Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01677

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/01730 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Т-ын хариуцагч “МСНХТ”-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “МСНХТ”-д нягтлан бодогчийн албан тушаалд томилогдож, “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Улмаар тус төслөөс жил бүр “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ”-г нэг жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулж, ажиллуулж байсан. 2020 оны 11 дүгээр сард үндэслэлгүй сонгон шалгаруулалт зохион байгуулж, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж дүгнэн “МСНХТ”-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/2/2 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаж, Ч.Т- нь нягтлан бодогч, хүний нөөцийн албанд анкетаа өгсөн. Энэхүү шалгуурт үнэнч ,шударга ажилтан байх ёстой шалгуур байдаг. Нэхэмжлэгчийн хувьд үнэн шударгаар БНСУ болон Байгаль орчны яам, Сангийн яам, Татварын албанд ямар ч асуудалгүйгээр сар, улирал, жил бүрийн тайланг хугацаанд нь өгч байсан. Ажиллах 5 жилийн хугацаанд ямар ч хариуцлага шийтгэлийн асуудал гаргаж байгаагүй. Хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээгээр 2017-2021 он хүртэл гэж заасан. 2021 онд төслийн ажил дууссан гэх тайлбар нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нягтлан бодох бүртгэл гэх албан тушаал байнгын ажлын байр гэж бүртгэсэн. Байнгын ажлын байранд ажил олгогч хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй. Хугацаатай гэрээ байвал үндэслэл шаардлагаа тавина. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчиж байна. Санхүү, нягтлан бодохын бүртгэлд сонгон шалгаруулалт зарласан нь Ч.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоод цаашид сунгагдахгүй болох ямар ч үндэслэл нөхцөл байгаагүй гэдгийг харуулж байна. Иймд Ч.Т-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн “МСНХТ”-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/2/2 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хууль тогтоомжид заасны дагуу гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Ойн ерөнхий газар хоорондын санамж бичгийн дагуу 2006 оноос 2016 он хүртэл, 2017 оноос 2021 он хүртэл Монгол улсад “МСНХТ”-ийг хэрэгжүүлэхээр болсон. 2020 онд ой шилжүүлэн өгөх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон аймаг, нутгийн захиргааны байгууллагуудад шилжүүлэн, хүлээлгэн өгч дууссан. Харин 2021 оны эхний хагаст Улаанбаатар хотын ойн ажлыг дуусгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өгснөөр төслийн ажил дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны 05 дугаар сард төслийн ажил бүрэн дуусгавар болно. Энэ талаар “МСНХТ”-ийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүх ажилтанд урьдчилан мэдэгдсэн бөгөөд ажилчид ч бүгд танилцан, гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Ч.Т-ын хувьд гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэдгийг мэдэж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ”-ний 1.6-д гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй гэж заасан. Төслийн санхүүжилт хэзээ ч зогсож магадгүй тул ажилчидтай байнга хугацаатай гэрээ хийж, уг хугацаа дуусахаар дахиад шинээр гэрээ хийж байсан. Мөн 2021 оны хувьд ажиллах байсан бол шинээр гэрээ хийх ёстой. Хариуцагчийн зүгээс гэрээний зүйлчлэлд маргаагүй, эрх зүйн баримт бичигт 1 жилийн хугацаатай гэж заасан нь хуулиар хориглоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т-ыг урьд эрхэлж байсан “МСНХТ”-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 27 987 452 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх хугацааны цалин, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч МСНХТ, түүний удирдлагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7 0200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д заасныг үндэслэн зөвхөн үндсэн цалингаар  үндэслэж нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцож 27 987 452 төгрөгийг олгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Учир нь дээрх журмын 2.а-д ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллыг оруулна гэж заасан. Тус төсөл нь ажилтнуудынхаа үндсэн цалингаас тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийлгэдэг байсан бөгөөд харин нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшуулалд нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр үндсэн цалингийн данснаас тусдаа дансаар буюу нэхэмжлэгчийн “Хаан банк” ХХК-ийн 5178014469 тоот дансанд ажилтанд шууд олгодог байсан. Иймд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нэмэгдэл хөлс cap бүр 90.76 ам.доллар, ажилласан хугацааны нэмэгдэл cap бүр 100 000 төгрөг, онцгой нэмэгдэл cap бүр 100 000 төгрөг ороогүй болно. Ч.Т- нь дундаж цалин хөлс тооцох сарууд болох 2020 оны 10 дугаар сард 3 591 498 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 3 622 990 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 3 622 990 төгрөгийн цалин хөлс авч байсан. Дундаж цалин хөлс тодорхойлох сүүлийн 3 сард нийт 10 837 478 төгрөгийн цалин хөлс авч байсан тул дээрх журмын 5-д заасны дагуу тооцоход 1 сарын дундаж цалин хөлс 3 612 493 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 172 023 төгрөг байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа болох 8 cap 18 хоногоор тооцоход нийт 31 896 358 төгрөг байна. Нэхэмжлэгч нь шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгснийг хариуцагч гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн хөлсөнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал ороогүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, банкны өөр дансаар олгож байсан талаар хариуцагч маргаагүй, нотлох баримтаа гаргаагүй байхад зөвхөн үндсэн цалингаас тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “27 987 452” гэснийг “31 996 358” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр, Ц.Цогтсайхан нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нотлох баримтыг буруу үнэлсэн. Хариуцагчийн хувьд гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан гэдэгт маргаагүй харин “1 жилээр сунгалт хийж ажиллаж байсан” талаар тайлбарлаагүй байхад анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн мэтээр бичиж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан зохицуулалт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг агуулга (хугацаатай)-аар бичигдээгүй. Уг зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээ нь “ажилтантай тохиролцсон”-оос бусад тохиолдолд “хугацаагүй” байхаар зохицуулагдсан. Хариуцагчийн хувьд ажилтантай тохиролцсон. Нэхэмжлэгч нь уг гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуульд нэмэгдэл шаардлага тавьсан мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр энэ талаар УДШ-ийн тогтоолд заасан байдаг хэдий ч уг тогтоол нь хуулийн заалттай зөрчилдөж байдаг. Хуульд бол ажилтантай тохиролцохоор, УДШ-ийн тогтоолд гэрээнд үндэслэлийг нь тусгахаар байгаа тохиолдолд хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой. Талууд гэрээг хугацаатай байгуулсан үндэслэлийн талаар мэдэж байсан бөгөөд аль аль нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарна. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзэх талаар УДШ-ийн зөвлөмжид тусгасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь уг шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүйгээс гадна хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий ямар нэгэн этгээд шийдвэр байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ нь 1 жилийн хугацаагаар хийгдэж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэдгийг мэдэж байсан. Тухайлбал, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурахдаа хугацааг мэдэж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэрээний заалтуудыг Монгол болон Солонгос хэлээр бичдэг. Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай хүн. Мөн нэхэмжлэлдээ “тус төслөөс нэхэмжлэгчтэй жил бүр гэрээг 1 жилийн хугацаагаар шинэчлэн байгуулж, ажиллуулж байсан” гэсэн байгаа нь гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж байсныг ч мэдэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төслийн зүгээс мэдэгдэл хүргүүлсэн байдаг бөгөөд ажилчид бүгд танилцан, гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээг үндэслэн уг баримтын 4-т 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, дахин сунгахгүй болохыг урьдчилан мэдэгдсэн. Нэхэмжлэгч үүнтэй танилцаж гарын үсэг зурсан. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажилд авах тухай” 151013/02 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэсэн. Учир нь оны төгсгөлд тухайн төсөл нь санхүүжигдэх эсэх нь шийдвэрлэгддэг. Иймд хугацаагүй болон олон жилээр гэрээг байгуулах боломжгүй. Энэхүү ажлын байр нь байнгын ажлын байр биш. БНСУ талаас санхүүжилтээ зогсоовол бүх ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болно. Мөн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дотоод дүрэм, журмын 6.1-д зааснаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх бичиг баримтыг хугацаатай байхаар тусгасан. Ажлаас чөлөөлсөн асуудлын хувьд, Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэгдсэн. Гэрээний хугацаа дуусч, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дууссан. 2021 онд шинээр гэрээ байгуулагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, талуудын маргааны үйл баримтад хамааралтай Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Т- нь хариуцагч “МСНХТ”-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалинг дансаар олгогдсон цалин хөлсний дагуу тооцуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг /хх 107-108/ хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 25, 153/

 

Хэрэгт авагдсан ажил олгогчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 151013/02, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/2/2 дугаар тушаалууд /хх 5-6/, Ч.Т-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 7-8/, “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ” /хх 3-4, 49-51,53-55/ зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл, Ч.Т- нь Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Ойн ерөнхий газар хоорондын санамж бичгийн дагуу хэрэгжиж буй “МСНХТ”-д 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчийн албан тушаалд ажилласан, хөдөлмөрийн гэрээг жил бүр байгуулж байсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Харин ажил олгогч “МСНХТ”-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/2/2 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Т-ыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хариуцагч нь ажилтантай жил бүр 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар уг гэрээний хугацаа дуусгавар болгосон үндэслэлээ “төслийн хэрэгжилтээс хамаарч ажилтан бүртэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан, 2021 оны 05 дугаар сард төслийн ажил бүрэн дуусгавар болох тул 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа талаар урьдчилан мэдэгдсэн, ингээд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, ажлаас чөлөөлсөн” гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Гэрээт ажилтан ажиллуулах гэрээ” гэсэн нэршилтэй хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтны хэн аль нь гэрээг хугацаатай байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тухайн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах гэрээнд хамаарахгүй юм. Уг гэрээг хугацаатай байгуулах шаардлага байгааг талууд харилцан зөвшилцөж, ойлголцож байгуулсан гэх баримт хэрэгт байхгүй. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар ажилтан Ч.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Т-ыг урьд эрхэлж байсан “МСНХТ”-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээний хавсралтад Ч.Т-ын үндсэн цалин, олон жил ажилласны нэмэгдэл, онцгой нэмэгдэл олгох талаар тусгаж, нэхэмжлэгч нь өөрийн “Хаан банк” ХХК дахь 1 сарын хугацаанд хамаарах дансны хуулгыг гаргаж өгсөн байх боловч үүгээр түүний дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй. Харин түүний нийгмийн даатгалын дэвтэрт 2015-2021 он хүртэл бичигдсэн дүнг үнэн зөв гэж үзэж үүгээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцсон анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

Мөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байр сууриа хуульд заасан хугацаанд гаргасан тул тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/01730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 368 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                   

                                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН