Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/01730

 

 

 

 

 

 

 

 

  2021         9           24  

       181/ШШ2021/01730

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Т-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М төсөл-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Ц, гэрч Ч.О, Э.М, нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Т миний бие М төсөл-д 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар нягтлан бодогч албан тушаалд “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж эхэлсэн билээ. Улмаар тус төслөөс надтай жил бүр “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ”-г нэг жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулж, ажиллуулж байсан юм.

Гэтэл гэнэтийн байдлаар тус төслөөс 2020 оны 11 дүгээр сард үндэслэлгүй сонгон шалгаруулалт зохион байгуулж, намайг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж дүгнэн М төсөл-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчийн үүрэгт ажлаас минь чөлөөлж, энэ тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно” гэжээ.

Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болох “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ” нь цаашид сунгагдахгүй байх ямар ч үндэслэл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр М төсөл-ийн захирал “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргалаа. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн М төсөл-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/2/2 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг М төсөл-ийн нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хууль тогтоомжид заасны дагуу гаргуулж надад олгож, миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тус дэвтэрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгуулах хүсэлтэй байна.

... 2020 оны 11 дүгээр сарын 20-нд нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаж, миний бие нягтлан бодогч, хүний нөөцийн албан анкетаа өгсөн.  Энэхүү шалгуурт үнэнч шударга ажилтан байх ёстой шалгуур байдаг. Миний хувьд 5 жилийн хугацаанд ямар ч асуудал гаргаж байгаагүй, үнэн шударгаар Солонгос улс болон Байгаль орчны яам, Сангийн яам, Татварын албанд ямар ч асуудалгүйгээр сар, улирал, жил бүрийн тайланг хугацаанд нь өгч байсан. Ажиллах 5 жилийн хугацаанд ямар ч хариуцлага шийтгэлийн асуудал гаргаж байгаагүй... Магистраас дээш зэрэг цолтой гэсэн шаардлага байдаг. Би санхүүгийн удирдлага чиглэлээр бакавлаврын зэрэг хамгаалсан. Солонгос хэлний багш орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэг, бизнесийн удирдлагаар магистрын зэрэг, одоо Монгол улсын их сургуулийн боловсролын докторантурт сурч байна...уг төсөлд 5-с дээш жил ажиллавал давуу тал болно гэсэн байдаг. Энэхүү шалгууруудыг би бүгдийг хангаж чадаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын “Ойн ерөнхий газар” хоорондын санамж бичгийн дагуу 2006 оноос 2016 он хүртэл, 2017 оноос 2021 он хүртэл Монгол улсад М төсөл-ийг хэрэгжүүлэхээр болсон байдаг. 2020 онд “Ойгоо шилжүүлэн өгөх” ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон аймаг, нутгийн захиргааны байгууллагуудад шилжүүлэн, хүлээлгэн өгч дууссан. Харин 2021 оны эхний хагаст Улаанбаатар хотын ойн ажлыг дуусгаад Байгль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өгснөөр төслийн ажил бүрмөсөн дуусгавар болно. Өөрөөр хэлбэл 2021 оны 5 дугаар сард төслийн ажил бүрэн дуусгавар болно. Энэ талаар М төсөл-ийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүх ажилтан, балан хаагчиддаа урьдчилан мэдэгдсэн бөгөөд ажилчид ч бүгд танилцан, гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль, гэрээг үндэслэн уг баримтын 4 дүгээр зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулсан ... хөдөлмөрийн гэрээг ... дуусгавар болгож, дахин сунгахгүй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж байна” хэмээн бичсэн байгаа. Нэхэмжлэгч ч танилцан гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч Ч.Тын хувьд гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэдгийг мэдэж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ”-ний 1.6-д “Гэрээний хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй” гэж заасан. Өөрөөр бол гэрээний хугацаа дууссан. Төслийн санхүүжилт хэзээ ч зогсож магадгүй тул ажилчидтай байнга хугацаатай гэрээ хийж, уг хугацаа дуусахаар дахиад шинээр гэрээ хийж байсан. Мөн 2021 оны хувьд бол хэрвээ ажиллахаар байсан бол шинээр гэрээ хийх ёстой. Талуудын хооронд шинээр гэрээ хийгдээгүй гэсэн үг юм. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

...2021 эхний хагаст Улаанбаатар хотын ойн ажлыг дуусгаад Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өгснөөр төслийн ажил бүр мөсөн дуусгавар болно. Энэ харилцааны хувьд нэхэмжлэлийн шаардлага ажлаас үндэслэлгүй халсан зүйл байхгүй. Талуудын хооронд  1 жилийн хугацаатай гэрээ байгуулдаг. Учир нь төслийн ажил учир хэзээ ч дуусах боломжтой. Өөрөөр хэлбэл Солнгос улсаас санхүүжилт ирэхээ боливол тухайн жилийн ажлаа дуусгаад төсөл зогсоно.  Энэ талаар ажилчдад хэлж гэрээг 1 жилийн хугацаагаар хийдэг.

Энэ гэрээг дуусгавар болохоос өмнө М төслийн зүгээс бүх ажилчдаа урьдчилан мэдэгдэж ажилчид бүгд танилцаж  гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн зүгээс жил болгон сунгаад явдаг гэж хэлээд байгаа зүйл байгаа шиг жил бүр гэрээг сунгадаг гэсэн баримт байхгүй. Гэрээг сунгадаг тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмсэн бол тайлбар өгдөг. Тодруулгын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй утга агуулгыг дэлгэрүүлсэн. ..Хариуцагчийн зүгээс гэрээний зүйлчлэлд маргаагүй.

Хариуцагчийн зүгээс эрх зүйн баримт бичгүүд дээр 1 жилийн хугацаатай хугацаатай хөдөлмөрийн гэрээ шүү гэж заагаад байдаг. Энэ бол хуулиар хориглоогүй зүйл гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас төслийн хугацаа дууссан гэсэн тайлбар гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээгээр 2017-2021 он хүртэл гэж заасан. 2021 он  өөрөө орж байна. 2021 онд үнэхээр энэ төсөл дуусаад бүх ажилчдаа чөлөөлсөн юм бол өнөөдөр энэ төсөл ажиллаад ажилтнаа авчирч гэрчээр оролцуулаад явж байна. Энэ төслийн ажил бүхэлдээ дууссан гэх тайлбар нь бүхэлдээ үндэслэлгүй юм. Нэг жилийн хугацаатайгаар гэрээ хийдэг байсан нь төслийн ажлаас шалтгаалсан гэж байна...гэрээг талууд хүсэл зоригоо оруулж, харилцан тохиролцож байгуулах ёстой. Гэтэл гэрээнд нэг талын эрх ашиг сонирхол байсан гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нягтлан бодох бүртгэл гэх албан тушаал байнгын ажлын байр гэж бүртгэсэн байдаг. Байнгын ажлын байран дээр ажил олгогч хугацаагаагүй гэрээ байгуулах үүрэгтэй. Хугацаатай гэрээ байвал үндэслэл шаардлагаа тавина. Нэг жилийн хугацаатай шинээр гэрээ байгуулж байсан гэж байна. Энэ нь өөрөө хууль зөрчөөд байна.

Энэ байгууллага хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдах боломжгүй сонгон шалгаруулалт зарлаад байна. Сонгон шалгаруулалт зарлахад санхүү нягтлан бодохын бүртгэлд зардаж байна. Энэ нь өөрөө Туултай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоод цаашид сунгагдахгүй болох ямар ч үндэслэл нөхцөл байгаагүй гэдгийг харуулж байна гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдний хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М төсөл-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч марган, мэтгэлцэж байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М төсөл-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан, уг үйл баримтын талаар зохигч маргаангүй байна./хх-ийн 5-р тал/

Хариуцагч М төсөл-ийн эрх зүйн байдлын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын “Ойн ерөнхий газар” хоорондын санамж бичгийн дагуу 2006 оноос 2016 он хүртэл, 2017 оноос 2021 он хүртэл Монгол улсад М төсөл-ийг хэрэгжүүлэгч байгууллага, аль нэг байгууллагад хамааралгүй...гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Ч.Т нь уг төслийн нягтлан бодогчоор 2015 оноос ажиллаж эхэлсэн үеэс жил бүр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулан, нэг жилээр сунгалт хийгдэн ажиллаж байсан үйл баримтын талаар зохигч маргаангүй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэдэгт хариуцагч маргахгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулах үүргээ зөрчиж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, төслийн ажил зогсоогүй үргэлжилж байхад үндэслэлгүй сонгон шалгаруулалт зарлаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой гэж, хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаар ажилтантай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул хуульд нийцсэн гэж тус тус маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааны төрлийг заасан бөгөөд мөн зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” байх тул шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан, энэ талаар зохигч маргаангүй байна.

Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийн талаар нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн талаар зохигч маргаангүй.

М төсөл-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/2/2 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ч.Тыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгвар болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байхаар, мөн зүйлийн 23.2.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар зохицуулсан.

Байнгын ажлын байр гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг  хэлэхийг тодорхойлсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасан байнгын ажлын байранд нягтлан бодогчийн ажил албан тушаал хамаарах болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, М төсөл-ийн хөдөлмөрийн дотоод дүрэм, журам, зохигчийн тайлбараар нотлогдож, энэ талаар зохигч маргаагүй.

 Байнгын ажлын байранд ажиллах ажилтантай харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг “хугацаатай” байгуулсан нь хуульд нийцэх талаар дүгнэвэл:

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн “23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах” зохицуулалтад ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарах бөгөөд тухайн үндэслэл, шаардлага, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан байхыг ойлгодог.

Гэтэл ажилтан, ажил олгогч нарын хэн алины хүсэл зориг тусгагдсан, хугацаатай байгуулах талаар ямар үндэслэл, шаардлага байсан талаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан тохиролцоо байхгүй байгаа нь уг зүйл заалтын зорилгоос зөрүүтэй байна.

Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтыг үндэслэлгүй явуулсан, өөрийгөө тухайн шалгаруулалтанд тэнцэх болзол шалгуурыг бүрэн хангасан байсан гэж тайлбарлаж байх боловч шүүх зөвхөн маргаан бүхий тушаалын үндэслэлийг хянах нь зүйтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Тыг урьд эрхэлж байсан М төсөл-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй байна.

Ч.Тын нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

 

Цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 9 501 008 төгрөгийн цалин авсан нь түүний нийгмийн датгалын дэвтрийн хуулбараар  нотлогдож байна. /9501008:3=3167002 төгрөг/ сарын дундаж цалин /3167002:21,5=147302 төгрөг өдрийн дундаж цалин/

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр  сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны/8 сар, 18 хоног/ цалинг тооцоход нийт  27 987 452  төгрөг болж байх тул цалинтай тэнцэх нөхөн олговорт гаргуулж,  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийг нэмэгдэл хөлсийг тусад нь олгосон үндэслэлээр нэмэгдэл хөлсийг нэмж тооцуулан гаргуулахаар тайлбарлаж байх боловч шүүх дундаж цалин хөлсийг бодохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д зааснаар, ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд үндэслэн тооцоолох нь зүйтэй юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлд тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

                 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тыг урьд эрхэлж байсан М төсөл-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

                 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 27 987 452 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

                 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх хугацааны цалин, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч М төсөл, түүний удирдлагад даалгасугай.

 

                 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

 

                 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГАНТУЯА