Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

2021        02         08                                    2021/ШЦТ/118

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Бүжинлхам,

хохирогч Н.Болдбаатарын өмгөөлөгч Г.Должинсүрэн /ҮД1019/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

гэрч Б.Лхагвадорж, Х.Сэнгээ, Ж.Ганзориг, Б.Идэрбаяр,

шинжээч Ж.Бадамсүрэн,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Р.Пүрэвлхам,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч.А холбогдох эрүүгийн 1702001990083 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Ам бүл 7, эх, нөхөр, 4 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун 04-08 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ч.А

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.А нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ч.А нь "Монгол тамхи со" ХХК-ийн захирлын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаартай тушаалаар тус компаний "бөөний борлуулагчийн" албан тушаалд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа 2017 оны 01 сараас 2017 оны 7 cap хүртэл хугацаандаа итгэмжлэн хариусан эд хөрөнгө буюу өөрийн хүлээн авч байсан тамхины борлуулалтын орлогоос нийт 477,170,000 төгрөгийг завшиж "Монгол тамхи со" ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай компанийн бөөний гэрээт борлуулагчаар ажиллаж байсан Ч.А нь cap бүрийн сүүлчээр тухайн сардаа авсан тамхи, төлсөн төлбөрөө манай байгууллагын нягтлан бодогчтой ирж нийлээд, тайлангаа гаргаж, гарын үсгээ зурж баталгаажуулаад явдаг байсан. Тухайн сарын борлуулалтаас шалтгаалан цалин, урамшуулал нь бодогддог учир cap бүр тооцоо нийлж, үлдэгдлээ тооцож боддог. Ч.А нь 2016 оны жилийн эцсийн байдлаар санхүүтай тооцоо нийлээд 30 сая төгрөгийн үлдэгдэлтэйгээр гарсан. 2017 оны 01-р сард тамхи аваад өмнөх оны үлдэгдэлтэйгээ тооцоо нийлээд явсан. 2017 оны 02-р сард мөн адил тооцоогоо нийлсэн байдаг. Ч.А нь 2-р сард тамхи борлуулаад 5-6 орчим сая төгрөгийн цалин урамшуулал авсан байдаг. Цагаан сарын баяр болж Нарантуул зах амрахаас өмнө 2017 оны 03-р сарын тамхиа авсан байдаг бөгөөд 178,450,000 төгрөгийн үнийн дүнтэй барааг 2017 оны 02-р сарын 22-ны өдөр Нарантуул зах дээр хүлээн авсан. Ийм ижил үнийн дүнтэй барааг манай компанийн борлуулагч Энхтуяа ч хүлээн авсан байдаг. 2017 оны 02-р сард 360,811,500 төгрөгийн үлдэгдэлтэйгээр тайлангаа гаргаж, тооцоогоо нийлсэн. 2017 оны 03-р сард Анхтуяа тооцоо нийлэхдээ авсан тамхиа хүлээн зөвшөөрөөд тооцоо нийлээд борлуулалтаа тайлагнаад өөрөө өөрийнхөө тайланг гаргаж өгсөн. Уг сард Ч.А нь 1 тэрбум гаруй төгрөгийн тамхи аваад түүнээс сарын эцэст 510,825,000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр тооцоогоо нийлж, тайлан гарган гарын үсгээ зурсан байсан. Ийм байдлаар 2017 оны 07-р сарыг хүртэл cap бүр манайхтай тооцоогоо нийлээд явж байсан байдаг. Тэгээд Анхтуяа нь өөрөө энэ тэнд олон газарт өрөнд орсон, баахан объект худалдан аваад түүнээсээ шалтгаалаад авсан тамхиныхаа мөнгийг өгч чадахгүй болсон байх. Анхтуяагийн нөхөр Одхүү нь сүүлд манай компани дээр ирээд "эхнэрийгээ өрөнд орсон гэдгийг сая мэдлээ" гэсэн байгаа юм. Тэгээд санхүүгийн баримтууд үзэж байгаад 2017 оны 02-р сарын 22-ны өдөр авсан 178,450,000 төгрөгийн үнэ бүхий 2017 оны 03-р сарын 01-ний он cap өдөртэй падаан дээр маргаан гаргаад эхэлсэн юм билээ. Уг падаан дээр борлуулагч Энхтуяагийн нөхөр андуур гарын үсэг зурснаас давхардуулж гарын үсэг зурагдсан юм билээ. Ч.Агийн хувьд дээрх тамхийг авсан, түүнийгээ ч хүлээн зөвшөөрөөд явсан. Харин сүүлд нь давхар гарын үсэг зурагдсан дээрх падааныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байгаа юм. Анхтуяагийн авсан тамхины зарлагын падаан дээр борлуулагч Энхтуяагийн нөхөр андуурч гарын үсэг зурсан падааныг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь өгөх ёстой төлбөр буюу авч борлуулсан тамхиныхаа мөнгийг өгөхгүй гэсэн санаа байгаа юм. 2012 оноос хойш манай компанийн борлуулагчаар ажиллаж байгаа, өмнө нь ч, сүүлд ч өөр байгууллагуудтай харилцан их хэмжээний үнийн дүн бүхий худалдаа наймаа хийдэг, тэр бүртэйгээ төлбөр тооцоогоо тулаад, тайлангаа гаргаад явдаг хүн дараа нь тооцоо нийлэхэд аваагүй тамхины үнэ 178,450,000 төгрөг нэмэгдсэн тохиолдолд мэднэ биздээ. Өөрийнхөө авсан барааг компанийн санхүүтэй ирж нийлж тооцоогоо хийгээд хүлээн зөвшөөрөөд явж байсан. Анхтуяа нь ганцхан манайхтай биш өөр олон тамхины компаниудтай харилцаад тооцоо, тайлангаа гаргаад сурчихсан хүн. Манай компанийн санхүүгийн баримтны баллаж цохолсон алдаан дээр тулгуурлан өр төлбөр төлөхгүй гэсэн арга сэдэж, шалтаглаж байгаа хүн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118х, 13хх-ийн 101-102х/,

- гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ч.Агийн захиалгаар 3-р сард авах тамхийг нь урьдчилсан өгсөн талаараа өмнө нь мэдүүлсэн байгаа. Тэр өдөр Ч.Агийн ачигч Онолбаатар манай жолооч Сэнгээд 70 ширхэг тамхины хоосон авдар /хайрцаг/ буцаан өгсөн байдаг. Манай компани нь борлуулагч нараасаа тамхины хоосон авдаруудыг буцаан худалдан авдаг юм. Хамгийн гол нь авч байгаа хайрцагнууд маань эвдэрээгүй, дахин тамхи хийж түгээхэд шаардлага хангасан байх ёстой юм. Нэг авдарыг 800 төгрөгөөр тооцон худалдан авдаг бөгөөд 2017 оны 02-р сарын 22 өдөр Анхтуяагийн ачигч нь захиалсан тамхиа аваад зөрүүлж хоосон 70 ширхэг авдар хүлээлгэн өгсөн байсныг зарлагын падааны ар талд Сэнгээ тэмдэглэж бичсэн байгаа юм. Тэгээд компани дээр ирээд хайрцагнуудыг нь үйлдвэрийн түүхий эдийн нярав Энхжаргалд хүлээлгэн өгсөн. Ер нь Анхтуяа гэлтгүй бүх борлуулагч нараас тамхи хоосон авдар авсныгаа сарын эцэст тооцож нэгтгэн мөнгийг буцаан олгодог. Тухайн сард хэн гэдэг борлуулагч хэдэн авдар өгсөн гэдгийг тэмдэглэж аваад явдаг. Харин хэдний өдөр өгсөн гэдгийг тэмдэглэдэггүй юм билээ. Тэгээд сарын сүүлчээр түүхий эдийн нярав Энхжаргал бүх авсан авдаруудаа нэр төрөл тус бүрээр нь нэгтгэн тайландаа орлого болгож авдаг. Тэгээд нэгтгэсэн хүснэгтээ надад өгсний дагуу би борлуулагч нарт өгөх мөнгийг нь санхүүгээс цохуулан авч, борлуулагч тус бүрт бэлнээр болон өөрийн дансаараа дамжуулан өгдөг.

Ч.Агийн хувьд 2017 оны 02 дугаар сард 2 удаа хайрцаг өгсөн байдаг ба эхний удаад 179 хоосон авдар өгсний 5 нь шаардлага хангаагүй эвдэрсэн гээд буцаагдсан. Дараа нь буюу 02-р сарын 22-ны өдөр 70 авдар өгсөний 2 нь буцаагдсан байна. Ингээд тухайн сард 243 ширхэг авдарны үнэ 194,000 төгрөгийг би 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн дансаар дамжуулан Ч.Агийн Хаан банкны 5039444888 дугаартай дансруу шилжүүлсэн байдаг.

Ч.А 3-р сарынхаа тамхийг урьдчилж авья гэж авчихаад яагаад одоо аваагүй гээд байгааг ойлгохгүй байна. Нарантуул захын борлуулагч Энхтуяагийн нөхөр Батжаргал гэдэг хүн падаан дээр андуурч гарын үсэг зурсан асуудлаар шалтгаалан тамхи аваагүй гэдэг асуудлыг 2017 оны 09-р сарын үеэс ярих болсон. Түүнээс өмнө нь бол cap сарын тооцоон дээр хүлээн зөвшөөрөөд явж байсан хүн. Ч.А нь cap бүрийн эцсээр компани дээр ирээд өөрийнхөө тооцоо, тэмдэглэлийг харж тулгаж, нийлээд тайлангаа гаргаад түүн дээрээ хүлээн зөвшөөрч, гарын үсгээрээ баталгаажуулаад явдаг байсан.

Манайх cap дуусахаас 2-3 хоногийн өмнө борлуулагч нартайгаа тайлангаа гаргадаг юм. Тухайн сарынхаа тайлангаа гаргаж байж, дараа сарынхаа тамхийг олгож эхэлдэг юм. Өөрөөр хэлбэл тэр сардаа хүлээлгэн өгсөн тамхи, буцаан өгсөн төлбөр зэргийг тулгаж, одоо хэдий хэмжээний тамхи, төлбөрийн үлдэгдэлтэйг тооцож, тайлангаа гаргаж, 2 талаасаа баталгаажуулж гарын үсгийн зурж байж дараа сарынхаа тамхийг өгдөг юм. Ч.Агийн хувьд cap бүр тооцоогоо хийгээд явдаг байсан. 2012 оноос хойш ажиллах хугацаанд ганц нэг удаа тухайн сардаа амжихгүй, дараагийн cap гарсны дараа тооцоо хийх тохиолдол байсан. Түүний хувьд тооцоо хугацаандаа хийж, тайлангаа гаргасан ч гэсэн мөнгө тушаалт нь дандаа хоцордог байсан. Тэгж мөнгөө тушаахгүй явж байгаад 2016 оны 08-р сараас 12-р сарын дуустал янжуур тамхи зарахгүй болж байсан. Түүнд уг хугацаанд компаниас зөвхөн дүнсэн тамхи өгч байсан. Тэгээд 2016 оны 12-р сард үлдэгдэл мөнгөө тушаагаад 31-ний өдрийн байдлаар 38,065,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Төлбөрийн үлдэгдэл бага болсон тул 2017 оны 01-р сараас эхлэн янжуур тамхи олгож эхэлсэн юм. Түүнээс хойш Анхтуяа авсан тамхины мөнгийг бүрэн тушаахгүй хойшлуулж явсаар төлбөр нь хуримтлагдаад 477,170,000 төгрөгийн өртэй болсон. Түүнийг хүлээн зөвшөөрч байснаа сүүлдээ би тамхи аваагүй гээд эхэлсэн. Өөрөө бол ирж уулзаж, өр төлбөрөө төлөх талаар огт ярьж байгаагүй. 2017 оны 09-р сард Ч.Агийн нөхөр Одхүү ирээд "манай эхнэр өрөнд орчихсон байна, надад тооцоо, тайланг нь гаргаад өгөөч, юмыг нь шахаж үзье" гэсэн. Түүнийх нь дагуу бүх баримтууд болон авсан тамхи, тушаасан мөнгөний баримтуудыг гаргахад дээрх падааны талаар яриад маргаан үүссэн юм. Ер нь бол Ч.А тамхи зарахдаа үнийг хямдруулаад өөрийнхөө авах цалин урамшууллаас давсан алдагдалд орж ажиллаж байсан байдаг. Өрөнд ороод мөнгөний шаардлага гарахаар бусад борлуулагч нараас тамхиа өрсөж заран бэлэн мөнгөтэй болох гэсэн асуудал нь түүнийг ийм байдалд оруулсан байх...

2016 оны 08-р сард Ч.А авсан тамхиныхаа борлуулалтынхаа мөнгийн компанид өгөхгүй асуудал үүссэн. Ер нь 2016 оны 01-р сараас эхлээд доголдоод эхэлсэн, яриулж нэхүүлж байж мөнгөө дутуу өгдөг, үлдэгдэл нь их үлдээд яваад байдаг. Cap дамнуулаад мөнгөө өгсөнийг кассаар бэлнээр оруулж, өгөх ёстой байсан өмнөх сарын сүүлчийн өдрөөр тооцоог нь хаагаад явж байсан. Ингэсээр байгаад мөнгөө өгөхгүй удаад эхлэхээр нь 2016 оны сарын 08-р сарын 24-ний өдөр борлуулагч Ч.А болохоо байлаа гээд ажил үүргийн хуваарийг нь өөрчлөн янжуур тамхи борлуулах эрхийг нь хасаж, дүнсэн тамхи өгч заруулах тушаалыг гүйцэтгэх захирал гаргасан. Тэгээд Ч.Агийн борлуулалтын үлдэгдэл 12,232,155,000 төгрөгийн нийт 4 удаа хувааж төлүүлэхээр хуваарь гаргасан. Ингэж үлдэгдэл төлбөрөө төлж дуусгасан хойно нь 2016 оны жилийн эцсээр тухайн жилд нийт зарсан янжуур тамхины урамшуулалыг бодож олгохоор тушаалд заасан. Энэ талаар Ч.А руу утсаар ярьж хэлсэн чинь "наад тушаалаа Нарантуул зах дээр битгий авч ирээрэй, энэ хавиар асуудал гарна шүү, миний нэр хүнд унана, харилцагчдаа алдана, хүнд битгий хэлээрэй" гээд байсан. Тэгээд би Фэйсбүүкийн мессенжерээр захирлын тушаалын зургийг Ч.А руу явуулсан. Уг тушаал дээр Ч.Агийн үлдэгдэл 322,025,500 төгрөгөө төлөх хуваарь нь байсан болохоор төлбөр тооцооны талаар яриагүй. Ингээд 2016 оны 12-р сарын 31-ний өдөр гэхэд Ч.А мөнгөө өгч явсаар 82,530,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас зарагдаагүй тамхины үлдэгдэл буюу тооллогын үлдэгдэл 38,065,000 төгрөг, компанийн авлага буюу Ч.Агийн компанид тушаах ёстой мөнгө 44,465,000 төгрөг болж байсан. Үлдэгдэл 44,465,000 төгрөгийг 2017 оны 01-р сарын 03-ны өдөр компанийн 5007079477 дугаартай дансаар тушаасан. 2016 оны 08-р сарын 24-ний өдрийн байдлаар компанид төлөөгүй тамхины борлуулалтын үлдэгдэл 322,025,500 төгрөгөөс 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн байдлаар 38,065,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн.

Манай компанийн маркетингийн менежер, борлуулалтын албаны дарга нар Ч.Агийн үлдэгдэл төлөгдсөн эсэх, борлуулалтын үйл ажиллагаа нь ямар байгаа талаар биднээс асууж, харилцан зөвлөлдөж байгаад янжуур тамхи борлуулах эрхийг буцааж өгөхөөр болсон. Ингээд 2016 оны 12-р сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирлын 1/113 дугаартай тушаал гарч Ч.Ад Нарантуул зах дээр дүнсэн тамхи бөөнөөр борлуулах эрх дээр нь нэмж янжуур тамхи борлуулах эрхийг 2017 оны 01-р сарын 02-ны өдрөөс олгохоор болсон юм. Харин Ч.А үлдэгдэл 38,065,000 төгрөгийг 2017 оны 01-р сард төлж барагдуулсан. 2017 оны 01-р сард Ч.А болон манай компанийн хооронд ямар нэгэн өглөг, авлагын тооцоо дутагдалгүй болсон. Ч.А нь 2017 оны 01-р сараас янжуур тамхиа аваад боруулалтаа явуулж эхлээд төлбөр тооцоогоо компанид хийхдээ дутуу өгөөд үлдэгдэл өндөртэй яваад байсан. Ингээд 2017 оны 07-р сард наадам болох гэж байгаатай холбоотой багцаар бөөн тамхи авсан. Зөвхөн 7-р сард гэхэд л 1,995,779,500 төгрөгийн тамхи авсан. Тэгээд баяр наадмын амралт таараад 7 сарын эцэс болсон чинь Ч.А авсан тамхиныхаа мөнгийг бүрэн төлж чадаагүй, их хэмжээний үлдэгдэлтэй гарсан. Ингээд компани дээр Ч.Агийн асуудал болохоо байлаа гээд 2017 оны 08-р сарын 05-нд манай компаниас менежер Бавуусүрэн Нарантуул зах дээр очиж Ч.Агийн үлдэгдэл тамхийг нь тоолоход 675,009,000 төгрөгийн тамхи тоолуулсан байдаг. Уг нь бол түүн дээр 706,500,000 төгрөгийн тамхи байх ёстой байсан. Тэгээд дараа 2016 оны 08-р сарын 07-ны өдөр дахин Бавуусүрэн тоолоход 575,212,500 төгрөгийн тамхи байсан. Тэгсэн мөртлөө мөнгө нь орж ирэхгүй байсан. Ингээд сүүлд нь гүйцэтгэх захирлын тушаал гарч комисс томилогдон 2016 оны 08-р сарын 15-ны өдөр Ч.А дээр очиж өөрийн компаниас нийлүүлсэн тамхийг тоолоход 229,330,000 төгрөгний тамхи байсныг тоолж тулгаад буцааж авсан. Харин 477,170,000 төгрөгийн тамхи оргүй дутсан. Ч.А нь уг дутаасан тамхиа "хүмүүст зээлээр өгчихсөн, мөнгийг нь авч чадаагүй байна" гээд өөрийн хөтөлсөн дэвтэрээ үзүүлээд байсан. Зүгээр Ч.А гараараа бичсэн бүртгэл байснаас нөгөө тамхи авсан гэх хүмүүсийнх нь авлаа гэсэн гарын үсэг зэрэг батлах зүйл байгаагүй юм..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 121-130х, 12хх-ийн 245-247х, 13хх-ийн 104х/,

- гэрч Б.Гуамаралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Учир нь компанийн гэрээт борлуулагч нар тухайн сардаа төлбөрөө өгч амжихгүй дараа сард нь мөнгөө өгөх тохиолдолд өмнөх сарын тайландаа оруулахыг тулд хувийн дансаар авч, хугацаанд авсан гэж кассруу орлогодож тайланд тусгадаг юм. Бэлнээр мөнгө тушааж байгааг хүлээн авсан гэж баримтаа бүрдүүлдэг гэсэн. Гэрээт борлуулагчдаа ч кассын орлогын ордерын нэг хувийг өгдөг. Бас зарим үед компанийн үйл ажиллагаатай холбоотой бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед хувийн дансаар мөнгийг авч кассын орлогоор тухайн борлуулагчийн нэрээр баримт бичдэг. Би өөрийнхөө Хаан банкны 5030137794 дугаарын дансаар мөнгийг хүлээн авдаг. Энэ данс маань мобайл банктай юм.

Миний дансанд Ч.Агаас шилжин орсон мөнгө нь түүний манай компаниас зээлээр авсан тамхины борлуулалтын төлбөр юм. Тэр мөнгийн дээр хэлсэн байдлаар аван тухай бүрд нь орлогын баримтаар бүртгэж тайландаа тусгасан байгаа. Жишээ нь Анхтуяагийн 2016 оны 03-р сард миний дансруу шилжүүлсэн 348,832,112 төгрөг гэхэд л өмнөх 2-р сард орох ёстой тооцоонд бүртгэгдэх ёстой мөнгө байсан. Уг мөнгийг 3-р сард надруу шилжүүлэхэд нь би хүлээн аваад 2-р сарын сүүлчийн өдрөөр кассанд хүлээн авснаар бүртгэж тайландаа тусгасан байгаа юм. /Касс 2016 оны 2-р боть, 48-р хуудас/ Уг нь бол ингэлгүйгээр авлага үүсгээд явж болох ч гэрээт борлуулагч нар мөнгөө өгдөггүй удаагаад байдаг байсан. Тиймээс би нэгдүгээр ажилтнуудаа шахаж шаардах, хоёрдугаарт борлуулагч нарыг шахаж мөнгөө тухайн сард авдаг байх гэж ийм байдлаар ажлыг зохион байгуулдаг байсан. Тухайн сард авсан тамхиныхаа мөнгийг авч кассаа хааж байж тэр тооцоон дээр үндэслэн дараагийн ээлжийн тамхийг олгоно гэдэг хөшүүрэг байдлаар явж байсан. Ингэж шаардахгүй бол борлуулалтын мөнгө хурдан орж ирэхгүй, мөнгө эргэлт удааширдаг компанид хохиролтой байдал үүсдэг. 2017 он гараад ингэж шаардахгүй авлага үүсгээд явахаар орох ёстой борлуулалтын мөнгө удаашраад эхлэж байгаа юм. Бид борлуулагч нартайгаа аль болох уян хатан харьцаж явдаг. Тэгэхгүй бол яг гэрээнд зааснаар ажиллана гэвэл өнөөгийн үед хэцүү. Тамхи нь өөрөө үнэтэй болохоор өндөр хэмжээний үнийн дүнтэй борлуулалтууд байдаг. Манай компани борлуулагч нарыг тухайн сард хийсэн борлуулалтынх нь хэмжээгээр урамшуулал маягаар цалинжуулж, нийгмийн даатгалыг нь төлөөд явдаг юм. Тэгж урамшууллыг нь тооцож олгохын тулд тухай тухайн сард тооцоо нийлж, төлбөрийг нь авах зайлшгүй шаардлага тулгардаг. Заавал тухайн сардаа мөнгөө төлсөн байна гэсэн шаардлагатай байдаг. Гэвч борлуулагч нарыг өөрсдийг нь бодоод cap дамжуулж өгсөн төлбөрийг нь өгөх ёстой байсан урд сард нь оруулж тооцдог. Үндсэндээ урамшуулал цалинг нь cap сард нь бодож олгохын тулд тэгж байна гэсэн үг. Уг нь Анхтуяа борлуулалтын мөнгөө удаадаг ч гэсэн өгөөд тооцоогоо хаагаад явдаг байсан. Гэтэл 2017 оны 07-р сараас мөнгөө өгч чадахгүй болоод эхэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141х/,

- гэрч Ж.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Тэр өдөр яах аргагүй 220 авдар тамхийг Ч.Агийн ачигч Онолбаатар хүлээж аваад явсан. Би машины ачааны бүхээгнээс авдартай тамхинуудыг буулгаж өгч байсан. Онолбаатар тэр тамхинуудыг надаас тосож аваад өөрийнхөө тэргэндээ ачаад яваад байсан. Хэд хэдэн удаа эргэж ирж зөөсөн. Тэднийх тамхинуудаа Нарантуул захын өргөтгөлийн хашааны урд хэсэгт байдаг тээшний чингэлэгтээ хийгээгүй. Шууд ачаад өөр харилцдаг, тамхи авдаг хүмүүстээ тарааж өгсөн байх.

тэр өдөр Ч.Агаас гадна Нарантуул захын бөөний борлуулагч Энхтуяад мөн 178,450,000 төгрөгийн үнэтэй 200 авдар Улааншонхор, 20 авдар цэнхэр Dubliss тамхийг өгсөн ба энэ тамхийг Энхтуяагийн нөхөр Батжаргал аваад падаан дээр гарын үсэг зурахдаа андуураад Ч.Агийн падаан дээр зураад үүнийгээ мэдээд дахин өөрийн падаан дээр зурж байсан. Ийм явдал болж байсан учир би тэр өдрийг сайн санаж байна. Тэгээд Батжаргалын буруу зурсан падаан дээр дахин Ч.Агийн ачигч Онон гарын үсэг зурж байсан гэсэн. Тэгэхэд Батжаргал, Сэнгээ ах бид гурав хамт зогсож байгаад Батжаргалын андуурч зурсан падаан дээр Онон буюу Онолбаатараар гарын үсэг зуруулсан. Онолбаатар том О үсэгтэй гарын үсгээ таталгаж биччихээд явсан. Би бүүр түүнийг сайн харсан. Яах аргагүй Онолбаатар зурсан. Тэгээд мөн өөрийнхөө хөтөлдөг дэвтэр дээрээ хэдэн тамхи хүлээж авсныгаа бичиж аваад явсан. Түүнд байнга хөтөлж байдаг дөрвөлжин шугамтай дэвтэр байдаг. Тэр дэвтрээ өвөртөө юм уу, авдартай тамхинууд дундуу хавчуулаад тэргээ түрээд явж байдаг юм. Батжаргалын андуурч гарын үсэг зурсан падаан дээр Онолбаатараар гарын үсэг зуруулсан. Энхтуяа гэж бичсэний урд талд О үсгээр эхэлсэн гарын үсгийг Онолбаатар зурсан юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 136-139х, 13хх-ийн 22-23х/,

- гэрч Ё.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Манай нөхөр Батжаргал очиж тамхиа хүлээж авсан бөгөөд ингэхдээ Анхтуяад өгсөн тамхины зарлагын падаан дээр анзааралгүй гарын үсэг зурчихаад түүнийгээ тухайн үедээ мэдээд Анхтуяагийн грушик Онолбаатар ирээд тамхиа авахад нь нөгөө андуурч зурсан падаан дээр түүгээр гарын үсэг зуруулсан гэсэн. Харин Лхагвадорж тамхи явуулахдаа 3-р сард зарах тамхи гэдэг үүднээс нь падаан дээрээ 2017 оны 03-р сарын 01-ний өдөр гэж бичээд явуулсан байсан Анхтуяа бол хэзээ ч өөрөө тамхиа авдаггүй, дандаа грушикээ явуулдаг байсан. Манай нөхөр хүртэл тэр явдлыг санаж байгаа. Тэр талаар би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байсан. Тэгээд дараа нь 3-р сарын сүүлчээр компани дээр очиж тооцоогоо нийлж тайлангаа гаргадаг. Борлуулагч нар чинь өөрсдийнхөө дэвтрийг авч очоод компанийн нягтлантай тооцоогоо нийлээд тэр сард яг тэдэн хайрцаг, тийм нэр төрлийн тамхи авсан, тэдэн төгрөг өгөх ёстой гэж тулдаг. Тэгээд өмнө нь тамхи авсан грушикийнхээ гарын үсэг зурсан падаан дээрээ хүлээн зөвшөөрч өөрсдөө гарын үсгээ зураад явдаг. 2017 оны 03-р сард зарах тамхиа 2-р сард авсан гэдгээ Анхтуяа сайн мэдэж байгаа, ер нь юмыг мартахгүй сайн ойтой хүн. Тэгээд сарын сүүлд тооцоо нийлэхэд өөрөө зүгээр хүлээн зөвшөөрсөн байгаа байх. Тэгэхгүй бол 170-180 сая төгрөгийн асуудал үүснэ биздээ. Тийм зөрүү гарч байхад тухайн үедээ Анхтуяа хэлж, ярина биздээ. Анхтуяа тамхинуудаа зарах үнээр нь зарахгүй бууруулж зараад байдаг байсан. Түүнд их л бэлэн мөнгөний хэрэг байдаг байсан байх. Тэгээд байхаар чинь сүүлдээ ямар ч ашиггүй болно биздээ. Одоогийн байдлаар Нарантуул зах дээр Анхтуяагаас хямд үнээр тамхи авна гээд бэлэн мөнгөө өгөөд альчгүй болчихсон гэсэн хүмүүс байгаа юм. Мөн нэмж хэлэхэд Онолбаатар өөрөө гарын үсгээ янз янзаар зураад байдаг юм. Надаас тамхи авах үед Онолбаатараар гарын үсэг зуруулахад өөр өөрөөр гарын үсгээ зураад байдгийг нь анзаарч байсан.

2016 оны 08-р сараас 12-р сарын хүртэл Анхтуяад "Монгол Тамхи Co" ХХК-иас янжуур тамхи өгөхгүй болчихсон байсан. Тэгээд Анхтуяа надаас гуйж байгаад миний нэрээр тамхи авахаар болсон. Ингээд 2016 оны 08-р сарын 19-ний өдөр миний нэр дээр Цагаан өргөө тамхи 20 авдар, Улааншонхор тамхи 225 авдар, Алтан Шонхор тамхи 5 авдар нийт 177,912,500 төгрөгийн тамхи авсан. Миний нэртэй падаан дээр Онолбаатар гарын үсэг зурсан. Тэр авсан тамхиныхаа мөнгийн Анхтуяа компанийн дансруу тэр хийгээд тооцоо нь хаагдсан. Сарын сүүлээр компанитай тооцоо нийлэхэд миний нэрээр авсан тамхи тул би Онолбаатарын гарын үсэг зурсан падаан дээр нэмж гарын үсэг зурсан. Би яахав Анхтуяад туслая, мөн өөрийнхөө борлуулалтын нэмэгдүүлье гэж бодоод түүнд тамхи өгөөд байдаг байсан. Надаас өөр Нарантуул зах дээр Анхтуяад тамхи өгөх хүн байхгүй. Лхагвасүрэн бол анхнаасаа түүнтэй харьцдаггүй байсан. Учир нь Анхтуяа худлаа яриад байдаг юм. Мөн 2017 оны 01-р сард би гадаад явсан бөгөөд өмнө нь 2016 оны 12-р сард Анхтуяа надаас нэлээд их тамхи авсан байсан. Би явахдаа түүнд "миний өмнөх сарын тооцоо дуусаагүй байгаа, тиймээс чи надад өгөх ёстой мөнгөнөөсөө компанируу хийгээрэй" гэхэд Анхтуяа " та санаа амар явж болно, би ямар ч гэсэн мөнгө хийнэ" гэсэн юм. Тэгээд Анхтуяа 2017 оны 01-р сарын 10-ны өдөр 13,000,000 төгрөгийг "Монгол Тамхи Co" ХХК-ийн дансруу хийсэн байсан. Тэр мөнгийг миний тооцоонд хийсэн. Тэгээд би ирсэн хойноо үлдэгдэл тооцоогоо Анхтуяагаас авч байсан. Үүнээс гадна миний зарж байсан тамхинаас бэлнээр олон удаа тамхи авч зараад мөнгийг надад өгч байсан. Одоо ч надад 18,000,000 төгрөгийн өртэй байгаа. Түүнийг өгнөө гээд л яваад байгаа..." гэх мэдүүлэг /1хх-ийн 142-147х/,

- “Авера аудит" ХХК-ийн шинжилгээний дүгнэлт: "Монгол тамхи со" ХХК-иас Ч.А нь 7 нэр төрлийн 31.104.20 хайрцаг буюу нийт 12.232.155.000.00 төгрөгийн тамхи нийлүүлсэн байна. "Монгол тамхи со" ХХК нь гэрээт борлуулагч Ч.Ад нийт 12.232.155.000.00 тамхи нийлүүлсэн бөгөөд тус компани нь нийт 5 удаа 169.265.000.00 төгрөгийн борлуулалтын урамшуулал бодож Ч.Агийн тамхины борлуулалтын авлагын тооцооноос хасч тооцсон байна. "Монгол тамхи со" ХХК нь Ч.Агаас нийт 12.062.890.000.00 төгрөгийн тамхины борлуулалтын авлагын тооцоотой байсан байна. Үүнээс Ч.А нь "Монгол тамхи со" ХХК-д харилцах данс болон бэлэн мөнгөөр нийт 11.585.720.000.00 төгрөгийг төлж, Ч.А нь "Монгол тамхи со" ХХК-д 477.170.000.00 төгрөгийг төлөхөөр байна гэсэн дүгнэлт /1хх-ийн 208-242х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 074 дугаар Эдийн засгийн шинжээчийн: "...2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар"Монгол тамхи со" ХХК нь Ч.Агаас 1.507.500.000 төгрөгийн авлагатай байна. Энэ дүнгээс борлуулалтын урамшуулал 27.000.000 төгрөг, буцааж хүлээн авсан бараа 229.330.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард Ч.Агаас орж ирсэн 774.000.000 төгрөгийг хасаад одоо 477.170.000 төгрөгийн авлагатай байна..." гэх дүгнэлт / 2хх-ийн 66-79х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаар Эдийн засгийн шинжээчийн нэмэлт шинжилгээний дүгнэлт /13хх-ийн 110-113х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 962 дугаартай дүгнэлт /11хх-ийн 232-237х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 962 дугартай дүгнэлт /11хх-ийн 242-246х/,

- шинжээч Ж.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..."Монгол тамхи со" ХХК-ийн бөөний гэрээт борлуулагч байсан Ч.Ад холбогдох эрүүгийн 1702001990083 дугаартай хэрэгт мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын дагуу ирүүлсэн санхүүгийн баримтуудад үндэслэн шинжилгээ хийж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 074 дугаартай дүгнэлтийг гаргасан. “Монгол тамхи Co" ХХК-иас ирүүлсэн бэлэн мөнгөний баримт, харилцах дансны хуулгууд, бэлэн мөнгөний орлогын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооллогын бүртгэл, зарлагын баримтууд, холбогдох тушаалууд, борлуулалтын тайлан, авлагын журнал, тайлан, бусад харилцагчидтай холбоотой баримтууд зэрэг нь шинжилгээнд тэнцэх бөгөөд "Монгол тамхи Co" ХХК нь Нарантуул захын гэрээт борлуулагч Ч.Агаас 2015-12-31-ний өдөр нягтлан бодогч болон эд хариуцагч нарын гарын үсгээр баталгаажсан жилийн эцсийн тооллогын бүртгэл болон борлуулалтын тайлангаар 180 хайрцаг буюу нийт 128.250.000 төгрөгийн тамхины борлуулалтын авлагатай байсан.

Хүчин төгөлдөр бэлэн мөнгөний орлогын баримт, харилцах дансны хуулга, бэлэн мөнгөний тайлан, авлагын журналаар Гэрээт борлуулагч Ч.А нь "Монгол тамхи Co" ХХК-иас борлуулахаар хүлээн авсан тамхины тооцооноос тус компанийн ХААН банкин дахь 5007079477 тоот төгрөгийн харилцах дансанд 7,998,735.050 төгрөг, бэлэн мөнгөөр 3,586,984.950 төгрөг буюу нийт 11,585,720.000 төгрөгийг төлсөн байна.

Ч.А нь 2,702,162.838 төгрөгийг бэлэн мөнгөөр, ХААН банкин дахь өөрийн харилцах данснаас "Монгол тамхи Co" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Гуамаралын ХААН банкин дахь 5030137794 тоот төгрөгийн харилцах дансаар дамжуулан "Монгол тамхи Co" ХХК-д бэлэн мөнгөөр 884,822.112 төгрөг, нийт 3,586,984.950 төгрөгийг "Монгол тамхи Co" ХХК-д бэлнээр төлсөн байна.

"Авера аудит" ХХК-ийн гаргасан дүгнэлт болох: Ч.А нь 2015-12-31-ний үлдэгдлээр 128.250.000 төгрөгийн тамхи, 2016.01.01-2017.07.31-ний хүртэлхи хугацаанд 12.333.235.000 төгрөгийн тамхи, нийт 12.461.485.000 төгрөгийн тамхи нийлүүлсэн. Үүнээс 2017-08-15-ны өдрийн тамхины буцаалт 229.330.000 төгрөгийг хасаж, нийт 12.232,155.000 төгрөгийн тамхи нийлүүлсэн байна.

Нийт 12.232.155.000 төгрөгийн, 34104.2 хайрцаг тамхи нийлүүлсэн бөгөөд компани нь 5 удаа нийт 169.250.000 төгрөгийн борлуулалтын урамшуулал бодож Ч.Агийн тамхины борлуулалтын авлагын тооцооноос хасч тооцсон байна.

Иймд "Монгол тамхи Co" ХХК нь Ч.Агаас нийт нийт 12.062.890.000 төгрөгийн борлуулалтын авлагын тооцоотой байсан байна. Үүнээс Ч.А нь "Монгол тамхи Co" ХХК-д харилцах данс болон бэлэн мөнгөөр нийт 11.585.720.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 477.170.000 төгрөгийг Ч.Агаас авах авлагатай байна. гэсэн нь үндэслэлтэй байгаа юм. "Авера аудит" ХХК-ийн дүгнэлт нь "Монгол тамхи Co" ХХК-иас ирүүлсэн кассын баримтууд, банкны дансны хуулгууд, Ч.Агийн борлуулалтын тайлан, зарлагын падаанууд, авлагын дэлгэрэнгүй тайлангууд, бусад дэмжих баримтуудаар тогтоогдож байна.

"Монгол тамхи со" ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээт борлуулагч Ч.Ад 7 нэр төрлийн 34,249.2 хайрцаг буюу нийт 12.333.235.000 төгрөгийн тамхийг нийлүүлсэн байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "Монгол тамхи Co" ХХК нь Ч.Агаас 1.507.500.000 төгрөгийн авлагатай байна. Энэ дүнгээс борлуулалатын урамшуулал 27.000.000 төгрөг, буцааж хүлээн авсан бараа 229.330.000 төгрөг, 2017 оны 8-р сард Ч.Агаас орж ирсэн 774.000.000 төгрөгийг хасаад одоо Ч.А нь тус компанид 477.170.000 төгрөгийн авлагатай болох нь тогтоогдож байна.

Ч.Агийн зүгээс шинжилгээ хийж байх явцад өөрөө болон өмгөөлөгчтэйгээ ирсэн. Бараа материал татан авалтын тооцоо хийхэд өөрөө байлцсан. Татан авалттай холбоотой бүх тооцоонууд таарч байсан.

Түүний өөрийн хэрэгт хавсаргуулахаар өгсөн дансны хуулгууд, мөрдөгчийг зүгээс нэмэлтээр ирүүлсэн баримтуудыг өөрт нь үзүүлсэн.

Ч.Агийн өөрийн сүүлд авч ирсэн гараар хөтөлсөн тооцоо гэх дэвтэрүүд нь Эдийн засгийн шинжилгээний объект болж чадахгүй юм. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн хүчин төгөлдөр баримтан дээр эдийн засгийн шинжилгээ хийгддэг юм.

Харин "Монгол тамхи со" ХХК-ийн баримтууд нь хүчин төгөлдөр, шинжилгээнд тэнцэх юм. "Монгол тамхи со" ХХК болон Ч.А нарын cap бүр тооцоогоо бодож нийлж, хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулж явсан баримтууд нь шинжилгээний объект болж чадна..." гэх мэдүүлэг /12хх-ийн 85-88х, 13хх-ийн 114-115х/,

- шинжээч Ч.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..."Монгол тамхи Co" ХХК нь Нарантуул захын бөөний гэрээт борлуулагч Ч.Агаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нягтлан бодогч болон эд хариуцагч нарын гарын үсгээр баталгаажсан жилийн эцсийн тооллогын бүртгэл болон 12 дугаар сарын борлуулалтын тайлангаар 180 хайрцаг /1 хайрцагт 50 блок тамхи/ буюу нийт 128.250.000.00 төгрөгийн тамхины борлуулалтын авлагын үлдэгдэл тооцоотой байсан байдаг. Мөн аудитын шинжилгээнд хамрагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн нотлох баримтаар "Монгол Тамхи Co" ХХК-аас гэрээт борлуулагч Ч.Ад 7 нэр төрлийн 34,249.20 хайрцаг буюу нийт 12.333.235.000.00 төгрөгийн тамхийг нийлүүлсэн байна.

Үүнээс гэрээт борлуулагч Ч.А нь "Монгол тамхи со" ХХК-д 2017 оны 08 дугаар сарын 15 өдрийн нягтлан бодогч болон эд хариуцагч нарын гарын үсгээр баталгаажсан тооллогын бүртгэл болон тооцооны үлдэгдэлийн баталгаагаар 7 нэр төрлийн 325 хайрцаг буюу нийт 229.330.000.00 төгрөгийн тамхийг буцааж өгсөн байна.

-"Монгол тамхи со" ХХК нь гэрээт борлуулагч Ч.Ад 2015 оны 12 дугаар сарын 31-ны үлдэгдлээр нийт 128.250.000.00 төгрөгийн 180 хайрцаг тамхи, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хугацаанд нийт 12.333.235.000 төгрөгийн 34,249.20 хайрцаг тамхи нийлүүлсэн байна.

Иймд Ч.А нь "Монгол Тамхи Co" ХХК-иас нийт 34,429.20 хайрцаг буюу 12.461.485.000 төгрөгийн тамхи хүлээн авсан байна. Үүнээс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буцаалт хийсэн 325 хайрцаг буюу нийт 229.330.000 төгрөгийн тооцоог хасч, "Монгол Тамхи Co" ХХК-иас Ч.Ад 7 нэр төрлийн 34,104.20 хайрцаг буюу нийт 12.232.155.000 төгрөгийн тамхи нийлүүлсэн байна.

Аудитын шинжилгээнд хамрагдсан санхүүгийн анхан шатны нотлох баримтаар "Монгол тамхи со" ХХК нь гэрээт борлуулагч Ч.Ад нийт 12.232.155.000 төгрөгийн тамхи нийлүүлсэн бөгөөд тус компани нь 5 удаа нийт 169.265.000 төгрөгийн борлуулалтын урамшуулал бодож Ч.Агийн тамхины борлуулалтын авлагын тооцооноос хасч тооцсон байна.

"Монгол тамхи со" ХХК нь Ч.Агаас нийт 12.062.890.000 төгрөгийн тамхины борлуулалтын авлагын тооцоотой байсан байна. Үүнээс Ч.А нь “Монгол тамхи Co" ХХК-д харилцах данс болон бэлэн мөнгөөр нийт 11.585.720.000 төгрөгийг төлж, Ч.А нь "Монгол тамхи Co" ХХК-д 477.170.000 төгрөгийг төлөхөөр байна гэсэн дүгнэлт гарсан.

Дээрх тооцоотой холбоотой гүйлгээнүүд "Монгол тамхи со" ХХК-ийн 5007079477 дугаартай данс болон ерөнхий нягтлан болдогч Гуамаралын Хаан банкны 5030137794 дугаартай данс, мөн бэлнээр кассанд тушаагдаж хийгдсэн байдаг.

Харин нягтлан бодогч Б.Лхагвадоржийн эзэмшдэг 5029430809 дугаартай данс руу Ч.Агаас шилжин орсон 631.779.900 төгрөгийн гүйлгээ нь Б.Лхагвадорж болон Ч.А нарын хоорондын тооцоо байсан. Өөрөөр хэлбэл уг хоёр иргэний хоорондын асуудал байсан. "Монгол тамхи со" ХХК-нд үүнтэй холбоотой ямар нэгэн анхан шатны баримтууд байгаагүй. Уг асуудлыг шалгахад нягтлан бодогч Б.Лхагвадорж нь компанийнхаа орон нутгийн болон бусад борлуулагч нарын нэр дээр компаниасаа тамхи гарган Ч.Ад өгч заруулдаг байсан. Уг заруулсан тамхины мөнгө нь Б.Лхагвадоржийн данс руу тусдаа ордог байсан нь тэр юм. Харин Б.Лхагвадорж нь тамхи гаргасан борлуулагч нарынхаа нэрээр буцааж компанидаа тооцоогоо хаагаад явдаг байсан байгаа юм. Б.Лхагвадорж нь нийтдээ 761.512.500 төгрөгийн тамхийг хувиараа Ч.Ад нийлүүлсэн ба мөн өөрөөсөө 39.750.000 төгрөгийг тамхи авч заруулуулахаар Ч.Агийн 5039444888 дугаартай данс руу шилжүүлсэн байдаг. Харин энэ хоёр хүний хоорондын тооцооны зөрүү 166.482.600 төгрөг хэрхэн төлөгдсөн талаар анхан шатны баримт байдаггүй. Дээрх байдлаас харахад Ч.А нь Б.Лхагвадорждоо өглөгтэй, авсан тамхины мөнгөө дутуу өгсөн байдаг боловч миний зүгээс дээрх хоёр хүнтэй хоёулантай нь уулзаж тэр талаар асуухад хэн хэн нь "энэ нь бидний хоорондын тооцоо, одоо ямар нэгэн өглөг, авлагын тооцоо байхгүй" гэж хэлж байсан. Иймээс дээрх хоёр хүний хоорондын тооцоотой холбоотой асуудлыг "Монгол тамхи со" ХХК болон Ч.Агийн хоорондын тооцоонд оруулаагүй, дүгнэлтэнд тусгаагүй юм.

Ерөөсөө энэ хэрэгт болон хохиролын тооцоонд орохгүй хамааралгүй асуудал юм. Хэрэв үүнийг оруулж тооцох юм бол Ч.Агийн нэр дээр дахин 166.482.600 төгрөгийн хохирол нэмэгдэх юм. Гэвч Ч.А, Б.Лхагвадорж нар энэ талаар хоорондын ямар нэгэн тооцоогүй гэж хүлээн зөвшөөрдөг юм. Тэд энэ байдлаа Ч.А янжуур тамхи зарах эрхгүй болчихсон байх үед өөр борлуулагч нарын нэрээр тамхи гарган өгч заруулж байсан гэж тайлбарладаг..." гэх мэдүүлэг /1хх-ийн 243-243х, 12хх-ийн 238-241х/,

- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, хуулбарласан баримт /12хх-ийн 242-244х/,

- "Монгол Тамхи Co" ХХК, Чулуунбаатарын Анхтуяа нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний хуулбар, цалингийн жагсаалт, Ч.Аг ажил томилсон тушаал, Монгол Тамхи Co ХХК-ийн захаирлын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4/118 дугаартай албан бичгээр ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт, Чулуунбаатарын Анхтуяагийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тушаалын хуулбарууд /12хх-ийн 42-51х, 147-151х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2. Ч.А нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тамхины татвар нэмэгдэх гэж байна, хямд үнэтэй тамхи авч өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Болдбаатараас 172.700.000 төгргийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Н.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манайх 2002 оны 2006 оныг хүртэл БЗД-ийн 8-р хороонд Цагдаагийн академийн урд талын 16 байрны хажуугийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан. Энэ хугацаанаад дэлгүүртээ зарах тамхийг Нарантуул захаас Анхтуяагаас худалдан авдаг байсан бөгөөд түүнээс хойш танил болсон. Анхтуяа нь Нарантуул зах дээр павилонд тамхи зардаг байсан бөгөөд тэр үедээ би Монтекарло, Эссэ зэрэг импортын тамхинуудыг авдаг байсан. Харин Монголын үйлдвэрийн Улааншонхор, Цагаан өргөө, Алтан навчис зэрэг тамхинуудаа өөр газраас авдаг байсан. 2006 оноос дэлгүүрээ ажиллуулахаа болиод Анхтуяатай харьцаагүй болсон. 2016 оны 12-р сарын 18-ны бүтэн сайн өдөр би Нарантуул захын Хаан банкин дээр мөнгө тушаах гэж очсон юм. Учир нь амралын өдөр байсан тул Хаан банкны өөр ойрхон онгорхой салбар байгаагүй. Тухайн үед би нэлээд их хэмжээний бэлэн мөнгө дансад хийх гээд гялгар уутанд хийгээд явж байсан ба Анхтуяагийн нөхөр Одхүүтэй банкинд тааралдаад ойр зуурын юм ярьсан. Тэгэхэд Одхүү "та хоёр мөнгөтэй бол тамхи авч зараач, манай павилон дээр заруулж болно" гэсэн зүйл ярьсан. Тухайн үедээ би тоогоогүй өнгөрсөн. Тэгээд дараа нь 2017 оны 04-р сард би УИХ-с хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн, түүний дотор тамхины татвар нэмэх гэж байгаа талаар мэдсэн. Угаасаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Ингээд 2017 оны 04-р сарын 15-ны өдөр Анхтуяагийн утасруу залгаж "тамхины үнэ нэмэгдэх гэж байгаа юм уу" гэж асуухад тэр " тийм ээ, татвар 30 хувиар нэмэгдэх гэж байгаа, та нар мөнгөтэй бол тамхи авч, дараач дараа нь татвар нэмэгдсэнийх нь дараа гаргаж зарахгүй юу" гэж хэлсэн. Би "бодож байгаад болоё" гээд утсаа тасалсан. Тэгтэл 2017 оны 04-р сарын 17-ны өдөр Анхтуяа надруу утсаар яриад "тамхины үнэ нэмэгдэх гээд хүмүүс их хэмжээгээр тамхи авч дарж байна, би нэг хүнтэй яриад арай гэж жаахан тамхи авахаар болчихлоо, харин надад мөнгө байхгүй байна, тиймээс чи аваад хадгалчих" гэж ярьсан. Би "тэгвэл би тамхи авья" гэсэн. Тэгээд түүнтэй тамхины үнэ мөнгийг ярьсан. Эссэ тамхийг 1 блокыг 26.000 төгрөгөөр тооцож 55 авдар /1 авдар нь дотроо 50 блоктой/, Парламент тамхийг 1 блокыг 36.800 төгрөгөөр тооцож 55 авдар /1 авдар нь дотроо 50 блоктай/ тамхи авахаар болсон. Тэгээд надруу Анхтуяа мессежээр 5039444888 гэсэн дансны дугаараа явуулсан. Ингээд би Анхтуяагийн Хаан банкны 5039444888 тоот дансруу 172.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Анхтуяа бол миний явуулсан мөнгөөр эссэ, параламент тамхи худалдаж аваад надад өгөхөөр болсон юм. Тэгээд 2 хоногийн дараа Анхтуяаруу ярьж "тамхиа очиж авья" гэхэд тэр "тал тамхийг чинь авчихсан, одоо тал нь гааль дээр байж байна, тэр тамхийг буухаар нэг мөсөн бүгдийг нь авахгүй юу" гэсэн. Түүнээс хойш ярих бүрд "тамхи гаалиас буугаагүй" гэдэг байснаа "тамхийг чинь аваад найдвартай компанийн агуулахад хийчихсэн, санаа зоволтой, тамхи чинь тэндээ байж байг, тэртэй тэргүй тамхины үнэ нэмэгдэхээр зарах юм чинь чи тэр тамхийг очиж авч ажил болоод яадаг юм бэ" гээд байсан юм. Тэгээд 2017 оны 05-р сарын 01-ний өдөр утсаар ярьхад "тамхины үнэ өсөөгүй байна, одоо удахгүй 2-3 хоногийн дараа үнэ нь нэмэгдэнэ, ер нь тамхи ховор байна шүү" гэсэн. Тэгээд 5-р сарын дундуур Нарантуул зах дээр павилонд дээр очиход Анхтуяа байгаагүй. Түүний дараа 10 хоноод дахин Нарантуул зах дээр Анхтуяатай уулзаж тамхиа авахаар очиход павилоныхоо хаалтны ард орж суучихаад гарч ирээгүй, ачигч залуугаар нь Анхтуяаг дуудуулахад "ламаар ном уншуулж байна" гэж хэлүүлээд гарч ирэхгүй байсан. Надтай юм яриагүй. Би хэсэг хүлээж байгаад яваад өгсөн. Тэгээд түүнтэй утсаар ярих, мессеж бичих ажилдаа орсдоо. Анхтуяатай утсаар ярьхад "найз нь чиний тамхийг хөдөө заруулах гээд явуулчихсан, мөнгө нь ирэхээр өгье" гэдэг болсон. Би ч байнга мөнгөө нэхэж ярихаар "мөнгө чинь орж ирээгүй байна, удахгүй өгнө, мөнгө орж ирмэгц чамруу шилжүүлнэ" гээд л худлаа миний дансны дугаар авдаг. Анхтуяагаас мөнгө нэхэх бүрт "яг одоо банкруу орж байна, очерт 3 хүний ард зогсож байна, банкин дээр яг мөнгө тоолуулж байна" гэх зэргээр байнга худлаа яриад хуураад байсан. Заримдаа "өөр банкны дансны дугаар байна уу" гэдэг байсан. Анхтуяа ийм байдлаар худлаа яриад байсан. Нэг удаа Нарантуул зах дээр павилон дээр нь очиход онгойгоогүй хаалттай байсан. Анхтуяагийн нөхөр Одхүүрүү утсаар ярихаар "би хамаагүй, тамхинд оролцохгүй байгаа, би тусдаа угаалгын газар ажиллуулж байгаа" гээд байсан. 2017 оны 08-р сард тэдний гэрт нь очиход Анхтуяа гарч ирээгүй нөхөр Одхүү нь үүдэндээ гарч ирээд "чамтай ярих юм байхгүй, тэр цагдаа шүүхдээ өгөөрэй" гэж хэлээд хаалгаа хаачихсан. Ингээд би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргасан. Болсон асуудал энэ юм. Тэгээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн хойно 2017 оны өвөл Анхтуяагийн өмгөөлөгч А.Ганбат гэдэг хүн Чингэлтэй дүүргийн прокурор дээр надтай уулзаад "чи яахаараа зүгээр хүнийг цагдаад өгч хэрэг үүсгүүлдэг юм бэ, би цагдаагийн хурандаа хүн, чамайг хачин болгоно, чи муу юу ч олж долоохгүй, чамтай эргээд уулзна аа" гэх зэргээр дарамталсан. Анхтуяа тухайн үед хажууд байсан. Түүний урьд өдөр нь миний дансруу 5.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд "чамд хохирлыг чинь өгч байна, үүнээс илүү яадаг юм бэ" гээд хашхираад байсан. Харин саяханаас Дэлгэрням гэдэг өмгөөлөгчтэй ирээд "чи гомдлоо татаад авчих, чи цагдаа дээр очоод гомдолгүй гээд хэлчих, тэгвэл дараа нь чиний хохирлыг төлнө" гэсэн. Тэр өмгөөлөгчтэйгөө 2 удаа ирж уулзсан. Мөн Анхтуяа утсаар ярьж "би шоронд явж байхаар хохирлыг төлье, хамгийн гол нь чи гомдолгүй гээд хэргээ хаалгачих" гээд янз бүрээр гуйж байгаа.

Би Анхтуяад залилуулсан мөнгөө буцааж авмаар байна. Би түүнд 2017 оны 04-р сарын 17-ны өдөр 172.700.000 төгрөг шилжүүлсэн . Харин Анхтуяа надад 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо би түүнээс 167.700.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна, хохирлыг минь барагдуулж өгнө үү.

Би бүүр Анхтуяагаас тамхиа аваад хадгалах байр саваа бэлдчихсэн байсан. Өөрийн амьдардаг байрныхаа доор подвольд 1 өрөө түрээслэж авсан юм. СӨХ-тай байгуулсан гэрээ нь ч байгаа. Би Анхтуяад тамхи хадгалуулах, заруулах талаар огт ярьж байгаагүй. Түүнээс өгсөн мөнгөнийхөө оронд тамхи авна гэдэг байсан..." гэх мэдүүлэг /10хх-ийн 210-213х/,

- гэрч О.Түвшинболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 04-р сард ах, эгч хоёр маань хоорондоо “тамхины татвар өсөх гэж байгаа, тамхи хямдхан байхад нь худалдаж аваад дарчихвал удахгүй үнэ нь өснө, та нарт мөнгө байвал тамхи аваач гэж Анхтуяа ярьж байна” гэсэн зүйл ярьж байсан. Тэгхэд нь би дотроо зах дээр тамхи зардаг Анхтуяа нь юм байна гэж ойлгосон. Тэгээд дараа Анхтуяад мөнгө өгөөд баахан эссэ, параламент тамхи авахаар болчихсон гэж байсан. Намайг хүртэл “чи тамхи авч дарахгүй юм уу” гэж байсан. Тухайн үед яг хэдэн төгрөг Анхтуяад өгсөн гэдгийг нь мэдээгүй, ямар ч байсан их хэмжээний мөнгө өгч , тамхи авсан гэж ойлгосон. Болдбаатар анх надад “чи 100.000.000 төгрөгийн тамхи дарчихаач” гэхлээр ойшоогүй өнгөрсөн. Тэгээд Болдбаатар ах “байрныхаа доод талын подволд агуулах зориулалттай өрөө түрээсэлсэн, Анхтуяагаас тамхиа аваад хураах гэж байгаа” гэж ярьж байсан. Баахан тамхи авч дараа бөөн ашиг олно гэсэн зүйл яриад байсан. Ингээд нэг хэсэг чимээгүй байсан, би ч асуугаагүй. Зун нь би нэг хэсэг хөдөөгүүр явж байгаад 2017 оны 7-р сарын сүүлчээр ирсэн чинь ах. Эгч хоёр нөгөө Анхтуяагаа олохоо больчихсон, тамхи ч байхгүй, мөнгө ч байхгүй гээд эрэн сурвалжилсан байсан. Тэгээд би тэдэнтэй хамт Анхтуяагийнх нь хойноос хамт хөөцөлдсөн. Анхтуяа утсаа авахгүй таг чиг болчихсон байсан. Түүнлүү зөндөө олон залгаж, мессеж бичсэн. Ямар ч хариу өгөхгүй таг байдаг. Нөхөрлүү нь залгахаар мөн утсаа авахгүй байсан. 2017 оны 9 дүгээр сард Болдбаатар ах бид хоёр тэдний гэрийг олоод очиход үүдэндээ Алтантуяагийн нөхөр нь гарч ирсэн. Түүнд “мөнгө төгрөгний асуудлаар явж байна, Анхтуяагаас мөнгөө авмаар байна” гэхэд тэр “та нар айлгах гэж ирж байгаа юм уу, би айхгүй, гэр орноор ирдэг юу юм бэ, та нар тэр мөнгө өгсөн хүнтэйгээ ярь, явдаг газраараа яв” гээд салаавч гаргачихаад хаалгаа хаагаад орчихсон. Манай хүргэн ах Болдбаатар тамхи худалдан авах зорилгоор Анхтуяад 172.700.000 төгрөг өгөөд алдчихсан. Тэр мөнгө авах гэж, уулзаж ярилцах гэж гэрт нь очиход нөхөр нь гарч ирээд шууд уурлаж, орилж хашгираад л хаалгаа хаасан. Уг нь мөнгөө нэхэж загнадаг хүмүүс гээд очсон чинь өөрсдөө загнуулаад буцсан. Тэгээд 1-2 хоногийн дараа Анхтуяатай эгч бид хоёр уулзсан юм. Анхтуяагийн утасруу “цагдаад өглөө” гэж мессеж бичсэн чинь өөрөө залгаад Урт цагаан дээр хүрээд ирсэн. Эгч бид хоёр түүний машинд орж суугаад уулзсан. Би бол арын суудал дээр ажиглаад байж байсан. Харин Анхтуяа эгчид илэрхий худлаа зүйл яриад байсан. Яагаад гэвэл “тухайн үед УИХ-с гаргасан хуулиар импортын тамхины татвар нэмэгдэхээр болсон байсан, ер нь импортын тамхины үнэ өмнө нь байснаасаа 1000 орчим төгрөгөөр нэмэгдэхээр болсон байсан. Тийм ч учраас манай эгч, ах хоёр Анхтуяад 172.700.000 төгрөг өгч импортын Эссэ, Параламент гэдэг 2 янзын тамхи авахаар тохирсон байсан. Гэтэл Анхтуяа болохоор “танайхаас авсан мөнгийг “Монгол тамхи со” ХХК-нд өгчихсөн, харин тамхиа авч чадахгүй удаад байна, хоорондын тооцооны асуудлаас болоод байгаа” гэсэн. Тэгэхлээр нь би ярианд нь ороод “Би “Монгол тамхи со” ХХК-ийн захирлыг нь танина, үнэхээр асуудалтай байгаа бол би яриад өгөх үү” гэсэн чинь Анхтуяа ямар асуудал гэдгээ хэлэхгүй, хэрэггүй гээд илт цааргалаад байсан. Ингээд түүний машинаас нь буухдаа “илт худлаа яриад залилаж байгаа юм байна” гэсэн ойлголт төрсөн. Ингээд би хүргэн ах Болдбаатартаа “хуулийн байгууллагад хандахгүй бол цаад Анхтуяа чинь залилаж байна шүү, луйварчин байна, хамаг юм аа зараад гадагшаа явчихвийдээ” гэж хэлсэн. Тухайн үед Анхтуяа нь Нарантуул зах дээр байсан чингэлэгээ зараад явчихсан байсан. Тэгээд Болдбаатар ах Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргасан байсан. Сүүлд нь Анхтуяа “Монгол тамхи со” ХХК-нд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж тамхи авч зараад мөнгийг буцааж өгөөгүйн улмаар барьцаагаа алдах болчихоод байгаа гэсэн сураг сонссон. Одоо бол Анхтуяа хүргэн ахруу мессеж бичээд “ цагдаагаас гомдлоо буцаагаад авчих, иргэний журмаар явъя” гээд байгаа гэсэн. Ер нь Анхтуяа өөрөө их худал ч миний мэдэхээр “тамхийг чинь өөр дээрээ аваад тавьчихсан байгаа, хайрцаг нь 500 төгрөгөөр нэмэгдчихсэн байна, удахгүй дахиад нэмэгдэхээр нь аваарай” гэдэг байснаа сүүлд нь “би тамхийг чинь хөдөө орон нутгийн харилцдаг дэлгүүрүүдэдээ тараагаад өгчихсөн байгаа, мөнгөнүүд нь удахгүй цуглархаар нь ашиг, хүүгийн хамт буцааж өгнө” гэж мессеж бичдэг байсан. Харин утсаа ерөөсөө авахгүй. Лав л “одоо мөнгийг чинь явуулах гэж байна, 2 хүний ард очерт зогсож байна, дансны дугаар чинь хэд билээ” гэх зэргээр мессеж бичдэг байсан. Тэгээд сүүлдээ “Монгол тамхи со” ХХК-нд мөнгө өгчихсөн, тамхиа авч чадахгүй байгаа гээд тэс өөр зүйл яриад байсан. Миний мэдэх болсон асуудал энэ юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 218-219х/,

- Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /10хх-ийн 82х,185х/

- Эрүүгийн хэргийг нэгттэх тогтоол /1хх-ийн 08х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

3. Ч.А нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Баяржаргалтай түүний танил Янжинсүрэнгээр дамжуулан утсаар холбогдож "10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ, найдвартай " гэж хуурч  Хаан банкны 5039444888 дугаартай дансаар 14.000.000 төгрөгийг өртөө шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Л.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ сууж байсан чинь миний танил Янжаа эгч утас руу залгаад чамд мөнгө байна уу гэхээр нь байгаа надад 14 сая төгрөг байна гэсэн чинь манай нэг найзад мөнгөний хэрэг гараад байна би урьд энэ найздаа өөрөөсөө мөнгө зээлүүлж байсан юм чи 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр 14 сая төгрөгөө манай найзад зээлчихээч энэ хүн их найдвартай гэхээр нь би барьцаа өгөх юм уу, нотариат хийлгэх юм уу гэж асуусан чинь Янжаа эгч хэрэггүй найдвартай хүн байгаа юм гэхээр нь би итгээд за гэж хэлсэн чинь удалгүй нэг 99112856 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгаад би Янжаагийн найз нь байна Янжаа чамтай ярьсан байх эгчдээ мөнгөө зээлчих эгч нь заасан хоног хугацаандаа мөнгөө төлнө найдвартай гэхээр нь за за яаж авах вэ гэсэн чинь миний данс руу шилжүүлчих гэж хэлээд 5039444888 гэсэн Хаан банкны дансны дугаар явуулахаар би тэр даруйд нь 14 сая төгрөгийг өгсөн данс руу шилжүүлсэн. Тэгээд 10 хоногийн дараа Анхтуяагийн утас руу залгаад нөгөө зээлүүлсэн мөнгөө авъя гэсэн чинь чи нэг cap сунгаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч нэг сарын хугацаа сунгасан, тэгээд сарын дараа дахин залгаж мөнгөө нэхсэн чинь ойлголоо өнөөдөр маргаашийн аль нэгэнд нь хийнэ гэж хэлээд хйигээгүй, түүнээс хойш Анхтуяагаас мөнгөө авч чадахгүй байна...Анхтуяа нь надаас мөнгө авахдаа эгч нь Маршал таунд гоо сайхны салон ажиллуулдаг энэ гэрчилгээ болон зээлийн гэрээний хуулбар байна. Салоны үйл ажиллагааны орлогоосоо чамаас зээлж авсан мөнгөний өрийг төлж барагдуулах болно, санаа зоволтгүй эгч нь найдвартай гээд нэг худалдах, худалдан авах гэрээний хуулбар харуулаад байхаар нь итгээд мөнгө өгсөн юм. Дараа нь мөнгөө авъя гээд өгөхгүй байхаар нь Маршал тауны салонд нь өнгөрсөн зун очиж Анхтуяагийнх мөн эсэхийг шалгаж үзсэн боловч зааж өгсөн салон нь Анхтуяагийн эзэмшлийнх биш байсан. Тэр байтугай тэнд ажиллаж басйан хүмүүс нь намайг хөөж гаргаж байсан. Би Анхтуяад нийт 14 сая төгрөг өгсөн. Үүнээс Анхтуяа надад 2017 онд 1 сая 900 мянган төгрөг өгсөн, одоо 12 сая нэг зуун мянган төгрөг авах ёстой. Тэр хүнээс мөнгөө нэхэхлээр "удахгүй өгнө, хүлээж бай" гээд байдаг байсан. Сүүлдээ 2018 оны хавар яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ч.Агийн 99112856 дугаартай утас руу залгаж түүнд зээлсэн мөнгөө нэхсэн чинь тэр" чи ямар ядаргаатай юм бэ, чи чаддаг юм бол цагдаадаа өгөөд надаас мөнгөө гаргуулж ав" гээд шууд загнаад унасан. Ер нь утсаар ярихдаа дандаа өөдөөс загнадаг. Эсвэл би хотод байхгүй энд тэнд байна гэх зэргээр худлаа яриад байдаг. Бүүр сүүлдээ "чиний мөнгийг авснаас болоод миний бие өвдөөд байна, би хөлөө хугалчихсан чиний мөнгийг авснаас боллоо, чамайг өвчтэй байхад чинь мөнгийг чинь өгөөгүйгээс боллоо" гэх зэргээр дайрч доромжилдог 2017 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл мөнгийг маань өгөөгүй мөртлөө 2018 оны 03-р сард намайг эмчилгээнд БНСУ -руу явахад араас чинь мөнгийг чинь хийнэ чи явж бай " гэж Анхтуяа хэлсэн боловч тэнд очсон хойно мөнгө явуулаагүй. Түүнээс болоод би шинжилгээ өгч эмчилгээ хийлгэж чадаагүй , дээрээс нь БНСУ-руу ирж , очих зардлаараа шатсан. Ч.А энэ мэтээр худал хэлэн өдийг болтол залилан мэхлэж хохироож байна. Тэгсэн мөртлөө мөн "чи намайг цагдаад өглөө" гээд утсаар яриад загнаад дарамтлаад байсан. Миний хохирлыг Анхтуяагаар төлүүлж барагдуулж өгнө үү..." гэх мэдүүлэг /12хх-ийн 188-194х, 13хх-ийн 99х/,

- гэрч Ц.Янжинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чулуунбаатар овогтой Анхтуяаг танина. Одоогоос 7-8 жилийн өмнө түүнийг таньдаг болсон. Би өөрөө Улсын их дэлгүүр, Хом плаза, Скай их дэлгүүрүүдэд "Тохилог шоп" гэдэг гэр ахуйн барааны дэлгүүрүүдийг ажиллуулдаг юм. Тухайн үеэс Ч.А манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаад бид танилцсан. Тэгээд дараа нь Ч.Агийн Маршал таунд байдаг гэр болон Саруул тэнгэр-2 хотхонд байдаг гоо сайхны салон, Маршал тауны гоо сайхны салон зэрэгт нь тохижилтыг нь хийж өгч байсан. Шаардлагатай эд зүйлсийг нь Солонгосоос захиалгаар авч ирж, Анхтуяад нийлүүлсэн. Ерөнхийдөө бид танилын харилцаатай юм. Тэгээд 2016 оны эхэн үеэс эхлэн Ч.А над руу яриад мөнгө зээлж авдаг болсон. Ч.А өөрөө Нарантуул зах дээр "Монгол тамхи со" ХХК-ийн бөөний борлуулагч хийдэг бөгөөд "маш сайн ашигтай ажилладаг" гэж ярьдаг байсан. Cap бүрийн эцсээр "Монгол тамхи со" ХК-нд мөнгө тушаах хэрэгтэй байна, мөнгө дутсан учир зээлээч гээд 2-3 хоногийн хугацаатай хүүгүй мөнгө зээлж аваад буцааж өгдөг байсан. Тухайн мөнгө нь янз бүрийн хэмжээтэй бөгөөд хамгийн багадаа 5.000.000 төгрөг, ихдээ 30.000.000 төгрөг зээлж авдаг байсан. Надад өөрт мөнгө байгаа үед өөрөөсөө өгдөг, байхгүй бол найз нөхдөөсөө олж өгөөд буцааж авдаг байсан. Ч.А "борлуулалтын мөнгө өгөх гэсэн чинь дутчихлаа, хэдэн төгрөг зээлээч" гэдэг байсан.

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр над руу Ч.А яриад "Монгол Тамхи Co" ХХК-нд мөнгө тушаах хэрэгтэй байна, чи 100,000,000 төгрөг олоод өгөөч гэсэн. Тухайн үед надад боломж байгаагүй учраас түүнийгээ хэлсэн. Харин Анхтуяа "чи хүн амьтнаас 10 хувийн хүүтэй мөнгө олоод өгөөч, 7-8 хоноод буцаагаад өгнө " гээд гуйгаад байсан. Байн байн над руу утасдаад "энэ мөнгийг л _ өгчих юм бол хэрэгтэй байна , надад их шаардлагатай, чи мөнгө олоод туслаад өгөөч" гээд байсан. Иймээс би Ч.Ад тусалъя гэж бодоод найз нөхдөөсөө 30,000,000 төгрөг аваад Ч.Ад өгсөн. Мөн танил Л.Баяржаргал гэдэг эмэгтэй рүү утсаар яриад "миний дүүд мөнгө байна уу" гэхэд тэр "мөнгө байгаа, эмчилгээнд зориулах хэдэн төгрөг байна" гэсэн. Тэгэхэд нь би "манай нэг найз байгаа юм сарын эцэст хэдэн төгрөг хэрэг болоод байдаг юм, чи түүнд мөнгөө зээлчхээч 10 хувийн хүүтэй гээд байгаа юм, тэр нь яах вэ чи өөрөө боломжоороо өгчих, би чиний утасны дугаарыг найздаа өгөөд холбогдуулаад өгье Анхтуяа гээд манай найз байгаа" гэсэн. Л.Баяржаргал "тэгье, та миний утасны дугаарыг өгчих" гэсэн. Ингээд би Ч.Атай яриад Баяржаргалын 99097529 дугаартай утсыг нь өгсөн юм. Ч.А ч түүнтэй холбогдоод 14.000.000 төгрөг авсан байсан. Тэр өдрийн үдээс хойш бил үү, маргааш нь ч бил үү Л.Баяржаргал надтай утсаар яриад нөгөө Анхтуяа гэдэг хүн ярьсан, түүний данс руу нь 14.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн, Анхтуяатай ярьж "мөнгө орсон уу" гэж асуухад "надад 14.000.000 төгрөг орж ирсэн удахгүй энэ мөнгийг буцааж өгнө, баярлалаа" гэж хэлсэн. Тэгээд 7-8 хоноод Л.Баяржаргал утсаар яриад "Янжаа эгч ээ, нөгөө хүн чинь мөнгө өгөх нүү" гэсэн. Харин намайг Анхтуяатай утсаар ярихад тэр "нэг мөсөн 1 cap болгоод өгье" гэсэн. Түүнээс хойш Анхтуяатай ярихаар хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Л.Баяржаргал өөрөө бие муутай, байнга мөнгөний хэрэгтэй байдаг хүн бөгөөд Ч.Агийн өмнөөс би өөрөө маш эвгүй байдалд орчихоод байна. Янз бүрээр нэхээд мөнгийг нь өгдөггүй. Л.Баяржаргалыг ярихаар Ч.А "дансаа явуулчих, удахгүй мөнгийг чинь явуулна" гээд худлаа яриад яваад байдаг юм билээ.

Ч.А ерөөсөө зугтаад уулздаггүй байсан. Чам руу очиж байна гэрийн чинь гадаа очиж байна гэж 3 удаа хуурсан. Мөн би тийм ажилтай байна, эмнэлэгт байна гэх зэргээр дандаа зугтаад байдаг. Би Маршал таунд байдаг гоо сайхны газар дээр нь очоод түүнтэй уулзах гээд хүлээхээр ирэхгүй тэр чигтээ алга болчихдог. Хүлээгээд суугаад байхаар нь Хан-Уул дүүргийн цагдаа руу Ч.А утсаар яриад "салоны үйл ажиллагаа алдагдуулаад байна" гээд дуудпага өгчихдөг юм байна лээ. Хоёр цагдаа ирж байсан. Би ч үнэн учраа хэлээд явдаг. Ч.А нь өөрөө гоо сайханы салоны камераа гар утсаараа хянадаг гэдгийг нь мэддэг болохоор тэнд очдог. Анхтуяа руу "чи надаас зугтаагаад байгаа учир би энд чинь хүлээж байгаад уулзана " гэхлээр ерөөсөө ирдэггүй. Одоо сүүлдээ тэр салоноо түрээсэлчихсэн гээд байгаа юм. Л.Баяржаргалаас авсан мөнгөө юунд зарцуулсан талаар нь мэдэхгүй. Анх хэлэхдээ "Монгол тамхи со" ХХК-нд өгч сарын эцсийн тооцоо хийнэ гэж байсан.

Харин сая цагаан сарын өмнө надтай Анхтуяа уулзаад "би одоо Монгол тамхи со ХК-аас мөнгө авах гэж байна, худлаа гэвэл энэ байна" гээд 1 бичиг авч ирсэн. Тэгээд Мөн "Монгол тамхи со" ХХК-аас 800.000.000 төгрөг авна, энэ мөнгө орж ирэхээр хамгийн эхлээд чамаар авхуулсан өрнүүдээ хамгийн түрүүнд өгнө" гээд байсан. Харин түүний барьсан бичгийг нь хараад сайн ойлгоогүй. Түүнд "наад бичгээ надад үлдээчих хүнээс асууя " гэхэд өгөхгүй байсан. Мөн утсаа гаргаад "тэгвэл зургийг нь авъя" гэхэд Анхтуяа үүнийг хамаагүй хүнд үзүүлж болохгүй, зургийг авч болохгүй" гээд байсан. Ямар учиртай бичиг байсныг нь мэдэхгүй.

Мөн түүнээс гадна дээр ярьсан миний хүмүүсээс авч Анхтуяад өгсөн 30.000.000 асуудал байгаа. Би хүмүүсээс авч өгсөн мөнгөнийх нь хүүг өнөөдрийг болтол төлөөд байна. Уг мөнгө нь 2018 оны 07-р сарын 10-ны өдөр гэхэд хүүтэйгээ 40.060.000 төгрөг болчхоод байсан. Би Анхтуяагийн өмнөөс хүүг төлөөд явж байна. Энэ асуудлаар 2018 онд цагдаагийн байгууллагад хандана гэхэд Ч.А нь өөрийн өмгөөлөгч Пүрэвлхам гэдэг хүнийг дагуулж ирж уулзсан. Тэр Пүрэвлхам гэдэг өмгөөлөгч нь надад "чи энэ мөнгөнии асуудлаараа иргэний журмаар шүүхэд хандаад шүүхийн шийдвэр гаргуулаад баталгаажуулаад ав, тэгээд шүүх дээр Анхтуяатай эвлэрэх хэрэгтэй" гээд байсан. Ингээд би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан. 2018 оны 07-р карын 01-ний өдөр шүүх хурал болоход Анхтуяа өөрөө ирээгүй өмгөөлөгч Пүрэвлхам нь ирсэн. Шүүх хурал дээр авсан мөнгөө хүлээн зөвшөөрч байна гэсэн. Тэгээд 3 сарын (хугацаанд хохирлоо барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл байхгүй байна. Би оны 9-р сарын сүүлчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэрээ аваачиж өгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд Мөнгө тушаасан. Тэндхийн ажилтан нь "та явж бай" гэсэн. Түүнээс хойш холбогдоогүй, өнөөдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж уулзъя гэж бодож байна. Шүүхийн тогтоолыг наашаа авч ирье гэж бодсон ч хайгаад олсонгүй.

Би Анхтуяа гэдэг хүнийг ойлгохгүй болоод байна. Худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм яриад өдийг хүрлээ. Би түүнийг ийм хүн гэж бодоогүй итгээд өнөөдрийн ийм байдалд хүрээд хохироод явж байна." гэх мэдүүлэг / 12хх-ийн 207-208х/,

- Депозит дансны хуулга /12хх-ийн 186х/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /12хх-ийн 166х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Аг шууд санаатайгаар, шунахай сэдэлтээр “Монгол тамхи со” ХХК-д бөөний борлуулагчийн албан тушаалд ажиллаж байхдаа 2017 оны 01 сараас, 2017 оны 07 сар хүртэл хугацаанд түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогоос нийт 477.170.000 төгрөгийг завшиж, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

мөн Ч.Агийн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Н.Болдбаатараас урьд бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан урьдын танилын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, импортоор орж ирдэг янжуур тамхины татвар нэмэгдэх тул  зах зээлд зарагдах үнэ нь нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан бөөнд нь янжуур тамхи худалдан авч хадгалж байгаад, янжуур тамхины үнэ зах зээлд нэмэгдэхээр худалдаанд гарган борлуулан ашиг олох зорилготой санааг нь ашиглаж, бөөнд нь янжуур тамхи хохирогч Н.Болдбаатарт авч өгч чадна гэж итгүүлэн хуурч 172.700.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, бараа болон мөнгийг буцааж өгөх болохоор бодит байдлыг нуух заамаар хохирогчийг төөрөгдөлд оруулан худал хэлсэн, хохирогч Л.Баяржаргалаас 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хуурч 14.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хэлсэн хугацаандаа өгөлгүй янз бүрээр худал хэлэн хохирогчийг удаан хугацаанд чирэгдүүлсэн нийт хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан, их хэмжээний буюу нийт  186.700.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр төрлийн гэмт хэрэг тус бүрд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А болон түүний өмгөөлөгч нарын зүгээс үйлдсэн гэмт хэргүүдийн гэм буруу, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт буруу гарсан гэх зэргээр маргасан болно.

Тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад Ч.Агийн үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн хохирлын тооцоог гаргахдаа аудитын дүгнэлт гаргах эрхий бүхий шинжилгээний компаниар дүгнэлт гаргуулсан байх ба мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжээчийн дүгнэлтүүд нь үнийн дүнгийн хувьд хоорондоо зөрүүгүй ба эдгээрийг үндэслэн хохирлын хэмжээг тогтоожээ.  Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хооронд мэтгэлцээн өрнүүлсэн болно. Дээрхийг үндэслэн шүүх хохирлын тооцоог бодитой үнэн зөв гарсан гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.А нь хохирогч Л.Баяржаргалд учруулсан хохирол болох 14.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хохирогч байгууллага “Монгол тамхи со” ХХК-д учруулсан нийт 477.170.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Мөн хохирогч Н.Болдбаатарт учруулсан 172.700.000 төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь мэдүүлж байх ба хохирогч Ч.Болдбаатарт, шүүгдэгч Ч.А нь хохиролдоо тооцож, шилжүүлсэн гэх Ч.Агийн төрсөн охиныхоо өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хохирлын үнийн дүнгээс хасаж тооцолгүйгээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзэв. Учир нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Агийн төрсөн охин О.Номуун нь Н.Болдбаатарт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгсөн “үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах” гэх гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд  гарган, иргэний хэрэг үүсгэн хянагдаж байгаа талаар баримтыг шүүхэд ирүүлсэн болно. Тиймээс Ч.Аг хохирогч Н.Болдбаатарт нийт 167.700.000 төгрөгийн төлбөртэй гэж шүүх үзэв.

Иймд Ч.Агаас 644.870.000 /зургаан зуун дөчин дөрвөн сая найман зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага “Монгол тамхи Со” ХХК-д 477.170.000 төгрөгийг, хохирогч Н.Болдбаатарт 167.700.000  төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 Шүүгдэгч Ч.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх зорилгоор үйлдсэн гэмт хэрэг бүрд нь хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоон, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий ярианы бичлэг хийгдсэн тул хэрэгт үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ч.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204048697 дугаартай Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Да хүрээ” гудамж 100 дугаар байрны 5 тоот 350.000.000 төгрөгийн үнэ бүхий /13хх-ийн 31-42х/ орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түүний хохиролд нь тооцуулахаар, битүүмжлэлийг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч.А нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.Ад 3 /гурав/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Ч.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Ч.Ад урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Агаас нийт 644.870.000 /зургаан зуун дөчин дөрвөн сая найман зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага “Монгол тамхи Со” ХХК-д 477.170.000  /дөрвөн зуун далан долоон сая нэг зуун далан мянга/ төгрөгийг, хохирогч Н.Болдбаатар /РД: ЕЙ74040412/-т 167.700.000 /зуун жаран долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг  тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ч.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204048697 дугаартай Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Да хүрээ” гудамж 100 дугаар байрны 5 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түүний хохиролд нь тооцуулахаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ