Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 995

 

 

З.Гэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,     

хохирогч Л.Баярмагнай, түүний өмгөөлөгч Б.Өлзий-Орших,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/362 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Амарбатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг үндэслэн З.Гэд холбогдох эрүүгийн 2009006020287 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

З.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд Л.Баярмагнайтай “хоолой боож, цамц урлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөж, гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, 31-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 32, 41-р шүдний ганхалт, ёзоор сулрал, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

З.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   

Шүүгдэгч З.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Гийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Дандар овгийн Зоригтхүүгийн Гансүхээс 117.130 /нэг зуун арван долоон мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулан хохирогч Л.Баярмагнай /РД:НЭ85082410/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Л.Баярмагнай нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын 7,460,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Гийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Учир нь,

             1. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай хууль зүйн ойлголтод гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг хүлээн зөвшөөрөх явдал хамаарах байтал өөрийн үйлдлийг “...миний нүүр лүү нүүрээ тулаад мөргөлдсөн, .. би Баярмагнайн нүүр лүү нэг удаа гараараа цохисон...” зэргээр мэдүүлж, хэргийн бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэлт хийж, улмаар оногдуулах ялыг улсын яллагчийн санал болгосноос илтэд багаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хэмжээнд нөхөн төлөөгүй, маргаж байгаа, хэргийг хялбараар бус ердийн журмаар хянан хэлэлцэж байгаа тохиолдолд оногдуулах ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц байх ёстой. Гэтэл улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу “...улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийлгүй, хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.

       Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг нөхөн төлөөгүй, өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж, оногдуулах ялын хэмжээг оновчтой тодорхойлж чадаагүй нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

        Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.   

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.      

Хохирогч Л.Баярмагнай “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Өлзий-Орших тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед миний үйлчлүүлэгчийн шүд булгарч унасан. Имплант шүд хийлгэхэд тодорхой эмчилгээний дараа хийдэг. Миний үйлчлүүлэгч одоогийн байдлаар шүдээ хийлгэсэн. Баримтаа авч ирсэн тул үүний баримтыг хэрэгт хавсарган бодит хохиролд тооцуулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг З.Гэд холбогдох эрүүгийн 2009006020287 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.     

З.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд Л.Баярмагнайтай “хоолой боож, цамц урлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөж, гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, 31-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 32, 41-р шүдний ганхалт, ёзоор сулрал, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Баярсайханы “...Нэг мэдэхэд би тэр З.Г гэдэг залуутай зууралдаад байж байсан. ...тэр залуу миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд миний амнаас цус гарч, нүдний шил газарт унаж, рам нь гажиж нэг талын шил нь хагарсан байсан. Амнаас цус гараад байхаар нь харсан чинь нэг шүд хугараад газарт уначихсан байсан. Намайг мөргөсөн залууг “чи яаж байна аа” гээд ардаас нь бариад авсан. Тэгсэн чинь Баттулга, Булган хоёр цаанаас ирээд бид хоёрыг салгасан. ...” /хх 5-6/,

гэрч Б.Булганы “...би З.Гтэй урд талд нь түрүүлээд алхаад явж байсан чинь хойно байсан Баярмагнай, Баттулга нар хоорондоо муудалцаад заамдалцаад авсан байсан. Тэгэхээр нь Гансүх бид хоёр очоод салгаад би Баттулгыг аваад баруун тийшээ ажлын зүг явсан. Тэгээд Баярмагнай, З.Г хоёр ард үлдсэн. Тэгсэн ардаас Баярмагнай ирээд намайг З.Г цохиод миний шүдийг хугалчихлаа гэж харуулсан. ...” /хх 11-12/ гэх мэдүүлгүүд,  

Л.Баярмагнай, Б.Булган нарыг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 66-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн “...Л.Баярмагнайн биед тархи доргилт, 31-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 32, 41-р шүдний ганхалт, ёзоор сулрал, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2204 дугаартай дүгнэлт /хх 16-17/, уг дүгнэтийг гаргасан шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хх 78-79/,

хохирогч Л.Баярмагнайн хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт болон хохирол төлсөн баримт /хх 61/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Гийг хохирогч Л.Баярмагнайн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Шүүгдэгч З.Гийн хохирогч Л.Баярмагнайгийн нүүр хэсэгт толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

      Прокурор Э.Амарбат нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг нөхөн төлөөгүй, өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж, оногдуулах ялын хэмжээг оновчтой тодорхойлж чадаагүй ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Шүүгдэгч З.Г нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч З.Гийн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 122/, улсын яллагчийн “...Шүүгдэгч З.Г нь гэм буруугийн асуудлаар маргаагүй...” /хх 111/ гэсэн дүгнэлт, хохирогчид 518,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн /хх 120, 110/ зэргээр тогтоодсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, хохирогчийн согтуугаар хийсэн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байх ба түүнд оногдуулсан 500 нэгжээр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялын төрөл, хэмжээний дотор байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасанд нийцжээ.  

            Иймд дээд шатны прокурорын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/362 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Амарбатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                      ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ