууд маргаагүй учир хохирлыг тооцох эрх шүүхэд байгаа. Ийм үндэслэлээр хэргийг буцаах нь хууль зүйн үндэслэлгүй учир прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох гэсэн заалт байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын дүнтэй хамааралгүй. Нэгэнт учирсан хохирлыг нөхөн төлөх төлбөр шилжүүлэхтэй холбоотой маргаан байхад түүнийг гэмт хэргийн хохирлын төлбөр мэтээр авч үзсэн. Шүүхийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил гэж үзнэ гэж заасан нь илт хууль бус болсон. Анхан шатны шүүх хохирлын тухайд эцэслэн шийдвэрлэсэн тооцоог гаргаагүй, хохирол нотлогдсон тооцоог хийгээгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  “гэмт хэрэг гарсан байдал”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” заавал нотлох, энэхүү нотолсны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй учир нотлогдохгүй байгаа үйл баримтыг тогтоолгох ажиллагааг хийлгэх зорилгоор хэргийг прокурорт буцаан, энэ тухай захирамжид тусгаж өгсөн. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгч нь өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хамтаар хохирогч Н.Болдбаатар, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, хохирогчийн төлөөлөгч Сэлэнгэ нартай тохиролцон хохиролд тооцох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгсөн. Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан тайлбар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Болдбаатар болон хохирогчийн төлөөлөгч Сэлэнгэ нарын мэдүүлэг тохирч байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогч Болдбаатар нь 135.000.000 төгрөгөөр тохирч гэрээ хийсэн гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Анхтуяагийн бэлнээр төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж тооцуулаад үлдэгдэл 67.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч хохирол дээр маргаагүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 19 дүгээр талд “хохиролд тооцохоор тохирсон үл хөдлөх хөрөнгийг 100.000.000 төгрөгт тооцуулан авах зорилготой мэт, түүгээр зогсохгүй 50.000.000 төгрөгөөр тооцон зарж банкны зээлээ төлсөн” гэж мэдүүлсэн нь хохирлыг төлөгдсөн, эс төлөгдсөн болохыг алинаар нь тооцох, шилжүүлсэн үнийн дүнгээр тооцох уу, хохирогчийн авахыг хүссэн дүн үү, бусдад шилжүүлсэн дүн үү гэдгийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Ийм нөхцөл байдал үүссэн. Үүнийг тооцож үзэх юм бол 135.000.000 төгрөг дээр 5.000.000 төгрөгийг нэмбэл 140.000.000 төгрөг болж байна. Хохирол гэж үзсэн 170.000.000 төгрөгөөс 140.000.000 төгрөгийг хасах юм бол нийт 32.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй холбоотой асуудал байна. Гэтэл хохирогч өмгөөлөгчийн хамт бид 67.000.000 төгрөгийн хохиролтой гэж ярьж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. "Монгол тамхи со” ХХК нь хохиролдоо тооцон шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн болох 272.000.000 төгрөгийг нийт хохирол гэж үзэж байгаа 477.170.000 төгрөгийн хохирлоос хасахгүйгээр нэхэмжилж байгаа тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ мэдүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч 477.170.000 төгрөг дээр 272.000.000 төгрөгийг нэмж тооцон хохирол тооцуулах хүсэлтэй байна гэж дүгнэлтээ хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 33 дугаар талд байгаа. Тиймээс "Монгол тамхи со” ХХК нь 477.170.000 төгрөгийн биш 749.170.000 төгрөгийг нэхэмжилж байгаа мэтээр ойлгогдохоор үнийн дүн гарсан. Шүүхийн хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нараас хохирлын тооцооны талаар асуусан асуултанд хохирлын тооцоог нэрлэж чадаагүй. Хохирлын талаар нотлогдбол зохих ажиллагааг хийгээгүй. Энэ талаар ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс Болдбаатар болон "Монгол тамхи со” ХХК-д шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө нь бичгийн нотлох баримтгүй гэсэн нь үндэслэлтэй дүгнэлт бөгөөд талууд хоорондоо үнийн дүнгийн талаар маргаж байгаа тохиолдолд шилжүүлэх гэрээ хэлцлийг заавал нотлох баримтаар хавтас хэрэгт хавсаргаж, шүүх үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэсэн нь үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв бодитоор гарсан эсэх нь эргэлзээ төрүүлэхээр байна гэж дүгнэсэн хэдий ч аль хэсгийн ямар заалт, ямар шалтгаанаар эргэлзээтэй гэж үзэж байгаа нь огт тодорхойгүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн талаар дүгнэлт хийхдээ тус хэрэгт аудитын дүгнэлт болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа "Монгол тамхи со” ХХК-ийн данс руу шүүгдэгч Анхтуяагийн нэрээр хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгөн орлого орсон нь хэрэгт авагдсан байх ба ямар учраас орлого орсон болохыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байна гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Гэрч Лхагвадорж нь Анхтуяагийн нэр дээр 2017 оны 8 дугаар сараас хойш "Монгол тамхи со” ХХК-ийн дансанд шилжүүлж байсан тухай мэдүүлдэг төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны даргалагчаас асуусан 631.000.000 төгрөгтэй холбоотой асуудлыг шинжээч болон гэрч Лхагвадорж нар хэн аль нь тайлбарлаж чадаагүй. Мөн урамшууллын мөнгө гэж хэдэн төгрөгийг Анхтуяад олгож байсан, ямар баримтыг үндэслэж шинжилгээ хийснийг шинжээч үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан. 6 дугаар хавтасны 86 дугаар талд авагдсан баримтаар 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 1 дүгээр сард 21.000.000 төгрөг төлснөөр 471.710.000 төгрөгийн хохирол гарсан мэтээр ярьдаг. Энэ нөхцөл байдал юугаар үгүйсгэгддэг вэ гэхээр шүүгдэгч Анхтуяа нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 85.000.000 төгрөгийн төлбөрийг хийж 319.00.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. "Монгол тамхи со” ХХК нь гэрээт борлуулагч Анхтуяатай тооцоо нийлж 229.330.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг эргүүлэн татсанаас хойш хугацаанд Анхтуяа нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 16.515.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15.817.500 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 35.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 9.000.000 төгрөгийн төлбөр төлж, 242.167.500 төгрөгийн үлдэгдэлтэй. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 387.500.000 төгрөгийн үнэ бүхий тамхины татан авалтыг хийж 629.667.500 төгрөгийн үлдэгдэлтэй болж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 68.700.000 төгрөгийн төлбөр төлж, 560.967.500 төгрөгийн үлдэгдэл, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 62.797.500 төгрөгийн төлбөр төлж, 498.170.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэсэн байдаг. Анхтуяа нь 2018 оны 1 дүгээр сард "Монгол тамхи со” ХХК-д сүүлчийн 21.000.000 төгрөгийг төлж, нийт 477.170.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэсэн тайланг Лхагвадорж 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 11 цаг 30 минутад гаргаж өгсөн. Энэ нь 6 дугаар хавтасны 86 удгаар талд байгаа. Гэтэл "Монгол тамхи со” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсд бөөний борлуулагчийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа тамхины борлуулалтаас 477.170.000 төгрөгийг завшиж "Монгол тамхи со” ХХК нь их хэмжээний хохирол учруулсан гэсэн гомдол мэдээлэл гаргасан. 477.170.000 төгрөг нь яаж гарсан бэ гэхээр аудитын шинжээчийн дүгнэлтээр нийт орсон мөнгийг гарсанд нь тооцон, үүнээс түүний 169.000.000 төгрөгийн урамшууллыг болон зарим нэг тооцоог хасаж гаргасан. Харин шинжээч нийт орсон, гарсныг тооцож, Ч.Агийн урамшууллын 21.000.000 төгрөгийг хасаж тооцон 477.170.000 төгрөгийг гаргасан. Энэ дүгнэлтийн талаар шүүх хуралдааны явцад шинжээчээс асуухад шинжээч энэхүү тооцоо гарсан талаар хэлж чадаагүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хэдэн төгрөг болох, ийм хохирол байгаа эсэхийг тодруулаагүй байхад шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа учир шүүхийн гаргасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан захирамж хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэргийн бодит байдлыг зөв тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд нотлох, хохирлын хэмжээг зөв зүйтэй тогтоох нь хэргийг зөв шийдвэрлэхэд маш ач холбогдолтой гэж үзэж байна. Бид шинжээчийн дүгнэлтийн талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэсэн хэдий боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй. Хэдий хувийн байгууллага ч Компанийн тухай хуульд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах ёстой. "Монгол тамхи со” ХХК нь нягтлангийнхаа дансаар мөнгө авдаг, татвараас зайлсхийдэг хууль бус үйлдэл маш их байдаг. Эцэст нь үүнийг миний үйлчлүүлэгчийн мэдээгүй зүйл мэтээр тайлбарлаад үүнийгээ Анхтуяа өөр борлуулагчийн нэр дээр тамхи аван борлуулсан мэтээр тайлбарлан хэлдэг. Өмнө энэ талаар хэлж байгаагүй хэрнээ Гоомарал болон Лхагвадорж гэх хүний нэр дээр мөнгө орсон талаар сөхөгдөж ирснээр бусад хүмүүсийн нэр дээр тамхи авсан мэтээр тайлбарлаж эхэлсэн. Шинжээч шүүх хуралдаанд оролцсон боловч асуусан асуултад хариулж чадаагүй. Шинжээч нь өөрийн дүгнэлтийг ямар арга, аргачлалаар гарсныг тайлбарлаж чадаагүй. “Тэгээд яах юм, би мэдэхгүй, би яаж мэдэх юм бэ” гэх мэтээр хариулж маш ичгэвтэр байдалд орсон. Хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн тогтоох шаардлагатай. "Монгол тамхи со” ХХК нь шүүх хуралдаан болохоос өмнө үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгсөн баримтыг хавтас хэрэгт хавсаргах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой. Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш "Монгол тамхи со” ХХК-ийн данс руу миний үйлчлүүлэгчийн нэртэй мөнгө орсон. Үүнийг зөв тогтоож, эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан “...хохирлын хэмжээг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоох, аудитын дүгнэлт болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа “Монгол тамхи со” ХХК-ийн дансанд шүүгдэгч Ч.Агийн нэрээр хэд хэдэн удаагийн үйлдлээр орсон мөнгөн орлогыг ямар учраас орсон орлого болохыг тогтоох...” гэсэн ажиллагааг оролцогч талуудын хүсэлтээр шаардлагатай гэрч, шинжээч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан тодруулж, дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.  

­      Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдпыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх эрх шүүхэд байгаа болно.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн прокурорын  эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн 1702001990083 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны дахин хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/591 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

 2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.Ад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                      ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ